Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/956

 

 

 

 

 

 

 

 

 

      2020          11        10                                    2020/ШЦТ/956

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цогбаяр, улсын яллагч Г.Цогтгэрэл, шүүгдэгч Л.Ц түүний өмгөөлөгч Я.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л Ц холбогдох эрүүгийн “2009 00000 1146” дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, 2 охины хамт Баянгол  дүүргийн 4 дүгээр хороо, 2а-51 тоотод оршин суудаг гэх , Б овогт Л Ц /РД:********/,

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Л.Ц нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өглөө 05-06 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.З найзтай нь нэг оронд орсон байсан, утсаар ярьсан зэрэг үл ялих зүйлээр шалтгалан улмаар түүний биед гар хөлөөрөө цохих, маажих, чимхэх, эд зүйл авч шидэх зэргээр халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ц  мэдүүлэхдээ:... Э гэдэг хүнтэй өдөржин хамт байж байгаад надаас салаад лагер явсан тэгээд орой нь 20 цагийн үед залгаад ярьсан унтах гэж байна гэж ярьсан. Оройн 11 цагийн үед З гэдэг хүн над руу залгаад би танай хүнтэй цуг байна битгий залгаад бай гэж хэлсэн. Би оройн лагер луу очих үед  хаалга нь онгорхой байсан яваад орсон чинь шалаар архины шил хөглөрсөн байж байсан. Тэр үед хөнжлийн татаад үзэх үед шалдан хэвтэж байсан тэгээд муудалцах болсон намайг  тэр үед зузаан хавтастай номоор нэг удаа цохисон тэгээд муудалцаад би хохирогчийн цээжнээс нь маажсан тийм л зүйл болсон...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Энхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгчийн хувьд Э 3 жил хамт амьдарч байсан. Хохирогч З хувьд шүүгдэгч рүү зурвас бичсэн нь гэмт хэрэг гарах үед нөлөөлсөн гэж үзэж байна. Тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн шүүгдэгчийн хувьд нөхөр нь нас барсан 2 охинтойгоо хамт амьдардаг эрхэлсэн тодорхой ажилгүй энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд ялын хамгийн доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Ц нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өглөө 05-06 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.З найзтай нь нэг оронд орсон байсан, утсаар ярьсан зэрэг үл ялих зүйлээр шалтгалан улмаар түүний биед гар хөлөөрөө цохих, маажих, чимхэх, эд зүйл авч шидэх зэргээр халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

Хохирогч Л.З: “...унтаж байхад үүрээр 05 цаг өнгөрч байсан байхаа Э өмнө найзалж байсан  Ц гэх эмэгтэй гаднаас орж ирээд унтаж байхад хөнжлаас хуу татаад миний үснээс зулгааж, цохиж самардаад маажаад, базаад  дайраад байсан. Э дундуур орж салгахад над руу өөрийн гартаа таарсан бүх зүйлээ авч шидээд, над руу дайраад миний цүнхтэй бүх эд зүйлийг асгаж, гар утсыг ширээн дээр цохиж хагалсан. Тухайн үед би нүцгэн байсан учир босож чадахгүй хариу үйлдэл үзүүлж чадаагүй гарсныхан дараа би хувцасаа өмссөн...” гэх мэдүүлэг. /хх-н 17-20/-р тал,

Л.Ц яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 23-25/ “...2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 00 цаг 05 минутын орчим байхаа Э залгасан  ба авахад З гэх эмэгтэй байсан би танай хүнтэй байна битгий залгаад байгаарай гэж хэлээд тасалсан. Удалгүй лагер дээр байна танай хүнтэй цуг битгий залгаад бай гэсэн мессеж ирсэн. Би унтахаар хэвтсэн бөгөөд нойр хүрэхгүй өглөөгүүр хар хөдлөөд тэр хүүхэнтэй байгаан байна гэж бодоод үүрээр 05 цаг өнгөрч байхад Э зуслан Шарга морьт руу таскси бариад явсан. Хаалга онгорхой байсан ороход шалан дээр архины шил хөглөрсөн байсан. Би Э тэр хүүхэн хоёрын хөнжлийг сөхөхөд хоёуулаа чармай нүцгэн тэврэлдээд хэвтэж байсан. З над руу дайрч намайг үсдэхээр нь би тухайн эмэгтэйтэй үстэлцээд  тэр эмэгтэйн хөл болон цээжнээс нь базаж чимхсэн. Тэр үед намайг бас цохиод хөлөөрөө тийрээд, жийгээд байсан. Бид хоёрыг зууралдаж байхад Э голоор орж ирж салгасан. Би Э цохиж, хэд алгадаж чи арай ч дээ гэж хэлээд ширээн дээр байсан хатуу болон зөөлөн хавтастай ном ууттай кофей авч Э луу шидсэн тухайн үед ширээн дээр нэг цүнх байхаар нь авч газар асгаад нэг хар утас гарч ирэхээр нь тухайн утсыг ширээ рүү шидсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч Э: “..үүрээр 06 цагийн үед манай өөр нэг найз Ц гаднаас орж ирсэн. Ингээд  орж ирээд  З маргалдаад хоорондоо эд зүйл авч шидэлцээд нэгнийгээ цохиод байхаар нь би дундуур нь ороод салгасан. Нэг нэг рүүгээ юм авч шидсэн. Тэр хоёр хэрэлдээд хоорондоо юм шидэлцээд байсан. Толгой нь жоохон шалбарсан байсан өөр бэртэл гэмтэл байхгүй байсан гэх мэдүүлэг...” /хх-н 27-28/-р тал,

Гэрч Д.С: “...2020 оны 08 дугаар сарын 11-нд би З.Э  очиж хөдөө Архангай явлаа гээд очсон тэр өдөр бид хоёр хоёуулаа амрах гэж байгаа юм чинь гээд ганц архи уугаад амарсан. Сэрэхэд Л.З, Л.Ц хоёр хоорондоо маргалдаж чи хөгшин хүний дэргэд ичээч гээд нүцгэн шалдан заваарсан юм гэж хэлж байсан. Дунд нь салгах гэж байгаа бололтой З.Э зогсож байсан. Би босоод хартал хоорондоо юм шидэлцэж зодолдсон бололтой Л.З зүүн хацар, духнаас цус гарчихсан байсан. Э гэрийн цонх хагарсан шалаар нь шилний хагархай байсан. Удалгүй хоёр цагдаа орж ирээд тэр гуравыг аваад явсан, би Э гэрт үлдсэн. Л.З биед зүүн хацар, духнаас цус гарчихсан байсан. Цгийн биед бэртэл гэмтэл байсныг мэдэхгүй гэх мэдүүлэг. /хх-н 79-80/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9265 дугаартай дүгнэлт /хх-н 37/-р тал болно.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь зүйлчлэл болон гэм буруугийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Л.Ц гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг, гэрч, шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Б.Ц гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд, шүүхээс шүүгдэгч Л.Ц “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож хуульд заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

Хохирогч Л.З нь хэргийн материал танилцуулсан баримттай танилцахдаа гомдолтой байгаа талаараа бичиж, гоо сайхан, сэтгэл санаа, ажил хөдөлмөр алдагдуулсан хохирлоо нэхэмжлэх талаараа дурджээ.

Шүүхээс хохирогч Л.З шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хохирогчийн зүгээс 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 22 цаг 04 минутад шүүгчийн туслахын утас руу “Маргааш хуралд очиж чадахгүй нь аав маань ухаангүй эмнэлэгт байна” гэх захиаг бичиж үлдээсэн байх бөгөөд шүүхээс мөн оны 10 дугаар сарын 10-ны өдөр холбогдох зорилгоор түүний утас руу удаа дараа залгасан боловч утсаа аваагүй болно.

Түүнчлэн хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад хохирогч Л.З нь эмчилгээнд болон олох ёстой орлого гэж тодорхойгүй мөнгө нэхэмжилж байгаа бөгөөд шүүгдэгч Л.Ц зүгээс хохирогчид эд зүйлийн үнэлгээгээр үнэлэгдсэн гар утас, нүдний шилний төлбөрт 150.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа  хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгж буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Л Ц “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ц  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                               

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Х.ИДЭР