Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2023/0016/З |
Дугаар | 221/МА2023/0216 |
Огноо | 2023-04-04 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2023/0216
2023 оны 04 сарын 04 өдөр Дугаар Улаанбаатар хот
221/МА2023/0216
БНХАУ-ын иргэн В-ийн итгэмжлэгдсэн
төлөөлөгч Уын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д
Нэхэмжлэлийн шаардлага: Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/164 дугаар тушаалыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 117 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн В-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2023/0016/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн В-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Уаас Гадаадын иргэн, харьяатын газрын даргад холбогдуулан “Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/164 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 117 дугаар шийдвэрээр: Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, 37.1.11 дэх заалт, 37.2 дахь хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 4.2.1 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг, 40.2.5 дахь заалтад тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-ын иргэн В-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Уаас Гадаадын иргэн, харьяатын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/164 дугаартай тушаалыг хүчингүй болгон шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Гадаадын иргэн, харьяатын газар нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллагын нэг болохынхоо хувьд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааг хэрэгжүүлэн ажилладаг.
3.2. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсаас албадан гаргах тухай захиргааны актыг тус байгууллагын дарга бие даан гаргахаар хуульчилсан нь Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9-д заасан үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага болохынхоо хувьд хэрэгжүүлж буй онцлог үйл ажиллагааны нэг юм.
3.3. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Агентлагийг Засгийн газрын тухай хуулийн 183дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилогдсон дарга тэргүүлнэ”, 8.3.1-д “энэ хуулийн 7.1.1-д заасан хууль тогтоомж, зарлиг, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, явц, биелэлтэд хяналт тавих”, 7.1.1-д “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах” 8.4-д “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана” гэж тус тус зохицуулсан.
3.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Стандарт, хэмжил зүйн газраас 2021 онд баталсан Баримт бичгийн нэр, төрөл, тодорхойлолт MNS 5140-1:2021 стандартын 3.1.6-д “Тушаал” 3.1.8-д тодорхойлсон “Шийдвэр” гэх ойлголтууд нь баримт бичгийн төрөл болохынхоо хувьд ямар зорилгоор, хэн хэнд зориулан гаргахыг нийтлэг байдлаар тодорхойлсон тодорхойлолт бөгөөд уг стандартын 3.1.6-д тодорхойлсноор тушаалыг тухайн байгууллагын дотогш чиглэсэн, дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааг хангах зорилготой эрх зүйн акт гэж тодорхойлоогүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дотогш чиглэсэн эрх зүйн харилцааг зохицуулах зорилгоор гаргадаг захиргааны актаар гадаадын иргэний зорчих эрхийг хязгаарласан нь гадагш чиглэсэн захиргааны актыг баталсан байна гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн шийдвэр байна.
3.5. Түүнчлэн Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Агентлаг тогтоосон журмаар хийсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ”, 16.2-т “Энэ хуулийн 16.1-д заасан тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх журмыг Засгийн газар тогтооно”, Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журамын 5.9д “Үндэсний төв архив, түүний салбар архивт баримтаа шилжүүлдэг байгууллагын хэвлэмэл хуудасны эх загварыг архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч хянаж, баталгаажуулан, хэвлүүлэх зөвшөөрлийг олгоно” гэж тус тус зохицуулсан байх тул тус агентлаг нь хуульд зааснаас өөр баримт бичгийн төрлийг үйл ажиллагаандаа хэрэглэх боломжгүй юм.
3.6. Анхан шатны шүүхээс албадан гаргаж буй гадаадын иргэн гомдолтой байгаа тохиолдолд хаана, хэзээ, хэрхэн гомдол гаргах талаар заалт байхгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 43.2-т зааснаар захиргааны актыг өөрт гардуулан өгөөгүй гэж дүгнэжээ.
3.7. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2, 27.4.3-т зааснаар сонсох ажиллагааг нэхэмжлэгчтэй биечлэн уулзах байдлаар хэрэгжүүлж, саналыг бичгээр авч, Монгол Улсаас албадан гаргах болсон үндэслэл, журам албадан гаргах хугацааны талаар тайлбарлаж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7.2-т заасан гадаадын иргэний хяналтын улсын байцаагчид олгосон эрхийнхээ дагуу 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн Е73719268 дугаарын паспорт, Монгол Улсад оршин суух үнэмлэхийг хураан авч, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7.3-т заасны дагуу 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсаас албадан гаргах дүгнэлтийг үйлдэн, мөн өдөртөө байгууллагын даргын А/164 дүгээр тушаал гарсан. Монгол Улсаас албадан гаргах тухай тушаалыг хуулбарыг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид өгсөн.
3.8. Анхан шатны шүүхээс нэхэмжэлгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо Гадаадын иргэн, харьяатын газрын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 05/1965 дугаарын албан бичгээс тооцож хүлээн авсныг дурдсанаас үзэхэд нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 92, 93, 94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах эрхээ хэрэгжүүлсэн. Гадаадын иргэн, харьяатын газар нь гомдол гаргахтай холбоотой оролцоог хангасан гэж үзнэ.
3.9. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар Монгол Улсаас албадан гаргах шийдвэрийг гардуулах талаар тухайлан заагаагүй бөгөөд тушаалын хуулбарыг өгсөн талаар шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн тул хуульд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлгүй. Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах тухай шийдвэр нь агентлагийн даргын тушаал хэлбэртэй гарснаар гомдол гаргах эрхээр хангагдаагүй, эн төрлийн гомдлыг тус байгууллага хүлээн авдаггүй мэтээр тайлбарлах нь учир дутагдалтай бөгөөд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хэдийд ч хүсэлт гаргах, түүнийг нь захиргааны байгууллага хуульд тухайлан хориглосноос бусад тохиолдолд хүлээн авч, шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг манай байгууллага мөрдөн ажилладаг болно.
3.10. Захиргааны байгууллагын гадаадын иргэнийг албадан гаргасан шийдвэр нь хуульд үндэслэн шийдвэрлэсэн эсэх, үндэслэлтэй эсэхэд анхан шатны шүүх ач холбогдол өгөлгүйгээр хэт нэг таыг барьж төрийн байгууллагын шийдвэрийн төрөл, хэлбэр, тодорхойлолтод ач холбогдол өгч, шүүх зөвхөн хуульд үндэслэх, хууль хэрэглэх үндсэн зарчмаа хэрэглэхгүйгээр хуульд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв. Үүнд:
3.1. БНХАУ-ын иргэн В-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Уаас “... 09 дүгээр сарын 16-ны өдөр албадлагаар гаргах болсон гэж хэлсэн ... Тушаалыг хэзээ гарсныг хэлээгүй ... хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаа ... Тушаал шийдвэрийг бид нарт албан ёсоор гардуулж өгөөгүй. Ямар шийдвэр гарсныг харъя гээд хуулбарыг авсан ... Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт шийдвэр гаргана гэж заасан. Шийдвэр тушаал гэдэг нь хоёр өөр ойлголт юм ... Тушаал гэдэг бол тодорхой хуулийн хүрээнд тухайн байгууллага эрх хэмжээнийхээ дагуу удирдах байгууллагаас гаргаж байгаа баримтыг хэлнэ. Шийдвэр гэдэг бол процессын хуультай холбоотой тийм учраас хууль дээр шийдвэр гаргана гэж заасан байна. Гомдол гаргахгүйгээр хэрэгжүүлдэг хуулийн зохицуулалт иргэний процесс, захиргааны процесс, шүүхийн эрх хэмжээнд байдаг болохоос биш, аль нэгэн агентлагт байхгүй. Тийм учраас тушаал гаргаж гомдол гаргах эрхийг нь хязгаарлаж байна ... гаргах эрх зүйн акт, хүний эрхийг хязгаарлаж байгаа зохицуулалт нь шийдвэр хэлбэртэй байх ёстой ... Эрх олгогдоогүй үйлдлээр тушаал гарсан гэж үзэж байна ... Цаашлаад ямар нэгэн гадаад иргэнийг албадан гаргах гэж байгаа бол хуульд нийцүүлсэн албан ёсны шийдвэр гаргаж байж, шийдвэр нь захирамжилсан шинж чанарыг агуулж байж хүний эрхэд халдана. Гомдол гаргах эрхийг хязгаарлахыг ... Монгол Улсын Үндсэн хуульд олгоогүй. Энэ эрхийг хаана ямар ч хүн эдлэх эрхтэй ...” гэсэн үндэслэлээр “Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/164 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан байна.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В нь хөрөнгө оруулагч гэж оршин суудаг байсан ... Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.11 дэх хэсэгт зааснаар албадан гаргах гол үндэслэл нь Монгол Улсын шүүхээр ял шийтгүүлсэн гадаадын иргэн хамаарч байгаа ... Япон Улсын иргэнтэй хувийн харилцаанаас болж маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсны улмаас Эрүүгийн хэргийн шүүхэд ял шийтгүүлсэн. Торгуулиар шийтгэхдээ холбогдуулан Эрүүгийн хэргийн шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ авч Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлсэн байсан ... Шүүхийн байгууллагаас Монгол Улсын хилээр гаргах эрхийг сэргээх талаар захирамж ирүүлсний дагуу тухайн хүний холбогдсон хэргийн онцлогийг уншиж танилцахад шүүхээс торгуулийн ял шийтгүүлсэн болох нь нотлогдсоны улмаас Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.11 дэх хэсэгт зааснаар торгох буюу хорихоос өөр ял эдэлсэн, хорих ялтай гадаадын иргэнийг 1 жилийн хугацаагаар албадан гаргадаг ... шүүхийн шийдвэрийг үндэслэж албадан гаргах шийдвэрийг гаргасан ... албадан гаргаж байгаа шийдвэрийг биечилж гардуулж өгдөггүй, хууль ёсны дагуу гомдол гаргахад ямар нэгэн цааргалах зүйлгүйгээр гаргаж өгдөг. Хавтас хэрэгт нотлох баримтаар н.Баяр гэдэг хүний өргөдөл байгаа түүнийг үндэслээд тушаалаа гаргасан ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
3.3. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9.3-д “гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх тухай дүгнэлт гаргах” гэж заасан байх бөгөөд уг бүрэн эрхийн хүрээнд Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн УБ06/08-289 дугаар бүхий дүгнэлт гарсан, хариуцагч Гадаадын иргэн, харьяатын газрын дарга уг дүгнэлтийг маргаан бүхий тушаалын үндэслэл болгож 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Монгол Улсаас албадан гаргах тухай” А/164 дүгээр тушаалаар “... Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.11, 37.2, Засгийн газрын 2021 оны 193 дугаар тогтоолоор баталсан “Гадаадын иргэний Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ын 4.4.14.1 дэх заалт, Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн 2022 оны УБ06/08-289 дугаартай дүгнэлтийг тус тус үндэслэн ... Монгол Улсын шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В (1971 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, эрэгтэй, Е73719268 дугаарын паспорттай)-г 1 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байхаар тогтоож, энэ оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор албадан гаргасугай ...” гэж шийдвэрлэснийг буруу гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3.4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/556 дугаартай шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн В-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн, улмаар Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ДШМ/447 дугаартай магадлалаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/556 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсонтой хэргийн оролцогчид маргаагүй байх тул нэхэмжлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээсэн болох нь тогтоогдсон байх тул “албадан гаргах хуульд заасан нөхцөл үүссэн” гэсэн үндэслэлээр Монгол Улсаас албадан гаргахаар шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, мөн уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна
3.5. Гэтэл анхан шатны шүүх “... хууль ёсоор оршин суугаа гадаадын иргэнийг албадан гаргах үндэслэл нь гагцхүү хуулийн дагуу гаргасан шийдвэр буюу үйл баримтыг зохих ёсоор дүгнэсэн, шударга процедурын шаардлагыг хангасан шийдвэр байхаар олон улсын эрх зүйн шаардлага тавигдаж ... Олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр тогтоосон дээрх шаардлага нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зохицуулагдсан байх бөгөөд харин бодит байдал дээр уг зохицуулалтыг хэрэгжүүлэхдээ Гадаадын иргэн, харьяатын газрын даргын шийдвэрээр бус, тушаалаар хэрэгжүүлж байгаа нь хуульд нийцээгүй байна ... Хэдийгээр Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана гэж заасан байх боловч хууль зүйн агуулгаараа түүнд заасан тушаал гэдэгт Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан ... шийдвэр ... хамаарахгүй” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
3.6. Учир нь, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д ”Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” 9.5.1-д “гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж, дүрэм, журмын биелэлтийг зохион байгуулах”, 9.5.3-т “гадаадын иргэнийг Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлэх, гарахыг түдгэлзүүлэхийг хүчингүй болгох тухай шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлэх журмыг батлах”, 9.5.5-д “хуульд заасан бусад бүрэн эрх”, 37 дугаар зүйлийн 37.2-т “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах тухай шийдвэрийг гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргана”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Гадаадын иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал дараахь үндэслэлээр Монгол Улсаас албадан гаргана”, 37.1.11-д “шүүхээр ял шийтгүүлсэн гадаадын иргэн ялаа эдэлж дууссан буюу ялаас чөлөөлөгдсөн... бол” гэж, Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журмын 4 дүгээр зүйлийн 4.4-д “Дор дурдсан үндэслэлээр гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтооно”, 4.4.14.1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт 1 жил гэж, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Агентлагийн дарга нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 8.3.1-т “энэ хуулийн 7.1.1-д заасан хууль тогтоомж, зарлиг, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, явц, биелэлтэд хяналт тавих”, 8.4-т “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана” гэж тус тус заасан.
3.7. Дээрх хууль журмын зохицуулалтаас үзэхэд шүүхээр ял шийтгүүлж ялаа эдэлж дууссан гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах тухай шийдвэр гаргах эрх бүхий этгээд байх бөгөөд хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт 1 жилийн хугацаанд дахин оруулахгүй байх хууль зүйн үндэслэлтэй, гадаадын иргэнийг албадан гаргах шийдвэр гаргах бүрэн эрх бүхий этгээд нь Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга байх бөгөөд агентлагийн дарга нь өөрийн бүрэн эрхэд хамаарах уг асуудлаар тушаал гаргахаар хуульчилсан байхад анхан шатны шүүх гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргахад агентлагийн дарга нь тушаал бус харин тусдаа шийдвэр гаргах ёстой гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж уг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 онд баталсан “Баримт бичгийн нэр, төрөл, тодорхойлолт” MNS 5140-1:2021 стандартын 3.1.6-д тодорхойлсон “тушаал”, 3.1.8-д тодорхойлсон “шийдвэр” гэх ойлголтууд нь баримт бичгийн төрөл болохынхоо хувьд ямар зорилгоор, хэн, хэнд зориулан гаргахыг нийтлэг байдлаар тодорхойлсон тодорхойлолт бөгөөд уг стандартын 3.1.6-д тодорхойлсноор “тушаал”-ыг тухайн байгууллагын дотогш чиглэсэн, дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааг хангах зорилготой эрх зүйн акт гэж тодорхойлоогүй ... анхан шатны шүүхээс Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийг үл хэрэгсэн, хуульд үндэслэн шийдвэр гаргалгүй , харин Стандарт хэмжил зүйн газраас 2021 онд баталсан “Баримт бичгийн нэр, төрөл, тодорхойлолт” MNS 5140-1:2021 стандартыг үндэслэл болгон шийдвэрийг гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн ...” гэх гомдол үндэслэлтэй байна.
3.8. Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч В нь Гадаадын иргэн, харьяатын газарт 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр албадан гаргах шийдвэрийг хуулбарлан авах хүсэлт гаргаж, улмаар 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хандан гомдол гаргасан зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... албадан гаргах шийдвэрийг гардуулаагүй ... гомдол гаргах эрхийг хязгаарласан ...” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В-ийн “Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/164 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 117 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Гадаад иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.11, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В-ийн “Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/164 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ