Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 332

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 3-26 тоотод оршин суух, 1992 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ92121843, Ольд овогтой Цогбатын Мэндбаярын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 46-60 тоотод оршин суух, 1992 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар УУ92102310, Алтжин овогтой Сандагсүрэнгийн Цогтбаатарт холбогдох,

           Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Мэндбаяр, хариуцагч С.Цогтбаатар /цахимаар/, нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч Ц.Мэндбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 2011 оны 11 дүгээр сард С.Цогтбаатартай танилцаж байсан. 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүү Ц.Эрдэмтөгс төрсөн. Цаашид С.Цогтбаатартай хамтран амьдрах боломжгүй болсон тул С.Цогтбаатарын хүү болох Ц.Эрдэмтөгсөд хуулийн дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү. С.Цогтбаатартай 5-н жил хамтран амьдрах хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд хүү Эрдэмтөгс нь эхийн нэрээр овоглож явдаг болно. Одоо хүүтэйгээ хоёулаа эцэг Цогтын гэрт амьдарч байгаа” гэжээ.   

          Хариуцагч С.Цогтбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч талын шаардлагыг Гэр бүлийн тухай хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Миний бие Улаанбаатар хотод эцэг Сандагсүрэнгийн гэрт нэхэмжлэгч Ц.Мэндбаяртай 2012 оноос хойш 4-н жилийн хугацаанд хамт амьдарч байсан нь үнэн. Уг хугацаанд Ц.Мэндбаяр нь жирэмсэлж, 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүү М.Эрдэмтөгс /УУ16240892/ мэндэлсэн. Хариуцагч миний бие М.Эрдэмтөгсийг өөрийн хүү мөн болохыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч талтай ямар нэгэн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийн маргаангүй. Хэдийгээр цаашид Ц.Мэндбаяртай хамтран амьдрах боломжгүй болсонч өөрийн хүү М.Эрдэмтөгсийн хувьд эцэг байх эрхээ хадгалан авч үлдэх хүсэлтэй байна. Ц.Мэндбаяртай харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрийн хүүхэдтэй уулзан, тэжээн тэтгэх болмжийг маань хяргаарлахгүй, ямарваа нэгэн тохиолдолд хяргаарлах саад учруулахаас сэргийлж өгөхийг хүсье. Одоогоор би Монгол Улсын Тогнуулын ерөнхий газарт ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар хотод хажуу өрөө түрээслэн амьдарч байна. Ажлын шаардлагаар шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа тул шүүх бүрэлдэхүүн миний энэ байдлыг харгалзан үзэж шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох үүргээс чөлөөлж өгнө үү. Мөн тэтгэлэгийн хэмжээ болон хэлбэр хугацаа Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 41.1.1, 41.2.1 дэх заалтын дагуу олгох боломжтой байна” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Ц.Мэндбаяр нь хариуцагч С.Цогтбаатарт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

        Хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, өрхийн эмчийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргийг судлан үзэхэд хэдийгээр Ц.Мэндбаяр, С.Цогтбаатар нар нь гэрлэлтээ албан ёсоор бүргүүлээгүй боловч 2012-2016 оны хооронд гэр бүлийн харилцаатай байсан, тэдний дундаас 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүү Ольд овогтой Мэндбаярын Эрдэмтөгс /регистрийн дугаар УУ16240892/ төрсөн болох нь тогтоогдож байна.

           Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү М.Эрдэмтөгсийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.Цогтбаатараар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Мэндбаяр нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч С.Цогтбаатараас хүүхдийн тэтгэлэгт ногдох 28.282 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах зүйтэй байна.

        Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол тэдний хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдав.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Ольд овогтой Мэндбаярын Эрдэмтөгсийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг  Алтжин овогтой Сандагсүрэнгийн Цогтбаатараар тэжээн тэтгүүлсүгэй.

            2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол тэдний хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Мэндбаяр нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч С.Цогтбаатараас 28.281 /хорин найман мянга хоёр зуун наян нэг/ төгрөгийг гаргуулж улсын орлогод буюу Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ГЭРЭЛТУЯА