Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2023/0248

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 12 өдөр                  Дугаар                                     Улаанбаатар хот

          221/МА2023/0248              

 

 

“Х” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Д.Ц

Гомдлын шаардлага: Завхан аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Цын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0045352 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 9 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн төлөөлөгч Б.Б

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.Э

Хариуцагч Д.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 118/2023/0003/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “Х” ХХК-аас Завхан аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Цд холбогдууланЗавхан аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Цын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0045352 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 09 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Цын “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0045352 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Д.Цоос дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улиастай сумын Жинст багт байрлах “Баян-Алдар” дэлгүүр нь онцгой албан татварын тэмдэггүй архи согтууруулах ундаа худалдан, борлуулсан байсан. Завхан аймгийн Цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Энхмандах нь Улиастай сумын Жинст багт байрлах Баян-Алдар нэртэй дэлгүүрээс 1 литрийн хэмжээтэй, “Консенкорва” нэртэй, 40 хувийн спиртийн агууламжтай онцгой албан татварын тэмдэггүй, 2 ширхэг архийг хураан авсан болох нь түүний мэдүүлэг болон илтгэх хуудас, эд зүйл хураан авсан тэмдэглэлээр тогтоогдсон тул 2323000014 дугаартай зөрчлийн хэрэг нээж, “онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа”-г худалдсан эсхүл борлуулсан” зөрчил гаргасан үндэслэлээр 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0045352 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу “Х” ХХК-ийг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

3.2. Тухайн компани сүүлийн 3 жилийн хугацаанд Баян-Алдар дэлгүүрт худалдан борлуулах зорилгоор хүнсний бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт хийгээгүй түгээлт олгоогүй, борлуулалт хийгээгүй ... гэж маргадаг ч хуулийн этгээдийн нэрийн өмнөөс тусгай зөвшөөрөл авч, тусгай зөвшөөрлийн дагуу согтууруулах ундаа худалдан борлуулж байсан буюу нээлттэйгээр иргэдэд үйлчилж байсан юм.  

3.3. 2019 оноос хойш сүүлийн 3 жилийн хугацаанд Баян алдар нэртэй дэлгүүрийн байрыг Алдархаан сумын иргэн Амарзаяа, Билэгсайхан, Ц.Жанчивдорж нарт түрээсэлсэн ... гэж тайлбарладаг ч иргэн хүн согтууруулах ундаа худалдан борлуулах боломжгүй бөгөөд зөвхөн хуулийн этгээд байж тусгай зөвшөөрөл олгодог.  

3.4. Энэхүү хууль бус үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйл. Онцгой албан татварын тухай хууль тогтоомж зөрчих тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тэмдэггүй согтууруул ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон эсхүл худалдсан, эсхүл борлуулсан ... гэх зөрчлийн шинжийг бүрэн хангасан байсан тул эрх бүхий албан тушаалтан миний бие зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж шийтгэлийн хуудас бичиж зохих хариуцлагыг хүлээлгэсэн.

3.5. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан” бол хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан нь согтууруулах ундаа, тамхийг онцгой албан татварын тэмдэггүй л бол бэлтгэн нийлүүлэх, экспортлох, худалдах, борлуулахыг бүх үе шат, дамжлагад ямар ч тохиолдолд хориглосон зохицуулалт болохыг шүүх анхаараагүй.

Өөрөөр хэлбэл дээрх хуулийн заалт нь хэм хэмжээний бүтэц дарааллын хувьд таслалаар зааглагдсан “бэлтгэж нийлүүлсэн”, “экспортолсон”, “худалдсан”, “борлуулсан” гэх тус бүртээ бие даасан зөрчил болохыг хуульчилсан.

Дээрхээс үзвэл худалдсан гэдэг нь худалдан борлуулагч /дэлгүүр, хувь хүн/ зарах үйлдлийг, харин борлуулсан гэдэг нь худалдаж байгаа зүйл /архи, тамхи/ нь борлогдож, худалдан авагчид шилжиж, борлуулагч орлого орсон байх үйлдлийг тодорхойлсон болох нь тодорхой байхад худалдсан, борлуулсан үйлдлийн ялгаа заагийг гаргахгүйгээр шийдвэрлэсэн.

3.6. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь хэсэгт зааснаар онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д зааснаар тэмдэггүй согтууруулах ундааг худалдахыг тус тус хориглосон байна. Үүнээс үзэхэд онцгой албан татварын тэмдэггүй архийг худалдахыг дээр хуулийн зохицуулалтуудаар хориглосон ба худалдсан тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулахаар байна гэжээ.

Дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн дэлгүүрийн согтууруулах ундаа худалдан борлуулах зориулалттай лангуу дээр тавигдсан үйл баримтыг анхан шатны шүүх дээрх зөрчлийг зөрчил биш байна гэж дүгнэсэн нь буруу. Тухайн зөрчил нь нэг шил эсхүл олон шил байх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй ба тухайн дэлгүүрийн лангуу дээр байх бүх согтууруулах ундаа нь онцгой албан татварын тэмдэггүй байвал зөрчил биш харин тэр лангуу дээр өрсөн байгаа тэмдэггүй согтууруулах ундаанаас нэгийг иргэн хүн худалдан авсан бол зөрчил гэж шүүх дүгнэсэн байна. Үүний үр дагавар нь Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулиудын зорилт, үйлчлэлийг бууруулах, хуулийн агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсний үр дүнд худалдан борлуулах, үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд дээрхи хуулийг гажуудуулах боломж олгож, онцгой албан татварын тэмдгийн хэрэгжилтийг хэн ч биелүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх ба хууль бус нийлүүлэлт, хууль бус далд эдийн засаг үүсэж, хэдэн зуун тоннын бүртгэлгүй согтууруулах ундаа эргэлтэд орох эрсдэлтэй байна.

3.7. Мөн анхан шатны шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэх дүгнэлт хийсэн байна.

Уг зөрчлийг илрүүлсэн байгууллага нь Цагдаагийн байгууллага түүний холбогдох албан тушаалтан албаны шалгалтын явцад дээрх зөрчлийг илрүүлэн, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг гүйцэтгэсний дараа хариуцлага хүлээх эрх бүхий албан тушаалтан биш байсны улмаас тухайн хууль журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн материалын хамт харьяаллын дагуу эрх бүхий албан тушаалтанд шилжүүлсэн байдаг. Нэгэнт зөрчлийн хэргийн шинжтэй холбогдох баримт материалыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байхад дахин нотлох шаардлагагүй. Мөн согтууруулах ундааг биш байсан, өөр зүйл байсан эсэхэд хэн аль нь маргаагүй, зөрүүтэй зүйл огт байхгүй, ил тод үйл баримт байхад анхан шатны шүүхээс онцгой албан татварын тэмдэггүй, согтууруулах ундаа байсан эсэхийг бүрэн дүүрэн шалгаагүй гэж маргаагүй зүйлд дүгнэлт өгснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Дээрх дүгнэлт нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгох нөхцөл байдал биш бөгөөд тухайн согтууруулах ундааг хураан авсан үйл баримтаас гадна бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдож байгаа болно. Анхан шатны шүүхээс жижиг процессын үйл баримтад дүгнэлт өгсөн үндсэн зөрчлийг үгүйсгэх нөхцөл байдал биш. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг шударга бусаар буюу хэн нэгэн этгээдэд давуу байдал олгож тэгш бус хандаж, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг нь ноцтойгоор зөрчин, хязгаарлаж явуулсан нөхцөл байдал огт байхгүй ба тухайн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг таслан зогсоох, архидан согтуурахтай тэмцэхэд үндсэн шударга ёсны зарчим алдагдаж байна.

3.8. Уг зөрчилд зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл ногдуулсан бөгөөд өөр хууль тогтоомжинд нарийвчлан заагаагүй ба анхан шатны шүүх зөвхөн худалдсан гэх үйл баримтад ач холбогдол өгч харин борлуулсан гэх үйл баримтад ямар нэгэн дүгнэлт өгөөгүй. Дэлгүүрийнхээ согтууруулах ундаа худалдан борлуулах зориулалттай лангуу дээр иргэдэд худалдан борлуулахаар тавьсан идэвхтэй үйлдэл гаргасан нь энэ зүйчлэлд бүрэн хамаарна. Зөрчил үйлдээгүй гэх үйл баримтыг анхан шатны шүүхээс нотлох баримтаар няцаалт өгөөгүй.

Иймд Завхан аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Цын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0045352 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 118/ШШ2023/0009 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангах үндэслэлгүй гэж үзэв. Үүнд:

2.1. Завхан аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Ц нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр № 0045352 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг зөрчсөн үндэслэлээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйл, 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “Х” ХХК-ийг 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2.2. Анхан шатны шүүх “... онцгой албан татваргүй архи худалдан борлуулсан зөрчил гаргасан нь бүрэн дүүрэн тогтоогдоогүй ... эрх бүхий албан тушаалтан татварын улсын байцаагч нь “Х” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээдийг холбогдогчоор тогтоогоогүй, хуульд заасан эрхийг нь эдлүүлэхгүйгээр тухайн компанид хариуцлага хүлээлгэсэн ... онцгой албан татварын тэмдэггүй архийг худалдсан гэх зөрчлийг үйлдсэн болохыг нотолж, тогтоосон баримт байхгүй ... хуульд заасан ажиллагааг хийгээгүй, тэмдэггүй архи худалдсан, борлуулсан үйлдлийг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шалгаагүй ...” гэсэн дүгнэлт, үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

2.3. Учир нь, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 2-т “Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 7.1 дүгээр зүйлийн 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”, 1.3-д “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж тус тус зааснаар эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг шалган тогтоохдоо шаардлагатай нотлох баримтуудыг хуульд зөвшөөрөгдсөн арга замаар цуглуулж бэхжүүлэн, зөрчлийн шинжийг хангасан гэдгийг холбогдох нотлох баримтаар бүрэн тогтоосны эцэст шийтгэл оногдуулах үүрэгтэй байх бөгөөд татварын улсын байцаагч энэ үүргээ биелүүлээгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарласан байна.

2.4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэж ойлгохоор байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “Х” ХХК түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал Б.Билгээг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор тогтоогоогүй, татварын улсын байцаагч нь “Х” ХХК-ийг зөрчил үйлдсэнийг эргэлзээгүйгээр тогтоогоогүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

          Өөрөөр хэлбэл, хариуцагч нь онцгой албан татварын тэмдэггүй архийг худалдсан гэх зөрчлийг “Х” ХХК үйлдсэн болохыг нотолж, тогтоосон баримт байхгүй буюу уг бүтээгдэхүүнийг тус компани хаанаас хэзээ, ямар хэмжээтэй худалдаж авсан эсхүл бэлтгэсэн, худалдан борлуулсан талаарх анхан шатны баримтыг бүрдүүлж зөрчлийг тогтоохгүйгээр “цагдаагийн байгууллагаас зөрчлийг илрүүлж, харьяаллын дагуу ирүүлсэн тул дахин нотлох шаардлагагүй” гэж үзэж дээрх хуульд заасан зөрчил шалгах ажиллагаа явуулах, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх зэрэг хэлбэрээр эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалгаж, зөрчил үйлдэгдсэнийг эргэлзээгүйгээр нотлон тогтоох байтал энэ үүргээ биелүүлээгүй нь эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээх хуулиар тогтоосон журамд нийцэхгүй байх тул хариуцагчийн гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

2.5. Мөн хариуцагч татварын улсын байцаагч нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр № 0045352 дугаар шийтгэлийн хуудсаар Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт байрлах “Баян-Алдар” нэртэй хүнсний дэлгүүрт онцгой албан татварын тэмдэггүй архи, согтууруулах ундаа худалдан борлуулсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг зөрчсөн үндэслэлээр “Х” ХХК-ийг 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан” гэж заасныг үндэслэсэн байх боловч нэхэмжлэгч компани уг хуульд заасан бэлтгэн нийлүүлсэн, худалдсан эсхүл борлуулсан гэх үйлдлийн алинд нь хамаарах зөрчлийг гаргасан гэж үзэж байгаа талаар шийтгэлийн хуудаст тодорхой тусгаагүй, ямар зөрчлийг нь баримтаар нотлогдсон гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байх тул хариуцагчийн “шүүх хуулийг буруу тайлбарласан гомдол үндэслэлгүй.

2.6. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр Зөрчлийн тухай хуульд заасан зөрчилд хамаарах үйлдэл, эс үйлдлийг нотлох баримтаар бүрэн тогтоогоогүй атлаа хуулийн этгээдэд шийтгэл ногдуулсан эрх бүхий албан тушаалтан болох татварын улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх, үндэслэлтэй эсэх хүрээнд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй тул хариуцагчийн “... архидан согтуурахтай тэмцэх тухай болон онцгой албан татварын хуулийг хэрэгжих боломжгүйд хүргэсэн шийдвэр гаргасан ... онцгой албан татварын тэмдэггүй байж болохоор ойлголтыг өгөхөөр байна ...” гэх давж заалдах гомдлын үндэслэлээр зөрчлийг өөрөө нягтлан шалгаж, зөрчил гаргасан этгээдийг бүрэн тогтоох хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс үндэслэл муутай гаргасаншийдвэрийг нь зөвтгөх үндэслэл болохгүй гэж үзлээ.

Ийнхүү анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар  сарын 09-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                          Н.ХОНИНХҮҮ