| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2021/0077/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/74 |
| Огноо | 2021-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж,
улсын яллагч Э.Ариунболд,
шүүгдэгч Д.Г,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-д холбогдох эрүүгийн 2119000000093 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1972 оны 06 сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Эрх чөлөөний гудамж 104-13 тоотод оршин суух хаягтай, урьд нь Сум дундын 8 дугаар шүүхийн 2015 оны 04 сарын 28-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хорих ялын хөнгөнийг хүндэд нь багтааж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б овогт Д-ийн Г /РД:ЕЮ72063017/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Д.Г нь 2021 оны 05 сарын 09-ний өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Энхтайваны 11-4-8 тоотод байрлах Г.Д-ын гэрт Т.Э-А-тай маргалдан улмаар архины шил авч шидэж түүний толгойн тус газар нь оносны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Д.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Үйлдсэн хэргийн хувьд маргахгүй. Хүлээн зөвшөөрч байгаа. Дахин ийм зүйл гаргахгүй, ойлгож гэмшиж байгаа. Барилгын ажил хувиараа хийдэг, торгуулиа төлнө гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Т.Э-А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2021 оны 05 сарын 09-ний өглөө Г-тай хамт Д ахын гэрт очсон. Тэгээд Гантулгыг Д ахын гэрт орхичихоод ганцаараа Дэнжийн дэлгүүр орж Хараа нэртэй 0.75 литрийн 1 шил архи аваад буцаад Д ахын гэрт очсон. Тэгээд авсан архиа Г, П ах бид 3 хувааж уусан. Д ах архинаас уугаагүй, гэрт нь өөр хүн байгаагүй, Г бид 2 Д ахын гэрээс гараагүй, гаднаас өөр хүн орж ирээгүй. Архи ууж байхдаа би П ахын хамт зүүн талын орон дээр сууж байсан, Г Д ахын хамт баруун талын орон дээр сууж байсан. Би ууж байсан архиа дуусгасан эсэхийг мэдэхгүй согтчихсон байсан. Нэг мэдэхэд эмнэлэг дээр манай дүү миний хажууд сууж байсан. Манай аав Төгс маргааш нь миний хувцсыг авах гээд Д ахын гэрт очиход Д ах аавд хэлэхдээ А-тай хамт ирсэн залуу нь уусан архины шилээ чулуудаад толгойг нь хагалсан гэж хэлсэн байсан гэсэн мэдүүлэг /хх 14-15 ху/,
-Гэрч Г.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2021 оны 05 сарын 09-ний өглөө 07 цагийн үед миний таньдаг А гэх залуу танихгүй залуутай хамт манайд орж ирсэн, тэгэхдээ танайд 1 шил архи уучихаад гаръя гэж хэлсэн. Архиа ууж дуусаад А нь хамт орж ирсэн залуутайгаа хэрэлдэх ч биш тоглох ч биш хэл амаар маргалдаад байх шиг байсан. Тэр танихгүй залуу А руу уусан архины хоосон шилээ аваад чулуудчихсан. Шил нь А-ийн толгойн тус газарт оносон, архины шил хагараагүй. Сүүлд архины шил нь байхгүй байсан, П ахаас асуухад архины шил зүүн орон дээр байсныг тэр залуу өөрөө аваад гараад явчихсан гэж хэлсэн. Манай хашаанд байгаа 3 хоосон шил өмнө нь манайд ирсэн хүмүүс л уусан байх гэсэн мэдүүлэг /хх 18-19 ху/,
-Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Манай нагац ах болох Д, П 2 манай хашаанд тусдаа өөрийнхөө гэрт хоёулаа амьдардаг. 2021 оны 05 сарын 09-ний өдрийн 12-13 цагийн орчим манай ах Д манай гэрт орж ирээд миний дүү цагдаа дуудаад өгөөч, цагдаа дуудахгүй бол болохгүй нь гэхээр нь яасан юм гэхэд А танихгүй залуутай хамт орж ирээд манайд архи ууя гээд уусан. Тэгээд хоорондоо маргаад нөгөө залуу нь А-г уусан архиныхаа шилээр толгойг нь цохичихлоо гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг /хх 22-23 ху/,
-Яллагдагч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2021 оны 05 сарын 09-ний өдөр би Энх-Амгалантай архи уугаад түүнтэй маргалдаж архины шил шидэж толгойг нь гэмтээсэн. Согтуу байсан тул юунаас болж маргалдсанаа сайн хэлж мэдэхгүй байна. Би архи ууж найз Э-А архины шилээр цохиж гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна. Энх-Амгалантай уулзахад надаас хохирол төлбөр, мөнгө нэхэмжлэх зүйл байхгүй гомдол саналгүй гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 48-49 ху/,
-Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 02/0150 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Т.Э-А-ийн биед толгойн шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Учирсан гэмтэл нь 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 29 ху/,
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-9 ху/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-90 ху/
-Яаралтай тусламжийн хуудас /хх 30-31 ху/,
-Д.Г-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 40-48 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 65 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Г нь 2021 оны 05 сарын 09-ний өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Энхтайваны 11-4-8 тоотод байрлах Г.Д-ын гэрт Т.Э-А-тай маргалдан улмаар архины шил авч шидэж түүний толгойн тус газар нь оносны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Үйлдсэн хэргийн хувьд маргахгүй. Хүлээн зөвшөөрч байгаа. Дахин ийм зүйл гаргахгүй, ойлгож гэмшиж байгаа.” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Т.Э-А-ийн “...Манай аав Төгс маргааш нь миний хувцсыг авах гээд Д ахын гэрт очиход Д ах аавд хэлэхдээ Амгаатай хамт ирсэн залуу нь уусан архины шилээ чулуудаад толгойг нь хагалсан гэж хэлсэн байсан” гэсэн /хх 14-15 ху/, гэрч Г.Д-ын “...Амгаа гэх залуу танихгүй залуутай хамт манайд орж ирсэн, тэгэхдээ танайд 1 шил архи уучихаад гаръя гэж хэлсэн. Архиа ууж дуусаад А нь хамт орж ирсэн залуутайгаа хэрэлдэх ч биш тоглох ч биш хэл амаар маргалдаад байх шиг байсан. Тэр танихгүй залуу А руу уусан архины хоосон шилээ аваад чулуудчихсан. Шил нь А-ийн толгойн тус газарт оносон, архины шил хагараагүй. гэсэн /хх 18-19 ху/, гэрч Б.Б-ийн “...2021 оны 05 сарын 09-ний өдрийн 12-13 цагийн орчим манай ах Д манай гэрт орж ирээд миний дүү цагдаа дуудаад өгөөч, цагдаа дуудахгүй бол болохгүй нь гэхээр нь яасан юм гэхэд А танихгүй залуутай хамт орж ирээд манайд архи ууя гээд уусан. Тэгээд хоорондоо маргаад нөгөө залуу нь Амгааг уусан архиныхаа шилээр толгойг нь цохичихлоо гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн” гэсэн /хх 22-23 ху/, яллагдагч Д.Г-ын “...би Энх-Амгалантай архи уугаад түүнтэй маргалдаж архины шил шидэж толгойг нь гэмтээсэн. Согтуу байсан тул юунаас болж маргалдсанаа сайн хэлж мэдэхгүй байна. Би архи ууж найз Э-А архины шилээр цохиж гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн /хх 48-49 ху/ мэдүүлгүүд, хохирогчийн биед толгойн шарх, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл болохыг тогтоосон шинжээчийн 02/0150 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Г-ын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Д.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирлын хувьд хохирогч Т.Э-А-д хөнгөн зэргийн гэмтэл учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд гэм хорын нэхэмжлэл гаргаагүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөр байхгүй байна гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 сарын хугацаанд сард 150.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА