| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00288/и |
| Дугаар | 338 |
| Огноо | 2017-04-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 338
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 13-11 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ62012753, Дарни овогтой Хөххүүхэний Бямбаагийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Бямбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Бямбаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1962 онд төрсөн, 55 настай, ам бүл 3. 1978 онд 8 дугаар ангиа төгссөн, Техник мэргэжлийн сургуулийг 1980 онд төгсөөд Барилга угсралтын трестэд 1980 оны 7 дугаар сард шаварчин, будагчнаар ажилд орсон. Одоо тэтгэвэрт гарах нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр шатсан учир шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шардлагатай болсон. Иймд миний 1980 оны 7 дугаар сараас 1993 оны 6 дугаар сарыг хүртэл хугацаанд Барилга угсралтын трестэд шаварчин, будагчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Бямбаа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
- ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн 1984 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 295 дугаар “Барилгачидын баярыг тохиолдуулан тэргүүний ажилчдыг шагнах тухай” тушаалын хавсратын 86 дугаарт Хөххүүхэн Бямбаа гэжээ,
- Улсын барилга хорооны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 687 дугаар “Жилийн ажиллагааны үр дүнгээр шагнал олгох тухай” тушаалын хавсралтын 100 дугарт Х.Бямбаа гэжээ,
- Улсын барилга хорооны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 723 дугаар “Жилийн ажиллагааны үр дүнгээр шагнал олгох тухай” тушаалын хавсралтад Хөххүүхэн Бямбаа гэжээ,
- Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн цалингийн тодорхойлолтод Увс аймгийн Улаангом сумын Барилга угсралтын трест, Барилга биржид шаварчнаар ажиллаж байсан Хөххүүхэний Бямбаагийн 1980 оны 7 дугаар сараас 1981 оны 6 дугаар сарыг дуустал, 1982 оны 1 дүгээр сараас 1993 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн,
- 1980 онд Нефтийн барилгад ажилласан хамт олны гэрэл зураг,
- 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 34 дугаар Улсын бүртгэлийн лавлагаанд “Барилга бирж” УҮГ нь 1992 оны 3 дугаар сарын 14-нд улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэжээ,
- Гэрч М.Оюунхүүгийн: “Намайг Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1985 онд засалчнаар ажилд ороход Х.Бямбаа нь тухайн байгууллагад шаварчин будагчнаар ажиллаж байсан. Бид хамтдаа нэг байгууллагад ажиллаж байсан учраас нэгнээ сайн мэднэ. Барилга угсралтын трест нь 1992 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Барилгын бирж нэртэй болсон бөгөөд миний бие Барилгын биржид үйлчлэгчээр 1995 он хүртэл, Х.Бямбаа нь үргэлжлүүлэн шаварчин будагчнаар 1993 он хүртэл ажилласан юм. Тухайн үед Барилга угсралтын трестийн даргаар Т.Батзул, С.Ургамал, Н.Нүүнээ гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
- Гэрч Д.Одонгийн: “Миний бие Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1980 оноос 1993 он хүртэл засалчнаар ажиллаж байсан юм. Намайг тус байгууллагад ажиллаж эхлэхэд Х.Бямбаа нь мөн адил тус байгууллагад 1980 оноос эхлэн шаварчин будагчнаар ажиллаж эхэлсэн. Бид хамтдаа нэг байгууллагад ажиллаж байсан учраас нэгнээ сайн мэднэ. Барилга угсралтын трест нь 1992 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Барилгын бирж нэртэй болсон бөгөөд Х.Бямбаа нь 1993 оны 6 дугаар сар хүртэл шаварчин будагчнаар ажилласан юм. Тухайн үед Барилга угсралтын трестийн даргаар Т.Батзул, Барилгын биржийн даргаар Эрдэнэбилэг гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
- Гэрч М.Оюунхүү, Д.Одон нарын иргэний үнэмлэхний болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд зэрэг баримтууд болно.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Х.Бямбаагийн 1980 оны 7 дугаар сараас 1981 оны 6 дугаар сарыг дуустал, 1982 оны 1 дүгээр сараас 1992 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестэд, 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилгын биржид тус тус шаварчин, будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Бямбаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Дарни овогтой Хөххүүхэний Бямбаагийн 1980 оны 7 дугаар сараас 1981 оны 6 дугаар сарыг дуустал, 1982 оны 1 дүгээр сараас 1992 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестэд, 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилгын биржид тус тус шаварчин, будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Бямбаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА