Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 17

 

Эвлэрэлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг би  иргэн Ц.Г-ын ирүүлсэн “Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/244 тоот захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжпэлтэй, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох, захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжпэгч иргэн Ц.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие нь 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн А\300 тоот захирамжаар Увс аймгийн Улаангом сумын 2-р багийн нутаг. Арсайгийн дунд бураа гэх газрын хойд талд хадлангийн зориулалтаар 8 га газрыг 15 жилийн хугацаатайгаар зохих хууль дүрэм, зориулалтын дагуу эзэмшиж ашиглаж байна.

             Газрын гэрчилгээг 2015 онд шинэчилж авсан ба түүнээс өмнө 2008 оны үед миний бие уг газрыг сумын Засаг дарга байсан Моломдагвын захирамжаар эзэмшиж, газрын харгана, хог чулууг нь түүж. шуудуу татах зэргээр хөрөнгө. мөнгө зарж, арчилгаа, цэвэрлэгээг тогтмол хийж эзэмшиж ирсэн. Тухайн газрыг очоод үзсэн ч газрыг цэвэрлэж тэгшилсэн байдал. татсан шуудуу нь мэдэгдэж байгаа.

        2014 оны 6 сарын үед би Арсайд байгаа газраа услахаар очиход миний эзэмшлийн газрыг Ц.Б гэдэг хүн усалж байсан. Би Ц.Б гэдэг хүнд тухайн газрыг өөрийн эзэмшлийн газар гэдгийг хэлж. яагаад усалж байгаа талаар асуухад би энэ газрыг эзэмшилдээ авсан гэж хэлсэн.

            Ингээд би газрын албаны холбогдох хүмүүстэй уулзахад мэдээллийн сангаасаа хайлт хийж үзэн Ц.Б гэдэг хүний газар таны эзэмшлийн газартай давхцаагүй байна гэсэн хариу өгсөн. Тухайн үед би ажил ихтэй байсан болохоор тэртээ тэргүй миний газар юм чинь маргаан гарахгүй юм байна, тиймээс Ц.Бгэдэг хүнийг газар услаад хадланг нь авбал аваг гэж бодоод явчихсан. Түүний дараа тэр хавийн хүмүүс чиний газрыг өөр хүн услаад хадланг нь аваад байна гэж хэлэхээр нь дахин газрын албаны хүмүүстэй уулзаж учрыг нь тодруулсан.

            Гэтэл миний эзэмшлийн 8 га газраас 2 га (11753м2) орчим газрыг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А\244 тоот захирамжаар Ц.Б гэдэг хүнд хадлангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай давхцуулан гэрчилгээ олгож эзэмшүүлж, хууль зөрчсөн байсан тул би 2019 оны 6 дугаар сарын 25-нд Увс аймгийн Засаг дарга Д.Б-д гомдол гаргахад миний гомдлыг Увс аймгийн Газрын харилцаа. барилга хот байгуулалтын газар шилжүүлсэн байсан. Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар очиж уулзахад таны газар Ц.Б-ийн газартай давхцаагүй байна гэсэн хариуг өнөөдөр өглөө.

           Иймд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/244 тоот захирамжаас Ц.Б Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг Арсайд хадлангийн зориулалтаар олгосон 11752.9 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Улаангом сумын 10 дугаар багийн иргэн Ц.Б-ын Улаангом сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/244 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

         Нэхэмжлэгч Ц.Г-д 2015 оны 09 сарын 09 -ний өдрийн А/300 тоот захирамжаар олгогдсон 8 га газрын гэрчилгээний кадастрын зураг нь газрын мэдээллийн сангийн программд буруу оруулсны улмаас кадастрын зурагт тухайн хоёр иргэний эзэмшил газар нь давхцалгүй харагдаж байсан тул иргэн Ц.Б-ийн өргөдөл, хүсэлтийн дагуу 2016 оны 07 сарын 25-ны өдрийн А/244 тоот захирамжаар 11753 м/кв газрыг эзэмшүүлсэн байна.

       Иргэн Ц.Г-ын гаргасан хүсэлтийн дагуу 2019 онд тухайн газарт дахин хэмжилт хийхэд Ц.Г-ын эзэмших эрхийн гэрчилгээтэй 8 га газрын Дунд, урд хэсэгт иргэн Ц.Б-ийн эзэмших гэрчилгээ авсан 11753 м/кв газар нь давхцаж байна “ гэжээ.

          Гуравдагч этгээд Ц.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Увс аймгийн Улаангом сумын 2-р багийн иргэн Ц.Б миний бие хадлангийн зориулалтаар уг газрыг албан ёсоор эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа иргэний хувьд миний миний газар эзэмших эрхэд хууль бусаар халдах оролдлого гэж үзэж байна. Шүүх миний хууль ёсны эрх ашгийг хамгаалж өгнө үү. Иргэн Ц.Г-ын маргаж буй уг газрыг Арсайн тариг гэдэг Улаангом сумын 2-р багийн нутаг дэвсгэр бөгөөд энэхүү бэлчээр, хадлангийн эх болсон газарт миний бие хэдэн үеэрээ мал маллан амьдарч ирсэн билээ. Миний бие энэ газрыг 2000 оноос эхлэн юу ч хийгээгүй атар газрыг ашиглан хадлангийн зориулалтаар ашиглахаар чулуу, хогийг түүж машинаар зөөвөрлөн цэвэрлэсэн билээ. 2009 онд өөрийн хүүхдүүдийн хамт 150 м орчим шуудуу татаж усалгааны ажил эхэлсэн. 2010 онд трактораар суваг шуудууны өргөтгөл хийж ус хүргэж болох газар бүрт техникийн нөхцөл ханган хадлан ургах нөхцлийг бүрдүүлсэн. Энэ бүхнийг тэр орчим нутагладаг малчин ардууд болон газар тариалан эрхэлдэг иргэд гэрчилнэ. Тухайн үед багийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Д малчин өрх бүрийг хадлан тэжээл бэлтгэх газар эзэмших нөхцлийг судлаж багийн иргэдийн нийтийн хурлын шийдвэрийг үндэслэн газар эзэмших асуудал хөндөгдөж эхэлсэн. Миний бие 2012 онд төрийн байгууллагад газар эзэмших кадастрын зураг хийлгэх техникийн нөхцөл бүрдэхгүй  байна гэсээр 2016.07.25-нд Улаангом сумын Засаг даргын захирамж гарч газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээ авсан болно. Энэхүү газрыг намайг эзэмшиж ашиглаж байх хугацаанд иргэн Ц.Г миний газар гэж нэг ч удаа ирж байгаагүй болно”гэжээ.

           Нэхэмжлэгч,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын 2019 оны 10 сарын 02-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд

           1. Хариуцагчийн зүгээс иргэн Ц.Г-д Улаангом сумын 2-р багийн нутаг дэвсгэр “Арсай”-д Ц.Б-ийн эзэмшлийн талбайгаас дээш хадлангийн зохиулалттай 8 га газарт хэмжилт хийж кадастрын зурагт өөрчлөлт оруулж өгөх,

           2.Энэ асуудлаар дахин маргаан гаргахгүй бөгөөд энэхүү гэрээг үндэслэн нэхэмжлэгч иргэн Ц.Г нэхэмжлэлээсээ татгалзаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

              Нэхэмжлэгч Ц.Г нь “Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/244 тоот захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан бөгөөд уг нэхэмжпэл нь хуульд заасан хэлбэр, бүрдүүлбэр, агуулгыг хангасан байсан тул хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч,хариуцагч нар  эвлэрэх эрхтэй байх бөгөөд  хуульд заасан эрхээ хэрэгжүүлж, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасны дагуу харилцан буулт хийж хариуцагчийн зүгээс иргэн Ц.Г-ын 8 га хадлангийн талбайн хэмжилтийг дахин хийж өгөх,нэхэмжлэгч Ц.Г нь шүүхэд гаргасан “ Улаангом сумын Засаг даргын  2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/244 тоот захирамжаас Ц.Батсүхэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж энэ асуудлаар дахин маргаан гаргахгүй байхаар эвлэрч гэрээ байгуулсан нь хуульд нийцсэн байна гэж үзлээ.

           Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.Г нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаар иргэн Ц.Б-д хадлангийн зориулалтаар газар эзэмшүүлсэн шийдвэртэй дахин маргаан үүсгэхгүй болсон тул гуравдагч этгээдийн эрх,хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

           Иймд нэхэмжлэгч,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

             Хариуцагч Улаангом сумын Засаг дарга  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-д заасан эвлэрэх эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болд-Эрдэнэд олгосон болохыг тэмдэглэв.

              Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэх замаар маргаанаа дуусгавар болгож байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

              1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Г хариуцагч Улаангом сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нарын байгуулсан “Хариуцагчийн зүгээс иргэн Ц.Г-д Улаангом сумын 2-р багийн нутаг дэвсгэр “Арсай”-д Ц.Батсүхийн эзэмшлийн талбайгаас дээш хадлангийн зохиулалттай 8 га газарт хэмжилт хийж кадастрын зурагт өөрчлөлт оруулж өгөх, Энэ асуудлаар дахин маргаан гаргахгүй бөгөөд энэхүү гэрээг үндэслэн нэхэмжлэгч иргэн Ц.Г нэхэмжлэлээсээ татгалзаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” тухай эвлэрлийн гэрээг баталж, иргэн Ц.Г-ын нэхэмжлэлтэй Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох /124/2019/0019/з индекстэй/ захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Г-с улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.