Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 17

 

Шүүгдэгч  Б.Н, В.Д нарт

холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

226/2018/0016

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга: М.Сайнболд,

Прокурор: Ц.Ц,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.А,

Шүүгдэгч: Б.Н, В.Д нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагчийн  эсэргүүцлээр шүүгдэгч Б.Н, В.Д нарт холбогдох эрүүгийн 1839000250030 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймагт 1981 онд төрсөн, 37 настай,  эрэгтэй, ам бүл 3 эхнэр, ээж нарын хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 14-03 тоотод оршин суух, 1999 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар 20.000 төгрөгийн торох ялаар, 2003 оны 8 дугаар сарын 05-ны өдөр мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар, 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 1 хоногийн хорих ялаар, 2012 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-т зааснаар 4 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан Боржигон овогт В Д /РД: /

Хэнтий аймагт 1989 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 14-03 тоотод оршин суух, 2009 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн, Цагаан суврага овогт Б.Н /РД: / нар нь хамтран 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 24-14 тоотод оршин суух Ц.Б амбаарт хууль бусаар нэвтэрч үхрийн борцолсон мах, цахилгааны утас, хайлш төмөр зэргийг хулгайлж 182.000 төгрөгийн хохирол, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 24-15 тоотод оршин суух А.О чингэлэгнээс хурганы арьс 13 ширхэг, сэгсүүрэг арьс 13 ширхэгийг тус тус хулгайлж 780.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны  5 дугаар сарын 02-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор Б овогт Б.Н, Боржигон овогт В Днарыг хамтран, давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Н-г 2 жил, В.Д-г 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 2 жил, В.Д-д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-н цагдан хоригдсон 5 хонгийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Н нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Эхнэр Халиун нь амаржаад сар гаруй болсон бөгөөд хоёр хүүхэдтэй байдаг. Төрсөн ах, дүү нар маань эрүүл мэндийн байдал тааруу, өндөр настай ээжтэйгээ хамт амьдардаг. Би хүнд машин механизмын операторчноор ажиллаж гэр бүлээ тэжээн тэтгэдэг байсан. 2006 онд эвэрхийний хагалгаанд орж байсан одоо ч эрүүл мэндийн байдал муу байна. Дээрх хувийн байдлуудыг минь харгалзан ял шийтгэл хөнгөрүүлж өгнө үү гэв.

Прокурор Ц.Ц нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Ц.Б, А.О нарын эд зүйлийг хулгайлж 960000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ  Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны  5 дугаар сарын 02-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Н-д 2 жил, В.Д-д 2 жил 6 сарын хорих ялыг тус тус оногдуулсан юм.  Сүүлд 2018 оны 4 дүгээр сарын 23-ны  өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хийдийн 17-2 тоотоос Оюунномингийн хятад улсад үйлдвэрлэсэн “Даюун” маркийн мотоциклийг хулгайлж 1800000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа. Дашравдан нь  өмнөх шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад  дахин гэмт хэрэг үйлдсэн байна. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр дээрх хоёр хэргийг нэгтгэж шалгах үндэслэл тогтоогдсон. Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Өмгөөлөгч П.А нь давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шүүгдэгч Б.Н-ийн хувийн байдлыг харгалзан ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналтай байна гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Намхайнямбуу, В.Дашравдан нарт холбогдох хэргийг шүүгдэгч Б.Н-ийн гомдлоор хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Н, В.Д нарын 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Ц.Б, А.О нарын эд зүйлийг хулгайлж 960000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ  Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны  5 дугаар сарын 02-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Н-д 2 жил, В.Д-д 2 жил 6 сарын хорих ялыг тус тус оногдуулжээ.

В.Дашравдан нь Тухайн шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 17-02 тоот хашаанаас Ж.Оюуннямын “Даюун” маркийн мотоцикль хулгайлсан гэмт хэрэгт холбогдож, хяналтын прокурор Ц.Ц-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх мөрдөн байцаалтанд буцаасан  болох нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн  224 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч В.Д-н холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд түүний гэм буруутай эсэх болон ялын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна гэж  үзлээ.

Анхан шатны шүүхийн тогтоолын дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх ял оногдуулахад нөлөөлөхөөр байх тул шийтгэх тогтооолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаахаар тогтов.

Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохоор байх тул Б.Намхайнямбууд холбогдох хэргийг тусгаарлах боломжгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Н, В.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Б.Н, В.Д нар нь шийтгэх тогтоол гарснаас хойш 63 /жаран гурав/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

3. Шүүгдэгч Б.Н, В.Д  нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

4. Тус шүүхэд эд мөрийн баримт ирээгүй болохыг дурдсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                 ШҮҮГЧ                                           Я.АЛТАННАВЧ

    Б.ДЭНСМАА