Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/187

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

   Нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

   Улсын яллагч Г.Чанцалдулам,

   Шүүгдэгч Г.************  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ийн ************д холбогдох эрүүгийн 2138001370214 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 1999 оны *** дугаар сарын ***-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 02 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ************мэргэн овогт ************ийн ************ РД:(************)-т холбогдох,

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

  Шүүгдэгч Г.************ нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдөрт шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс иргэн П.Э************ын өмчлөлийн гээгдэл эд хөрөнгө болох Самсунг- А50 загварын 400,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг олж завшиж, үргэлжилсэн үйлдлээр уг гар утсыг ашиглан интернэт банканд нэвтэрч “ХААН” банк дахь иргэн П.Э************ын эзэмшлийн 5913124912 дугаарын данснаас 375,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч Г.************ нь гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138001370214 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Г.************н мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “… 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр найз Б************тай утсаар ярьж уулзаж Мөрөн сумын Хилийн цэргийн байр гэх байрны гадна талын сааданд цэрэгт хамт явсан найзтайгаа цэрэгт байсан талаар болон өөр бусад зүйлийн талаар ярьж өглөө үүр цайтал ярьж сууж байгаад Б************тай өглөө 06 цагийн үед салж гэр гэрийн зүг явах замдаа 6 дугаар хороо 12 дугаар хороо хоёрын хоорондох засмал замын ойролцоо явган хүний замын ойролцоо газарт утсаа хүн хаясан байхаар нь олж авсан тухайн утсыг олж авахад түгжээтэй байхаар нь түгжээг нь ижил оронтой тоо хийж шалгаж үзтэл 0000 гэсэн түгжээтэй байсан. Тухайн утсыг олж ************д түгжээг нь нээж үзэж шалгаж байтал интернэт банктай байхаар нь интернэт банкны нууц үгээ мартсан гэх цэс хаяг руу нь ороод нууц үгээ мартсан гэж хүсэлт илгээсэн чинь шинээр нууц үг ирэхээр нь дансны үлдэгдлийг нь шалгаж үзэхэд 378,000 мянган төгрөг байхаар нь 375,000 төгрөг өөрийн данс болох 5900309633 дугаарын данс руу шилжүүлж авч ашигласан. Тэгээд хоёр гурав хоногоос Баянзүрх сум руу гэртээ аав, ээж дээрээ очоод байж байтал над руу цагдаагийн газраас ярьж байна та бусдын данснаас хууль бусаар 375,000 төгрөг шилжүүлж авсан байна энэ талаараа ирж мэдүүлэг өгнө гэж хэлэхээр нь би хэн нэгэн хүний данснаас хууль бусаар мөнгө шилжүүлж ************гүй намайг Мөрөн суманд байхад 9 дүгээр хороонд өглөө эрт эрэгтэй эмэгтэй хоёр хүн тааралдан миний данс карт руу мөнгө шилжүүлж авах гэсэн юм гэж хэлж гуйхаар нь данс картаа ашиглуулж авч өгсөн гэж хэлсэн. Тэгээд Мөрөн суманд ирж мөрдөгч Батзаяа гэж байцаагчтай уулзахдаа мөн л анх утсаар хэлсэн үгээ буюу намайг Мөрөн суманд байхад өглөө эрт эмнэлэг явж байхад 9 дүгээр хороонд эрэгтэй эмэгтэй зүс үл таних ах эгч хоёр тааралдаад бэлэн мөнгө авах гэсэн чинь карт байдаггүй данс руу чинь мөнгө шилжүүлж байгаад АТМ-нээс мөнгө авах гэсэн юм гэж хэлэхээр нь би дансаа хэлж данс руугаа 375,000 төгрөг шилжүүлж авч өөрөө тухайн үед бэлэн мөнгөтэй явсан болохоор АТМ орж авч өгөлгүй тухайн эрэгтэй эмэгтэй хоёр хүнд өгсөн гэж худлаа мэдүүлж хийсэн үйлдлээ нуух гэсэн боловч миний мэдүүлгийн дагуу маршрут зам мөрөөр явж шалгана гэх мэт үг хэлэхээр нь сүүлд нь үнэнээ хэлсэн. Тухайн олж авсан утасны сим картыг нь би хаячихсан тухайн утсыг Баянзүрх суманд гэртээ өөрийн юм хийдэг цүнхэндээ үлдээсэн байсан тул ээж Б************ руу утсаар ярьж болсон асуудлыг үнэн зөвөөр хэлж ярьсан Тэгээд ээж болсон үйл явдлыг мэдээд миний олж авч ашигласан А50 маркийн цагаан өнгөтэй утсыг гэрт байсан цүнхнээс авч өгч Мөрөн сум руу над руу өгч явуулсан Би ээждээ хүртэл анх утас олж авч ашиглан данснаас нь хууль бусаар 375000 төгрөг шилжүүлж авсан талаараа хэлээгүй. Гудамд АТМ-ны ойролцоо эрэгтэй эмэгтэй хоёр хүн тааралдаж данс руу мөнгө шилжүүлж авах гэсэн юм гэж гуйхаар нь дансаа өгч мөнгө шилжүүлсэн гэж хэлсэн. ... П.Э************ гэдэг хүний хохирлыг нь төлж барагдуулсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэм буруутай. ... ” гэх мэдүүлэг (хх-41-42х),

Хохирогч П.Э************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Мөрөн сумын 7-20-01 тоотод найз Д************гийн гэрт очиж хоол унд идэж тухайн газартаа  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд шөнийн 00 цаг өнгөрч байхад найз Д************гийн гэрээс гарахдаа утсаа авч явсан ба Д************гийн гэрээс гараад 6 дугаар хороо хэсгээр дамжин гэр лүгээ явж байснаа буцаж найз Д************гийн гэрт очиж хоносон. Тэгж явахдаа өөрийн биед байсан утсаа хаяж үрэгдүүлсэн боловч тус оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 6 цаг 54 минутад интернэт банкны гүйлгээгээр миний данснаас 375.000 төгрөгийн гүйлгээ хийгдэхээр нь цагдаагийн газарт хандсан. ... Надад нэхэмжлэх зүйл байхгүй утсанд ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй. ... Мөн 375.000 төгрөгийн хохирлыг минь төлж барагдуулсан. ... “ гэх мэдүүлэг (хх-15, 18х)

  Гэрч Ж.Б************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 06 дугаар сарын 10-ны үед санагдаж байна манай хүү ************ руу цагдаагийн газраас хүн залгаж дуудаж байна гэсний дагуу ************ мөрөн сум руу явсан. Тухайн үед ямар учиртай болох талаар 91060101 дугаарын утас руу Батзаяа гэж мөрдөгч рүү залгаж асуухад ************г утас олж авсан ба тухайн утаснаас мөнгө шилжүүлж авсан талаар хэлсэн. ************ Мөрөн сум руу цагдаагийн газарт дуудагдан очсон хойноо над руу утсаар залгаж яриад ээжээ уучлаарай би утас олж авсан ба тухайн олсон утасны мобайл банкийг ашиглан хууль бусаар данснаас нь 375,000 төгрөг шилжүүлсэн та гэрт миний цүнхэнд байгаа А-50 маркийн гар утас байгаа ************д Мөрөн сум руу явуулчих гэж хэлэхээр нь цүнхнээс нь тухайн утсыг авч өгч явуулсан ба 375,000 төгрөгийг цалингийн урьдчилгаа авч 5281021794 дугаарын данснаас 5900309633 дугаарын данс руу 450,000 төгрөг шилжүүлсэн тухайн мөнгөнөөс 375,000 төгрөг утасны эзэнд өгсөн гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хх-20х),

Гэрч О.Б************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 04-ний үед байх ************ Мөрөн сумын 4 замын уулзвар гэх газарт уулзалдаж Мөрөн сумын төвийн хойшоо тал гарч байж байгаад буцаж төв рүү орж ирж Хилчин хотхон буюу хилийн цэргийн байрны гадна талын сааданд хоёулаа хамт сууж хууч хөөрч байгаад өглөө 6 цагийн үед тухайн газраас хамтдаа явж байгаад Номин худалдааны төвийн урдхан талаас салаад явсан. Тухайн шөнө надтай уулзаж байгаад салж явахдаа буюу 2021 оны 06 дугаар сарын 05-ны өглөө хүний гээсэн утас газраас олж авсан талаараа ************ өнөөдөр надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хх-22-23х),

Гэрч Г.Д************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагийн орчим манай гэрт Э************ нь ирсэн. Э************ ирэхээр нь гэрийн гадаа хашаан дотор мах шарж идэнгээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд 23 цагийн орчим манай гэрээс харина гэж хэлээд Э************ нь гарч явсан ба удалгүй манай гэрт иргэж ирээд утас байна уу гэж хэлж асуухаар нь манай эхнэр Мөнхцэцэг нь Э************ын утас руу залгахад нь утас нь ярьж байгаа дохио өгч байна гэж хэлсэн. Тэгээд хэсэг байж байтал Э************ын 95866548 дугаарын утасны орох ярианы эрх хаагдсан байна гэхээр нь дахин залгаагүй. ...” гэх мэдүүлэг (хх-25х),

      Хөрөнгө үнэлгээний тайлан (хх-29-31х),

      Эд зүйл/баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл (хх-25, 58х),

       Гар утас /төхөөрөмжийн баталгаат засварын хуудас (хх-60х),

       Үйлчилгээний гэрээ (хх-61х),

       Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ (хх-62-63),

  Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

  Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-47х), Г.************н Хаан банкны Desposit дансны хуулга (хх-48х), иргэний үнэмлэхийн  хуулбар (хх-49х), ************ийн ************н Амбулаториор эмчлүүлэгсдийн карт (хх-50-51), Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр (хх-52-56х) ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-57х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2138001370214 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

  Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Г.************ нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдөрт шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс иргэн П.Э************ын өмчлөлийн гээгдэл эд хөрөнгө болох Самсунг- А50 загварын 400,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг олж завшиж, үргэлжилсэн үйлдлээр уг гар утсыг ашиглан интернэт банканд нэвтэрч “ХААН” банк дахь иргэн П.Э************ын эзэмшлийн 5913124912 дугаарын данснаас 375,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.************ ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч П.Э************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-15, 18х),

Гэрч Ж.Б************, гэрч О.Б************, гэрч Г.Д************ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд,

Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгийн ТХҮ-921/1430 дугаартай үнэлгээний тайлан (хх-29-31х) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр уг гар утсыг ашиглан интернэт банканд нэвтэрч “ХААН” банк дахь иргэн П.Э************ын эзэмшлийн 5913124912 дугаарын данснаас 375,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө болох Самсунг- А50 загварын 400,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг олж завшсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцов.

        Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

        Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго нөлөөлсөн гэж үзлээ.

   Гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Г.************ ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

   Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч П.Э************ “... Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Утсанд ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй. ... мөн миний 375,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан гэх мэдүүлэг (хх-15,18х) -ээр тогтоогдож байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

  Шүүгдэгч Г.************  нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-57х)-аар тогтоогдож байна.

        Шүүгдэгч Г.************  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.

Шүүгдэгч Г.************  нь прокурорын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан 1 жилийн хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх...” үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис, хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг зөвшөөрсөн байх тул шүүгдэгч Г.************д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх...” үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис, хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй байна.

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.************д оногдуулах ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

    Эрүүгийн 2138001370214 дугаар хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

    Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

   Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч ************мэргэн овогт ************ийн ************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.         

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ийн ************г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ийн ************г 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.    

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.************д оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

   5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.************ нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

   6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.************ нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

   7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.************д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис, хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

   8. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Г.************д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

   9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

   10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.************д шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН