| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/0302/и |
| Дугаар | 00491 |
| Огноо | 2017-05-16 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 00491
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 7-13 тоотод оршин суух, Байчууд овогт Доржсүрэнгийн Цэцэгсайхан /РЮ84080300/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох
Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн нийтлэг үйлчилгээний ариутгалын тасгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлтэй 155/2017/0302/и дугаар индекстэй хэргийг 2017 оны 4 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Д.Цэцэгсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цогтбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэцэгсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Цэцэгсайхан би 2017-02-15-ны өдрийн Б/21 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоож, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай
Д.Цэцэгсайхан би 2012 оны 07-р сард Аймгийн нэгдсэн эмнэлэгийн даргын тушаалаар нийтлэг үйлчилгээ ариутгалын тасгийн үйлчлэгчийн албан тушаалд томилогдон 2017-02-17-ны өдөр хүртэл ажилласан. Ажилласан цаг хугацаандаа ямар нэгэн байгууллагын хурал болон тасгийн хурлаар орж арга хэмжээ авахуулж байсан тохиолдол байхгүй.Өөрийн эрхэлж буй ажилдаа чин санаанаасаа хичээн ажиллаж байсан. Гэтэл 2017 оны 02-р сард би өөрийн ажлын байрандаа байж байтал өглөө ахлах сувилагч Сарантуяа нь Мөнхдалай даргыг дуудсан байсан. Гэтэл удирдлагын багийн хурал болох гэж байна 11 цагаас ир гэсэн, хурал 12 болж байхад эхлээд шууд халах тушаал гардуулсан. Хурал дээр юм ч асуугаагүй би ч хоолой зангираад үг ч хэлж чадаагүй шууд тушаал авсан. Уг тушаалын эх хувь болон хөдөлмөрийн гэрээний эх хувь, нийгмийн даатгалын дэвтрийн эх хувь зэргийг надад өгөөгүй байгаа бөгөөд би шүүхийн шатанд эх хувиар нь бүрдүүлэн гаргаж өгөх болно. Би ажилдаа идэвх зүтгэлтэй, нэр төртэйгөөр гүйцэтгэж байсан бөгөөд уг тушаал нь миний хөдөлмөрлөх болон цаашид ажиллаж хөдөлмөрлөх ашиг сонирхлыг маань зөрчсөн хууль бус тушаал гарсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Би сахилгын зөрчил урьд нь гаргаж байгаагүй мөн хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил дутагдал гаргаагүй тул уг тушаалыг хууль бус болохыг тогтоож ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ
Нэхэмжлэгч Д.Цэцэгсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажлаа хийгээд байж байтал арьс хавдрын ахлах эмч Мөнхдалай даргыг дуудуулсан байсан. Нямсүрэн нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан юм. Би тухайн үед хамт ажилладаг хүн болохоор хэлээгүй юм. Мөнхдалай даргатай намайг хамт уусан гэж хэлсэн байсан. Дараа нь удирдлагын хурлаар 11 цагт орсон юм. Хурлаар ортол намайг хамт ууснаа хүлээн зөвшөөрч байна уу гэж асуухад би дуугарч чадаагүй юм. Эрдэнэбаатар дарга хөдөлмөрийн гэрээн дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүн ямар арга хэмжээ авахуулдаг билээ гэж надад хэлсэн. Би тухайн үед нүдний нулимс цийлгэнээд юм хэлж чадаагүй... гэв.
Хариуцагч “Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг”-ийн дарга С:Чагнаадорж шүүхэд гаргасан тайлбартаа: Доржсүрэн овогтой Цэцэгсайхан нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны шөнө ээлжийн ажлаа гүйцэтгэж байхдаа хамт ээлжинд гарч байсан сувилагч Нямсүрэнтэй ажлын байрандаа архи уусан. Үүнийг тасаг нэгжийнхэн нь судалж, 2017 оны 02 дугаар сарын 07-нд НҮАТасгийн ахлах сувилагчийг оролцуулан арьс хавдрын тасгийн ажилчдын хурал хийж, архи ууснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн. Мөн чанарын албаны дарга хяналт үнэлгээ хийж 2017 оны 02 дугаар сарын 16-нд Удирдлагын багийн хурлаар хэлэлцэж ажлын байранд архи уусан нь батлагдсан. Өөрөө архи ууснаа хүлээн зөвшөөрсөн учир хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн учир ажлаас чөлөөлсөн болно гэжээ.
Мөн хариуцагч” Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг”-ийн” итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхсайхан хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаан дээр Д.Цэцэгсайхан үйлчлэгчийн асуудлыг хэлэлцэхээр ирсэн юм. 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр удирдлагын багийн хурлаар нэхэмжлэгчийг ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэсэн асуудлаар хэлэлцэхдээ чанарын албаны оруулж ирсэн саналын дагуу хэлэлцсэн юм. Чанарын албанаас ямар санал оруулж ирсэн бэ гэхээр арьс хавдрын тасаг дээр ээлжийн сувилагчаар хонож ажиллаж байсан Нямсүрэн, ээлжийн үйлчлэгч Д.Цэцэгсайхан нар ажлын байран дээр архидан согтуурч шөнийн эмчилгээ үйлчилгээг тасалдуулж, эмнэлэгийн үйлчилгээнд доголдол, дутагдал гаргасан байна гэсэн асуудлаар хэлэлцсэн юм. Хурал дээр чанарын албанаас оруулж ирсэн хяналт хийсэн баримтуудыг арьс хавдрын тасгаас хамт олны хурал хийсэн тэмдэглэлийг танилцуулсан юм. Хурал дээр би өөрөө хурлын тэмдэглэлийг хөтөлдөг юм. Тухайн өдөр юу болсон бэ гэж асуухад Нямсүрэн, Цэцэгсайхан хоёр юу ч ярихгүй байсан. Нэгдсэн эмнэлэгийн дарга Чагнаадорж та хоёр ажлын байран дээр архи уусан уу гэж асуухад хоёулаа уусан гэж хариулсан байгаа хурлын тэмдэглэл дээр хүртэл тусгагдсан байдаг. Нямсүрэн нь 23 цагийн үед тариа хийгээгүй байсан учраас арьсны тасгийн хавдрын хөнгөвчлөх эмчилгээтэй хэсгээс өвчтөнүүд нь чанарын албанд гомдол гаргасан байсан. Шалгаад үзэхэд эмчилгээ тасарсан байсан. Эмнэлгийн байр эмх замбараагүй байдалд байсан гэсэн үйлчлүүлэгчийн гомдол байдаг юм. Тухайн үед юу болсон бэ гэхээр Нямсүрэнгийн найз 23 цагийн үед ирээд Цэцэгсайханыг дуудаж гурвуулаа согтууруулах ундаа хэрэглэсэн гэж Нямсүрэн тайлбартаа хэлсэн байдаг юм. Цэцэгсайхан нь хурлаар орохдоо юу хийснээ сайн тайлбарлаад хэлэхгүй яасан юм бэ? гэж хэлж байсан. Тэгэхэд Цэцэгсайхан нь би айгаад юм хэлж чадсангүй гэж надад хэлж байсан. Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журманд ноцтой зөрчил гэдгийг юу гэж хэлэх вэ гэхээр ажлын байран дээр ажлын бус цагаар архидан согтуурахыг ноцтой зөрчил гэнэ гэж заасан байгаа учраас журмаа баримтлан ажлаа хийж гүйцэтгэсэн гэж хэлмээр байна. Хөдөлмөрийн гэрээний 4.4.3-д, Хөдөлмөрийн дотоод журмын 12Б-д зааснаар ноцтой зөрчлийг зааж өгсөн байдаг юм. Цаана нь ямар асуудал гарсан бэ гэхээр эмнэлэгийн тусламж доголдсон асуудал байгаа юм. Хавдрын тасагт дөрвөн хүнд өвчтөн байсан. Нэг өвчтөн маргааш нь нас барсан байгаа юм. Хэрвээ тэр нас барсан өвчтөний ар гэр эмчилгээ тасарснаас болж нас барсан гэж гомдол гаргасан бол учир явдал яаж ч эргэж магадгүй байсан шүү дээ. Нэг өвчтөн эмнэлэгээс маргааш нь гарсан байгаа юм. Танай эмнэлэг эмх замбараагүй байна гэсэн шалтгаанаар тиймээс эмнэлэгийн нэр хүндийг унагасан гэж үзээд ноцтой зөрчилд тооцож ажлаас чөлөөлсөн юм гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэцэгсайхан нь хариуцагч Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт холбогдуулан үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч нь Д.Цэцэгсайханыг хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ноцтой зөрчил гаргасан, өөрөө архи ууснаа зөвшөөрсөн учир түүнийг ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журманд ноцтой зөрчил гэдгийг юу гэж хэлэх вэ гэхээр ажлын байран дээр ажлын бус цагаар архидан согтуурахыг ноцтой зөрчил гэнэ гэж заасан байгаа учраас журмаа баримтлан ажлаа хийж гүйцэтгэсэн гэж маргажээ.
Д.Цэцэгсайхан нь Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгийн дарга Данаа овогтой Энхтайвантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлаас чөлөөлөх тухай Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгийн даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/21 дугаартай тушаал, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдов.
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгийн даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/21 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1, 40.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 12.1в дахь заалтыг үндэслэн гаргасан тус байгууллагын үйлчлэгч Д.Цэцэгсайханыг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн баримт болохынхоо хувьд хууль зүйн үндэслэлгүй алдаатай шийдвэр болжээ гэж дүгнэлээ.
Учир нь: 1-рт Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтанд Хөдөлмөрийн гэрээг ажилтан санаачилснаар цуцлахаар заасан байх бөгөөд ажилтан Д.Цэцэгсайхан нь хөдөлмөрийн гэрээгээ цуцлах талаар ямар нэгэн санаачилга гаргаагүй байна.
2-рт Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан бөгөөд ажил олгогчоос ажилтны хөдөлмөрийн гэрээнд ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэхийг ноцтой зөрчил гэж заасан байгаа бөгөөд Д.Цэцэгсайхан нь ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон,өөрөө хүлээн зөвшөөрсөн учир түүнийг чөлөөлсөн гэж тайлбарладаг. Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтууд нь хоорондоо зөрчилдөж байгаагаас гадна Д.Цэцэгсайханы ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоосон баримтгүй байна.
Ажил олгогчоос хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Арьс хавдрын тасгийн хурлын протокол: Хамт олны хурал хийх болсон шалтгаан:..жижүүртэй хоносон сувилагч Б.Нямсүрэн нь ажлын байран дээр архидан согтуурч,Сэтгэц наркологийн тасаг дээр жижүүрт хоносон үйлчлэгч Цэцэгсайхантай хамт тасаг дотор архи ууж... гэж эхэлснээс хойш хурлын туршид зөвхөн сувилагч Нямсүрэнгийн архи хэрэглэсэн түүний ямар байдалтай байсан талаар хэлэлцэж ярилцсанаас өөр Цэцэгсайханд холбогдох үг өгүүлбэр байхгүй байгаа нь,
Уг тэмдэглэлд хурлаар хэлэлцэгдэж байгаа хүмүүсээс асууж тодруулсан зүйлгүй, хамт олны 100 хувийн саналаар удирдлагын багийн хурлаар оруулахаар шийдэв гээд хурлын тэмдэглэлд сувилагч Нямсүрэн, үйлчлэгч Цэцэгсайхан нараар гарын үсэг зуруулсан нь,
Удирдлагын багийн хурлын тэмдэглэл: ...Чанарын алба шалгаж үзээд сувилагч Б.Нямсүрэн, үйлчлэгч Д.Цэцэгсайхан нар ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн ноцтой зөрчил гаргасан, ... Д.Цэцэгсайхан 11 цагийн үед артс хавдрын тасагт орж ирсэн Нямсүрэнгийн найз ирээд цуг архи уусан гэж зөвшөөрснөө хэлсэн нь тусгагдсан боловч чанарын алба хэрхэн яаж шалгасан талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй мөн уг тэмдэглэлд зөрчил гаргасан Д.Цэцэгсайхан гарын үсэг зураагүй зэрэг нь тус тус Д.Цэцэгсайханыг ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг нотлох баримт болгон үнэлэх боломжгүй юм.
3-рт Хөдөлмөрийн дотоод журмын 12.1в дахь заалтыг үндэслэсэн гэсэн ба хариуцагч нь байгууллагын дотоод журмаа нотлох баримтаар ирүүлээгүй учир тухайн заалтанд юуг хэрхэн заасныг мэдэх боломжгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй болохоо хариуцагч нь хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Иймд нэхэмжлэгч Д.Цэцэгсайханы нэхэмжлэлийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин нэхэмжлэгч Д.Цэцэгсайхан нь ажилгүй байсан хугацааныхаа цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч үүнтэй холбоотой цалин хөлсний тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг баримтыг шүүхэд ирүүлээгүй учир түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцох боломжгүй учир нэхэмжлэгч Д.Цэцэгсайханы ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй болно.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа өөрөө цуглуулж гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан ба энэ үүргээ биелүүлээгүй байна.
Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Цэцэгсайханыг Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгийн нийтлэг үйлчилгээ ариутгалын тасгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч “Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг”-ээс улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА