Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 16

 

А.У холбогдох эрүүгийн

 хэргийн талаар

226/2018/0013

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга: А.Уламбаяр,

Прокурор: Ц.Ц,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Б,

Шүүгдэгч: А.У нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч  Ц.Мөнхтулгын даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.У-н давж заалдах гомдлоор эрүүгийн  1839000040062  дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймагт 1990 онд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булагийн 25-07 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гаьяа шагналгүй, ял шийтгэлгүй М овогт А.У/РД: СМ90031211/ нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1-р баг, “Бурхантын энгэр” гэх газарт нутаглах В.Э-н гэрээс дунд гарын мөнгөн чимэгтэй эмээл хулгайлж, 6500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Прокурорын газраас А.У үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Мовогт А У-г орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.У-д 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.У-д оногдуулсан 0 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн  цагдан хоригдсон 2  хоногийг эдлэх ялд нь оруулсан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан А.У-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.У нь давж заалдах гомдолдоо: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй анх удаагаа хэрэгт холбогдсон. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Прокурор Ц.Ц нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангасан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Өмгөөлөгч Г.Б нь давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: У нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм  буруугаа ойлгож ухаарсан. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ А.У эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагыг бүрэн хангасан байна.

А.У нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1-р баг, “Бурхантын энгэр” гэх газарт нутаглах В.Э-н гэрээс дунд гарын мөнгөн чимэгтэй эмээл хулгайлж, 6.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч В.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: Намайг гэрт орж ирэхэд гэрийн хойно байдаг бурхан тахил бүгд газар унасан байсан. Гэрийн баруун талын орон дээр байсан дунд гарын 12 чимэгтэй эмээл байхгүй байсан ... гэх /хх-18-20 х/,

Иргэний нэхэмжлэгч В.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: Би Хэрлэн хорооллын “Мөнгөн гоёл” гэдэг ломбарднаас 1.050.000 төгрөгөөр Ууганхүүд 500.000 төгрөгийн шилжүүлэг хийж эмээлийг нь авсан. У тэр эмээлийг өөрийнхөө эмээл гэж ярьж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр эхнэрийг нэг найзтайгаа аймгийн төв явуулаад “Эвт” худалдааны төвийн ломбардад 1.300.000 төгрөгөөр тавьж мөнгийг нь хүнд өгсөн. Одоо би Ууганхүүгээс 250.000 төгрөгийн авлагатай байгаа ... гэх мэдүүлэг /хх-28-29 х/

Иргэний нэхэмжлэгч С.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: Мөнгөн чимэгтэй Дарьганга хийцийн эмээлийг 1.300.000 төгрөгөөр барьцаанд авсан. 1.300.000 төгрөгөө нэхэмжилж байна ... гэх /хх-23-24 х/

Гэрч О.Д-н мөрдөн байцаалтад өгсөн: ... У гэрийнхээ баруун талаас овоолттой аргал дороос нэг эмээл гаргаж ирсэн. Тэр эмээл нь мөнгөн чимэгтэй дунд гарын эмээл байсан ... гэх /хх- 46-47 х/

Гэрч Ш.М-н мөрдөн байцаалтанд өгсөн:  Даваацэрэн надаас Жаргалтхаан сум руу машинтайгаа яваад өгөөч гэхээр нь явсан. Сумын төвөөс Ууганаа гэх залууг аваад Жаргалтхаан сумаас зүүн урагшаа 30 км яваад уулын аманд нэг эзэнгүй гэр байсан. Тэр гэрийн гадаа зогсож байхад гэрийн баруун урд талын овоолготой малын хөлдүү баасан дотроос мөнгөн чимэгтэй эмээл гаргаж ирээд машины ард хийсэн ...гэх мэдүүлгүүд зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтуудаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.У нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш хохирогч В.М, С.Б нарт 1732300 төгрөгийн хохирлоо бүрэн төлж барагдуулсан байдлыг харгалзан ялын доод хэмжээний хоёрны  нэгээс багагүй ял оногдуулж, ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон

 

ТОГТООХ нь:

Нэг. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх гэсний өмнө  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан” гэж нэмэн “2 жил” гэснийг “1 жил” гэж, 3 дахь заалтын “2 жил” гэснийг “1 жил” гэж тус тус өөрчилж анхан шатны шүүхийн шийтгэх  тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар А.Ууганхүү нь шийтгэх тогтоол гарснаас хойш 75 /далан тав/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

Гурав. Шүүгдэгч А.У-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

Дөрөв. Тус шүүхэд эд мөрийн баримт ирээгүй болохыг дурдсугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ДЭНСМАА

                               ШҮҮГЧ                                                Я.АЛТАННАВЧ

     Б.СҮХГОМБО