Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 1293

 

 

 

 

 

 

 

 

 

“Тэян саноб гэбал” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо,  Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/00851 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Тэян саноб гэбал” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Сонжин групп” ХХК болон “Эм эс ар” ХХК-д тус тус холбогдох

 

  Зээлийн гэрээний үүрэгт 9 208 031,25 ам.доллар буюу 18 366 707 452 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Батчулуун,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Түвшинбат, А.Дулмаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Нарангарав,

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Мандах, Б.Оюунбилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Эм эс ар” ХХК-тай 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулан 4 962 500 ам.долларыг жилийн 9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5 дахь хэсгээр зээлийг эргэн төлөх хугацааг тохирсон. Хариуцагч “Эм эс ар” ХХК нь зээлийн төлбөрөөс 2 000 000 ам.доллар болон түүний хүү 180 000 ам.доллар, нийт 2 180 000 ам.долларыг 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр, үлдэгдэл төлбөр 2 962 500 ам.доллар, энэ төлбөрт ногдох хүү 266 625 ам доллар нийт 3 229 125 ам.долларыг 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр тус тус төлөх үүргийг дээрхи гэрээний дагуу хүлээсэн. Мөн хариуцагч “Эм эс ар” ХХК нь нэхэмжлэгч “Тэян саноб гэбал” ХХК-тай 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж 2 200 000 ам.долларыг, 24 сарын хугацаатай, жилийн 9 хувийн хүү төлөх нөхцөлтэй зээлсэн. Энэ гэрээний 5 дахь хэсгээр зээлийн төлбөр болон хүүг төлөх хугацааг тохирсон бөгөөд 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гэхэд үндсэн зээл 2 200 000 ам.доллар, хүү 396 000 ам.доллар, бүгд 2 396 000 ам.долларыг төлөх үүргийг хүлээсэн. Хариуцагч тал дээрхи зээлийн гэрээнүүдээр хүлээсэн зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлэхгүй байсан учир талууд зээлийн гэрээний өөрчлөлтийн гэрээг удаа дараалан буюу 2012 оны 10 дугаар сарын 12, 2013 оны 1 дүгээр сарын 31, 2013 оны 4 дүгээр сарын 30, 2013 оны 10 дугаар сарын 13, 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр тус тус байгуулж зээл болон хүүг төлөх хугацааг сунгаж байсан боловч хариуцагч үндсэн гэрээг болон өөрчлөлтийн гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Эхний буюу 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлж авсан зээлийн үндсэн төлбөр 4 962 500 ам.доллар, хүү 1 451 531,25 ам.доллар нийт 6 414 031,25 ам.доллар болж байгаа. 4 962 500 ам.доллар, жилийн 9 хувийн хүүтэй, 1 жилийн хүү 446 625 ам.доллар, 3 жилийн хүү 1 339 875 ам.доллар, 3 сарын хүү 111 656,25 ам доллар. Дараагийн буюу 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр зээлж авсан үндсэн зээлийн төлбөр 2 200 000 ам.доллар, хүү 594 000 ам.доллар, нийт зээл, хүүгийн төлбөр 2 794 000 ам.доллар болж байгаа. 2 200 000 ам.доллар, жилийн 9 хувийн хүүтэй, 1 жилийн хүү 198 000 ам.доллар, 3 жилийн хүү 594 000 ам.доллар. Дээрхи 2 зээлийн гэрээгээр үндсэн зээл 7 162 500 ам.доллар, хүү 2 045 531,25 ам доллар нийт 9 208 031,25 ам.долларыг зээлдэгч төлөх үүрэгтэй. Уг гэрээнүүдээр хүлээсэн үүргээ хариуцагч “Эм эс ар” ХХК нь биелүүлэхгүй бол хариуцагч “Сонжин групп” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч “Тэян саноб гэбал” ХХК нь “Сонжин групп” ХХК-тай 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр баталгааны гэрээг, 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр барьцааны гэрээг тус тус байгуулсан. Хариуцагч “Эм эс ар” ХХК нь нэхэмжлэгч “Тэян саноб гэбал” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээлдэж авсан мөнгө, түүнийг хүүг төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд хариуцагч “Эм эс ар” ХХК нь нэхэмжлэлд дурдсан болон бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаанд дурдсан хаягт тус тус байхгүй болох нь тогтоогдсон тул хариуцагч “Эм эс ар” ХХК-иас татгалзаж байна. Иймд хариуцагч “Сонжин групп” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг бүхэлд нь шаардсан ба 9 208 031,25 ам.доллар буюу 18 366 707 452 төгрөгийг хариуцагч “Сонжин групп” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагч “Сонжин групп” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тэян саноб гэбал” ХХК болон “Эм эс ар” ХХК-иудын хооронд байгуулсан гэх зээлийн гэрээний үүрэгт зээлийн төлбөр шаардсан байх ба энэхүү зээлийн харилцаанд манай компани оролцоогүй тул хариуцагч байх боломжгүй. “Тэян саноб гэбал ХХК болон “Сонжин групп” ХХК нь “Эм эс ар” ХХК-нийг хамтарсан хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулсан бөгөөд “Тэян саноб гэбал” ХХК нь хөрөнгө оруулагчийн хувьд өөрийн хувьцаа эзэмшдэг “Эм эс ар” ХХК-д мөнгө зээлүүлж буй харилцаа бус хөрөнгө оруулагчдын хооронд байгуулагдсан хамтын ажиллагааны гэрээний дагуу бизнесийн зорилгоор хөрөнгө оруулж ашиг олох гэсэн үндсэн зорилготой үйлдэл байсан ба энэхүү үйлдлээ халхавчлахын тулд зээлийн гэрээ байгуулсан. 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгч тал зээл олгосон гэдгээ нотлох ёстой. Өнөөдрийн байдлаар зээл олгосон гэдгээ нотлоогүй, 4 962 500 ам.долларыг ямар байдлаар олгосон нь тодорхойгүй. 4 962 500 ам.долларыг аваагүй бөгөөд нэг ч удаа хүү төлж үзээгүй. Үүнээс үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэдгийг нэхэмжлэгч тал нотолсонгүй. “Тэян саноб гэбал” ХХК болон “Сонжин групп” ХХК-ийн хооронд 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр баталгааны гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээнд хэдэн төгрөг ямар байдлаар төлөх талааар зохицуулалт байдаггүй ба уг гэрээний хугацаа 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болсон. Иймд нэхэмжлэгч “Тэян саноб гэбал” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч “Сонжин групп” ХХК-иас 4 962 500 ам.доллар буюу 9 898 401 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Тэян саноб гэбал” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 245 532 ам.доллар буюу 8 468 306 452 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “Тэян саноб гэбал” ХХК нь хариуцагч “Эм эс ар” ХХК-иас татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Тэян саноб гэбал” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91 991 488 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Сонжин групп” ХХК-иас 49 649 955 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Тэян саноб гэбал” ХХК-д олгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 41690 дүгээр захирамжаар хариуцагч “Сонжин групп” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө 129/1 тоотод хаягтай, гэрчилгээний дугаар ГД-000034314, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204014271 дугаарт бүртгэгдсэн, 3341м2 талбайтай зочид буудал, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө 131/А тоотод хаягтай, гэрчилгээний дугаар ГД-00084315, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204022085 дугаарт бүртгэлтэй 5184 м2 талбайтай зочид буудлын зориулалтай барилга, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө 129/2 тоот хаягт байрлах гэрчилгээний дугаар ГД-000043954, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204014268 бүртгэгдсэн, 5034.2 м2 талбайтай зочид буудлын барилга /корпус 2/ зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн, хариуцагчийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхийг хориглосон бөгөөд уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батчулуун давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол Улсын хуулийн этгээд болох "Эм эс ар" ХХК нь БНСУ-ын “Тэян саноб гэбал” ХХК-тай 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж 4 962 500 ам.долларыг 24 сарын хугацаатай, жилийн 9 хувийн хүү төлөх нөхцөлтэй, мөн 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдөр талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж 2 200 000 ам.долларыг, 24 сарын хугацаатай, жилийн 9 хувийн хүү төлөхөөр тус тус зээлдэж авсан юм. Эхний зээлийн гэрээний дагуу зээлдэж авсан мөнгө түүний хүүг төлөхөөр талууд гэрээнд өөрчлөлт оруулах замаар уг гэрээний хугацааг 4 удаа сунгасан байдаг. Түүнчлэн 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг биелүүлэх баталгаа болгож үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч "Сонжин групп" ХХК өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөөнд хаягтай "Сонжин гранд" зочид буудлын байраар баталгааг гаргаж, баталгааны гэрээг бичгээр байгуулсан. Уг баталгааны гэрээг үндэслэн дээрхи хаягт байрлах  үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Барьцааны гэрээг бичгээр байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Мөн 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдриин зээлийн гэрээгээр зээлдэж авсан 2 200 000 ам.долларын үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч "Эм эс ар" ХХК гүйцэтгэж чадаагүй тохиолдолд "Сонжин групп” ХХК үүргийн гүйцэтгэлийг хариуцах үүргийг хүлээж зээлийн гэрээнд батлан даалт гаргаж гарын үсэг зурсан юм. Нэхэмжлэгч “Тэян саноб гэбал” ХХК нь хариуцагч "Эм эс ар" ХХК-ийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээл болон баталгааны гэрээний дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр "Эм Эс Ар" ХХК болон "Сонжин групп" ХХК-иудыг хариуцагчаар татан анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч зээлдэгч "Эм эс ар" ХХК нь нэхэмжлэлд дурдсан болон улсын бүртгэлд бүртгэгдсэн хаягт байрладдаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй тус компанийн гүйцэтгэх захирал БНСУ-ын иргэн Ём юм соб нь 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан, уг хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, гүйцэтгэх удирдлага байхгүй тул хариуцагч "Эм эс ар" ХХК-иас татгалзаж, зээлийн гэрээний үүргийг биелүүлэх баталгаа гаргасан "Сонжин групп" ХХК-иас дээрхи хоёр зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардсаныг aнхан шатны шүүх хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаагүйд гомдолтой байна. Зээл, зээлийн хүү нь үндсэн үүрэг буюу салгаж үл болох үүргүүд байдаг. Гэтэл анхан шатны шүүх эхний зээлийн гэрээний үндсэн зээл 4 962 500 ам.доллар буюу 9 898 401 000 төгрөгийг үндсэн үүрэг гэж дүгнээд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч "Сонжин групп" ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, зээлийн хүү 1 451 531,25 ам.доллар буюу 2 895 282 292,5 төгрөгийг хангахгүй орхисон. Нэг дэх зээлийн хүүг хангахгүй орхисон талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй юм. Хоёр дахь буюу 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр "Эм эс ар” ХХК нь нэхэмжлэгч “Тэян саноб гэбал” ХХК-иас 2 200 000 ам.долларыг зээлдэж авсан ба энэ зээлийн гэрээнд зээлдүүлэгч, зээлдэгч нараас гадна батлан даагчаар хариуцагч "Сонжин групп" ХХК оролцож захирал Чой до хүнь зээлийн гэрээнд гарын үсэг зурж, үндсэн үүргийн гэрээнд тэрээр хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон учир Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасны дагуу уг зээлийн гэрээний гүйцэтгэлийг бүхэлд нь хариуцагч "Сонжин групп” ХХК-иас шаардсан. Шүүх 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээнд "Сонжин групп” ХХК нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон юмуу эсвэл батлан даагчийн хувиар хариуцлага хүлээхээр тохиролцсон юм уу гэдэгт дүгнэлт хийхгүйгээр зөвхөн батлан даалтын гэрээг бичгээр байгуулах гэсэн гадаад хэлбэрт захирагдан энэ зээлийн гэрээний үүргийг "Сонжин групп" ХХК-д хариуцуулаагүй нь үндэслэлгүй. “Сонжин групп" ХХК нь эхний зээлийн гэрээнд баталгаа гаргагчаар  дараагийн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр тус тус оролцсон тул нэг дэх зээлийн хүү 1 451 531,25 ам.доллар буюу 2 895 282 292,5 төгрөг, хоёр дахь зээл 2 200 000 ам.доллар, түүний хүү болох 594 000 ам.доллар буюу 5 573 024 160 төгрөг нийт 4 245 531,25 ам.доллар буюу 8 468 306 452 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав болон өмгөөлөгч Н.Мандах нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэргийг шүүх шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбарыг буруу үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа төдийгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйн сацуу маргаан бүхий үйл байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байна. Шүүх талуудын хооронд маргаж буй үндсэн нөхцөл болох нэхэмжлэгчээс 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 4 962 500 ам.доллар, 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2 200 000 ам.долларын зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд нийт 9 208 031.25 ам.доллар буюу 18 366 707 452 төгрөг гаргуулах, хариуцагчаас зээлийн гэрээний оролцогч биш, зээлдүүлэгч болон зээлдэгч нарын хооронд зээлийн гэрээний зүйл болох мөнгийг нэхэмжлэгчээс "Эм эс ар" ХХК-д өгсөн гэдгээ нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж буй үйл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар талуудын хооронд зээлийн болон баталгааны гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан зохицуулалттай нийцэхгүй байгаа төдийгүй “Тэян саноб гэбал” ХХК болон "Эм эс ар" ХХК-иудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэхийг тодорхойлолгүй орхигдуулсан. Шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанаар зээлийн гэрээний сунгалт хийсэн нөхцөлд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, “Эм эс ар" ХХК-ийг мөнгө авсан гэж тооодог нөхцөлд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан зохицуулалтыг шүүх хэрэглэхгүй байгаа үндэслэлээ тодорхой дурдах учиртай боловч дурдаагүй, зөвхөн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 хэсгийн зохицуулалтыг тусгасан ч энэ нь маргаан бүхий эрх зүйн харилцааг тодорхойлоогүй тохиолдолд үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа "Эм эс ар" ХХК-ийг хариуцагчаар татсан атлаа хариуцагч оршин байгаа хаягтаа байхгүй гэх шалтгаанаар хариуцагчийг өөр байдлаар тодорхойлсоноос шалтгаалж иргэний хэрэг шийдвэрлэгдэхгүй удсан, зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардаж зээлдүүлэгчээс их хэмжээний гадаад валютын дүнтэй мөнгийг нэхэмжилж байгаа бол хуульд зааснаар зээлийн гэрээний дагуу зээлдэгчид мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн эсэх, зээлийн гэрээг байгуулсанд тооцох эсэх үндэслэлийг авч үзсэний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь ач холбогдолтой ба дээрх байдлыг тогтоосон нөхцөлд баталгааны гэрээний үүргийн биелэлт яригдах учиртай гэж үзэж байна. Хариуцагч "Сонжин групп" ХХК нь зээлийн гэрээний оролцогч бус этгээдийн хувьд дээрх үйл байдлыг тодруулах зорилгоор "Эм эс ар" ХХК-ийн албан ёсны хаяг байршлыг дахин тодруулах, гуравдагч этгээдээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах зэрэг хүсэлтийг удаа дараа гаргасан ч шүүх хүлээж аваагүй төдийгүй хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Зөвхөн зээлийн гэрээний сунгалтаар мөнгө шилжүүлсэн эсэхийг тогтоох нь эргэлзээтэй учир дээд шатны шүүх энэ үйл байдлыг дүгнэж үзэх ёстой гэж найдаж байна. Иймд дээр дурдсан гомдлын үндэслэлүүдийг судлан үзэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 116-р зүйлд заасан шаардлагад нийцсэнгүй. Учир нь Иргэний хуульд зээл, батлан даалт, барьцааны гэрээний талаар тусгайлан нөхцлийг тодорхой заасан буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг зөрчин хэргийг шийдвэрлэлээ. Хуулийн энэхүү заалтаас үзвэл зээлдүүлэгч нь зээлдэгчид зээлээр өгч буй эд хөрөнгийг шилжүүлсэн байхыг шаардаж байгаа билээ. Гэтэл зээлдэгч "Тэян саноб гэбал" ХХК нь "Эм эс ар" ХХК-д 4 962 500 ам.доллар шилжүүлсэнээ нотолж чадаагүй байхад шүүх зээлдүүлэгч, зээлдэгчийн хооронд байгуулсан зээлийн гэрээг үндэслэн санхүүгийн болон банкны мөнгө өгч, авалцсан, шилжүүлсэн нэг ч баримтгүйгээр хариуцагчаас 4 962 500 ам.доллар буюу 9 898 401 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Түүнчлэн шүүх хэргийн бодит үнэнийг тогтоож, хэргийг шударгаар шийдвэрлэхийг хүссэнгүй. Хариуцагч талаас зээлдэгч "Эм эс ар" ХХК-ийн 50 гаруй хувийн хувьцаа эзэмшигч нь нэхэмжлэгч "Тэян саноб гэбал" ХХК бөгөөд өөрийн хувьцаа эзэмшил бүхий компанийн авсан зээлийг бүхэлд нь баталгаа гаргагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн "Эм эс ар" ХХК-ийг гуравдагч этгээдээр эсхүл хамтран хариуцагчаар татуулъя, мөн зээлдэгч "Эм эс ар" ХХК нь зээлийг авсан эсэх, төлөх эсэх нь огт мэдэгдээгүй байхад тухайн компанийн удирдлага Монгол Улсад байхгүй байгаа талаарх нэхэмжлэгчийн хүсэлт болон хаяг дахь тодорхойлолтыг үндэслэн хариуцагчийн хүсэлтийг хүлээн аваагүй. Хариуцагч өөрөө “Эм эс ар” ХХК-ийг олох боломжтойг илэрхийлсэн хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгийн үед гаргасанг үл анхаарч хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. "Эм эс ар" ХХК татан буугдаагүй, бүртгэл хүчингүй болоогүй. Түүний удирдлага нь Монгол Улс, Солонгос Улсын хооронд чөлөөтэй зорчсоор байгаа талаар хариуцагч тал xуралдааны явцад хэлсэнийг үл анхаарч хүсэлтийг хүлээн аваагүй болно. Өөрөөр хэлбэл  Компанийн тухай хуулийн 83-85 дугаар зүйлд заасан болон талуудын анхны хэлцэл нь Иргэний хуулийн 39-56 дугаар зүйлд заасан хэлцлийн алинд хамаарах хэлцэл болохыг тодорхойлоогүй. “Тэян сонаб гэбал” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Эм эс ар” ХХК-ийн үйл ажиллагаа, зээл олголт, зарцуулалт зэрэг нэг ч санхүүгийн баримтгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болно. Шүүх нь мөн хариуцагч тал батлан даагч, өөрийн хөрөнгөөр баталгаа гаргагч барьцаалуулагчийн алин болохыг тодорхойлж чадаагүйгээс гадна хариуцагчаас гаргасан баталгааны хугацаа дуусгавар болсонг анхаарч үзэлгүй хэт нэг талыг барьж маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Баталгааны гэрээнд хоорондоо зөрчилтэй нэгэн адил 2 утгатай санааны зөвхөн нэг хэсгийг шүүх анхаарч ач холбогдол өгөн дүгнэж, нөгөө утгыг хэрэгсэлгүй шийдвэрийн үндэслэл болгосон нь эргэлзээ төрүүлж байна. Түүнчлэн шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэж хариуцагч нь зээлдэгч биш атал Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасныг үндэслэн төлбөр гаргуулж шийдвэрлэсэн, Иргэний хуулийн 217, 218 дугаар зүйлд заасныг зөрчиж ам.долларын ханшийг нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар тооцож төлбөр гаргуулж шийдвэрлэсэн, түүнчлэн баталгаа, барьцааны гэрээгээр өөр үнийн дүн, хугацаа байгааг үл харгалзан хариуцагчаас шууд 4 962 500 ам.доллар буюу 9 898 401 000 төгрөгийн дүнгээр тооцож төлбөр гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 40, 44 дэх хэсэгт заасан нотлох баримтын бүрдэл хангах, үнэлэх, 105 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн хүсэлтэд ач холбогдол өгч, талуудын тэгш байдлыг хангах, шударга ёсыг тогтоох үүргээ умартан, нотлох баримтад зөв дүгнэлт хийлгүй, нэхэмжлэгчийн “Эм эс ар” ХХК-нийг хамтран байгуулж, явуулсан үйл ажиллагаа түүнд зээл олгосон зэрэг нөхцөл байдалд ач холбогдол өгөхгүй зөвхөн хариуцагчийн үл хөдлөх хөрөнгөд тулгуурласан, түүний эрх ашгийг хөндсөн байдлаар хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “Тэян саноб гэбал” ХХК нь хариуцагч “Сонжин групп” ХХК болон “Эм эс ар” ХХК-д тус тус холбогдуулан  зээлийн гэрээний үүрэгт 9 208 031,25 ам.доллар буюу 18 366 707 452 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Эм эс ар” ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзжээ.

 

            Нэхэмжлэгч “Тэян саноб гэбал” ХХК нь 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Эм эс ар” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж,  4 962 500 ам.долларыг, 24 сарын хугацаатай, жилийн 9 хувийн хүүтэй, мөн 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдөр дахин зээлийн гэрээ байгуулж, 2 200 000 ам.долларыг, 24 сарын хугацаатай, жилийн 9 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч “Эм эс ар” ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг тогтоосон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /1-р хх-ийн 24-25, 28-29 дүгээр тал/

 

            “Тэян саноб гэбал” ХХК болон “Эм эс ар” ХХК-ийн 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээнд хариуцагч “Сонжин групп” ХХК нь батлан даалтын гэрээг 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “Тэян саноб гэбал” ХХК-тай байгуулж, үүрэг гүйцэтгэгч “Эм эс ар” ХХК үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөхөх хариуцлага хүлээхээр тохиролцжээ. /1-р хх-ийн 46, 3-р хх-ийн 690 дүгээр тал/ Тодруулбал, нэхэмжлэгч “Тэян саноб гэбал” ХХК болон хариуцагч “Сонжин групп” ХХК-ний 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан баталгааны гэрээний агуулгаас үзэхэд гэрээний үүргийг 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд батлан даахаар тохиролцсон байгаа нь талуудын хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

            Нөгөө талаар анхан шатны шүүх уг гэрээнд заасан “… үүргийн гүйцэтгэл бүрэн хангандсан нөхцөлд, эсхүл 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болно” гэсэн тохиролцоог үндэслэлгүй дүгнэж, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй” гэж заасан. Гэвч дээрх зээлийн болон батлан даалтын гэрээнд зээлийн гэрээний үүргийг “Сонжин групп” ХХК нь “Эм эс ар” ХХК-тай хамтран хариуцах талаар гэрээнд тухайлан заагаагүй байна.

 

            Иймд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар батлан даагч “Сонжин групп” ХХК нь үүрэг гүйцэтгэгч “Эм эс ар” ХХК-ийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээх бөгөөд зээлийн гэрээний үндсэн үүрэг гүйцэтгэгч “Эм эс ар” ХХК-ийн оршин байрлах хаяг тодорхойгүй нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй буюу гүйцэтгэх боломжгүй болсон гэх нөхцөл байдлыг агуулахгүй юм.   Зээлдэгч “Эм эс ар” ХХК нь үүргээ гүйцэтгээгүй буюу гүйцэтгэх боломжгүй болсон гэх нөхцөл байдал хэргийн үйл баримтаар бүрэн тогтоогдоогүй байхад нэхэмжлэгч “Тэян саноб гэбал” ХХК нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт зааснаар батлан даалтын гэрээний үүргийг “Сонжин групп” ХХК-иас шууд шаардах эрхгүй.

 

            Хариуцагч “Сонжин групп” ХХК нь зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах талаар баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх уг компанийг нэхэмжлэгч “Тэян саноб гэбал” ХХК-тай Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн байна. Иймд “Сонжин групп” ХХК-д холбогдох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Харин үндсэн үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон талаархи үйл баримт тогтоогдсон тохиолдолд батлан даагчаас уг үүргийг шаардахад энэ шийдвэр нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Сонжин групп” ХХК-д нэхэмжлэлийн хувь гардуулж, ажиллагаа явагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь үндсэн үүрэг гүйцэтгэгч болох “Эм эс ар” ХХК-иас татгалзаж, гэрээний үүргийг “Сонжин групп” ХХК-иас шаарджээ. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаар “Сонжин групп” ХХК-ийг тодорхойлж, хариуцагчийн хүрээг өөрчилсөн гэж үзэхээр байна.

 

            Иймд шүүх батлан даалтын гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн гэж үзэх ба энэ тохиолдолд үндсэн үүрэг гүйцэтгэгч болох “Эм эс ар” ХХК-иас гэрээний үүргийг шаардах эрх нь нээлттэй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хариуцагч “Эм эс ар” ХХК-иас татгалзсаныг дурдаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Тэян саноб гэбал” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/00851 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “Сонжин групп” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 9 208 031,25 ам.доллар буюу 18 366 707 452 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Тэян саноб гэбал” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 991 488 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 499 483 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 649 955 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ         

                                   

                                            ШҮҮГЧИД                                       Ц.ИЧИНХОРЛОО                                                                                                   

                                                                                                  Г.ДАВААДОРЖ