Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/80

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: Б.Ж, Л.Э,

Өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг, И.Оюунгэрэл,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овогт Лийн Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт Бгийн Ж нарт холбогдох 2128000000067 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,ЛаМонгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Сэврэй суманд төрсөн, эрэгтэй, 45 настай, бага боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Баяндалай сум, 3 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Я овгийн Б-гийн Ж, регистрийн дугаар: КИ76021818,

Шүүгдэгч Б.Ж нь согтуурсан үедээ 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 20 цагийн үед Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Олгой худаг” гэх газарт Л.Э-тай маргалдан харилцан зодолдож, эрүүл мэндэд нь дагз, зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн шуу, зүүн шилбэнд зулгаралт, баруун талын 7 дугаар хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан,

Шүүгдэгч Л.Э нь 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 20 цагийн үед Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Олгой худаг” гэх газарт Б.Жтай маргалдан харилцан зодолдож, эрүүл мэндэд цээжний зүүн талын 11, 10 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Ж, Л.Э нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ж шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Шүүгдэгч Л.Э шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Хохирогч Б.Ж шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Гомдол санал байхгүй.  Бид 2 бие биеэсээ мөнгө авахааргүй тохиролцсон.

Хохирогч Л.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Гомдол санал байхгүй. Хохирол төлбөр аваагүй.

Хохирогч Л.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь Баяндалай сумын төв орж вакцин хийлгэчихээд буцаад гэр рүүгээ эхнэр У охин Жын хамт машинаар явж байхад Баяндалай сумаас баруун зүгт 30 орчим километрт Олгой худаг гэх газар араас машин гэрэл тусгаад байхаар нь зогссон чинь Ж гэж хүн машинаас согтуу бууж ирээд агсан тавиад надтай хэрэлдээд байсан. Тэгээд би машинаас буусан чинь намайг заамдаж аваад толгойгоороо миний нүүр рүү мөргөөд газарт унагааж байгаад миний дээр сууж байгаад гараараа зүүн нүдний хажуу талд нэг удаа цохиод авсан. Ж дахиад намайг цохих гэж байсан чинь Жын машинаас нэг танихгүй хүн бууж ирээд Ж бид хоёрыг салгасан чинь Ж дахиад над руу дайраад байхаар нь би цааш нь түлхсэн чинь машины хажууд унасан. Би өөрийнхөө машинд орж ирээд тамхи татаад сууж байхад Ж дахиж ирээд миний зүүн нүдний дээд хэсэгт гараараа цохиод авахаар нь би машинаас буугаад Жтай зууралдаж байхад Ж миний толгойн арын хэсэгт гараараа дахиж цохиж аваад миний толгойг хагалсан. Жтай хамт явсан хүн нь бид хоёрыг ирж салгах гээд дийлэхгүй байсан. Тэгээд хэсэг зууралдаж байгаад би машиндаа суугаад хөдлөөд явсан. Ж хамт явсан хүнтэйгээ машиныхаа хажууд үлдсэн. Намайг Баяндалай сумаас гараад гэрээ рүүгээ явж байхад Ж машинтай согтуу таарсан. Ж гэж хүн архи уухаараа хүн өдөөд зодоон хийгээд байдаг хүн байгаа юм. 2019 оны Хавар 02 дугаар сарын үед Ж гэж хүн манайд ирээд архи ууж байгаад манай гэрт агсан тавиад надтай хэрүүл маргаан хийж байгаад гэрийн урь мод эвдэж байсан. Тэр орой бид 2 эвлэрээд архи ууж байгаад намайг унтаад өгсөн хойгуур миний эхнэрийг гэртээ урьж авч очоод зодсон байсан. Надад бол Ж гэж хүнтэй ямар нэгэн өс хонзонгийн зүйл байхгүй. Ж гэж хүн архи уухаараа намайг дээрэлхээд зодоод байдаг болчихлоо. Би эмчилгээний одоо гарах зардал болон ирсэн явсан шатахууны зардал төлүүлмээр байна. /хх-ийн 14-15-р хуудас/

Хохирогч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм багийн нутаг Хавирга гэх газарт байх хөдөө гэрээсээ 2021 оны оны 05 дугаар сарын 04-ний өдөр Даланзадгад сум орж гэртээ орчихоод орой нь Баяндалай сумын төвд ирээд байж байхад Г гэж хүн таараад хамт манай хөдөө гэр рүү явж байгаад 1 шил 0.5 граммын Ерөөл нэртэй архийг Гтэй хамт хувааж уучихаад гэр рүүгээ явж байхад “Олгой” худаг гэх газрын ойролцоо Э машинтай явж таарсан. Би хажууд нь очиж зогсоод Этай уулзсан. Э урьд нь намайг зодно гээд байсан болохоор нь би одоо хоёулаа зодолдох уу гэсэн чинь Э машинаас буугаад ирэхээр нь заамдаад авсан. Э намайг зөрүүлээд заамдаж авсан. Би Эыг боосон чинь Г хүрч ирээд Э бид хоёрыг салгасан. Э миний хажууд зогсож байснаа гэнэт хүрч ирээд миний толгой руу гараараа цохиж аваад хөлөөрөө миний хавирга руу өшиглөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд Эын толгой нүүр хэсэгт нь 2-3 удаа гараараа цохиж авсан. Э намайг зөрүүлээд үснээс зулгаасан. Тэгээд байж байхад Г дахиж ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд Г бид 2 машинаа унаад гэр рүүгээ явсан. Э манай эхнэрийг 2016 онд намайг зодож байсан. Бас 2018 онд Э намайг зодож байсан болохоор миний уур хүрч явдаг юм. Бас Э гэж хүнтэй газар нутаг, малын бэлчээрээс болоод зодоон хийдэг, өвөлжөө, хаваржааны асуудлаас болоод зодоон хийх болсон. Би Э гэж хүний нүүр толгой хэсэгт 2-3 удаа гараараа цохиж авсан. Гадаа харанхуй байсан болохоор ямар гэмтэл авсан талаар би мэдээгүй. Э бид хоёр нэг нэгнийхээ үснээс зулгаасан. Э бид хоёрыг зодолдож байх үед Г гэж хүн хүрч ирээд салгаж байх үед Э миний нуруу хэсэгт хөлөөрөө өшиглөж миний хавиргыг гэмтээсэн байна. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Баяндалай сумаас гараад Г бид 2 нэг шил 0.5 граммын архи хувааж уусан байсан. Би Э гэж хүнд гэмтэл учруулсан болохоор нэг нэгнийхээ хохирлыг өөрсдөө хариуцна. Надад санал гомдол байхгүй. /хх-ийн 19-р хуудас/

Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би нөхөр Э охин ДалайЖ нарын хамт 2021 оны оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баяндалай сумын төв ороод вакцин хийлгэчихээд 20 цагийн үед Баяндалай сумаас хөдөө гэр рүүгээ машинаар явж байсан юм. Тэгсэн Олгой худаг гэх газрын ойролцоо явж байсан чинь машинтай хүн араас гэрэл тусгаад дагаад байхаар нь зам тавьж өгөөд зогссон чинь хажууд машинтай хүн ирээд зогссон. Тэр машинаас Ж гэж хүн согтуугаар бууж ирээд Эыг яагаад дохиод байхад зогсохгүй байгаа юм бэ, буугаад ир нэг шил архи ууя гэсэн. Манай нөхөр Э бид вакцин хийлгэчихээд явж байна архи уухгүй гэсэн чинь чаддаг юм бол буугаад ир гээд байсан. Тэгээд манай нөхөр машинаас буусан. Охин бид 2 машинд суугаад үлдсэн. Машины гадаа Ж тэр 2 зодолдоод байх шиг байсан. Би машин дотроос боль гэсэн чинь Ж та нар явж бай, зайл гээд байсан. Тэгж хэсэг байж байгаад манай нөхөр Э явах гээд машиндаа ороод ирэхэд нүүр нь шалбарсан, зүүн талын нүд нь хөхөрч хавдсан байсан. Тэгээд бид нар машинтай хөдлөх гэсэн Ж дахиж хүрч ирээд манай нөхрийг заамдаж аваад татаад машинаас буулгаад гадаа зодоод байх шиг байсан. Гадаа харангуй байсан болохоор охин бид 2 машинаас гараагүй. Ж гэж хүнтэй хамт явсан нэг эрэгтэй хүн нь хүрч ирээд Ж манай нөхөр Э нарыг салгасан. Тэгээд манай нөхөр машинд орж ирээд суугаад машинаа унаад хөдлөөд явсан. Ж тэр хамт явсан хүнтэй машиныхаа хажууд үлдсэн. /хх-ийн 21-22-р хуудас/

Гэрч Э.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баяндалай сумын төвд аав, ээжтэй очоод вакцин хийлгэчихээд 20 цагийн үед Баяндалай сумаас аав Э, ээж Уийн хамт машинаар хөдөө гэр рүүгээ явж байсан юм. Тэгсэн Олгой худаг гэх газрын ойролцоо явж байсан чинь машинтай хүн ардаас гэрэл тусгаад дагаад байхаар нь зам тавьж өгөөд зогссон чинь хажууд машинтай хүн ирээд зогссон. Тэр зогссон машинаас Ж гэж хүн бууж ирээд аав Этай хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд аавыг машинаас дуудаж буулгаад зодолдоод байх шиг байсан. Гадаа харанхуй байсан тул сайн харагдахгүй байсан. Ээж бид 2 машинд сууж байсан. Удалгүй аавын зүүн талын нүд хөх болж хавдсан машинд орж ирээд суусан чинь Ж гэж хүн дахиж ирээд аавыг үг хэлээр өдөөд машинаас татаад буулгасан. Тэгээд гадаа зууралдаад байсан чинь Ж гэж хүнтэй хамт явсан нэг эрэгтэй хүн очоод салгаад аавыг машинд оруулсан. Тэгээд бид нар машинаараа хөдлөөд явсан. /хх-ийн 24-р хуудас/

Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Ж нь малын бэлчээрээс болж хэрүүл маргаан хийгээд Ж нь согтуугаар Эаа дээрэлхээд зодсон гэж дуулсан. Э бол хүн өдөөд зодоон хийх хүн бол биш. Бие муутай ахмад настай хүн байгаа юм. Зодоон хийж байхыг нь бол мэдэхгүй. Ж нь байнга Эыг занаж зүхэж байдаг. Муу сайн шаруудыг ална гэж байдаг хүн байгаа юм. Ж нь бол ойр орчмын айл хүмүүсийг дээрэлхээд байдаг болсон. /хх-ийн 28-р хуудас/

Гэрч Т.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баяндалай сумын төвд байж байхад манай хөдөө гэрийн ойролцоо байдаг Ж ирээд надад архи байгаа хамт уух уу гэхээр нь би эхнэр хүүхдээ түрүүлж хөдөө гэр рүүгээ явуулчихаад Жтай хамт Баяндалай сумаас 19 цагийн үед гарч яваад замдаа 1 шил 0.5 грамм “Ерөөл” нэртэй архи гаргаж ирэхээр нь хувааж уучихаад явж байхад Олгой худаг гэх газрын ойролцоо урд машин явж байсан. Бид 2 гүйцэж түрүүлэх гэсэн нөгөө машин зам тавьж өгөөд зогссон. Ж машинаа зогсоогоод буугаад явсан. Би машинд үлдсэн. Би машины цонхоор харсан чинь Ж, Э гэж хүнтэй хэрүүл хийгээд Эын машины хажууд зогсож байгаад Ж, Эын нүүр рүү гараараа 1 нэг удаа цохиод авч байгаа харагдсан. Тэгээд Э, Ж нар барьцалдаж аваад газарт унахаар нь би машинаас бууж яваад очсон чинь Ж, Эын дээр нь гарсан сууж байхаар би Жыг татаад босгоод ирсэн. Би Жыг татаж босгоод машин руу оруулах гээд түлхэж байхад Э босч ирээд миний араар Жыг хөлөөрөө нэг удаа өшиглөөд авсан чинь Ж яасан овоо юм бэ гээд дахиад Этай зодолдох гээд дайраад байсан. Би голд нь хориод хэсэг байж байхад Э машиндаа түрүүлээд орсон. Би Жыг тайвшруулж машинд нь оруулчихаад Э дээр очсон. Машиндаа сууж байсан. Би “та нар настай хүмүүс байж яах гэж ингэж байдаг юм” гэсэн чинь Э нь Ж надад согтуугаар агсан тавьж байна гэсэн. Тэгээд Э машинаа унаад хөдлөөд явсан. Ж бид 2 хэсэг машинд сууж юм ярьж байгаад Жын гэрээс хөдлөөд явсан. /хх-ийн 30-31-р хуудас/

Гэрч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 16 цагийн 40 минутын үед Баяндалай сумын Төхөм багийн нутаг Хавирга гэх газарт Ж гэгч хүн бие нь өвдөөд босож суухад хөндүүрлээд байна гэсэн дуудлага сумын эрүүл мэндийн төвд ирүүлэхээр нь би тухайн өдрийн 20 цагийн үед Төхөм багийн нутаг Хавирга гэх газарт байх Ж гэх хүний гэрт нь очиж Жын биед үзлэг хийхэд Жын зүүн талын сүвээний орчмоор хөдөлж, ханиах үеэр хатгаж өвдөнө гэсэн зовиуртай байхаар нь үзлэг хийхэд Жын 9, 10 дугаар хавирга орчмоор эмзэглэлтэй, дарж үзэхэд яс шажигнаж дуугарах шинж тэмдэгтэй байхаар нь өвчин намдаах эм өгөөд Даланзадгад суманд очиж БОЭТөвийн гэмтлийн эмчид үзүүлж цээж зураг авхуулах зөвлөгөө өгч үлдээсэн. /хх-ийн 34-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 290 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Жын биед цээжний зүүн талын 11, 10-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Б.Жын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Б.Жын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 45-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 295 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Л.Эын биед дагз, зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн шуу, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Л.Эын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Л.Эын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 52-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 5 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Л.Эын биед баруун талын 7-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Л.Эын биед учирсан баруун талын 7-р хавирганы хугарал гэмтэл нь 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Л.Эын биед учирсан нэг хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 59-р хуудас/

Шүүгдэгч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баяндалай сумаас баруун зүгт 30 километр орчимд Олгой худаг гэх газарт 22 цагийн үед Э гэж хүн машинтай явж байгаад таарсан юм. Тэгээд бид 2  маргалдаад зодолдсон. Би Этай хэрүүл маргаан хийж байгаад заамдалцаж аваад Эын толгой нүүр хэсэгт нь 2-3 удаа гараараа цохиж авсан. Өөр гар хүрсэн зүйл байхгүй. Э намайг заамдаж аваад боосон. Бас 2, 3 удаа цохиж авсан. Э бид 2 зодоон хийж байх үед Г ирээд салгаж байх үед Э миний нуруу хэсэгт хөлөөрөө өшиглөж, миний хавиргыг гэмтээсэн. /хх-ийн 73-р хуудас/

Шүүгдэгч Л.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь Баяндалай сумын төв орж вакцин хийлгэчихээд буцаад хөдөө гэр рүүгээ Баяндалай сумын төвөөс баруун зүгт 30 орчим километрт буюу " Олгой худаг" гэх газрын ойролцоо явж байсан чинь араас машины гэрэл гараад байхаар нь зогссон чинь Ж гэдэг манай нутгийн хүн согтуу бууж ирээд газар нутгийн асуудлаас болоод надтай хэрүүл маргаан хийсэн юм. Тэгээд Ж намайг машинд сууж байхад заамдаж аваад машинаас буулгаад толгойгоороо мөргөөд газар унагаад дээр суугаад намайг зодсон. Тэгж байх үед нэг эрэгтэй хүн Жын машинаас бууж ирээд бид хоёрыг салгасан. Тэр Ж бид хоёрыг салгасан хүн нь Г гэж хүн байсныг би сүүлд нь мэдсэн. Тухайн үед гадаа харанхуй байсан тул би таниагүй юм. Г Ж бид хоёрыг салгаж байхад Ж миний нүүрний хэсэгт гараараа цохиод байсан. Би Жыг гараараа ард тийш нь 2-3 түлхсэн. Тэгээд би машиндаа орж очоод сууж байхад Г хүрч ирээд тамхи байна уу гэж асуугаад юм яриад байж байхад Ж дахиж ирээд миний нүүрний хэсэгт гараараа цохиод байсан. Тэгээд би машинаа унаад хөдлөөд явсан. Ж Г 2 машиныхаа хажууд үлдсэн. Ж гэж хүн намайг зодох гээд байхаар нь нь Жыг 2-3 удаа урд талаас нь мөр рүү нь түлхсэн. Миний зүүн талын хөл муу, баруун гар юм атгаж чадахгүй учир Ж гэж хүний бие халдсан зүйл байхгүй. /хх-ийн 74-75-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06-р хуудас/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 62-р хуудас/

Өмнөговь аймгийн Сэврэй сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаартай тодорхойлолт /хх-ийн 83-р хуудас/

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 29 дугаартай тодорхойлолт /хх-ийн 84-р хуудас/

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм багийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 85-р хуудас/

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм багийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 86-р хуудас/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 95, 96-р хуудас/

Малын А дансны хуулбар /хх-ийн 99, 102-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 112-р хуудас/

Эвлэрлийн гэрээ /хх-ийн 128-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ж нь согтуурсан үедээ 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 20 цагийн үед Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Олгой худаг” гэх газарт Л.Этай маргалдан харилцан зодолдож, эрүүл мэндэд нь дагз, зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн шуу, зүүн шилбэнд зулгаралт, баруун талын 7 дугаар хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан,

Шүүгдэгч Л.Э нь 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 20 цагийн үед Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Олгой худаг” гэх газарт Б.Жтай маргалдан харилцан зодолдож, эрүүл мэндэд цээжний зүүн талын 11, 10 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Жын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 295 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Л.Эын биед дагз, зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн шуу, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Л.Эын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Л.Эын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 52-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 5 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Л.Эын биед баруун талын 7-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Л.Эын биед учирсан баруун талын 7-р хавирганы хугарал гэмтэл нь 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Л.Эын биед учирсан нэг хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 59-р хуудас/ гэснээр,

Мөн шүүгдэгч Л.Эын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Жын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 290 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Жын биед цээжний зүүн талын 11, 10 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Б.Жын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Б.Жын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх-ийн 46-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Жын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч Л.Эын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Жын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан ба хохирогч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, бид 2 бие биеэсээ хохирол төлбөр нэхэмжлэхгүй байхаар тохиролцсон” гэснээр шүүгдэгч Б.Ж, Л.Э нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ж, Л.Э нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Жын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Бүртгэгдээгүй” /хх-ийн 111-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 96-р хуудас/, Малын А дансны тодорхойлолт /хх-ийн 102-р хуудас/, Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм багийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн тодорхойлолтод: Баяндалай сумын Төхөм багийн харъяат Б.Ж нь ам бүл 5. Б.Ж нь КИ76021818 регистрийн дугаартай. Тус багийн иргэн мөн болохыг тодорхойлов /хх-ийн 86-р хуудас/ гэснээр,

Шүүгдэгч Л.Эын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Бүртгэгдээгүй” /хх-ийн 112-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 95-р хуудас/, Малын А дансны тодорхойлолт /хх-ийн 99-р хуудас/, Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм багийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолтод: Баяндалай сумын Төхөм багийн харъяат Л.Э нь ам бүл 4. Л.Э нь КА68110777 регистрийн дугаартай, тус багийн иргэн мөн болохыг тодорхойлов. /хх-ийн 85-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Л.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх ялын саналыг шүүгдэгч нарын

гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Ж, Л.Э нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, Л.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ж, Л.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж, Л.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л овогт Лийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Я овогт Бгийн Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эт 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Ж, Л.Э нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, Л.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Ж, Л.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж, Л.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА