Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/389

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч М.Анхбаяр,

шүүгдэгч У.О, түүний өмгөөлөгч Б.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт У-ийн О-д холбогдох эрүүгийн ****************** дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ********хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, Дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ***************, ам бүл 3 ээж, дүүгийн хамт **************тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт У-ийн О /РД: *************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч У.О нь иргэн Г.Б-т “Гадаадын иргэн, харьяатын газарт хяналт шалгалтын хэлтсийн даргын орон тоонд ажилд орох уу, би оруулж өгч чадна” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, албан тушаалд томилсон мэтээр хуурамч тушаал үзүүлж, итгэл төрүүлэн төөрөгдөлд оруулж, 1 удаа бэлнээр болон 11 удаагийн гүйлгээгээр 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 10.602.000 /арван сая зургаан зуун хоёр мянга/ төгрөгийг шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Г.Б-ын:

“...Би 2018 оны 06 сарын дундуур анх О гэх хүнтэй Б-маа гэх найзаараа дамжуулж танилцсан юм. Тэгээд би ажил хайж байгаа гэж хэлэхэд О гэх эмэгтэй намайг Гадаад иргэдийн харьяатын албанд оруулж өгч чадна надад таньдаг хүн байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг ажилд орохоор болоход О гэх эмэгтэй надад 6.000.000 төгрөг өгчих ажилд оруулах хүнд нь өгнө гэхээр нь 2018 оны 07 дугаар сарын 30-ны Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” пабын гадаа уулзаад бэлнээр 6.000.000 төгрөг өгсөн. Тэр өдрөөс хойш уулзаагүй байж байгаад 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр над руу О залгаад цалингийн шатлалыг чинь нэмэгдүүлэхгүй бол ажилд оруулж болохгүй байна гэж хэлээд надаас нэмж /**********/ гэсэн данс руу 800.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би мобайл банк ашиглан уг данс руу мөнгө шилжүүлсэн юм. Тэгээд огт уулзалгүй фейсбүүк чатаар л хоорондоо харилцаж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр над руу залгаад чи ажилд орохоор болсон тамга тэмдэг захиалах шаардлагатай байна гээд Голомт банкны /****/ гэсэн данс руу 318.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би шилжүүлсэн юм. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр надтай дахиж холбогдоод чамайг ажилд оруулах гэж байгаа хүмүүсийг дайлах гэсэн юм гээд Голомт банкны /***********/ данс руу 1.000.000 төгрөг хийчих гэхээр нь би шилжүүлсэн юм. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажилд оруулах юу болж байна гэж залгахад чи нийгмийн даатгал сүүлийн 1 жил төлсөн байх шаардлагатай юм байна 900.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би шилжүүлсэн юм. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр О над руу залгаад чи нийгмийн даатгал огт төлж байгаагүй болохоор нийгмийн даатгалын алданги тооцоод байна нэмээд 375.000 төгрөг хурдан шилжүүлчих гэхээр нь би шилжүүлсэн юм. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дахиж над руу залгаад нийгмийн даатгалын алдангийн буруу бодчихсон байна нэмээд 200.000 төгрөг шилжүүлэх шаардлагатай байна гэхээр нь шилжүүлсэн юм. Түүнээс хойш утсаа авахгүй байж байгаад 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр над руу залгаад хөрөнгө орлогын мэдүүлэг өгөх хэрэгтэй байна чи автомашинтай биз дээ гээд Гадаадын иргэний харьяатын албаны дарга нар автомашинаа грашт тавьдаг юм грашийн мөнгө өгөх хэрэгтэй байна гэж хэлээд нэмж надаас 155.000 төгрөг шилжүүлж авсан юм. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр над руу залгаад “чамайг ногоон паспорттой болгосон Солонгос Улс руу явуулах виз даруулж өгье гэж хэлээд нэмж 800.000 төгрөг дансаар шилжүүлж авсан юм. Тэгээд утсаар холбогдох гэхээр утсаа авахгүй фейсбүүкээр л харилцаж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр над руу фейсбүүк чатаар ажилд орсон тушаал, тодорхойлолт гээд ямар нэгэн тамга тэмдэггүй албан бичиг явуулсан. Тэгээд уг өдрөөс хойш утсаа авахгүй фейсбүүк чатдаа ч орж ирэхгүй ор сураггүй алга болсон юм. ...Миний найз Э.Б-маа надад У.О-г анх танилцуулсан бөгөөд тухайн үед Э.Б-мааг ажилд орох уу гэж У.О асуусан байдаг бөгөөд Б-маа өөрөө их дээд сургууль төгсөөгүй учраас орж чадалгүй энэ талаар хэлэхээр нь би тэр хүнтэй холбогдож үзсэн юм. Ерөнхийдөө бол өөрийнхөө ярьж байсан зүйлдээ маш их итгэлтэй байгаад байсан учраас мөнгөө өгөх болсон юм...” гэсэн мэдүүлэг /1 хх 97-99, 102-104/,

2. Гэрч Н.Б-н:

“...У.О нь миний төрсөн эгчийн нөхрийнх нь дагавар хүүхэд юм тэгээд бид нартай бол харилцаа холбоо сайтай байдаг. ...2019 оны намайг ажилгүй байж байх үед У.О эгч надаас картаа түр надад ашиглуулчих гээд миний дансны дугаарыг аваад картыг минь хэд хэдэн удаа авч яваад өөрөө мөнгө аваад буцаагаад картыг минь өгсөн асуудал хэд хэдэн удаа байгаа юм...” гэсэн мэдүүлэг /1 хх 117-118/,

3. Гэрч С.Н-ын:

“...У.О гэх хүнийг таньж мэднэ. Миний төрсөн ах У-ийн охин нь байгаа юм. ...Мессеж ирдэг гэхдээ 2018 онд ирдэггүй байсан. ...Би У.О-ыг дэлгүүр гаргахдаа картаа өгөөд гаргадаг юм тийм учраас миний дансыг ашиглаж гүйлгээ хийсэн байж магадгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх 121-122/,

4. Гэрч А.Д-ийн:

“...Тухайн үед О гэх хүнтэй цуг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан бөгөөд надад данс байхгүй байна чиний дансанд мөнгө хийгээд тооцоо хийе гэж хэлээд миний дансны дугаарыг авсан юм. Тухайн үедээ бол үрээд дууссан...” гэсэн мэдүүлэг /1 хх 124/,

5. Гэрч Ч.А-ын:

“...Хаан банкны *********тоот данс нь манай нөхрийн нэр дээр байдаг боловч би ерөнхийдөө ашигладаг. ...Би заримдаа манай зочид буудалд үйлчлүүлсэн болон гуйсан хүнд өгч ашиглуулдаг байсан. Заримдаа хүмүүс АТМ дээр хүртэл гуйхад ашиглуулдаг байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 114/,

6. Гэрч С.Х-ын:

“...Би энэ үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “*******” зочид буудалд ресейпшнээр ажилладаг байсан ба үйлчлүүлсэн хүн хийсэн байх. У.О гэх хүн манайхаар 1-2 удаа үйлчлүүлж байсан. Орж ирэхдээ шар дуу царайтай эрэгтэй хүнтэй орж ирдэг байсан. ...О гэдэг нэртэй хүн ховор байдаг учраас энэ нэрийг санаж байна...” гэсэн мэдүүлэг /1 хх 109/,

7. Гадаадын иргэн харьяатын газраас ирүүлсэн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ************ дугаартай албан бичгүүд /2 хх19, 21/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд У.О-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч У.О нь хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Г.Б-оос нийт 12 удаагийн үйлдлээр 10.602.000 төгрөгийг авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч У.О нь гэм буруу дээр маргахгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч У.Од холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч У.О нь: иргэн Г.Б-т “Гадаадын иргэн, харьяатын газарт хяналт шалгалтын хэлтсийн даргын орон тоонд ажилд орох уу, би оруулж өгч чадна” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 1 удаа бэлнээр болон 11 удаагийн гүйлгээгээр 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 10.602.000 төгрөгийг шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр залилсан болох нь:

- Хохирогч Г.Б-ын “...Би 2018 оны 06 сарын дундуур анх О гэх хүнтэй Б-маа гэх найзаараа дамжуулж танилцсан. Тэгээд би ажил хайж байгаа гэж хэлэхэд О гэх эмэгтэй намайг Гадаад иргэдийн харьяатын албанд оруулж өгч чадна надад таньдаг хүн байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг, ажилд орохоор болоход О гэх эмэгтэй надад 6.000.000 төгрөг өгчих ажилд оруулах хүнд нь өгнө гэхээр нь 2018 оны 07 дугаар сарын 30-ны Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” пабын гадаа уулзаад бэлнээр 6.000.000 төгрөг өгсөн. Тэр өдрөөс хойш уулзаагүй байж байгаад 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр над руу О залгаад цалингийн шатлалыг чинь нэмэгдүүлэхгүй бол ажилд оруулж болохгүй байна гэж хэлээд надаас нэмж /**********/ гэсэн данс руу 800.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би мобайл банк ашиглан уг данс руу мөнгө шилжүүлсэн. Тэгээд огт уулзалгүй фейсбүүк чатаар л хоорондоо харилцаж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр над руу залгаад чи ажилд орохоор болсон тамга тэмдэг захиалах шаардлагатай байна гээд Голомт банкны /*************/ гэсэн данс руу 318.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би шилжүүлсэн. 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр надтай дахиж холбогдоод чамайг ажилд оруулах гэж байгаа хүмүүсийг дайлах гэсэн юм гээд Голомт банкны /************/ данс руу 1.000.000 төгрөг хийчих гэхээр нь би шилжүүлсэн. 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажилд оруулах юу болж байна гэж залгахад чи нийгмийн даатгал сүүлийн 1 жил төлсөн байх шаардлагатай юм байна 900.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би шилжүүлсэн. 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр О над руу залгаад чи нийгмийн даатгал огт төлж байгаагүй болохоор нийгмийн даатгалын алданги тооцоод байна нэмээд 375.000 төгрөг хурдан шилжүүлчих гэхээр нь би шилжүүлсэн. 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дахиж над руу залгаад нийгмийн даатгалын алдангийн буруу бодчихсон байна нэмээд 200.000 төгрөг шилжүүлэх шаардлагатай байна гэхээр нь шилжүүлсэн. Түүнээс хойш утсаа авахгүй байж байгаад 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр над руу залгаад хөрөнгө орлогын мэдүүлэг өгөх хэрэгтэй байна чи автомашинтай биз дээ гээд Гадаадын иргэний харьяатын албаны дарга нар автомашинаа грашт тавьдаг юм грашийн мөнгө өгөх хэрэгтэй байна гэж хэлээд нэмж надаас 155.000 төгрөг шилжүүлж авсан. 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр над руу залгаад “чамайг ногоон паспорттой болгосон Солонгос Улс руу явуулах виз даруулж өгье гэж хэлээд нэмж 800.000 төгрөг дансаар шилжүүлж авсан. Тэгээд утсаар холбогдох гэхээр утсаа авахгүй фейсбүүкээр л харилцаж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр над руу фейсбүүк чатаар ажилд орсон тушаал, тодорхойлолт гээд ямар нэгэн тамга тэмдэггүй албан бичиг явуулсан. Тэгээд уг өдрөөс хойш утсаа авахгүй фейсбүүк чатдаа ч орж ирэхгүй ор сураггүй алга болсон. ...Ерөнхийдөө бол өөрийнхөө ярьж байсан зүйлдээ маш их итгэлтэй байгаад байсан учраас мөнгөө өгөх болсон...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Н.Б-ийн “...У.О эгч надаас картаа түр надад ашиглуулчих гээд миний дансны дугаарыг аваад картыг минь хэд хэдэн удаа авч яваад өөрөө мөнгө аваад буцаагаад картыг минь өгсөн асуудал хэд хэдэн удаа байгаа...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч С.Н-ын “...Би У.О-ыг дэлгүүр гаргахдаа картаа өгөөд гаргадаг юм тийм учраас миний дансыг ашиглаж гүйлгээ хийсэн байж магадгүй...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч А.Д-ийн “...Тухайн үед О гэх хүнтэй цуг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан бөгөөд надад данс байхгүй байна чиний дансанд мөнгө хийгээд тооцоо хийе гэж хэлээд миний дансны дугаарыг авсан юм...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Ч.А-ын “...Хаан банкны ************* тоот данс нь манай нөхрийн нэр дээр байдаг боловч би ерөнхийдөө ашигладаг. Би заримдаа манай зочид буудалд үйлчлүүлсэн болон гуйсан хүнд өгч ашиглуулдаг байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч С.Х-ын “...Би энэ үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эрхэс” зочид буудалд ресейпшнээр ажилладаг байсан ба үйлчлүүлсэн хүн хийсэн байх. У.О гэх хүн манайхаар 1-2 удаа үйлчлүүлж байсан. Орж ирэхдээ шар дуу царайтай эрэгтэй хүнтэй орж ирдэг байсан. ...О гэдэг нэртэй хүн ховор байдаг учраас энэ нэрийг санаж байна...” гэсэн мэдүүлэг,

- Гадаадын иргэн харьяатын газраас ирүүлсэн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ************ дугаартай албан бичгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Залилан мэхлэх гэмт хэрэг нь хуурч мэхлэх, итгэл эвдэх гэх зэрэг бусад аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө олж авах хэлбэрээр үйлдэгддэг ба, хуурах гэдэг нь үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдлыг бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлэх ба илрэх арга нь худал хэлэх, хуурамч баримт бичиг үйлдэх гэх зэрэг бусад байдлаар илэрнэ.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч У.О нь “Гадаадын иргэн, харьяатын газарт хяналт шалгалтын хэлтсийн даргын орон тоонд ажилд оруулна, би оруулж өгч чадна” гэх зэргээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үргэлжилсэн үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан байна. 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч У.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б-т 10.602.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч У.О нь шүүхийн шатанд хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Г.Б нь гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч У.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч У.О нь хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Мөн анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх: шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч У.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч У.О-ыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үргэлжилсэн үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй. 

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх эсэхийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх тухай зохицуулалт ба, шүүгдэгч У.О-ы үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан түүнд дээрх хуулийн заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ************ дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч У.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт У-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үргэлжилсэн үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.О-ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.О-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч У.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч У.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.ДАЛАЙХҮҮ