| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2020/0304/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/327 |
| Огноо | 2020-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2020/ШЦТ/327
2020 04 08 2020/ШЦТ/327
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
нарийн бичгийн дарга: Г.Энхжин,
улсын яллагч: Б.Мөнгөншагай,
хохирогч Н.Ш,
шүүгдэгч Т.А түүний өмгөөлөгч П.Одонтугалаг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т А холбогдох эрүүгийн 2009 00000 0152 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, Алтайн хүдэр ХХК-д Уул ашиглалтын инженер ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 46 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Т А /РД:********/,
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Т.А нь 2020 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Холливүүд” гэх бааранд үйлчлүүлж байхдаа иргэн Н.Ш үл ялих зүйлээр шалтгалан нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, хамрын ясны зүүн хажуу хананы зөрүүтэй хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.А мэдүүлэхдээ: “... 2020 оны 1 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 23 цагийн үед өөрийн ажлын хамт олонтой тухайн баараар үйлчлүүлсэн. Ингээд намайг араас нэг хүн хараах шиг болсон. Тэгээд би Ш хүнтэй андуураад цохисон нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Ш “... 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 23 цагийн үед баарны бүжгийн талбайд байх үед шүүгдэгч нь ирээд цохисон. Үүний улмаас хамрын яс хугарч тархины наалдангатай болсон...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байгаа. Тэрээр хохирогчид учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч хохиролд 1.000.000 төгрөгийг өнөөдрийн шүүх хуралдаанд төлсөн. Түүний хувийн байдлын талаар дурдахад бага насны 2 хүүхэдтэй, эхнэр нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, ээж нь өрх толгойлдог. Мөн корона вирустэй цаг үеийн байдлаас улбаалж тэрээр ажилгүй байна. Иймд түүний хувийн байдлыг харгалзан хуульд заасан торгуулийн хамгийн бага нэгж болох 450.000 төгрөгөөр торгож өгнө үү...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Т.А нь 2020 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Холливүүд” гэх бааранд үйлчлүүлж байхдаа иргэн Н.Ш үл ялих зүйлээр шалтгалан нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, хамрын ясны зүүн хажуу хананы зөрүүтэй хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Н.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Намайг бүжгийн талбай дээр бүжиглэж байх үед танихгүй ах эргэж харангуутаа миний хамар хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Миний хамар хугарсан, толгой доргисон...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Т.А мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “... Би тухайн өдөр бааранд бүжиглэж байгаад хохирогч гэх залуугийн хамар хэсэгт нь гараараа нэг удаа цохьсон нь үнэн...” гэх мэдүүлэг,
Хохирогч Н.Ш эрүүл мэндэд хамрын ясны зүүн хажуу хананы зөрүүтэй хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №1925 дугаартай дүгнэлт зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг, гэрч, шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Т.А гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд, шүүхээс шүүгдэгч Т.А “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож хуульд заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч Н.Ш нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохирогчийн өөрийх нь хүсэлтээр нотлогдож байх тул шүүгдэгч Т.А бусдад төлөх төлбөргүй, хохирогчид учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгж буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сд-1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Т А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Т.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сд-1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР