Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ/480

 

 

 

 

 

 

 

2020       05          19                                   2020/ШЦТ/480

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр, даргалж, шүүгч С.Оюунчимэг, Б.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Э.Оюунтунгалаг,

Иргэдийн төлөөлөгч Х.Цэдэн-Иш,

Гэрч Л.Т, С.С, Г.Г, А.Б

Шинжээч Б.Ариунзул,

            Шүүгдэгч Б.А түүний өмгөөлөгч Л.Баярсайхан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн А овогт Б А холбогдох эрүүгийн 2017 2502 0469 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 08-ны өдөр, Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 15 дугаар гудамжны 35 тоотод оршин суух, А овогт Б А, /РД:********/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Б.А нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамжны 504б тоот хашаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам тавьж, бэр дүү Г.Г хэвлийн тус газарт нь хөлөөрөө өшиглөж, зодож хэвлийн битүү гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас 2017 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө иргэн Г.Г амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт “... 2017 оны 02 дугаар сарын хорин хэдэн буюу өвөл гадаа хүйтэн байсан тул гэр рүүгээ харих замдаа эхнэртэйгээ 0.33 литрийн архи хувааж уугаад явсан. Гэрт очиход талийгаач болон хүү Е нар байсан. Тэгээд би эхнэртэйгээ жаахан маргалдсан ч тухайн үед би талийгаачтай маргалдаж гар хүрээгүй...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баярсайхан шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгчийг бага насны хүүхэд Ч, Э буюу Е, энэхүү хэрэгт яллагдагчаар татагдаж байсан Б гэх 3 хүний мэдүүлгээр тухайн гэмтлийг А учруулсан гэж яллаж байна. Нэгдүгээрт Б нь боловсролгүй буюу бичиг үсэггүй, түүнээс гэрчээр авсан мэдүүлэг нь илт худал байна. Э мэдүүлэхдээ “талийгаачийг А өшиглөсөн” гэж мэдүүлдэг. Гэтэл Э нь тэр шөнө Б, Г явсан тухай мэдүүлээгүй. Гэтэл Б мэдүүлэхдээ бид 3 хамт хогоо хэд хэдэн удаа авчирч асгасан гэж мэдүүлдэг. Мөн Э нь тухайн өдөр хэнтэй явж байснаа санахгүй, ямартай ч 3-лаа явж байсан гэж мэдүүлдэг. Тэрээр архины хамааралтай сэтгэц нь эрүүл үгүй нь мэдэгдэхгүй хүний мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Б нь талийгаачтай 2 удаа бэлгийн харицаанд орсон гэж гэрчээр мэдүүлэг өгсөн. Үүнийг яллах дүгнэлтэд дурдах боломжгүй гэж үзэж байна. Харин Ч нь мэдүүлгийн эх сурвалж, цаг хугацааг тодорхой зааж чадахгүй байна. Түүний мэдүүлэгт “доороос нэг эгч ирэхдээ тортой барьж ирсэн зүйлээ тавиад гүйсэн” гэж мэдүүлдэг. Гэтэл Г нь тортой зүйл бариагүй ганц памперс кармендаа хийж авчирсан гэж мэдүүлдэг. Ч хамт байсан А асуухад хүйтэн, дулаахан байсан эсэхийг санахгүй байна. Гэхдээ манай хүүхэд тийм орой болтол гадаа тоглодоггүй гэж түүний ээж мэдүүлсэн. Гэрч С мэдүүлэхдээ “талийгаачтай маргалдсан шинж байгаагүй, мах янзлаад сууж байсан” гэж мэдүүлдэг. Ингээд боль унт гэж хэлээд гарсан байдаг. Хэрэв хүүхдийн ярьсан зүйл шиг зодоон болсон бол сонсогдох боломжтой гэж Б мэдүүлсэн. Мөн гадаа хүйтэн цастай байсан тухай Б, С нар мэдүүлдэг. Гэтэл хүүхэд гадаа элсэн дээр тоглох боломжгүй, тэрээр өмнө нь болсон зүйлийг мэдүүлсэн байх боломжтой байна. Иймд түүнийг мэдүүлэг болон Эын мэдүүлэг зэргийг нотлох баримтаас хасуулах саналтай байна. Учир нь Шараа мэдүүлэхдээ “талийгаачийг гэртээ маргалдсан ч цовоо сэргэлэн ирсэн” ингээд тэр 3 хогоо түүх гээд явахад би ганцаараа үлдсэн гэж мэдүүлснээр Б мэдүүлэг худал болох нь тогтоогдож байна. Хэрэв талийгаач гэмтэл авсан тухай траншенд хэлсэн бол Шараа сонсох боломжтой. Мөн гурвуулаа явж байгаад хэлсэн бол Б сонсох боломжтой байсан. Миний тооцоолсноор 42 цагийн дараа талийгаач нас барсан байх боломжтой байна. Гэрч нарын мэдүүлгүүд эргэлзээтэй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б асуулт асуугаагүй байхад тэрээр “би цохиж өшиглөөгүй” гэж мэдүүлсэн нь юуг нотлох гээд ингэж мэдүүлсэн нь эргэлзээтэй байна. Гэрч нарын  мэдүүлгүүдээр талийгачийг архи уусан гэх боловч энэ нь шинжээчийн дүгнэлтээр няцаагдсан. Мөн Цэргийн төв эмнэлгийн албан тоотод “бичиг баримтгүй хүнд үйлчлэх ёстой” гэж дурдсан. Тэгэхээр тухайн өдөр талийгаачийг хүлээж аваагүй эмчийг энэхүү хэрэгт давхар яллагдагчаар татагдах хэрэгтэй байсан...” гэжээ.

Гэрч Л.Т шүүхийн хэлэлцүүлэгт “...Түргэний эмч эмнэлэг хүртлэх тусламж үзүүлдэг. Ингээд эмнэлэгт хүргэж өгөхөд эмнэлэг хүлээж аваагүй. Мөн өвчтөн нь тусламж авахаас татгалзаад зугтаад яваад өгсөн. Эмнэлэг ямар учраас хүлээж аваагүй вэ гэдгийг мэдэхгүй, миний хувьд зөвхөн эмнэлэг хүрэх хүртэлх арга хэмжээг яаралтайгаар авдаг...” гэжээ.

Гэрч С.С шүүхийн хэлэлцүүлэгт “... Намайг гэрт нь ороход ямар нэгэн зодоон цохион болсон зүйл ажиглагдаагүй...” гэжээ.

Гэрч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт “... А нь амьдрал ядуу байхад надтай нийлж архи уулаа гээд маргалдсан. Уг маргааныг болиулахын тулд хажуу айл руу орсон...” гэжээ.

Гэрч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...Тухайн үед манай ойр хавьд ямар нэгэн зодоон цохион болсон гэх дуу чимээ гараагүй...” гэжээ.

Шинжээч Б.Ариунзул шүүхийн хэлэлцүүлэгт “...Талийгаачийн чацархай нь босоо байрлалтай 19 см урттай урагдалттай байсан. Ерөнхийдөө эмэгтэй хүний дэлүүний урт нь 10, өргөн нь 6 см урттай байдаг. Харин дэлүүд ямар нэгэн шарх үүссэн тохиолдолд цус шүүрнэ. Дэлүүний язралт гэмтэл нь хөдөлгөөний улмаас нэмэгдэхгүй. Алдах цусны хэмжээ ихсэх тутам шоконд орж цусны бүлэгнэх систем ихсэж цус шууд урсаж эхэлнэ. Гэмтэл аваад цус шүүрээд яваад байна. Ингээд шоконд орж ухаан алдана. Уг явцад үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Талийгаачид учирсан гэмтэлд өвдөлтийн зовуурь илэрнэ. Шокын байдалтай хэр удаан явсан гэдгийг тогтоох боломжгүй. Гэмтэл авмагц хэвлийгээр хүчтэй өвдөх, дотор муухайрах, хэвлийн булчингийн чангарлын шинж тэмдэг илэрнэ. Тухайн эрхтэн урагдаж гэмтсэн бол хэвлийн хөндийд цус шүүрч эхэлнэ. Хэвлийн хөндийн цус нэг хэмжээгээр шууд пал хийтэл гарахгүй аажим, шүүрэх хэлбэрээр гарч хэвлийн хөндийд цус хуримтлагдахаас гадна чацархайн урагдалтаас болж өөх рүү цус шингэнэ. Түүнээс гадна ходоодны арын зайд цусан хураа үүссэн байна. Ус алдсан хугацааг хэвлийн хөндийд 1.5 литр эзэлсэн, чацархайд нэвчих хэмжээ, ходоодны арын зайнд нэвтчих хугацааг хэдий хугацаанд үүснэ гэдгийг нарийн тогтоож чадахгүй. Ямартай ч хүний биед эргэлдэх цусны хэмжээ нь 5 литр байдаг. 2-2.5 литр байвал хүн шокын байдалд орно. Ингээд 3 литр хэмжээнд хүрвэл хүнд шокын байдалд орж ухамсарт ухаанаа алдаж амин чухал эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагдаж нас бардаг...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянавал:

      

НЭГ: Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамжны 504б тоот хашаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам тавьж, бэр дүү Г.Г хэвлийн тус газарт нь хөлөөрөө өшиглөж, зодож хэвлийн битүү гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас 2017 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө иргэн Г.Г амь насыг хохироосон болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Үүнд:

  1. 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд "...хэрэг учрал болсон гэх газар нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...Монгол Улсын Их сургуулийн гадаад оюуны байр гэх цагаан, ягаан өнгийн 4 давхар барилгын зүүн талд байрлах эвдэрхий төмөр хашаа байх ба ....хашааны хаалганаас 6 м зайд дулааны худаг траншей/...баруун хэсэгт эмэгтэй хүний цогцос байна. ..." гэх, хэргийн газрын үзлэгийн схем зураг, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 6-13/-р тал,
  2. Цогцосны гадна үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 16-19 дүгээр хуудас/
  3. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Г "... би 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр мэдээлэл авсан. ...талийгаач Г нь миний төрсөн дүү юм. Өөрийн гэсэн гэр орон байхгүй, 2012 оноос хойш эгч өөрийн эгч Г.Г амьдарч байгаа. Траншейнд байсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/-р тал,
  4. Мөрдөн шалгах ажиллаганы явцад гэрч Д.М "... Би 2017 оны 02 дугаар сарын 21-ний өглөө гэрээсээ гараа Далай ахын байдаг оюутны байрны траншейнд очтол шар ганцаараа унтаж байсан. Би замдаа жаахан хог түүгээд Бүжин дэлгүүр дээр очтол Е, М ах, Б ах, талийгч Ч, Т нар байсан. Тэнд байж байтал талийгч Ч татаж унаад, түргэн дуудаад түргэн ирээд аваад явсан. Би согтоод унтаад өгсөн байсан нэг мэдсэн шөнө Ч миний хажуугаар ороод ирсэн байсан. Шөнө Ч Т ах миний гэдсээр өвдөөд байна гэхээр нь би өөдөөс нь тоглоод чи бөө гээ биз дээ өөрийнхөө өвчнийг эдгээж чаддаггүй юм уу гээд юм яриад байж байтал холливууд баарны хөгжим зогсоод хааж байгаа нь мэдэгдсэн. Өглөө нь унтаж байгаад 10 цагийн үед сэрээд түүсэн саваа тушаахаар М, Т бид 3 явсан. Б ах, Е 2 согтуу явж чадахгүй Ч дуу нь гарч чадахгүй чимээгүй байгаад үлдсэн. Тэгээд түүсэн саваа тушаагаад 10 орчим мянган төгрөгтэй болоод 2 шил архи аваад буцаад траншейн дээрээ иртэл Ч татаж унаад байх шиг байсан. Тэгээд Б ах бид 2 өргөж гаргаад жаахан агаар амьсгалуулаад буцаад өргөж оруулж ирсэн. Ч 100 татах уу гэхэд үгүй гэсэн. М ах намайг түргэн дууд гэхээр нь би оюутны байрны хамгаалагчид очиж хэлээд түргэн дуудчихаад эргээд иртэл Ч траншейны гадна хэвтүүлсэн байсан. Тэгээд би хэсэг зуур согтсон байсан юу болсныг мэдэхтүй байсан чинь түргэн, цагдаа нар ирсэн байсан. Ч үзээд нас барсан байна гэсэн. Бидний хувьд хоорондоо маргалдсан болон муудалцсан зүйл огт болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/-р тал,

 

Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Б эгчийн дэлрүүрлүү тамхи авах гээд ороход Ч чинь үхчихсэн юм биш үү, цагдаа нар зургийг нь үзүүлээд яваад байна, гадаад оюутны байрлуу яваад юу болсон талаар мэдээдэх, өчигдөр манай дэлгүүрийн гадна татаж унаад түргэн ирээд аваад явсан гэж хэлсэн. Ч 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр надтай таарахдаа ах, эгч хоёртойгоо муудалцаад гэрээсээ хөөгдөөд гараад ирсэн, дахиж тэднийд очиж хүүхдүүдийг нь харахгүй гэж ярьж байсан. 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Бүжин дэлгүүрийн урд Ч хүргэн ах А ирээд “... чи хүүхэд айлд очиж хаялаа гэж уурлаад салтаа руу нь өшиглөж байсан. Би тэр өдрийг яаж сайн санаад байна гэх юм бол 02 дугаар сарын 09-ний өдөр У эгчийн төрсөн өдөр болдог юм. Тэр өдөр У эгчтэй таарахад нөгөөдөр миний төрсөн өдөр болно гэж ярьж байсан. А Ч өшиглөх үед У эгч, Б ах бид 3 харж байсан. Өшиглөснийх нь дараа У эгч очиж хараад салтаа хэсэгт нь язарсан байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/-р тал,

 

Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад “... 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн орой траншейндаа Б ахын хамтаар байж байтал гаднаас Ч, Ш 2 ороод ирсэн. Тэр хоёр орж ирээд үүд хэсэгт унтацгаасан. Ч ирэхдээ эгч С хүргэн ах А нартайгаа муудалцчихаад гэрээсээ хөөгдөөд ирлээ гэж ярьж байсан. Мөн Ч хэлэхдээ хүргэн ах А нь Ч муудалцаад хэвлий хэсэгрүү нь өшиглөчихсөн, хэвлийгээр өвдөөд байна гэж хэлж байсан. 02 дугаар сарын 21-ний өдөр лааз түүгээд тушаахаар Дарь-эхийн дунд буудалд очсон юм. Түүхий эд авдаг газрын хажууд Б гэх эмэгтэйн ажиллуулдаг Бүжин нэртэй дэлгүүрт очиход дэлгүүрийн гадна талийгаач Ч хэвтэж байсан. Хажууд нь Б, М, шар Т, М нар байсан. Тэгээд Б Ч өргөөд Бүжин дэлгүүр лүү оруулсан. Араас нь ороход Б эгч түргэн дуудаж удалгүй ирээд Ч аваад явсан ба Б хамт явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/-р тал,

 

Насанд хүрээгүй гэрч А.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Манай хойд талд нэг ах, эгч 2 жижиг модон байшинд амьдардаг юм. Би А гэх найзтайгаа А гэрийн хашаан дотор элсэн дээр тоглож байхад хүмүүс хоорондоо хэрэлдээд түс тас хийх чимээ гарсан. Тэгэхээр нь би А хашаан дотроос харахад манай гэрийн хойно амьдардаг нэг ах нэг эмэгтэй хүнтэй хэрэлдэж байсан. Тэр ах гэрийнхээ хаалганы тэнд зогсчихсон тэр эмэгтэйг манай гэрээс зайл гэж хэлэхэд тэр эмэгтэй чи яагаад байгаан би орж болохгүй юм уу гээд байсан. Тэгээд тэр эмэгтэй байшингийн хаалганаас хоёр гараараа алдлаад барьчихсан байсан чинь тэр эрэгтэй хөлөөрөө гэдэсрүү нь өшиглөсөн. Гэтэл тэр эмэгтэй хойшоогоо унасан бөгөөд тэр эрэгтэй тухайн эмэгтэйд хандаж чи манайхаас явахгүй бол чамайг алчихна шүү гэж хэлж байсан. Тэр эмэгтэй босч ирээд би орий гэтэл тэр эрэгтэй дахиад цохисон бөгөөд хаашаа нь цохисныг нь би сайн хараагүй. Тэгэж байтал доор замаас нэг эмэгтэй гүйж ирээд чи манайд амьдардаг хүнийг яаж байгаа юм бэ гэж хэлээд гүйж очсон. Тэрнээс хойш юу болсон талаар би сайн мэдэхгүй байна, гадаа харанхуй болж байсан болохоор гэррүүгээ гүйгээд орсон. Тэр эмэгтэйг хаалга алдлаад зогсож байхад чи манайхаас явахгүй бол чамайг ална шүү гээд өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/-р тал,

 

Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Талийгаач Г нь сүүлийн нэг сар гарангийн хугацаанд харагдахгүй байж байгаад 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 11.00 цагийн орчим ирсэн. Тэгэхээр нь би түүнд чи ойрд харагдахгүй архи, дарс уухгүй сайхан болсон байна гэж хэлэхэд эгчийндээ хүүхдийг нь харж байгаад өчигдөр маргалдаад гараад ирсэн гэж хэлж байсан. Хэсэг байж байгаад 89191839 гэсэн дугаарруу залгаад найз нь очоод хэвтэж байх уу бие өвдөөд байна гэж хэлээд гараад явсан. Үдээс хойш 16 цагийн орчим буцаад тонгойгоод эвхрээд ороод ирсэн. Тэгээд би чи яачихваа гэж асуухад эндээс нэг юм татаад байна гээд хэвлий хэсэгрүүгээ заасан. Тэгэхээр би олгой байж магадгүй байж бай гээд түргэн дуудсан. Тэгээд байж байтал дотор бүгчим байна гэж хэлээд гарсан бөгөөд манай дэлгүүрийн гадна сөхрөөд унах шиг болсон. Хэсэг байж байгаад хартал буцаж орж ирээд паарны хажууд сууж байсан. Тэгээд түргэний эмч ирээд Б хамт суугаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 66/-р тал,

 

Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Бүжин дэлгүүр дээр 18.00 цагийн орчим очиход талийгаач Ч дэлгүүрийн үүдэнд талбай дээр куртикээ тайлчихсан дээшээ хараад хэвтэж байсан. Тэгэхээр нь авч явсан ундааны савтай архиа өгөөд уучих гэсэн чинь хажууд байж байсан Эба гэдэг залуу ундаа барьж гарч ирээд өгтөл талийгаач эхлээд миний барьж ирсэн архинаас уугаад тэгээд ундааг уугаад дуусгасан. Тэгээд Эба бид 2 талийгаачийг өргөж дэлгүүрлүү оруулаад паарны хажуугаар суулгаад дэлгүүрийн эгчээс цай хийгээд өгчих гэтэл цайгаа чанаагүй байна гэж хэлсэн. Тэгээд дэлгүүрийн эгч түргэн дуудсан бөгөөд биднийг хүлээж байхад Т, Е, М нар 100 айлаас хогоо түүгээд ирцгээсэн. Тэгээд бид архи авч уух гээд байтал түргэн ирээд талийгаачийг үзээд эмнэлэгрүү авч явна гэж хэлсэн. Тэгээд хамт явах хүн байна уу гэхээр нь би хамт явна гэж хэлсэн. Түргэний эмч госпитал гэдэг эмнэлэг дээр очоод буулгаад эмнэлэгрүү оруулаад үүдэн дээр байх сандал дээр суулгаад цаашаа өгөх гэтэл эмнэлгийн эмч ийм хог түүдэг хүмүүсийг манайх авахгүй, Энэрэл эмнэлэгрүү аваачиж өг гэсэн бөгөөд тэр үед түргэний эмч бид 2-ыг Энэрэл гэдэг эмнэлэгрүү хүргэж өгнө гэхэд талийгаач явахгүй гэсэн. Тэгээд бид 2 тэндээсээ гараад автобусанд суугаад зуун айлруу очоод хог түүж олсон 4500 төгрөгөөр 0.75 литрийн Найрсаг гэх нэртэй архи аваад эмнэлгийн хашаан дотор уугаад сууж байтал талийгаач Б ах та эмнэлэгрүү ороод нэг ширхэг өвчин намдаах эм аваад өг гээд гуйхаар нь би эмнэлэгрүү яваад ортол тухайн эмнэлэг ширхэгээр эм өгөхгүй гээд би тухайн эмнэлгийн хамгаалагчтай муудалцаад гарч явсан. Тэгээд тэндээсээ З ах өөрийнхөө траншейнрүү яваад талийгаач бид 2 МУИС-ын гадаад оюутны байрны гадна байрлах траншейнд очтол Е, М, Т, Т дөрөв ирчихсэн байж байсан. Тэгээд бид нар бүгд миний траншейнд ороод унтацгаасан бөгөөд нэг мэдэхэд өглөө болчихсон М, Т, Т гурав явчихсан Е үүдэнд хэвтэж байсан. Тухайн үед талийгаач траншейны амсар дээр гараад суучихсан хөлөө унжуулаад сууж байсан. Тэгээд би Е явах уу гэхэд түр байж нөгөө хэд ирнэ гэж хэлээд байж байтад удалгүй М, Т, Т гурав ирсэн бөгөөд ирэхдээ 2 ширхэг 0.75 литрийн Найрсаг гэх архийг авч ирсэн. Тэгээд бид траншейнаас гараад авчирсан архиа уусан бөгөөд талийгаач уухгүй гээд траншейн дотор хэвтэж байсан бөгөөд үе үе ухаан алдаж унаад байх шиг байсан. Тухайн үед М ах орж талийгаачийг сэрээж байсан бөгөөд талийгаач гарч ирээд өөрийнхөө хар куртикийг дэвсээд жоохон хэвтээдхье гэж хэлээд хэвтсэн бөгөөд удалгүй нас барсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/-р тал,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №475 дугаартай дүгнэлтэд “... Дэлүүний дээд хэсэгт 5х3 хэмжээтэй хальс язарч урагдсан. Уг хэсэгт болон ходоодны арын хэсэг дэх зайд 650 гр хар хүрэн өнгийн бүлэн хурсан байв. Чацархайд босоо байрлалтай 19 см урагдалттай, уг урагдалт гэмтлийг даган чацархайд хар хүрэн цус хурсан байв. Хэвлийн битүү гэмтэл, дэлүү чацархайн урагдал, няцрал, хэвлийн хөндий дэх цусан хураа, дотор эрхтнүүдийн цус багадалт, тархи уушигны хаван бүсэлхийн баруун хажуу хэсэг, баруун гуяны зулгаралт, баруун шилбэний шархлаа гэмтэл тогтоогдлоо. Г.Гийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Г.Г нь хэвлийн битүү гэмтлийн улмаас дотуур цус алдаж, зүрх судас, амьсгалын дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 79-81/-р тал,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №825 дугаартай дүгнэлтэд “... 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №475 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Дэлүүний язрал, чацархай урагдал гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дэлүүний болон чацархайн урагдал гэмтлийн үед эрхтэн тус бүрээс хэвлийн хөндийд цус алдалт үүсч цус алдалтын шок үүсгэсэн байх тул аль аль нь үхэлд хүргэсэн гэмтэл болно...” гэх дүгнэлт /хх-ийн 105-107/-р тал,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №212 дугаартай “... Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн №475 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Хэргийн материалаар гаргасан №825 дугаартай дүгнэлтийн 1, 2, 4 дүгээр заалтууд үндэслэлтэй байна. Гийн цогцогст тогтоогдсон дэлүүний язрал, чацархайн урагдалт гэмтэл нь нас барахаас өмнө 18 цагийн дотор үүсгэгдсэн байх боломжтой ба үүсгэгдсэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх дэлүүний язрал, чацархайн урагдал гэмтэл аль аль нь мохоо зүйлийн тухайлбал өшиглөх, дэвсэхэд үүсэх боломжтой. Унахад үүсэх боломжгүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 165-167/-р тал,

Насанд хүрээгүй гэрч А.Ш мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 125-126/-р тал,

Шинжээч эмч М.Э мэдүүлэг /хх-ийн 85-86/-р тал,

Шинжээч эмч Ц.Ганболдын мэдүүлэг /хх-ийн 111-112/-р тал болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбар, хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, тухайн баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.А зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт “... Би эхнэртэйгээ маргалдсан ч талийгаачтай маргалдаж, гар хүрсэн зүйл болоогүй...” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “... Шүүгдэгч Б.А нь талийгаачийг цохьсон гэх үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож чадаагүй тул, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.

 

Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн тухайн санал, хүсэлтүүдийг үнэн зөвд тооцож үнэлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн тухайд шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэгт үндэслэн ял халдаах гэж байгаа талаар,

Мөн гэрч Б ямар ч мэдлэг боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй учраас түүнээс авсан мэдүүлэг нь илт худал байгаа талаар дурдсан байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч А.Ш мэдүүлэхдээ “... Би А гэх найзтайгаа А гэрийн хашаан дотор элсэн дээр тоглож байхад хүмүүс хоорондоо хэрэлдээд түс тас хийх чимээ гарсан. Тэгэхээр нь би А хашаан дотроос харахад манай гэрийн хойно амьдардаг нэг ах нэг эмэгтэй хүнтэй хэрэлдэж байсан. Тэр ах гэрийнхээ хаалганы тэнд зогсчихсон тэр эмэгтэйг манай гэрээс зайл гэж хэлэхэд тэр эмэгтэй чи яагаад байгаан би орж болохгүй юм уу гээд байсан. Тэгээд тэр эмэгтэй байшингийн хаалганаас хоёр гараараа алдлаад барьчихсан байсан чинь тэр эрэгтэй хөлөөрөө гэдэсрүү нь өшиглөсөн...” талаар дурджээ.

 

Насанд хүрээгүй гэрчийн тухайн мэдүүлгийг үгүйсгэх, няцаах үйл баримт болон нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй, түүнчлэн бага насны хүүхдийн тухайд өөрийн харсан, үзсэн зүйлээ ямар нэгэн хачиргүйгээр мэдүүлсэн түүнчлэн түүний мэдүүлсэн “... А хашаан дотроос харахад манай гэрийн хойно амьдардаг нэг ах нэг эмэгтэй хүнтэй хэрэлдэж байсан. Тэр ах гэрийнхээ хаалганы тэнд зогсчихсон тэр эмэгтэйг манай гэрээс зайл гэж хэлэхэд тэр эмэгтэй чи яагаад байгаан би орж болохгүй юм уу гээд байсан. Тэгээд тэр эмэгтэй байшингийн хаалганаас хоёр гараараа алдлаад барьчихсан байсан чинь тэр эрэгтэй хөлөөрөө гэдэсрүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлгийг үнэн зөвд тооцож үнэлэхгүй байх болон үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Б гэрчээр мэдүүлэг авахдаа 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлүүдэд заасан гэрчийн эрх үүргийг тайлбарлаж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан болох нь тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ...” гэж заажээ.

 

Хэдийгээр болсон үйл явдлын талаар шууд заан мэдүүлж байгаа гэрч нь насанд хүрээгүй хүүхэд байгаа хэдий ч хуульд гэрчийн насны талаар болон бичиг үсэг мэдэхгүй хүнээс гэрчийн мэдүүлэг авах талаар тусгайлсан ямар нэгэн зохицуулалт тусгаж өгөөгүй байгааг дурдах нь зүйтэй.

            Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэрч Э мэдүүлгийг үнэн зөвд тооцож үнэлэх боломжгүй, тэрээр архины хамааралтай, сэтгэцийн хувьд эрүүл, үгүй нь мэдэгдэхгүй хүний үгээр бусдыг яллах нь буруу гэх тайлбарыг гаргажээ.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э архины хамааралтай, сэтгэцийн хувьд эрүүл эсэх талаар шалгаж тогтоосон зүйл байхгүй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах эрх бүхий байгууллагад энэ талаар хүсэлт гаргаж шийдвэрлүүлж байсан гэх үйл баримт байхгүй байна.

            Мөн шүүгдэгч Б.А хэрэг гардаг өдөр талийгаачтай маргалдаагүй, түүнийг цохиогүй гэж зөвхөн шүүгдэгч өөрөө болон түүний эхнэр, өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаж байх хэдий ч тухайн үйл баримт нь хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

            Гэрч Б мэдүүлэхдээ “... Хэрвээ насанд хүрээгүй гэрчийн ярьсан шиг зодоон болсон бол бидэнд сонсогдох боломжтой байсан...” талаарх мэдүүлгийг шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбартаа дурджээ.

             Хавтас хэргийн 72-73 дугаар талд гэрч А.Б байцаасан тэмдэглэл авагдсан байх бөгөөд уг тэмдэглэлд өмгөөлөгчийн дээр дурдсан нөхцөл байдлын талаар дурдсан зүйл байхгүй байх бөгөөд зөвхөн тухайн айлын талаар мэдэх зүйлийн талаар ерөнхий мэдээлэл өгсөн болох нь тогтоогдож байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй...” талаар,

            Мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “... Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно...” гэж яллагдагчийн эрхийг тодорхой хуульчилж өгсөн байна.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийн дээрх эрхийг зөрчсөн, аливаа хэлбэрээр хязгаарласан, эрүүдэн шүүсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүх гагцхүү хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбарт тулгуурлан хөндлөнгийн байр суурьнаас хуульд захирагдах зарчимд тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн болно.

            Иймд, дээрх үндэслэлээр шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

            Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол шүүгдэгчээс нэхэмжлээгүй байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Иргэдийн төлөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтэдээ шүүгдэгч Б.А гэм буруугүй гэж дүгнэсэн болохыг тэмдэглэж байна.

           

ХОЁР: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтэдээ “...Шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.А урьдчилан цагдан хоригдсон 06 сар 14 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох...” саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг,

 

Шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “... Хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “... эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журам, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар 07 /долоо/-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний урьдчилан цагдан хоригдсон 06 сар 14 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

ГУРАВ. Бусад асуудлаар:

Шүүгдэгч Б.А нь энэ хэргийн учир 06 сар 14 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. А овогт Б А хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А 07 /долоо/-н жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.А оноглуулсан 07 /долоо/-н жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А урьдчилан цагдан хоригдсон 06 сар 14 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь энэ хэргийн учир 06 сар 14 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ИДЭР

 

ШҮҮГЧИД                                                            С.ОЮУНЧИМЭГ

                                                                             Б.БАТСАЙХАН