Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 1398

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 18 өдөр         Дугаар 181/ШШ2017/01398           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 15-617 тоотод оршин суух, Боржигон овогт Ганболдын Ганболор /РД:ХЖ82063007/-ын нэхэмжлэлтэй,       

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 34-384 тоотод оршин суух, Жан овогт Алтанцэцэгийн Давхарбаяр /РД:ХЙ79030719/-т холбогдох,     

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.        

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Ганболор, түүний өмгөөлөгч Б.Сарнай, хариуцагч А.Давхарбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.      

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би А.Давхарбаярыг 10 настайгаас нь мэднэ. Бид 2001 онд дотно харилцаатай болж, 2007 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2002 онд хүү Д.Цэнгүүн, 2006 онд хүү Д.Цэлмүүн нар төрсөн.

Нөхөр маш их хартай, намайг багалзуурдах зэргээр хүчирхийлэл үзүүлдэг байсан. Муудалцах үед амиа хорлоно одоо ир, ингэсэн тэгсэн гэх мэтээр янз бүрийн ааш гаргадаг байсан, би тэр болгонд нь очдог л байсан. Нөхөр хамт ажилладаг н.Буянзаяа гэх хүнтэйгээ дотно холбоотой болж би энэ байдлыг нь мэдээд тэр хүнтэй нь холбогдсон боловч намайг доромжилсон. Би хүүхдүүдээ элэг бүтэн амьдруулах гэж их хичээсэн.

Бид 2015 онд 6 сар салсан боловч хүүхдүүдээ, нөхрөө, амьдралаа бодож би түрүүлж гуйж мессеж бичиж, эвлэрсэн. Энэ эвлэрэл маш буруу зүйл болсон. Энэ нь намайг доромжлох үндэс болсон. Намайг ДОХ-той, бэлгийн замын халдварт өвчтэй гэж доромжилдог, хүүхдүүдийн дэргэд хутга тулгадаг, ална гэж дарамталдаг. Хүүхдүүдээ энэ хүн шиг хүн болгомооргүй байна гэж бодоод энэ шийдэлд хүрсэн. Би маш их дарамттай амьдардаг байсан. Хүүхдүүдэд энэ байдал нь ч дарамт болж сэтгэл зүйд нь нөлөөлж байгаа.

Миний хүүхдүүдийг өөрийн асрамжид авах юм ярьж байна. Ажил их, цаг завгүй байж яаж хүүхдүүдээ асрамжлах гэж байгааг нь би ойлгохгүй байна. Энэ хүн зүгээр л намайг л чадах гэж ингэж байгаа юм. Яаж ч худлаа хэлж чадна. Ярьсан зүйлийг яриагүй, яриагүй зүйлийг ярьсан болгож ч ярьдаг. Намайг боловсролгүй гэж доромжилдог. Би боловсролгүй нь үнэн. Гэхдээ би 15 жил энэ хүний төлөө амьдарч, тагтаа, нохой хүртэл тэжээж ирсэн. Тагтааны ангаахай алга болсонд ч би буруутдаг, айдаг байсан. Би энэ амьдралыг дуусгах, салах тухай боддог байсан бол маш их баримт цуглуулах байсан. Гэхдээ амьдралыг эсрэгээр нь сайхнаар харж, эр нөхрөө дэмжиж, орой ирэхэд нь халуун хоолтой, цэвэр хувцастай явуулдаг байсан.

Зарим үед нөхрийн дарамтыг тэвчих боломжгүй болж, хүчин мөхөс учир асуултад нь тийм л гэж хариулж ирсэн. Бид 2016 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байна. Хүүхдүүд энэ хугацаанд миний асрамжид байсан. Цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Д.Цэнгүүн, Д.Цэлмүүн нарыг миний асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү. Дундын эд хөрөнгийн маргаангүй гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчээс гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрнө. Нэхэмжлэлийн үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй. Хүүхдүүдээ өөр дээрээ авна.

2015 оны 12 дугаар сард эхнэр гэр бүлээс гадуур өөр хүнтэй бэлгийн харьцаанд орсныг мэдэж би гэр бүлийнхэнд нь хэлсэн. Явалдсан Д.Түдэв гэдэг хүн нь үе үе ярьдаг байсан. Сүүлд алга болсон яасан юм бол гэж бодсон чинь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар хүн алаад шоронд орсон байсан. Би үүнийг өөрийн ажилладаг цагдаагийн байгууллагын шугамаар мэдсэн.

Элэг бүтэн амьдралыг би хүссэн юм. Энэ хүн зүгээр байхад нь би хардаж дарамтлаад байсан зүйлгүй. Намайг хүчирхийлэгч мэт ярьж байна. Амьтан тэжээх нь миний сонирхол. Энэ бол гэр бүлд орлого оруулах л зүйл. Шувуунд ус, будаа өгөхөд л хангалттай байдаг.

Би Г.Ганболоорыг ажилтай байх үед нь хүүхдүүдийн эцэг эхийн хуралд суудаг байсан. Ажил ихтэй үедээ ажилдаа анхаарал хандуулдаг нь үнэн. Тэгж байж л амжилтад хүрнэ гэж би хэлдэг байсан. Би гэр бүлийн бүхий л асуудлыг зохицуулдаг. 2 хүүхдээ эмнэлэгт үзүүлэх, вакцин хийлгэх гээд бүх асуудлыг би хариуцдаг хийлгэдэг байсан. Гэрийн оёж, хадах бүх зүйлийг би өөрөө хийдэг байсан.

Энэ хүн яаж хүүхдүүдээ авна гэж хэлж байнаа. Юу ч мэдэхгүй байж. Би 2 хүүхэдтэйгээ хамт амьдарч байх үед 1 өдөр хүүхдүүдийг аваад явсан. Уг нь би эхлээд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Ажил болоогүй. Г.Ганболор нь хүү Д.Цэнгүүний ангийн хүүхдийн аавтай явалдсан гэдгийг хүү мэдсэн. А.Ганболорын буруугаас л гэр бүл энэ хэмжээнд хүрсэн. Иймд гэрлэлтийг цуцалж, тогтсон ажил, орлоготой надад хүүхдүүдийг үлдээх шийдвэр гаргаж өгнө үү. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Шүүх талуудын тайлбар, зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ганболор нь хариуцагч А.Давхарбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч А.Давхарбаяр гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч, хүүхдүүдийг өөрийн асрамжид авахаар маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.      

 

Гэрлэгчид 2002 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болж, 2006 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн ба тэдний дундаас 2002 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүү Д.Цэнгүүн, 2006 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүү Д.Цэлмүүн нар төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.  

 

Гэрлэгчид 2016 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд одоо хэн аль нь цаашид эвлэрч хамт амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байх тул шүүх тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авах нь үр дүнгүй гэж үзлээ. 

 

Үүнээс гадна зохигчдын тайлбараар гэрлэгчид байнгын хэрүүл маргаантай, хэн алиндаа харилцан буулт хийж эвийн журмаар асуудлаа шийдвэрлэдэггүй, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байхгүй, эхнэр, нөхрийн бие биедээ тавих анхаарал, халамж, итгэх итгэл суларсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон ба энэ байдал нь шилжилтийн насны эрэгтэй хүүхдүүдийнх нь хүмүүжил, эрх ашигт сөргөөр нөлөөлөх, хүүхдүүд гэр бүлийн таагүй уур амьсгалаас болж гэртээ байхаас дургүйцэж, өөр газраар сэлгүүцэх, үүнээс үүдэн хүүхдүүдийн эрүүл, аюулгүй амьдрах, өсөж торних, сурч боловсрох боломж алдагдах, цаашлаад аливаа зөрчил, эрүүгийн хэрэгт холбогдох зэрэг нөхцөл байдал үүсгэх үндсийг бүрдүүлж болзошгүй тул шүүх гэрлэлтийг шууд цуцлах нь зүйтэй гэх дүгнэлтэд хүрч байна.

 

Иймд Г.Ганболор, А.Давхарбаяр нарын гэрлэлтийг цуцлав.

 

Зохигчдын хэн аль нь хүүхдүүдээ өөрийн асрамжид авахаар маргасан байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчдын гаргасан тайлбарт дүгнэлт хийхэд Г.Ганболор болон А.Давхарбаярын хэн аль нь хүүхдүүд болох Д.Цэнгүүн, Д.Цэлмүүн нарт тавих анхаарал, халамж сайн болох нь тогтоогдсон, харин ёс суртахууны байдал муу, хүчирхийлэл үйлддэг гэж үзэх үндэслэл нотлогдсонгүй.

 

Эх Г.Ганболорын хувьд эцэг А.Давхарбаяртай харьцуулан үзэхэд удаан хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, тогтсон ажилгүй нь эдийн засгийн хувьд бие даах чадвар харьцангүй бага гэж үзэх үндэслэл болох боловч нөгөө талаар хүүхдүүддээ биечлэн тавих анхаарал халамж сайн, хүүхдүүд ээжтэйгээ байхдаа илүү дуртай байх хандлага ажиглагдаж байх тул илүү, дутуугаа нөхөж байгаа энэ тохиолдлыг шүүх гэрлэгчдийн хэн алиныг нөгөөгөөсөө илүүтэй хүүхдүүдээ асрамжлах бололцоотой гэж үзэх боломжгүй байна.

 

Шүүх хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д “Хүүхдийн талаар аливаа ажил явуулахдаа ...шүүх ...эн тэргүүнд хүүхдийн эрх ашгийг дээд зэргээр хангахад анхаарал хандуулна” гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “Төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах”, 4.1.3-т “Хүүхдийн нас, төлөвшлийн байдлыг харгалзан, түүний үзэл бодолд хүндэтгэлтэй хандах” зарчмыг баримтална, 8 дугаар зүйлийн 8.1.2-т “Хүүхэд өөрт хамаарах аливаа асуудлаар шийдвэр гаргах, үнэлэлт өгөхөд оролцох эрхтэй” гэж тус тус заасанд тулгуурлан хүү Д.Цэнгүүн, Д.Цэлмүүн нарын саналд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүү Д.Цэнгүүн, Д.Цэлмүүн цаашид эхийнхээ асрамжид үлдэхийг хүссэн нь тэдгээрийн шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” гэж заасныг үндэслэн шүүх хүүхдүүдийн хүссэнээр тэднийг эх Г.Ганболорынх нь асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Гэрлэгчдийн шүүх хуралдааны явцад бие биедээ хандаж буй хандлага, гаргаж буй тайлбар, үүссэн нөхцөл байдал зэргээс үзэхэд тэд хүүхдүүдээ эд зүйл мэт өөрсдийн асрамжид авахаар маргахын оронд төрүүлсэн хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхан, аз жаргал, хүмүүжил, төлөвшил, цаашдын урт удаан амьдралыг бодож өөрсдийн байгаа хариуцлагагүй байдалдаа дүгнэлт хийж, үүссэн нөхцөл байдлыг тайван замаар хүлээн зөвшөөрсөн хэлбэрээр хүүхдүүдэд таатай, эвтэй байдлаар шийдвэрлэх нь зүйтэйг энд тэмдэглэх шаардлагатай байна.

 

Шүүх хүүхдүүдийн саналд үндэслэн тэдгээрийг эхийнх нь асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хувь хэмжээгээр хүү Д.Цэнгүүн, Д.Цэлмүүн нарыг сар бүр эцэг А.Давхарбаяраар нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

            Эцэст нь шүүх хэдийгээр гэрлэлтийг цуцалж байгаа боловч хүүхдүүдийн хувьд Г.Ганболор, А.Давхарбаяр нарын хуульд заасан эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг, хэн нэг нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нөгөөдөө саад хийхгүй байхыг, түүнчлэн талуудын хооронд дундын эд хөрөнгөтэй холбоотой маргаангүйг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.   

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 

 ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Ганболдын Ганболор /РД:ХЖ82063007/, Жан овогт Алтанцэцэгийн Давхарбаяр /РД:ХЙ79030719/ нарын гэрлэлтийг цуцалсугай.        

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Д.Цэнгүүн /РД:УХ02321533/, 2006 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Д.Цэлмүүн /РД:УХ06261453/ нарыг эх Г.Ганболорынх нь асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан хүү Д.Цэлмүүнийг 11 нас хүртэл тухайн бус нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, хүү Д.Цэнгүүн, Д.Цэлмүүн нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг А.Давхарбаяраар нь тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг Г.Ганболорт олгосугай.                

 

4. Гэрлэгчдийн хооронд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой маргаангүй гэснийг дурдсугай.

 

5. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Дэлгэрсайханд даалгасугай.   

 

6. Гэрлэлтийг цуцалж байгаа боловч хүүхдүүдийн хувьд Г.Ганболор, А.Давхарбаяр нарын хуулиар хүлээсэн эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг, хэн нэг нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нөгөөдөө саад хийхгүй байхыг тэдэнд тайлбарласугай.  

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Г.Ганболороос төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Давхарбаяраас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ганболорт олгосугай.               

 

 8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 7 хоногийн дараа бичгэн хэлбэрээр гарсан шийдвэрийг талууд 14 хоногийн дотор өөрсдөө ирж гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.       

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Ө.УЯНГА