Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/315

 

  

 

 

 

 

 

 

 2020        04         06                                  2020/ШЦТ/315    

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

нарийн бичгийн дарга: Г.Энхжин,

улсын яллагч: П.Бямбасүрэн,

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц Б холбогдох эрүүгийн 2009 00096 0277 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, ганцаараа Сүхбаатаар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 5 дугаар гудамжны 308 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц Б /РД:********/,

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Шүүгдэгч Ц.Б нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 5 дугаар гудамж, 308 тоот гэртээ байнга архидан согтуурч хамт нэг хашаанд байх гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс болох ахмад настан эх Г.Ц, төрсөн дүү Ц.Т, нарт агсан согтуу тавьж, “ална” гэх зэргээр сүрдүүлж, хутга барин дайрч харгис, хэрцгий харьцсан, агсан согтуу тавихдаа орилж чарлаж догшин авирлан гэр бүлийн хүмүүсийг оройн цагаар амарч байхад нь хаалга цонхыг нь цохиж, цожоож өндөр настан эх Г.Ц эрүүл мэндийн байдлыг эрсдэлд оруулж, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдэснээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “...Өөрийн хийсэн  буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна ....” гэжээ.

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Т өгсөн  мэдүүлэг /хх-ийн 23-27/-р тал, хохирогч Г.Ц мэдүүлэг /хх-ийн 30-32/-р тал, Гэрч Ц.Г мэдүүлэг /хх-ийн 37-39/-р тал, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 54-62/-р тал, шүүгдэгч Ц.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 5-6/-р тал болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Б нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 5 дугаар гудамж, 308 тоот гэртээ байнга архидан согтуурч хамт нэг хашаанд байх гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс болох ахмад настан эх Г.Ц, төрсөн дүү Ц.Т, нарт агсан согтуу тавьж, “ална” гэх зэргээр сүрдүүлж, хутга барин дайрч харгис, хэрцгий харьцсан, агсан согтуу тавихдаа орилж чарлаж догшин авирлан гэр бүлийн хүмүүсийг оройн цагаар амарч байхад нь хаалга цонхыг нь цохиж, цожоож өндөр настан эх Г.Ц эрүүл мэндийн байдлыг эрсдэлд оруулж, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Т өгсөн “... 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ах Б өглөөнөөс хойш архи ууж, агсан согтуу тавьж, гэр орны эд зүйл хулгайлж, бид нарыг ална гэж айлгаад хутга бариад танхайраад байсан ба сүүлийн үед архи уугаад нэг удаа намайг хутга бариад ална гэж дайрсан бөгөөд өмнө нь хутга барьдаггүй байсан. Тухайн хашаанд би ээжтэйгээ гэрт, хажууд манай төрсөн эгч нөхөр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд ах Б нь хажууд монгол гэрт ганцаараа амьдардаг. Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ээж бид 2-ыг гэрт хэвтэж байхад хаалга үүд цохиод 80 нас хүрч байгаа ээжийг маань цочоож сэрээдэг. Тэгээд би 102-т дуудлага өгч Б өгч явуулаад 103 дуудаж ээжийг үзүүлдэг. Бид нарыг цохиж зоддоггүй, зөвхөн агсан согтуу тавиад орилж, чарлаад байдаг. Согтуу үедээ ухаанаа алдаад сонин зан авир гаргадаг бөгөөд агсан согтуу тавьж удаа дараа эрүүжүүлэхэд орж байсан. Урьд нь миний мэдэхээр 4 удаа архины эмчилгээнд явж байсан ба гэрт нь эд зүйл авч өгөхөөр архинд өгөөд байхгүй болгочихдог...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-27/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Ц өгсөн “... Миний хүү Б нь эхнэр хүүхэдтэй байж байгаад салсан бөгөөд салаад олон жил болж байна. Одоогоор миний хажууд манай хашаанд гэр бариад тусдаа амьдардаг. Архи уугаад согтуу үедээ архи, тамхи нэхээд олон янзын юм яриад орилж, чарлаад агсан тавиад их муухай ааштай байдаг. Б ойролцоогоор 20 жил архи ууж байна. Архи уух болгондоо дүү Т-тайгаа муудалцдаг ба согтуу үедээ агсам, согтуу тавьж хаалга, цонх нүддэг. Тэгэхээр нь Т цагдаа дуудаад өгдөг, цагдаа ирээд Б аваад явсны дараа миний зүрх дэлсээд 103 дуудаж үзүүлдэг. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Г өгсөн “... Б нь архи уугаад 20 гаран жил болж байна. Архи уусан үедээ ааш зан өөрчлөгддөг бөгөөд ээжийн гэрийн хаалга, цонхыг цохиод архи, тамхины мөнгө нэхдэг. Мөн ээж болон Т нартай хэрүүл маргаан үүсгэдэг бөгөөд архи уусан үедээ манай гэрт бол орж ирдэггүй, надад болон манай нөхөрт агсан согтуу тавьж, мөнгө төгрөг нэхдэггүй.

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягтад “... Ц нь 2 хүүгийн хамт амьдардаг, Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байнга дарамт учруулдаг, өндөр настай хүн тул даралт ихсэх, зүрхний хэм алдах, эрсдэл үүсэж байгаа, сэтгэл санаа нь тогтворгүй байдаг. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын үүднээс Б эмчилгээнд явуулж түр тусгаарласан, холбогдох байгууллагуудад цаашид холбон зуучлах...” гэх дүгнэлт /хх-ийн 54-62/-р тал,

Хохирогч Г.Ц нь хүү Б агсан согтуу тавьж, орилж чарласны улмаас эрүүл мэндэд нь эрсдэл бий болсноос үүдэн түргэн тусламжийн үйлчилгээ авсан талаарх дуудлагын хуудаснууд /хх-ийн 65-71/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Б яллагдагчаар өгсөн “... Би согтуу үедээ оройн цагаар ээжээс мөнгө авахаар гэрт нь орох гэхээр хаалга нь цоожтой байдаг болохоор хаалга цонхыг нь цохьдог. Би архи ууж согтуу үедээ нэг хашаанд хамт амьдардаг гэр бүлийн гишүүддээ агсан согтуу тавьж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэгээ хүлээн зөвшөөрч байна. Архи хэтрүүлэн уухаараа болсон үйл  явдлаа санадаггүй, өөрийгөө хянах чадавргүй болдог...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/-р тал зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт бүрдүүлэх, бэхжүүлэх ажиллагаа  хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа холбогдох хууль журмыг мөрдлөг болгосон байх тул эргэлзээгүй үнэн зөвд тооцож үнэлсэн болно.


            Нэг. Шүүгдэгчийн буруугийн талаар.

Шүүгдэгч Ц.Б нь гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүмүүс болох төрсөн эх өндөр настай Г.Ц, төрсөн дүү Ц.Т нарт байнга агсан согтуу тавьж, ална гэх зэргээр хутга барьж айлган сүрдүүлсэн болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэн хариуцлагыг тодорхой хуульчилж өгсөн.

 

Шүүгдэгч Ц.Б нь гэр бүлийн харилцаа, хамаарал бүхий хүмүүс болох өндөр настай төрсөн эх Г.Ц, төрсөн дүү Ц.Т нарт агсан согтуу тавьж, шөнө оройн цагаар унтуулж амраахгүй, хүсэл зоригийх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан зөрчил үйлдэж, шүүхээс 2019 оны 01 дүгээр сарын 25, мөн оны 03 дугаар сарын 12, 10 дугаар сарын 15-ны өдрүүдийн шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар албадан сургалтанд хамруулж, баривчлах шийтгэл оногдуулж байсан хэдий ч тэрээр өөрийн хийсэн үйлдэлдээ огт үнэлэлт, дүгнэлт хийлгүйгээр 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дахин дээрх зөрчлөө давтан үйлдэж, прокуророос тухайн үйлдэлд нь холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

 

Түүнчлэн хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас харахад “...шүүх нотлох баримтыг үнэлж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр...” гаргахад эргэлзээ төрөхүйц баримт авагдаагүй, нөгөөтэйгүүр шүүгдэгч Ц.Б нь өөрийн гэм буруугийн асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд маргаагүй, өөрөөр хэлбэл Ц.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй гэх талаар нотолсон баримт хавтас хэрэгт авагдаагүй болно.  

 

Иймд, шүүхээс шүүгдэгч Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг “ахмад настан” хүний эсрэг байнга үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Г.Ц, Ц.Т нар нь энэ гэмт хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Ц.Б бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.       

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтэдээ “... Шүүгдэгч Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” саналыг,

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “... Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна, улсын яллагчийн ялын саналыг бүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэх саналыг тус тус гаргажээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн үеийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Гурав. Бусад асуудлаар.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б нь энэ хэргийн цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж байна.

Шүүгдэгч Ц.Б Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/00140 дугаартай шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн яллагдагч, шүүгдэгчийг дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсаар шүүх хуралдаанд ирүүлсэн болохыг дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолын хувийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Албадан эмчилгээний төвд хүргүүлэх нь зүйтэй.    

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Ц Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг өндөр настан хүний эсрэг байнга үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б  01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоолын хувийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Албадан эмчилгээний төвд зохих журмын дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Өлзийтүвшинд даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                               

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Х.ИДЭР