| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2020/0170/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/172 |
| Огноо | 2020-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/172
2020 02 21 2020/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,
улсын яллагч: Ж.Энх-Амгалан,
хохирогч Б.С,
шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д А холбогдох эрүүгийн 1909 0469 50068 дугаартай хэргийг 2020 оны 02 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, худалдааны эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6 эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Олимпийн гудамж 30б байр 36 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Д А /РД:*******/,
Яллагдагч Д.А нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 19.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 30 дугаар байрны 1 давхарт байрлах “Үүлэн стор” хүнсний дэлгүүрт “Зээлээр бараа өгсөнгүй” гэх шалтгаанаар Б.С нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдэснээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.С “...Шүүгдэгч тэр өдөр дэлгүүрт орж ирэхдээ нилээн согтолттой байсан. Ажил тарсан үе болохоор ачаалалтай хүмүүс оочерлосон байсан ба лангуун дээр печенье шоколад тавиад маргааш мөнгийг нь өгөе гэж хэлсэн бичлэг миний утсан дээр байгаа. Тэгэхэд би маргааш амрах болохоор өгөх боломжгүй болохгүй гэсэн чинь Д.А нь лангуун дээр байсан чихэр печенье шоколадыг цохиж газраар тарааж унагаасан. Тэр үед бид хоёр муудалцаж амжаагүй би лангууны араас гараад чи яаж байгаа юм бэ? чи харьж амар хэмжээ чинь хэтэрсэн байна гэсэн чинь шүүгдэгч за дүү нь гарлаа гэсэн. Тэгээд хаалгаар дөнгөж гарангуутаа миний амруу цохьсон. Би хоёр талдаа төмрөөр бүрчихсэн шүдтэй учир шүд маань үсэрсэн...” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.С мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар тал/, шүүгдэгч Д.А мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 7/-р тал, гэрч Д.А өгсөн мэдүүлэг /хх-ийн 9/-р тал, гэрч Б.Э өгсөн мэдүүлэг /хх-ийн 10/-р тал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №440 дугаартай дүгнэлт /хх-ийн 12-13 дугаар тал/, шүүгдэгч Д.А яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21/-р тал, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянав.
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Д.А нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 19.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 30 дугаар байрны 1 давхарт байрлах “Үүлэн стор” хүнсний дэлгүүрт “Зээлээр бараа өгсөнгүй” гэх шалтгаанаар Б.С нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн /хх-ийн 4-5/: “...Нэг эрэгтэй хүн лангуун дээрээс бараа авч байгаад тооцоогоо хийхээр касс дээр ирээд тухайн авсан бараагаа дараа нь мөнгийг нь өгье надад зээлчих гэхээр нь тийм зүйл байхгүй, манайх зээлээр бараа өгдөггүй гэхэд болохгүй юм уу гэхэрээ нь болохгүй гэтэл авсан бараагаа ийш тийш нь шийдээд байхаар нь би чиний үйлдэл чинь хэтрээд байна гэж хэлээд одоо чи харьж амар гэж хэлтэл явлаа гэж хаалгаруу явж байгаад хаалгаар гарах үедээ эргэж хараад миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохьсон. Тэгээд миний амнаас цус гараад нулимтал миний шүд уначихсан ...” гэх мэдүүлгээр,
Гэрч А.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн /хх-ийн 10/: “...Нөгөө согтуу залуу лангуун дээр тавьсан өөрийнхөө авчирсан барааг шууд гараараа түлхсэн. Энэ үед С ах хажууд зогсож байсан учраас тухайн согтуу залууг гаргахаар хаалгаар гарсан. Гэтэл согтуу залуугийн ард бараа авах гээд зогсож байсан үл таних эгч хүүе нөгөө согтуу залуу чинь танай хүнийг цохичихлоо гэж хэлсэн. Төд удалгүй С ахын ам хамар нь цус болчихсон шүд уначихлаа гээд орж ирсэн...” гэх мэдүүлгээр
Шүүгдэгч Д.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн /хх-ийн 20-21/: Намайг дэлгүүрээсээ хөөж чирч гаргасан учраас түүний шанаан тус газар нь гараараа нэг удаа цохиж тухайн гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлгээр
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №440 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 12-13/: Б.С биед нэг шүдний булгарал, нэг шүдний сулрал, дээд уруулын дотор салстад зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид нэг шүдний булгарал /унах/ нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 5 хувь алдагдуулна...” гэх дүгнэлт зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг, гэрч, шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Д.А гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Д.А “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Учир нь шүүгдэгч Д.А нь хохирогч Б.С учирсан бодит хохирлыг нөхөн төлөөгүй, хэдийгээр хохирогч Б.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 4.600.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч хавтас хэрэгт нийт 75.000 төгрөгийн баримтыг хавсаргасан байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэмэлтээр 135.000 төгрөгийн баримтыг шинээр гаргаж өгсөн байна.
Шүүгдэгч Д.А нь хохирогчийн баримтаар нэхэмжилсэн дээрх хохирлыг нөхөн төлөөгүй, түүнчлэн түүний хувийн байдал, өмнөх шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Д.А нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялаас ноцтойгоор зайлхийсэн тохиолдолд шүүх прокурорын саналыг үндэслэн эдлээгүй үлдсэн ажлын 8 цагийн ялыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулах нь зүйтэй.
Гурав. Бусад асуудлаар
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хохирогч Б.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 4.600.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх хавтас хэрэгт авагдсан баримтын хэмжээнд шүүгдэгч Д.А 210.000 төгрөг гаргуулж хохирогч Б.С олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М овогт Д А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А 300 /гурван зуу/-н цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас ноцтойгоор зайлсхийсэн тохиолдолд шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн эдлээгүй үлдсэн ялын 8 цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.А 210.000 /хоёр зуун арван мянга/-н төгрөг гаргуулж хохирогч М овогт Б С /РД:********/-д олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.С нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.А жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР