| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00251/и |
| Дугаар | 329 |
| Огноо | 2017-04-18 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 329
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сум, 11 дүгээр баг, 2-12 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО68091577, Борлууд овогтой Даваагийн Бадрахын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Хот тохижилт үйлчилгээний газарт холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Бадрах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагч Н.Уртнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Бадрах шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2013 онд Увс аймгийн Улаангом сумын Хотын хөгжил, цэцэрлэгжүүлэлтийн газарт няраваар орж ажилласан юм. Энд ажиллаж байх хугацаандаа ажлын алдаа, зөрчил, хууль бус үйлдэл болон эд хөрөнгө дутаах, ашиглаж ямар нэгэн алдаа дутагдал гаргаж сахилгын болон захиргааны арга хэмжээ авагдаж байгаагүй, харин ажлын байранд заагдсан ажлаа хөдөлмөрийн гэрээнд заагдсаны дагуу хийж гүйцэтгэж байсан юм. Гэтэл манай байгууллагын дарга өөр намын гишүүн, Ардчилсан намыг дэмждэг гэсэн шалтгаанаар намайг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр тус газрын няравын ажлаас чөлөөлсөн юм. Намайг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэлдээ “Улаангом сумын Хотын хөгжил, цэцэрлэгжүүлэлтийн газрын бүтцэд өөрчлөлт орж, таны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоно” гэсэн мэдэгдэх хуудас өгсөн. Миний бие ажлын алдаа дутагдал гаргаагүй тул ажилдаа үлдэх хүсэлт өгөхөд “Байгууллагын бүтэц, орон тоонд нярав үйлчлэгч гэснийг хангаагүй, үйлчлэгчийг хавсарч хийгээгүй, аймгийн Аудитын шалгалтаар дутагдал гаргасан, ажлын байрны тодорхойлтонд заагдсан шаардлага биелүүлээгүй” гэсэн хариу мэдэгдэл өгсөн. Манай байгууллагын дарга Н.Уртнасан “Дээд дарга нар чамайг ажлаас хал гэж байна. Би чамайг ажлаас халахгүй баймаар байна” гэж удаа дараа хэлж байсан. Дарга Н.Уртнасан нь Аудитын газрын шалгалтын танилцуулгыг үндэслэн ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Миний бие ажлаас хууль бусаар үндэслэлгүй халагдсандаа туйлын гомдолтой байна. Намайг анх нярав гэсэн ажлын байранд авч ажиллуулсан. Харин аймгийн Засаг даргын захирамжаар “Нярав-үйлчлэгч” гэсэн ажлын байр бий болж ирсэн. Хэрэв би давхар үйлчлэгчийн ажил хийх шаардлагатай бол уг ажлыг хийнэ. Иймд 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Б/35 тоот Улаангом сумын Хот тохижилт үйлчилгээний газрын даргын тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул намайг тус газрын нярав, үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Хот тохижилт үйлчилгээний газрын дарга Н.Уртнасан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Д.Бадрах нь 2013 онд Увс аймгийн Улаангом сумын Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газарт няраваар ажилд орохдоо байгууллагын хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, аймгийн Засаг даргын гаргасан бүтэц орон тоог зөрчиж, байгууллагын даргаар шийдвэр гаргуулсан байсан. Д.Бадрах нь ажиллах хугацаандаа байгууллагын эд хөрөнгөд хяналт тавиагүй, бүртгэл тооцоо муутай ажилласан нь дотоод аудитын дүгнэлтээр илэрсэн. Ажилдаа хариуцлагагүй, хайнга хандаж жил дараалан дутагдал зөрчил гаргаж байсан нь байгууллагын дарга Ё.Мөнхзулын 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Б/05, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Б/13 тоот тушаалаар тус тус нотлогдож байгаа. Нярав Д.Бадрахыг ажлаас чөлөөлөхдөө аудитын шалгалтын дүгнэлтэд няравын ажлын хариуцлагагүй байдлын заалт орсныг үндэслэсэн болно. Мөн хуучин “Нярав, үйлчлэгч”-ийн ажлын байрны тодорхойлолтыг өөртөө тааруулан “Нярав” гэж гаргуулж, тавигдах шаардлагуудыг хасаж, үйлдэн гарын үсэг зурсан байв. Үүнийг бид хууль бус, хангалтгүй ажлын байрны тодорхойлолт гэж үзэж байна. 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ирж, манай байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хуулийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийхдээ “зарим ажлын байрны тодорхойлолт нь бүтэц орон тоотойгоо зөрчилдөж хүнд нь тааруулж хийсэн байна” гэж дүгнэсэн ба дахин комисс байгуулж уг бичиг баримтуудыг шинэчилж, стандартын дагуу уг тодорхойлолтуудыг боловсруулж мөрдөж байна. Бидэнд байгууллагагын бүтэц орон тоог өөрчлөх эрх байхгүй, зөвхөн нярав авбал үйлчлэгчгүй болох зөрчил гарна. Иймээс манай байгууллагын бүрдүүлж өгсөн материалтай танилцаж хуулийн дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Бадрах нь хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Хот тохижилт үйлчилгээний газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Увс аймгийн Увс аймгийн Улаангом сумын Хот тохижилт үйлчилгээний газрын дарга 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Б/35 тоот тушаал гаргаж, тус газрын “нярав” Д.Бадрахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн А/08 тоот захирамж, аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 34/01 тоот хяналт шалгалтын танилцуулгын 8 дахь заалтыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.
1. Ажил олгогч нэхэмжлэгч Д.Бадрахын хөдөлмөрийн харилцааг өөрийн санаачилгаар дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан 7 үндэслэлийн аль үндэслэлээр дуусгавар болгосон нь тодорхойгүй байна.
Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар дуусгавар болгож байгаа нөхцөлд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримтлах ба тухайн үндэслэлээ холбогдох нотлох баримтуудаар нотолсон байхыг шаардана.
2. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд “Д.Бадрахын ажиллах орон тоо байхгүй” гэх үндэслэлийг дурдсан байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Увс аймгийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/136 тоот, мөн даргын 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн А/08 тоот захирамжуудаар Увс аймгийн Улаангом сумын Хот тохижилт үйлчилгээний газар /хуучнаар Хотын хөгжил, цэцэрлэгжүүлэлтийн газар/-ын бүтэцэд “Нярав-үйлчлэгч – 1” байхаар тусгасан байх боловч Хотын хөгжил, цэцэрлэгжүүлэлтийн газрын даргын 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/33 тоот тушаалаар, мөн Хот тохижилт үйлчилгээний газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б/25 тоот тушаалаар тус тус Д.Бадрахыг “Нярав”-ын ажилд томилсон нь Засаг даргын захирамжийг зөрчсөн шийдвэр болжээ.
Мөн Д.Бадрахтай хуучнаар Хотын хөгжил, цэцэрлэгжүүлэлтийн газрын дарга 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа “Нярав” гэсэн ажлын байранд гэрээ байгуулсан байх боловч түүний дараагийн буюу 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр, 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр, 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр тус тус хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа “Нярав-үйлчлэгч” гэх нэр томъёо хэрэглэсэн байх агаад түүний ажил үүрэгт нь “конторын цэвэрлэгээг хариуцах” гэж тусгасан байна.
Түүнчлэн “Нярав – үйлчлэгч”-ийн ажлын байрны тодорхойлолтод “конторын өрөөний цэвэрлэгээг тогтмол хийх” гэж тус тус тусгасан атлаа зохигчдын тайлбараар Д.Бадрах тухайн ажил үүргийг гүйцэтгэж байгаагүй болох нь тогтоогдож байна.
Хэдийгээр тус газрын бүтэцэд “Нярав-үйлчлэгч” гэсэн ажлын байр байгаа, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт зэрэгтээ тухайн ажилтны гүйцэтгэх ажил үүргийг зааж өгсөн атлаа тушаал гарган ажилд авахдаа “Нярав” хэмээсэн нь ажил олгогчийн буруутай үйл ажиллагаа бөгөөд үүнийг үндэслэн “Уг орон тоо байхгүй” хэмээн Д.Бадрахтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлгүй байна.
3. Мөн хариуцагч “Д.Бадрах ажилдаа хайнга хандаж, дутагдал гаргасан нь санхүүгийн хяналт шалгалтаар тогтоогдсон” гэх тайлбарыг гаргажээ.
Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 34/01 тоот танилцуулгын 8 дахь заалтыг хариуцагч шийдвэрийнхээ үндэслэл болгосон байх ба уг заалтаас үзэхэд “Сумны зарцуулалтад тавих хяналт сул, илүү зарцуулалт их, шаардах хуудас баталгаажуулдаггүй, замын хуудсанд хэрэглэгчийн гарын үсэг зурагдаагүй” гэх мэтийн зөрчил дутагдал илэрсэн хэмээн дурдсан байна.
Өөрөөр хэлбэл, дээрх ялимгүй зөрчил, дутагдлыг тухайн байгууллага дотооддоо зохицуулалт хийх замаар шийдвэрлэх бүрэн боломжтой байх бөгөөд Д.Бадрахыг ажлаас чөлөөлөх хэмжээний “ноцтой” зөрчилд хамаарахгүй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Бадрахыг Увс аймгийн Улаангом сумын Хот тохижилт үйлчилгээний газрын нярав-үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Бадрах нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Хот тохижилт үйлчилгээний газраас 70.200 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Борлууд овогтой Даваагийн Бадрахыг Увс аймгийн Улаангом сумын Хот тохижилт үйлчилгээний газрын нярав-үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Бадрах нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Хот тохижилт үйлчилгээний газраас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА