Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 07

 

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам, С.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Б.Т.Д ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдох,

         Гуравдагч этгээд: Иргэн П.А нарын нэр бүхий 15 иргэн

       Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дахь Б.Т.Д ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын  XV-017851, XV-020505 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайн хайгуулын ажлын 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Өндөрхангай сумын Засаг даргад даалгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т.Д ХХК’-ийн өмгөөлөгч П.Ц /цахимаар/, хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, иргэдийн төлөөлөгч Б.Төртүвшин, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Б.Т.Д ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Т.Д ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасан бүхий л шаардлага, болзлыг хангасны үндсэн дээр Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дахь Цагааннуур нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын XV-017851 дугааруудтай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 3-р сард авсан ба 2016 оны 04-р сарын 12-нд тодорхой хэсгийг хэсэгчлэн буцаан өгч, 2 хувааж шинээр XV-020505 тоот тусгай зөвшөөрөл авсан болно. Компаний зүгээс үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулж байгаа ба Ашигт малтмалын тухай хуулийн 22-р зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах шаардлагатай болсон. Хуулийн 22-р зүйлийн 22.1.3-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт;”-ийг тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахдаа хавсаргаж өгөх ёстой гэж заасан бол 40-р зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж заасан. Бид 2017 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулан бэлтгэж, Увс аймгийн БОАЖГазарт хянуулан 2017 оны 11-р сарын 10-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд очиж Засаг даргаар батлуулах гэсэн боловч бидэнтэй уулзахаас тодорхойгүй шалтгаанаар татгалзаж, батлаж өгөөгүй буцаасан. Үүнээс хойш 2018 оны төлөвлөгөөг батлуулахаар удаа дараа холбогдсон боловч тухай бүр татгалзсан хариу авч байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 38-р зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж тодорхой заасан байдаг. Гэвч Өндөрхангай сумын Засаг дарга энэхүү төлөвлөгөөг өнөөдрийг хүртэл баталж өгөөгүй байгаа юм. Баталж өгөхгүй байгаа шалтгаанаа 2018 оны 3 сарын 12-ны өдөр Өндөрхангай сумын Засаг дарга Ц.С-аас 32 тоот мэдэгдэл ирж, тусгай зөвшөөрлийн талбай нь малчдын өвөлжөө, хаваржааны газартай давхцаж байгаа тул 2018 оны геологи хайгуулын ажил хийлгэхгүй, төлөвлөгөөг батлахгүй гэдгээ илэрхийлсэн байна. Захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, шийдвэр нь хуульд нийцсэн байх зарчимтай бөгөөд Ашигт малтмалын тухай хууль болоод бусад аль ч хууль, тогтоомжоор малчдын өвөлжөө, хаваржааны бэлчээртэй давхцаж байгаа үндэслэлээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзах зохицуулалт байхгүй юм. Ашигт малтмалын тухай хуулийн 9-р зүйлийн 9.11-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Засгийн газар нь хайгуулын тусай зөвшөөрөл олгох талбайн солбилцлыг тогтоосон бөгөөд манай эзэмшдэг тусгай зөвшөөрлийн талбай нь уг солбилцолд багтсан. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдахгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдахгүй, цуцлагдах нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг шууд хөндөж байгаа юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.4-т заасны дагуу Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дахь ашигт малтмалын хайгуулын XV-017851, XV-020505 дугааруудтай тусгай зөвшөөрлийн талбайн хайгуулын ажлын 2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Өндөрхангай сумын Засаг даргад төлөвлөгөө батлахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

      Хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тухайн үед буюу 2015 онд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дүгээр заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед аймгийн зүгээс сумаас санал авч ажиллаагүй, бидэнд ямар нэгэн мэдээлэл байгаагүй учраас тухайн төлөвлөгөө нь баталж өгөх боломжгүй юм.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн е/ нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх/ гэж заасан заалтыг зөрчсөн байхад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нь батлах боломжгүй. Учир нь орон нутгийн иргэд хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг нутаг дэвсгэртээ ямар нэгэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хийх эрх олгохгүй тухай саналаа илэрхийлж, энэ талаар гарын үсгээ зурж өгсөн. Засаг даргын хувьд хуулиар олгосон эрх, гүйцэтгэх үүрэгтэй хэдий ч нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан ийм асуудалд иргэдийнхээс эсрэг аливаа үйл ажиллагаанд оролцож, төлөвлөгөөг батлах ёс зүй надад байхгүй  “гэжээ.

        Хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Б.Т.Д ХХК-ны нэхэмжлэлтэй Өндөрхангай сумын Засаг даргад холбогдох Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дахь ашигт малтмалын хайгуулын XV-017851, XV-020505, дугааруудтай тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож төлөвлөгөө батлахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

      1. Тухайн үед буюу Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед аймгийн зүгээс сумаас санал авч ажиллаагүй, 2015 оны 02 дугаар сарын 12-нд гарсан албан бичиг хугацаа хожимдож 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ирж бүртгэгдсэн. Мөн тухайн талбайд Цагааннуур, Батсайхан багийн 38 өрхийн өвөлжөө, хаваржаа бэлчээрийн бүс нутаг учир тухайн төлөвлөгөөг нь баталж өгөх боломжгүй юм.

       2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын е /нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх/ гэж заасан заалтыг зөрчсөн байхад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нь батлахгүй боломжгүй юм. Учир нь орон нутгийн иргэд хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг нутаг дэвсгэртээ ямар нэгэн иргэн, аж ахуй нэгж байгууллагад хийх эрх олгохгүй тухай саналаа илэрхийлж энэ талаар гарын үсгээ зурж өгсөн. Мөн тухайн үед сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол ч гарсан байдаг. Засаг даргын хувьд хуулиар олгосон эрх гүйцэтгэх үүрэгтэй хэдий ч ийм нөхцөл байдал үүссэн нөхцөлд тухайн төлөвлөгөөг батлах ямар ч боломжгүй юм.

        3. Уг компанийг төлөөлж геологич н.Б гэдэг хүн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ирж надтай уулзахдаа 2017 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө биш хайгуулын төлөвлөгөөгөө танилцуулсан. Үүний дараа надтай утсаар холбогдож Байгаль орчин менежментийн төлөвлөгөөгөө баталж өгөхийг хүссэн. 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тухайн талбайд хайгуулын ажил хийлгэх боломжгүй гэсэн хариу албан тоотыг хүргүүлсэн.

     4. Анхнаасаа хууль бус олгогдсон тусгай зөвшөөрлийг батлах ёсгүй. Учир нь ямар ч хүнтэй төлөвлөгөө гаргаж гэрээ хийж ажиллаж л байгаа бол тухайн гэрээнийхээ дагуу ажлаа хийж тайлангаа холбогдох газрууддаа ирүүлэх ёстой байтал хийсэн ажлын тайлангаа ирүүлээгүй байж дээд шатны байгууллагадаа жил бүр хайгуулын ажил хийж байгаа мэтээр хуурамч тайлан өгсөн зэрэг дээрх шалтгаануудын улмаас уг компанитай хамтарч ажиллах ямар ч боломжгүй юм.” гэжээ.

      1. Гуравдагч этгээд Ц.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Эцэг өвгөдөөс уламжилж ирсэн хоолойн улаан толгой нэртэй хаваржааны газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Энэ нь малчин миний болоод үр хүүхдийн минь эрх ашгийг маш ноцтой зөрчиж байгаа учир тус талбайд хайгуул хийлгэхийг эсэргүүцэж байна. Мөн миний нэгэн адил манай эргэн тойрны малчдын эрх ашиг хөндөгдөж байгаа учир малчид бидний хүсэлтийг харгалзан үзэж тус зөвшөөрлийн хугацааг сунгахгүй болгож өгнө үү” гэжээ.

       2. Гуравдагч этгээд С.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие нь бага наснаас өнөөг хүртэл мал маллаж ирсэн билээ. Миний эцэг өвгөдөөс өвлөгдөж ирсэн ‘’Барзгарын ганга’’ нэртэй хаваржааны газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон нь миний болоод үр хүүхдийн минь эрх ашгийг маш ноцтой зөрчиж байна. Иймд  2015 онд олгогдсон уг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайг нэн даруй хүчингүй болгож өгөхийг хүсэж байна. Мөн уг талбайг олгохдоо малчин бид бүхнээс зөвшөөрөл авалгүй шууд олгосон нь тухайн үеийн эрх мэдэлт хүмүүс нь орон нутгийн малчид бид бүхнийг үл хүндэтгэн хууль зөрчиж олгосон нь харагдаж байна. Иймээс миний болоод тухайн орон нутгийн малчдын санал хүсэлтийг үндэслэн тухайн зөвшөөрлийн талбайг хууль, дүрэм, журмын дагуу нэн даруй хүчингүй болгож өгөхийг шаардаж байна” гэжээ.

        3. Гуравдагч этгээд Х.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “1991 оноос хойш өнөөг хүртэл 28 жил тасралтгүй малаа маллаж байна. Миний эцэг өвгөдөөс уламжлагдан өвлөгдөн нутаглаж ирсэн ‘’Урд сувдаа’’ нэртэй хаваржааны газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь миний мөн манай эргэн тойрны нутаг нэгт малчдын эрх ашгийг маш ноцтой зөрчиж байгаа тул тус талбайг хууль зөрчиж олгосон болохыг тогтоож өгнө үү. Мөн тус тусгай зөвшөөрлийг 2015 онд олгохдоо тухайн үеийн эрх мэдэлт хүмүүс нь  бид бүхнээс санал аваагүй нь олгосон нь бид бүхнийг үл хүндэтгэсэн нь үүнээс харагдаж байна. Иймээс газар нутагтаа эзэн нь болж малчид бидний харгалзан үзэж эдгээр гаргасан хүсэлт тайлбарыг үндэслэн дээрх тусгай зөвшөөрлийн талбайг нэн даруй хууль, дүрэм, журмын дагуу хүчингүй болгож өгөхийг шаардаж байна” гэжээ.

        4. Гуравдагч этгээд Д.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Таван хар овогт Д.Г гэдэг. 1980 онд төрсөн ам бүл 6 эхнэр 4 хүүхдийн хамт Батсайхан багт оршин суудаг бүрэн дунд боловсролтой, цэргийн албыг 2003-2004 онд хаасан. 2006 оноос одоог хүртэл мал маллаж байгаа бөгөөд Батсайхан багийн нутаг хойд бүдүүн магнайг 2009 оноос хойш эзэмшиж байгаа боловч гэрчилгээгээ 2014 оны 1-р сарын 09 нд Г№464586 захирамжийн дугаар А/05-аар тус тус эзэмшиж байна. Мөн зэргэлдээ орших газрыг 2014 оны 01 сарын 09 ний өдрийн А/05 тоот захирамж №464585 дугаартай гэрчилгээгээр эзэмшиж байна. Эдгээр 2 хаваржаанд жил бүр 10 сараас дараа оны 05 сар хүртэл бүтэн 7 сар нутаглаж малаа төллүүлж төлөө бойжуулдаг малчин бидэнд гол нутаг юм. Гэтэл энэ хоёр хаваржааны нутгийг Б.Т.Д ХХК 2015 оны 3 сараас хайгуулын лиценз эзэмших үйл ажиллагаа явуулж цаашид ашиглалтын үйл ажиллагаа явуулах магадлалтай байгаа учир бид хаваржаагүй болох эрсдэл үүсч байна. Иймд бидний нэр бүхий малчид хайгуул хийлгэхийг эсэргүүцэж танай байгууллагад хандаж байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

       5. Гуравдагч этгээд П.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “1990 оноос хойш өнөөг хүртэл мал маллаж ирсэн билээ. Малчин бидэнд өв уламжилж ирсэн өвөлжөө хаваржааны газарт бид бүхний зөвшөөрөлгүй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 онд олгосон нь малчид бидний эрх ашгийн маш ноцтой зөрчиж байна. Эдгээр олгогдсон тусгай зөвшөөрлийн талбайд миний эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн дунд улаан толгой нэртэй хаваржааны газар орсон байгаа учир компианаар хайгуул хийлгэхийг эсэргүүцэж байна. Миний нэгэн адил мөн эрх ашиг нь хөндөгдөж байгаа малчид бүгд энэ хууль зөрчиж эрх мэдлээ ашиглаж олгосон талбайг 100% эсэргүүцэж байгаа гэдэгт итгэж байна. Малчид бидний хүсэлтийг мөн энэ шаардлагыг харгалзан үзэж эдгээр гаргасан хүсэлт тайлбарыг үндэслэн дээрх тусгай зөвшөөрлийн талбайг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

        6. Гуравдагч этгээд П.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “1990 оноос өнөөг хүртэл мал маллаж байна. Миний эцэг өвгөдөөс өвлөгдөж ирсэн Овооны магнай нэртэй хаваржааны газарт миний зөвшөөрөлгүй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 онд олгосон нь малчид бидний эрх ашгийн маш ноцтой зөрчиж байна. Эдгээр олгогдсон тусгай зөвшөөрлийн талбайд хайгуул хийлгэхийг эсэргүүцэж байна. Миний нэгэн адил эрх ашиг нь хөндөгдөж байгаа малчид бүгд энэ хууль зөрчин эрх мэдлээ ашиглан олгосон талбайд хайгуул хийлгэхийг 100% эсэргүүцэж байна. Иймээс бид бүхний хүсэлтийг харгалзан үзэж тухайн тусгай зөвшөөрлийн талбайг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна” гэжээ.

       7. Гуравдагч этгээд А.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие 1990 оноос хойш өнөөг хүртэл мал маллаж ирсэн билээ. Малчид бидэнд өв уламжлагдаж ирсэн өвөлжөө хаваржааны газарт бид бүхний зөвшөөрөлгүй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 онд олгосон нь малчид бидний эрх ашгийг маш ноцтой зөрчиж байна. Эдгээр олгогдсон тусгай зөвшөөрлын талбайд миний эцэг өвгөдөөс уламжлагдаж ирсэн ‘’Овооны урд айргийн хөх дэл’’ нэртэй хаваржааны газар орсон байгаа учир тус компаниар хайгуул хийлгэхийг эсэргүүцэж байна. Миний нэгэн адил эрх ашиг нь хөндөгдөж байгаа малчид бүгд энэ хууль зөрчиж, эрх мэдлээ ашиглаж олгосон талбайг 100% эсэргүүцэж байгаа гэдэгт итгэж байна. Малчид бидний хүсэлтийг мөн энэ шаардлагыг харгалзан үзэж уг тусгай зөвшөөрлийн талбайг хүчингүй болгож өнгө үү” гэжээ.

       8. Гуравдагч этгээд Д.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие 1984 оноос хойш 35 жил Цагааннуур багийн Цагаанчулуу гэдэг хаваржаанд амьдарч байгаа энэ хаваржаа нь эрт дээр үеээс өв залгамжлан аав, ээж, ах, дүү нартай амьдарч байсан бөгөөд одоо миний бие эхнэр хүүхдийн хамт мал маллаж амьдардаг учир уг компаний хайгуул хийлгэхийг эсэргүүцэж байна. Иймд малчид бидний хүсэлтийг хүлээн авч тусгай зөвшөөрлийн талбайг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

       9. Гуравдагч этгээд Э.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Увс аймгийн Өндөрхангай сумын Батсайхан багийн иргэн Э.Л би өөрийн эзэмшил болох “Хойд бүдүүн” гэдэг газрыг өвөг дээдсээсээ өвөлж аваад мал маллаж амьдарч байгаа бидний амьдарлын баталгаа болсон энэ газрыг ашигт малтмалын тухай хуулийн 9-р зүйлийн 9.11-т заасан ашигт малтмал олборлохыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

      10. Гуравдагч этгээд Х.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Х овогтой Г нь 2014 оноос өнөөг хүртэл мал маллаж ирсэн билээ. Малчид бидэнд өв уламжлагдаж ирсэн хаваржааны газарт бид бүхний зөвшөөрөлгүй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 онд олгосон нь малчид бидний эрх ашгийг маш ноцтой зөрчиж байна. Эдгээр олгогдсон тусгай зөвшөөрлийн талбайд миний эцэг өвөгдөөс уламжлагдаж ирсэн ‘’Урд сувраа шүрэн дэл’’ нэртэй хаваржааны газар орсон байгаа учир тус компаниар хайгуул хийлгэхийг эсэргүүцэж байна. Миний нэгэн адил эрх ашиг нь хөндөгдөж байгаа малчид бүгд энэ хууль зөрчил, эрх мэдлээ ашиглаж олгосон талбайг 100% эсэргүйцэж байгаа гэдэгт итгэж байна. Малчид бидний хүсэлтийг мөн энэ шаардлагыг харгалзан үзэж уг тусгай зөвшөөрлийн талбайг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

        11. Гуравдагч этгээд Ү.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Увс аймгийн Өндархангай сумын Цагаан нуур багт 1990 онд төрсөнөөс хойш амьдран сууж байгаа. Мөн миний өвөг дээдэс бүгд амьдарч ирсэн ба “Дугуй хомхог” гэдэг газрыг 1914 оноос хойш одоог хүртэл эзэмшиж байгаа тул би үүнийг өв залгамжлаж харж үлдсэн нутаг билээ. Иймд би нэхэмжлэл гаргаж байгаа хүмүүсийн үйл ажилгааг дэмжиж чадахгүй гэдгээ мэдэгдэж байна” гэжээ.

      12. Гуравдагч этгээд Х.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие 2010 оноос одоог хүртэл мал малласаар ирсэн билээ. Өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн энэ газарт бид бүхний зөвшөөрөлгүй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 онд олгосон нь малчид бидний эрх ашгийг маш ноцтой зөрчиж байна. Эдгээр олгогдсон тусгай зөвшөөрлийн газарт ‘’Тан толгой’’ гэх хаваржааны газар орж байгаа тул энэ Б.Т.Д ХХК-аар эрэл хайгуул хийлгэхийг хүчтэй эсэргүүцэж байна. Мөн бусад малчид бас 100% эсэргүүцэж байгаа. Иймд малчин бидний шаардлагыг харгалзан тусгай зөвшөөрлийн талбайг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

       13. Гуравдагч этгээд Д.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний аав Д.Н нь 1959 онд төрсөн 1976 оноос хойш мал маллаж байна. Цагаан нуур багийн нутагт байрлах өөрийн эзэмшлийн ‘’Дээд овоот чулуу’’ нэртэй хаваржааны газар нь Б.Т.Д ХХК-д өгсөн зөвшөөрөлтэй давхцаж байгаа бөгөөд эцэг өвгөдөөс уламжлагдаж  ирсэн газар нутагтаа хайгуул хийлгэхийг эсэргүүцэж байна. Малчид бидний шаардлагыг харгалзан үзэж тусгай зөвшөөрлийн талбайг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

       14. Гуравдагч этгээд Х.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Увс аймгийн Өндөрхагай сумын Цагааннуур багийн малчин Х.Б нь тус багийн нутагт эцэг өвгөдөөс үе дамжин мал маллаж амьдардаг бөгөөд тус багийн нутагт оршин байрлах өөрийн эзэмшлийн ‘’Дунд сувраа’’ нэртэй хаваржааны газар минь Б.Т.Д ХХК-д өгсөн зөвшөөрөлтэй давхцаж байгаа бөгөөд эцэг өвгөдийн үеэс мал маллаж тоглож өссөн газар нутагаа хайгуул хийлгэхийг эсэргүүцэж байна. Малчид бидний хүсэлт шаардлагыг харгалзан үзэж тусгай зөвшөөрлийн талбайг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

     15. Гуравдагч этгээд Б.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний өвөө Хүрлээ нь 1951 онд төрсөн 1964 оноос хойш мал маллаж байсан. Ба 2006 оны 4-р сарын 3-ны өдрийн 11 тоот захирамжаар ‘’Дунд улаан’’-ыг хаваржааны зориулалтаар эзэмшиж байгаад өвөө маань 2010 онд нас барсан. Зээ хүү болох Б.Ц би өвөөгөөс өвлөн авч эзэмшиж байгаа бөгөөд бидний амьдралын баталгаа болсон энэ гэзрыг ашигт малтмалын тухай хуулийн 9-р зүйлийн 9.11-т заасан ашигт малтмал олборлохыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм” гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 12 дугаар сард Увс аймгийн Өндөрхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар орон нутгийн тусгай хамгаалалтад авах талаарх асуудлыг дээд шатны байгууллагад хүргүүлсэн. Хариу ирүүлээгүй байгаа тул энэ онд багтаад хариу ирчих байхаа. Увс аймгийн Өндөрхангай сумын 30 хувь нь орон нутгийн тусгай хамгаалалтад хамрагдсан байгаа. Тухайн үеийн засгийн газрын тогтоол нь Үндсэн хуулийг зөрчиж олгогдсон гэж үзэж байна. Малчдын гол эх сурвалж нь мал сүрэг байдаг тул мал нь өвөлжөө, хаваржаандаа онд мэнд өсөж, малчдынхаа хэрэгцээг хангадаг боловч тэр газрыг нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газарт орж хайгуул хийгдээд явчихвал малчид амьдралаа залгуулах боломжгүй болох тул иргэдийн зүгээс эсэргүүцэж байгаа. Хариуцагч талаас болон сум багийн иргэдийн зүгээс хайгуулын тусгай зөвшөөрлийг эсэргүүцсэн хэвээр байх болно. Удаа дараагийн ийм үйлдэл үргэлжилсээр байвал багийн иргэд эсэргүүцлийн хурц хэлбэрт шилжих болно гэдгээ уламжилсан. 2015 онд олгогдсон тусгай зөвшөөрөл нь иргэдийн Үндсэн хуульд заасан заалтыг зөрчиж олгогдсон гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж заасан заалтыг зөрчсөн Засаг даргад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ирүүлээгүй” гэжээ.

      Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т.Д ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт маргаж байгаа менежмент төлөвлөгөөг хэрхэн батлах талаарх заалтууд байгаа. Энэхүү заалтаар сум, дүүргийн Засаг дарга нь менежмент төлөвлөгөөг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэсэн үүрэг хүлээлгэсэн заалт байгаа. Энэ хуулийн заалтыг хариуцагчийн зүгээс биелүүлэхгүй байгаа дээр маргаж байгаа. Хариуцагч талын тайлбар болоод мэтгэлцээний явцын байр сууринаас тодорхой хэдэн үндэслэл гарч ирлээ. Засгийн газрын тогтоолоор эдгээр талбайд хайгуул хийж болно гэж заасан байгаа. Тухайн шаардлага нөхцөлийн дагуу сонгон шалгаруулалт зарлаж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллагаас олгодог. Олгогдсон тусгай зөвшөөрөл дээр сумын Засаг дарга зөвшөөрөхгүй байна гэсэн байдлаар хандах нь тусгай зөвшөөрөл олгож байгаатай адилхан хүчин зүйл болж байна. Энэ нь хуульд нийцэхгүй байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийг уншиж судлах шаардлагатай гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд ямар тохиолдолд ашигт малтмалын газар олгохгүй байх талаар тодорхой дурдсан байгаа тул өвөлжөө, хаваржааны газрын улмаас тусгай зөвшөөрлийн талбай олгохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 19.4 дэх заалт нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой зүйл заалт байгаа тул олгогдсон тусгай зөвшөөрөлд хамааралгүй зүйл заалт юм. Давж заалдах шатны шүүх магадлал дээр тодорхой эрх зүйн дүгнэлт хийх талаар дурдсан байгаа тул анхан шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэж байна. Орон нутгийн зүгээс газар нутгаа тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд бид заавал энэ газар ашигт малтмалын хайгуул хийхээр маргахгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

       Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ард түмэн эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой гэж заасан байгаа. Мөн өвөлжөө, хаваржааны газрууд давхцаж байгаа тул хайгуул хийлгэхийг ард иргэд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Монгол улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт зааснаар “Мал төрийн хамгаалалтад байна” гэж хуульчилсан байтлаа яагаад энэ хуулийг дагаж мөрдөхгүй байгаа вэ. Мөн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Ард түмэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан байгаа Малчид өвөлжөө, хаваржааны газраа өөрийн мэдэлд авах хүсэлтэй байна” гэжээ.

       Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Б.Т.Д ХХК-ийн хугацаа дуусах болоод сунгуулахаар маргаан эхэлсэн байна. Б.Т.Д ХХК-ийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Б.Т.Д ХХК шүүхэд ”XV-017851, XV-020505 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Өндөрхангай сумын Засаг даргад даалгуулах тухай“ тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

       Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэмэлт тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

       Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “Засгийн газрын тогтоолоор батлагдсан хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай тул сум орон нутгийн Засаг дарга “малчдын өвөлжөө, хаваржааны газартай давхцаж байгаа” гэх үндэслэлээр төлөвлөгөөг батлахаас татгалзах эрхгүй гэж тодорхойлжээ.

      Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  зүгээс “Тусгай зөвшөөрөл анх олгохдоо сумын удирдлагаас санал аваагүй, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага зөвшөөрөөгүй байхад хууль бусаар олгосон, тухайн талбай нь Цагааннуур, Батсайхан багийн 38 өрхийн өвөлжөө, хаваржааны бэлчээрийн бүс нутаг, мөн малчдад  өвөлжөө, хаваржааны зориулалтаар олгосон газартай давхцаж байгаа, 2016, 2017 онуудад тус компани хайгуулын ажлын тайлан ирүүлээгүй, 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө Засаг даргад хүргүүлээгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй байна.

        Гуравдагч этгээд нар болон тэдгээрийн төлөөлөгч нь “Эцэг өвгөдөөс өвлөгдөж ирсэн газар нутагт тусгай зөвшөөрлийг анхнаасаа хууль бусаар олгосон, өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшиж байгаа газартай тусгай зөвшөөрлийн талбай давхацсан, Үндсэн хуулиар олгогдсон иргэний “аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах” үндсэн эрх чөлөө зөрчигдөж байгаа учраас хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй” гэж үндэслэлээ тайлбарласан байна. 

      Шинжээчээр томилогдсон аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Геодези зурагзүй хариуцсан мэргэжилтэн Б.Ж, инженер хайгуул, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Н нар 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр   Б.Т.Д ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-020505, XV-017851 тоот тусгай зөвшөөрөл бүхий  талбайд Trimble R6 хоёр долгионы GPS Garmin 62s гар GPS  газар дээр нь хэмжилт хийж, Өндөрхангай сумын Цагааннуур, Батсайхан багт оршин суугч 15 өрх айлд сумын Засаг даргын захирамжаар өвөлжөө, хаваржааны зориулалтаар олгогдсон гэрээ, гэрчилгээ бүхий  газар нь тус компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхацсан болохыг тогтоож дүгнэлтээ ирүүлсэн байна. /Шинжээч нар давхацлыг зургаар харуулсан болно./

        Шүүх хариуцагч Өндөрхангай сумын Засаг дарга, иргэн Д.Ч нарын хүсэлтийг хүлээн авч, хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай өвөлжөө хаваржааны газар нь давхацсан гэх Д.Н, П.А, Х.Б, Д.Х, Х.Б, Х.Г, Х.Д, Э.Л, Д.Ч, Д.Г, С.Т, Ц.Б, Ү.Б, А.Б, П.М нарыг татан оролцуулсан. 

       Хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон тусгай зөвшөөрлийг хууль бусаар авсан, хайгуулын талбай нутгийн  иргэдийн өвөлжөө, хаваржааны газартай давхцсан байгаа, нутгийн иргэд эсэргүүцэж байгаа гэх асуудлууд нь анх тусгай зөвшөөрөл олгосон асуудалтай холбоотой байгаа бөгөөд нэхэмжлэгчийн маргасан үйл баримт болох Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүйтэй хамааралгүй байх тул шүүх эдгээр үндэслэлүүдийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.   

        Б.Т.Д ХХК-д  Ашигт малтмалын газраас Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур нэртэй газарт орших 14316.03 гектар талбайг хамарсан XV-017851 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 оны 3 сард олгосон байх ба 2016 онд тухайн хайгуулын тайлбайгаас хэсэгчлэн буцаан өгч XV-017851 дугаартай тусгай зөвшөөрлийн хайгуулын тайлбан хэмжээг 3061.48 гектар талбайг хамрахаар, мөн XV-020505 дугаартай тусгай зөвшөөрлийг 797.62 гектар талбайг хамрахаар тусгай зөвшөөрлүүдийн хугацаа 2018 оны 03 сарын 17-ны өдрийг дуустал олгогджээ.

       Ашигт малтмал, газрын тосны газраас шүүхэд ирүүлсэн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7/4212 тоот бичгээс үзэхэд Б.Т.Д ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-020505, XV-017851 тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргасан байх ба Кадастрын хэлтсийн дарга тус өргөдлүүдийг хянаад 2018 оны 04 сарын 19-ний өдрийн шийдвэрээр XV-020505, XV-017851 тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзан шийдвэрлэснээр уг тусгай зөвшөөрлүүд нь дуусгавар болсон байна. 

      Иймээс нэхэмжлэгч шүүхээр Б.Т.Д ХХК нь 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа  Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгон тус төлөвлөгөөг батлахыг  нэхэмжлэгчид  даалгуулснаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан тусгай зөвшөөрлийн хугацаагаа сэргээлгэх боломжтой гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл Өндөрхангай сумын Засаг даргын  Б.Т.Д ХХК-ийн  2018 оны шинэчлэн боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй хууль бус эс үйлдэхүйн улмаас АМГТГ-ын Кадастрын хэлтэс тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгаагүй гэж үзжээ.

       Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа  дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч хугацаа сунгуулах өргөдлийг гаргаж, дараах баримт бичгийг хавсаргана гээд  мөн хуулийн 22.1.2-д ...хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт, 22.1.4-д хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт гэж тус тус заажээ.

       Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д зааснаар АМГТГ-ын Кадастрийн хэлтэс тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор багтааж, энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг /хайгуулын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол улсад татвар төлөгч хуулийн этгээдэд сонгон шалгаруулалтын журмаар олгосон эсэх,тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн эсэх, хайгуулын ажлыг хуулиар тогтоосон хэмжээгээр хийж гүйцэтгэсэн болон баталгаажуулсан эсэхийг/ хянаад зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийг сунгахаар зохицуулсан байна. Мөн Ашигт малтмалын тухай  тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1-д  “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон тухайн талбайн гектар тутамд тусгай зөвшөөрлийн 2-3 дахь жилд 0.5 америк доллараас багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэх”-ээр  зохицуулсанбайна. 

        Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргаар ажиллаж байсан Сүхбаатар тус сумын нутагт орших Б.Т.Д ХХК-ийн  XV-017851 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд  2015 онд гүйцэтгэх байгаль орчин хамгаалах төлөвлөгөөг баталжээ. Тус төлөвлөгөөний Байгаль орчны удирдлага зохион байгуулалтын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн 3-р хэсэгт “ Байгаль орчин, газар ашиглалтын тайланг жил бүр сумын ИТХ-ын тэргүүлэгч, сумын захиргаанд танилцуулж байх үүргийг тус компанийн захирал хүлээсэн байна. Тус төлөвлөгөөний энэхүү заалтыг нэхэмжлэгч компани хэрэгжүүлж ажилласан нь болон тухайн компани хайгуулын ажил хийсэн нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

       Дээрх хуулийн зохицуулалт, нөхцөл байдлуудаас үзэхэд зөвхөн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлаагүй Засаг даргын эс үйлдэхүйн улмаас төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаагүй байна гэж үзэх учир дутагдалтай юм. 

       Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сумын Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ гэж 40 дүгээр зүйлийн 40.3, 38 дугаар зүйлийн 38.2-д зааснаар Засаг дарга төлөвлөгөө түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэж тус тус заасан байна.

   Нэхэмжлэгч “2017 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулан  бэлтгэж, Увс аймгийн БОАЖГазарт хянуулан 2017 оны 11-р сарын 10-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд очиж Засаг даргаар батлуулах гэсэн боловч бидэнтэй уулзахаас тодорхойгүй шалтгаанаар татгалзаж, баталж өгөөгүй буцаасан. Үүнээс хойш 2018 оны төлөвлөгөөг батлуулахаар удаа дараа холбогдсон боловч тухай бүр татгалзсан хариу авч байсан” гэж Өндөрхангай сумын Засаг даргатай 2017 онд байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах асуудлаар уулзаж мөн утсаар холбогдож байсан талаар тайлбарласан байдаг.

         Хариуцагч энэхүү тайлбартай холбогдуулан “Уг компанийг төлөөлж геологич н.Б гэдэг хүн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ирж надтай уулзахдаа 2017 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө биш хайгуулын төлөвлөгөөгөө танилцуулсан. Үүний дараа надтай утсаар холбогдож Байгаль орчин менежментийн төлөвлөгөөгөө баталж өгөхийг хүссэн. 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тухайн талбайд хайгуулын ажил хийлгэх боломжгүй гэсэн хариу албан тоотыг хүргүүлсэн” гэсэн хариу тайлбарыг гаргасан байна.

        Гэрч Өндөрхангай сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А “Би 2015 оны 12 дугаар сард ажлаа хүлээж авахад надад Засаг даргаар ажиллаж байсан Ц.С-р батлуулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөө хүлээлгэн өгсөн. Б.Т.Д ХХК-иас 2017 оны 11 дүгээр сард Б гэж хүн ирээд 2017 оны хайгуулын ажлын төлөвлөгөөгөө танилцуулахаар ирсэн. Тэгэхэд нь би Засаг даргатай уулзаж танилцуулах хэрэгтэй гэж хэлээд явуулсан. Б.Т.Д ХХК-ийн геологич Б ирэхдээ 2017 оны хайгуулын ажлын төлөвлөгөөний хуулбарыг үлдээгээд явсан” гэж мэдүүлжээ. Мөн тэрээр 2017 оны ажлын тайландаа Б.Т.Д ХХК-ийн хайгуулч Б-тай уулзаж, ярилцаж хайгуулын ажлын төлөвлөгөөг харлаа” гэж тэмдэглэсэн байна.

          Нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээс үзэхэд Б.Т.Д ХХК-ийн геологч Б 2017 оны 11 дүгээр сард  Өндөрхангай суманд очиж тус сумын Засаг дарга болон байгаль орчны хяналтын улсын байцаагчтай уулзахдаа АМГТГ-ын Геологи хайгуулын мэргэжилтэн, МХЕГ-ын БОГУУХГ-ын Улсын байцаагчаар 2017 оны 06 сарын 05,12-ний өдөр хянуулсан   “Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дахь Цагаан нуур талбайн 3 дахь жил буюу 2017 оны хайгуулын ажлын төлөвлөгөө”-ний хуулбар хувийг үлдээгээд явсан байгаа бөгөөд  2017 оны шинэчлэн боловсруулан байгаль орчны хамгаалах менежментийн төлөвлөгөө байхгүй байв. Харин байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах асуудлаар утсаар холбогдож байсан талаар нэхэмжлэгч хариуцагч нар тайлбар гаргасан байна.

       Шүүх бүрэлдэхүүн Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын 2014, 2015, 2016, 2017, 2018 онуудын ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрийг эх хувиар нь авч шинжлэн судлахад тухайн онуудад Б.Т.Д ХХК-иас Өндөрхангай сумын Засаг даргад хандан ирүүлсэн ямар нэгэн албан тоот бичиг бүртгэгдээгүй байна.

      Түүнчлэн Б.Т.Д ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдөл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэсд гаргасныхаа дараа  2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн БОАЖГазарт 03/12-1 тоот албан бичгээр хандан ашигт малтмалын хайгуулын XV-017851, XV-020505 тоот тусгай тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2018 оны хайгуулын ажлын үед мөрдөж ажиллах байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж өгөхийг хүссэн байна. Нэхэмжлэгчийн зүгээс Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт орших XV-017851, XV-020505 тоот зөвшөөрөл бүхий “Цагааннуур” нэртэй  талбайн хайгуулын ажлын 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шүүхэд ирүүлсэн. Уг төлөвлөгөөний нүүрэн талын “хянаж бүртгэсэн  Увс аймгийн БОАЖГ-ын дарга, мэргэжилтэн” гэсэн хэсэгт гарын үсэг зурагдсан байгаа боловч тухайн байгууллагын тамга тэмдэг  дарагдаагүй байна. Гэхдээ тухайн төлөвлөгөөг хянасан гэх  аймгийн БОАЖГ-ын дарга, мэргэжилтэн нарын гарын үсэг мөн эсэх, байгууллагын  тамга тэмдэг  дарагдсан эсэх   асуудал нь  хэрэгт ач холбогдолгүй учраас шүүх тэр талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ. 

       Учир нь: Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад  гаргахаасаа өмнө байгаль орчны менементийн төлөвлөгөөг сумын  Засаг даргад хүргүүлэн батлуулаад дараа нь орон нутгийн байгаль орчны хяналтын хүргүүлэн хянуулж,  уг өргөдөлд хавсаргах ёстой байжээ.  

       Дээр дурьдагдсан  нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, гэрчийн мэдүүлэг, Өндөрхангай сумын ЗДТГ-ын ирсэн бичгийн бүртгэл зэрэг нотлох баримтуудаар Б.Т.Д ХХК нь 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж Өндөрхангай сумын Засаг даргад хүргүүлсэн нь тогтоогдохгүй байна.

      Ашигт малтмалын тухай 38 дугаар зүйлийн 38.2-д зааснаар эрх бүхий албан тушаалтан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн  шинэчлэн боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид  хүргүүлэх ёстой байна. Б.Т.Д ХХК-ийн шинэчлэн боловсруулсан 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Өндөрхангай сумын Засаг дарга хүлээн авсан нь тогтоогдохгүй байх тул түүнийг төлөвлөгөө батлаагүй гэж буруутгах боломжгүй юм.

       Иймээс Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүйн улмаас  Б.Т.Д ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн нь тогтоогдохгүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 38 дугаар зүйлийн 38.2, 22 дугаар зүйлийн  22.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.   

    Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дахь Б.Т.Д ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-017851, XV-020505 тоот тусгай тусгай зөвшөөрөл бүхий талбайн хайгуулын ажлын  2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Өндөрхангай сумын Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 , Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Т.Д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

       3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ОЮУНГЭРЭЛ

                                                 ШҮҮГЧ                                     Г.ЯНЖИНДУЛАМ

                                                 ШҮҮГЧ                                     С.ОЮУНГЭРЭЛ