Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 14

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Ц.Б-ний нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох,

      “Улсын бүртгэлийн V-150002667 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хууль бусаар хөндий бичин олгосон улсын бүртгэгчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн V-150002667 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний бие Ц.Б нь 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Ё.М-аас Улаангом сумын 4-р багт байрлах “Шинэ зуун” төвд 109м2 талбай бүхий ажлын байрыг худалдан авч өөрийн нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулан авсан. Уг үл хөдлөх хөрөнгийг худалдан авснаас хойш өнөөдрийг хүртэл ашиглаагүй бөгөөд саяхан Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандтал миний өмчлөлийн улсын бүртгэлийн V-1520002667 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг анх С.Энхтайван гэдэг хүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлэн хөндий гэрчилгээ гаргуулсан талаар улсын бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хариуцсан Бурмаа гэх улсын бүртгэгч “уг үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг шалгаж үзэхэд эд хөрөнгийн бүртгэгч Баяржаргал гэдэг хүний бичсэн өргөдөл байна. Би бичгийн хэвийн сайн мэдэж байна. Чиний нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг анх хөндий гэрчилгээ бичүүлж авсан байна гэж” хэлснээр олж мэдлээ. Гэтэл надад 2013 онд худалдсан Ё.М нь надтай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу 20.000.000 төгрөгийг надаас нэхэмжлээд байна. Ё.М нь уг үл хөдлөх эд хөрөнгийг хуулийн дагуу олж аваагүй байх тул би бусдад үл хөдлөх хөрөнгийн үнийг төлөхөөс гадна, өөрийн нэр дээр худалдан авсан үл хөдлөх хөрөнгө маань ашиглах боломжгүй эрхийн зөрчилтэй хөрөнгө болоод байна. Миний бие уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шалгуулахаар улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсанд намайг “шүүхэд хандан асуудлаа шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариу өгсөн тул шүүхэд хандаж байна. Иймд улсын бүртгэлийн V-1520002667 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг анх С.Энхтайван гэдэг хүний нэр дээр хууль бусаар хөндий бичиж олгосон улсын бүртгэгчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн V-1520002667 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

       Иргэн Ц.Б-ний нэхэмжлэлийн шаардлага болох Y1520002667 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хөндий хууль бусаар бичин олгосон тухай, улсын бүртгэгчийн буруутай үйл ажиллагааг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Энэ гэрчилгээ олгох болсон үндэслэлийн талаар тайлбар гаргах нь:

        Улсын бүртгэлийн Y1520002667 дугаартай 4-р багт байрлалтай 109 мкв хэмжээтэй ажлын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хувийн хэргийг 2009 оны 6 сарын 11-ний өдөр анх удаа бүртгэж, хувийн хэрэг үүсгэсэн болно. Энэ бүртгэлийг хийхэд анхны өмчлөгчөөр иргэн С.Энхтайван 2009 оны 6 сарын 11-ний өдөр улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг, бусад нотлох баримт гарган өгч өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14.4-д улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийг нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна. С.Энхтайваны гарган өгсөн нотлох баримт, мэдүүлгийг тухайн үед эргэлзээгүй үнэн зөв гэж үзсэний үндсэн дээр бүртгэлийг хийсэн болно. Энэ үл хөдлөх хөрөнгөнд урьд өмнө хэн нэгэн этгээд бүртгүүлж гэрчилгээ авч байгаагүй, маргаан байхгүй учраас бүртгэлийг хийхэд тухайн үед татгалзах үндэслэл байхгүй учраас нотлох баримтыг үнэн зөвд тооцож бүртгэлд авсан юмаа. Гэрчилгээ хөндий бичиж олгосон талаар гомдол гаргасан байна энэ гэрчилгээ олгохдоо бодит байгаа үл хөдлөх хөрөнгөд үндэслэн бүртгэл хийсэн, огт байхгүй хөндий зүйл дээр бүртгэл хийсэн зүйл байхгүй үүнийг ч тухайн үед өмчлөгч болох С.Энхтайван нотлож бичиг гарган өгсөн, манай байгууллага иргэдийн өгсөн нотлох баримт сайн дурын хүсэл дээр тулгуурлан бүртгэл хийдэг хүчээр дуудан ирүүлж гэрчилгээ бичиж өгдөггүй юмаа.

        ЭХӨЭТХЭХБЭУБТХуулийн 4 зүйл 4.2 зааснаар Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэснийг үндэслэн бэлэглэлийн гэрээгээр Б-ийг өмчлөгчөөр бүртгэсэн болно. Энэ бүртгэлийг хийх явцад Ц.Б нь сайн дурын үндсэн дээр мэдүүлэг нотлох баримт гарган өгч хэн нэгэн этгээд, албан тушаалтны шахалт хавчилга тулган шаардлагагүйгээр хаяг, хэмжээ, үнэ зориулалт, хамтран өмчлөгчийн тоо зэргийг үнэн зөвөөр мэдүүлсэн, ЭХӨЭТХЭХБЭУБТХуулийн 7 зүйл 7.2, Иргэний хуулийн 183.1 заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч байгаа этгээд эрхийн улсын бүртгэлд буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд тийнхүү эрх шилжүүлж авч байгаа этгээдийн хувьд эрхийн улсын бүртгэлд үнэн зөв гэж тооцно гэж байгаа. Иймээс энэ бүртгэлийн тухайн үед үнэн зөвд тооцож бүртгэсэн. Одоогийн хүчин төгөлдөр өмчлөгч Ц.Б нь Y152000266 дугаар улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлж байхдаа бодит байгаа үл хөдлөх хөрөнгийг үзэж хүлээн зөвшөөрсний үндсэн дээр нотариатаар гэрчлүүлсэн бэлэглэх гэрээнд гарын үсэг зурж, урьдны өмчлөх эрхийг дуусгавар болгож шинээр өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байх. Иргэний хуульд талууд гэрээний эрхийн дагуу эрхийн доголдолгүй үл хөдлөх хөрөнгө өгч авалцах үүрэгтэй байдаг хэрэв Б энэ гэрчилгээг хөндий байна гэж үзэж байсан бол тухайн үед мэдэх боломжтой байсан. /үл хөдлөх хөрөнгө байхгүй байх/ Б энэ бүртгэлийг буруу, худал гэж үзэж байсан бол гэрчилгээг гардаж авах үед гомдол гаргаж болох байсан мөн нотариатаар гэрчлүүлсэн гэрээнд гарын үсэг зурахдаа татгалзах эрхтэй, ЭХӨЭТХЭХБЭУБТХуулинд зааснаар гаргасан мэдүүлгээ буцаан авах эрх нээлттэй байсан болно. Иймээс Б нь тухайн үед хийх ёстой үйдлээ хийгээгүйн төлөө өнөөдөр улсын бүртгэгчийг буруутгаж, гэрчилгээ хүчингүй болгуулах хүсэлт гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

       Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-т “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхаар заажээ. Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Ц.Б-ийг хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан С.Энхтайванаас гуравдагч этгээд Ё.М-д өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон улсын бүртгэгчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн Y-1520002667 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Учир нь нэхэмжлэгч Ц.Б нь гуравдагч этгээд Ё.М-аас Увс аймгийн Улаангом сумын 4-р багт байрлалтай “Шинэ зуун” төвд байрлах ажлын байрны зориулалттай 109 мкв хэмжээтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд юм. Y-1520002667 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг иргэн С.Энхтайванаас гуравдагч этгээд Ё.М-д шилжүүлж, гэрчилгээ олгосон үйл баримт нь гуравдагч этгээд Ё.М-аас нэхэмжлэгч Ц.Б-д өмчлөх эрх шилжүүлж, гэрчилгээ олгосон үйл баримтаас цаг хугацааны хувьд урьд байна.

        Хоёр. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-т “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхаар заажээ. Нэхэмжлэгч Ц.Б нь 2013 оны 1 дүгээр сард гуравдагч этгээд Ё.М-аас Увс аймгийн Улаангом сумын 4-р багт байрлалтай “Шинэ зуун” төвд байрлах 109 мкв үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч, өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулжээ. Ингэсэн атлаа улсын бүртгэлийн Y-1520002667 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 4 сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлжээ.

        Гурав. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэжээ. Хуулийн дээрх заалтын дагуу Ц.Б-ийн Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан улсын бүртгэгчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Y-1520002667 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

        Нэхэмжлэгч Ц.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “109 м/кв байрны хувьд анхны бүртгэл хийгдэхдээ С.Энхтайван гэх хүний нэр дээр давхардуулж, хууль бусаар гэрчилгээ бүртгэгдсэн байгаа. Бүртгэл хийхдээ ямар нэгэн нотлох баримтгүйгээр бүртгэл хийгдсэн. Улсын бүртгэгч Баяржаргал нь Энхтайван гэх хүний өмнөөс өргөдөл бичиж, иргэний үнэмлэхийн хуулбар, газрын гэрчилгээг хавсаргаж бүртгэл хийсэн байсан. Би Энхтайван гэх хүнтэй уулзахад надад тийм байр байхгүй гэдгээ хэлсэн. Үүнийг Улсын бүртгэлийн хэлтсийн ахлах бүртгэгч Бурмаа нь хөндий бүртгэгдсэн гэрчилгээ гэдгийг мэдэж байгаа. 188 м/кв байрны гэрчилгээ гэж бас байгаа. Уг байран дээр бичсэн хаяг нь 109 м/кв байрны хаягтай ижилхэн байгаа. Хэрэгт план зураг байхгүй байсан. Шүүхээс томилогдсон шинжээч план зургийг үндэслэн хийсэн байгаа гэж байсан. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрчилгээ нь дээр бичсэнээр МВС телевизийн байр гэсэн байгаа. Гэтэл тус телевиз нь 2 өрөө байрыг түрээсэлж байсан. Шинжээчийн дүгнэлтээр Мөнхзулын 109 м/кв байр дээр 69 м/кв талбайг оруулаад 188 м/кв болж байгаа. Хоёр өрөө нийлээд 68 м/кв хүрэхгүй. 40 гаруй м/кв гарах ёстой. Энэ шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Анх бүртгэхдээ ямар ч зүйл байгаагүй. МВC телевиз 2 өрөө л түрээсэлж байсан. Гаднаасаа ордог зүйл байхгүй байсан. Би телевизийн захиралтай нь уулзаж байсан. Анх Ёндонсамбуу гэдэг хүн 188 м/кв талбай байгаа. 109 м/кв бол хөндий гэдгийг хэлсэн. Ё.М нь Ёндонсамбууг амьд сэрүүн байхад нь шүүхэд хандах боломж байсан. Түүний аавын хувьд энэ тооцоо дууслаа, баярлалаа гээд салсан. Энэ хүмүүсийн хууль бус үйлдлийн улмаас би алдагдалд орж, хариуцлага хүлээх болчихоод байна” гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Шүүх нэхэмжлэгч Ц.Б-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эрхтэй гэж үзэж байна. Үүнд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хоёр үндэслэл байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч Ц.Б нь нэхэмжлэлийн үндэслэл дээрээ С.Энхтайван гэдэг хүнд хөндий гэрчилгээ олгосон гэж дурдсан байсан. Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байрлалтай Шинэ-Зуун төвийн ажлын байрны зориулалттай 109 м/кв байр нь анх С.Энхтайван гэдэг хүний нэр дээр бүртгэгдсэн хөрөнгө. С.Энхтайванаас Ё.Мөнхзулд шилжсэн. Мөнхзулаас Ц.Б-д шилжсэн процесс болсон. 2009 онд анхны гэрчилгээ нь С.Энхтайван гэх хүний нэр дээр гараад дараа нь М-д 2009 онд шилжээд 2019 онд нэхэмжлэгч Ц.Б-д шилжсэн. Нэхэмжлэгч Ц.Б нь тухайн хөрөнгө С.Энхтайванаас Ё.М-д шилжсэн процесстой маргах эрхгүй этгээд юм. 2009 оны үйл баримттай өнөөдөр 2019 онд Ц.Б маргах эрхгүй. Ё.М-аас Ц.Б-д шилжсэн процесс дээр л маргах эрх байна уу гэхээс биш. С.Энхтайваны өмнөөс маргах эрхгүй. Хэн нэгэн этгээд өөр хүний нэр дээр авсан хөрөнгө дээр маргаад байж болохгүй. Тийм учраас нэхэмжлэгч Ц.Б Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч гаргах эрхгүй этгээд. Энэ нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа аль эрт дууссан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хугацаа хэтэрсэн. 2013 оноос өмчлөх эрх шилжсэн. 2013 онд энэ хүн хүсэлтээ гаргаад Улсын бүртгэлийн хэлтсээс гэрчилгээ гаргуулж авсан байдаг. 2013 оноос хойш өдий хүртэл 6, 7 жил явчихаад өнөөдөр яагаад нэхэмжлэл гаргах шаардлага үүссэн бэ? Хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Сая Улсын бүртгэлийн хэлтсийн даргын хариу тайлбар дээр байгаа. Тухайн үедээ нэхэмжлэгч Ц.Б үүнийг мэдэж байсан байдаг. Энэ хөөн хэлэлцэх хугацаа аль эрт дууссан. Тэгэхээр энэ хоёр үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргаж өгөөч гэж шүүхээс хүсэж байгаа. Нэхэмжлэлд дурдсан үндэслэлүүд нь маргаанд хамааралгүй зүйлсийг дурдсан байсан. Энэ нь Захиргааны хэргийн шүүхэд хамааралтай хэрэг биш учир нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгөөч гэдэг байр суурь хэвээрээ байгаа. Энэ Улсын бүртгэлийн гэрчилгээ нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй. Нэхэмжлэгчийн хувьд анхны олгосон гэрчилгээ нь хууль бус байгаа болохоор хүчингүй болгуулья   гэдэг тайлбарыг гаргаад байна. Энэ Улсын бүртгэлийн гэрчилгээ нь Ц.Б-д эерэг захиргааны акт. Үүнийг хүчингүй болговол энэ хүний ямар эрх ашиг сэргэх вэ? Тийм зүйл байхгүй. Энэ хэрэг захиргааны хэрэг үүсгэснээр гуравдагч этгээдийн нэхэмжлэлтэй холбоотой Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхээр хянагдаж байгаа худалдах, худалдан авах гэрээний төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэрэг түдгэлзсэн байгаа. Ажиллагаанд байгаа боловч түдгэлзсэн байгаа. Нэгэнт энэ Захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөхгүй, энэ захиргааны актын хувьд нэхэмжлэл гаргах эрхгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа учир нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч нь Ц.Б нь “Улсын бүртгэлийн V-150002667 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хууль бусаар хөндий бичин олгосон улсын бүртгэгчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн V-150002667 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай”-ыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

        Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “уг үл хөдлөх хөрөнгийг худалдан авснаас хойш өнөөдрийг хүртэл ашиглаагүй бөгөөд саяхан Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандтал миний өмчлөлийн Улсын бүртгэлийн V-1520002667 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг анх С.Энхтайван гэдэг хүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлэн хөндий гэрчилгээ гаргаж, мөн улсын бүртгэлийн V-1520001610 дугаарт бүртгэлтэй 188 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй давхардуулан олгосон” гэж тодорхойлжээ.

         Хариуцагч “Гэрчилгээ хөндий бичиж олгосон талаар гомдол гаргасан байна энэ гэрчилгээ олгохдоо бодит байгаа үл хөдлөх хөрөнгөд үндэслэн бүртгэл хийсэн, огт байхгүй хөндий зүйл дээр бүртгэл хийсэн зүйл байхгүй үүнийг ч тухайн үед өмчлөгч болох С.Энхтайван нотолж бичиг гарган өгсөн, манай байгууллага иргэдийн өгсөн нотлох баримт сайн дурын хүсэл дээр тулгуурлан бүртгэл хийдэг хүчээр дуудан ирүүлж гэрчилгээ бичиж өгдөггүй” гэх үндэслэлээр татгалзалаа илэрхийлсэн байна.    

       Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Нэхэмжлэгч Ц.Б нь 2013 оны 1 дүгээр сард гуравдагч этгээд Ё.М-аас Увс аймгийн Улаангом сумын 4-р багт байрлалтай “Шинэ зуун” төвд байрлах 109 м.кв  талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн  авч өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан учраас уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Мөн нэхэмжлэгч Ц.Б нь тухайн улсын бүртгэлийн Y-1520002667 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2013 оны 1 дүгээр сард Ё.М-аас шилжүүлэн авсан байгаа ба улмаар тус гэрчилгээг хүчингүй болгуулахаар Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 4 сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож  өгөхийг хүсжээ.

     Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

       Нэхэмжлэгч Ц.Б нь Увс аймгийн Улаангом сум 4-р багт байрлах  Шинэ зуун төвийн /хуучнаар НААҮГ-ын/ 2 давхарын 109 м.кв ажлын байрны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох мөн эрхийн улсын бүртгэлийн V-150002667 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

        Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д  “Эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болох”-оор заасан байна. Үүний дагуу нэхэмжлэгч Ц.Б нь  улсын бүртгэгчийн  үйл ажиллагаатай холбоотой гомдлыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан гаргасан байх ба тус захиргааны байгууллага нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 7/1891 тоот албан бичгээр “эд хөрөнгийн маргаантай асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн хариуг өгчээ. Ийнхүү маргааныг  урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан байх бөгөөд нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан үндэслэлээр мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д  заасан хугацаанд шүүхэд хандан нэхэмжлэлээ гаргасан байна.

      Түүнчлэн Захиргааны шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх ашиг сонирхолоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг. Нэхэмжлэгч Ц.Б нь 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаартай гэрээгээр М-аас Улаангом сумын 4-р багт байрлах “Шинэ зуун” төвийн зүүн жигүүрийн 2 давхарын 109 м2 талбай бүхий ажлын байрны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байх тул тэрээр тухайн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй холбоотой асуудлаар зөрчигдсөн эрх, ашиг сонирхолоо шүүхээр хамгаалуулах эрхтэй. Нэхэмжлэгч Ц.Б нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан “улсын бүртгэлийг давхардуулсан, хуурамч бичиг баримт үндэслэн хийсэн” гэх үндэслэлээр улсын бүртгэгчийн үйлдэл, үйл ажиллагаатай холбогдуулан  нэхэмжлэл гаргасан байна. Түүний нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд нэхэмжлэлийн хэлбэр бүрдүүлбэр, шаардлагыг хангасан ба мөн хуулийн 54 дүгээр зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүд тогтоогдохгүй байна. Иймээс шүүх “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн гуравдагч этгээдийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. 

      Эрхийн улсын бүртгэлийн  1520002667, V-1520001610  дугаартай хувийн хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаас үзэхэд С.Энхтайван нь Улаангом сумын 4-р багт байрлах Шинэ зуун төвийн /хуучнаар НААҮГ-ын/ 2 давхарын 109 м.кв талбай бүхий ажлын байрыг анх удаа бүртгэж баталгаажуулахыг хүсэн өргөдөл гаргаж, 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдөр эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргаж өгсөн байна. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс С.Энхтайвны өргөдөл хүсэлт, мэдүүлэг болон 2009 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн MMart  ХХК-ийн ТУЗ-ийн тогтоол, үл хөдлөх хөрөнгийн план зураг, газар эзэмших эрхийн гэрээ , гэрчилгээ зэрэг баримтуудыг үндэслэн 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдөр С.Энхтайванд Увс аймгийн Улаангом сумын 4-р багт байшилтай хуучнаар НААҮГ-ын 2 давхарын ажлын байрны зориулалттай 109 м.кв талбай бүхий  үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр баталж, эрхийн улсын бүртгэлийн Y-1520002667 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байна.

       2009 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчснөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлөх”-өөр зохицуулсан байна. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагууу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна” гэж заажээ. Үүнээс үзэхэд С.Энхтайван нь 109 м.кв ажлын байрыг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажсан байна. С.Энхтайван улсын бүртгэлийн байгууллагад хэрвээ худал мэдүүлсэн, хуурамч бичиг баримт гаргаж өгсөн нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон тохиолдолд тэрээр бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөр ойлгогдож байна.  Хэн нэгэн хүн, хуулийн этгээдийн  зүгээс “С.Энхтайван хууль бус баримт бүрдүүлээд бидний өмчлөлийн байрыг бүртгүүлээд авчихлаа” гэсэн маргаан гараагүй байна.

       Гуравдагч этгээд Ё.М нь С.Энхтайванаас уг 109 м.кв талбай бүхий ажлын байрыг  2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан байх ба уг гэрээ болон  өргөдөл, мэдүүлгийг нь үндэслэн түүнд 2009 оны 08 дугаар сарын 29-ны өдөр эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.

         Дараа нь 2013 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээгээр Ё.М Ц.Б-д тухайн ажлын байрыг шилжүүлжээ.  Улсын бүртгэлийн хэлтэс мөн Ц.Б-ийн өргөдөл, мэдүүлгийг үндэслэн түүнд 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 109 м.кв талбай бүхий ажлын байрыг өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. Ийнхүү 109 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр С.Энхтайванаас Ё.М-д, Ё.М-аас Ц.Б-ийн нэр дээр шилжсэн байх ба уг өөрчлөлтүүдийг улсын бүртгэлд бүртгүүлснээр өмнөх өмчлөгч болох С.Энхтайван, Ё.М нарын өмчлөх эрх тус тус дуусгавар болж, өмчлөх эрх шинэ өмчлөгч болох Ц.Б-д шилжсэн байна.

      Иймээс шүүх Ц.Б-ийн өмчлөлийн 109 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө нь эрхийн улсын бүртгэлийн V-1520001610 дугаарт бүртгэлтэй 188 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй давхацсан эсэх, V-150002667 дугаартай эрхийн улсын бүртгэлийг хөндий бичиж олгосон эсэх асуудлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэлээ.

      Эрхийн улсын бүртгэлийн V-1520001610 дугаартай хувийн хэргийн нотлох баримтуудаас үзэхэд  Д.Тогтохбаярын  мэдүүлэгийг үндэслэн түүнийг 2004 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Улаангом сум 4-р баг Шинэ зуун төвийн зүүн жигүүрийн 2 давхарт байршилтай 88 м.кв , 18 сая төгрөгийн үнэ бүхий ажлын байрны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгосон байна. Хувийн хэрэгт авагдсан Д.Тогтохбаярын өргөдөл, багийн Засаг даргын тодорхойлолт, уг үл хөдлөх хөрөнгийн фото болон тойм зураг зэрэг баримтуудыг нөхөн бүрдүүлсэн байна. Д.Тогтохбаяр нь 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдөр П.Ёндонсамбууутай Үл хөдлөх хөрөнгө худладан авах гэрээ байгуулж, 88 м.кв талбай бүхий ажлын байрыг 25.0 сая төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон байхад аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2004 оны 08 дугаар 25-ны өдөр П.Ёндонсамбууд олгосон эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээн дээрээ тухайн үл хөдлөх хөрөнгийг “188 м.кв” хэмжээтэй гэж бичиж олгосон байна. Үүний дараа П.Ёндонсамбуу, Ц.Б нарын хооронд байгуулагдсан 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн  Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээнд 188 м.кв, 7 өрөө бүхий ажлын байрыг шилжүүлэхээр тусгагдсан байгаа ба уг гэрээг үндэслэн аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс  Ц.Б-д 188 м.кв хэмжээтэй ажлын байрыг өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

       Эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт тухайн барилга, обьектийн хуулийн шаардлага хангасан план зураг хавсаргагдаагүй, ажлын байрны хэмжээг  яаж тодорхойлсон нь тодорхой биш, хэмжээнүүд хоорондоо зөрүүтэй байсан учраас шүүх нэхэмжлэгч Ц.Б-ийн өмчлөлийн хоёр үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээ үнэн зөв эсэхийг тогтоолгохоор тэргүүлэх төсөвчин, зөвлөх инженер М.Оюунцэцэгийг шинжээчээр томилсон.

      Шинжээч маргаан бүхий барилгын хэсгийг газар дээр нь очиж үзэн хэмжилтийг хийж, өрөөний зохион байгуулалтын зургийг гаргасан байна. Шинжээч нь

       1. Эрхийн улсын бүртгэлийн V-1520001610 дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000187138 тоот гэрчилгээтэй Улаангом сумын 4-р баг Шинэ зуун төвийн /хуучнаар НААҮГ/-ын 2 давхарын зүүн жигүүрт байршилтай, ажлын байрны зориулалттай үл  хөдлөх эд хөрөнгийн талбай 159.16 м.кв

       2. Эрхийн улсын бүртгэлийн V-1520002667 дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн  000061678 тоот гэрчилгээтэй  Улаангом сумын 4-р баг Шинэ зуун төвийн / хуучнаар НААҮГ-ын/ 2 давхарт байршилтай, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 2 давхарын хэсгийн талбай 64,43 м.кв , 1 давхарын хэсгийн талбай 42.43 м.кв хэмжээтэй байна гэж тус тус тодорхойлсон байна.

       Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Ц.Б нь эрхийн улсын бүртгэлийн V-1520002667, V-1520001610  дугаарт бүртгэлтэй Увс аймгийн Улаангом сумын 4-р багт байрлах Шинэ зуун төвийн барилгын зүүн жигүүрийн 2 давхарт 223.59 м.кв/159.16+64.43/ , нэг давхарт 42.43 м.кв нийт 266.02 м.кв талбай бүхий ажлын байрыг  бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа болох нь тогтоогдож байна. Үүний 159.16 м.кв талбай бүхий ажлын байр нь Эрхийн улсын бүртгэлийн V-1520001610 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөд, 106.86 м.кв талбай бүхий ажлын байр нь Эрхийн улсын бүртгэлийн V-1520002667 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөд хамаарч байна.

      Шинжээчийн дүгнэлт болон эрхийн улсын бүртгэлийн V-1520002667, V-1520001610  дугаартай хувийн хэргийн баримтуудаар улсын бүртгэгч хууль бусаар хөндий гэрчилгээ бичиж олгосон, эрхийн улсын бүртгэлийн V-1520002667 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн V-1520001610 дугаарт давхардуулж бүртгэсэн нь тогтоогдохгүй байна. Харин аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс алдаатай бүртгэл хийсэн байна.

      Гуравдагч этгээд Ё.М 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдөр аймгийн улсын бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдөлдөө “ 4-р багт байрлах ММарт их дэлгүүрийн зүүн талд 2 давхар ажлын байрыг С.Энхтайванаас бэлгэнд авч байгаа тул өмчлөх эрхийн гэрчилгээ олгож өгөх”-ийг хүссэн байдаг. Мөн түүний С.Энхтайвантай байгуулсан бэлэглэлийн гэрээнд “..Улаангом хуучнаар 4-р баг хуучнаар АҮКомбинатын урд төв хаалга хаягт байрлах 109 м.кв 2 давхар 5 өрөө үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариу төлбөргүйгээр шилжүүлэх”-ээр тусгасан байна. Өөрөөр хэлбэл гэрээний талууд 2 давхар 109 м.кв ажлын байр өгч авч байгаагаа илэрхийлсэн байна.  Мөн 1, 2 давхарын өрөөний зохион байгуулалтын зураг хавсаргасан байна.   

      Гэтэл Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс эрхийн улсын бүртгэлийн V-1520002667 дугаартай  бүртгэлд өөрчлөлт хийхдээ  мэдүүлэг гаргагчийн өргөдөл, хүсэлт, бэлэглэлийн гэрээний агуулга, тухайн обьектийн план зураг /тойм зураг/ зэрэг баримтыг  үндэслэхгүйгээр алдаатай бүртгэл хийсэн байх ба зөвхөн 2 давхарт 109 м.кв талбай бүхий ажлын байр өмчлөхөөр олгосон нь ийнхүү маргаан гарах үндэслэл болсон байна. Ё.М, Ц.Б нарт эрхийн улсын бүртгэлийн V-1520002667 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн  гэрчилгээ олгохдоо тухайн обьектийн байршил болон талбайн хэмжээг зөрүүтэй бичиж олгосон байна. Энэ нь анхны  мэдүүлэг гаргагч мэдүүлэгтээ Эд хөрөнгө өмчлөх эрх , түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д заасан хуулийн шаардлага хангасан баримтуудыг бүрэн гүйцэд  хавсаргаагүй, улсын бүртгэгч холбогдох  баримтуудыг  шаардан хавсаргуулаагүй, мөн хуулийг зохих ёсоор хэрэгжүүлж ажиллаагүйтэй холбоотой юм.     

        Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д зааснаар “Иргэний хуулийн 183.3-т заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд улсын бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад бүртгэлийг буруу ташаа хийсэн нь тогтоогдвол улсын байцаагчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэж зохицуулсан байна.

        Нэхэмжлэгч нь улсын байцаагчид хандан алдаатай бүртгэлийг зөвтгүүлэх, өөрчлөлт хийлгэх бүрэн боломжтой болохыг тэмдэглэх нь зүйтэй.

      Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар  зүйлийн 6.6-д зааснаас үзэхэд эрхийн улсын бүртгэлийг давхардуулж, эсхүл хуурамч бичиг баримт үндэслэн хийсэн гэсэн гомдол гарсан тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлэхээр зохицуулсан байна.

        Иймээс шүүх нэхэмжлэгч Ц.Б-ний “улсын бүртгэгч хууль бусаар хөндий гэрчилгээ бичиж олгосон, эрхийн улсын бүртгэлийн V-1520002667 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн V-1520001610 дугаарт давхардуулж бүртгэсэн” гэх гомдол холбогдох баримтуудаар тогтоогдохгүй байх тул түүний  “Эрхийн улсын бүртгэлийн V-150002667 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хууль бусаар хөндий бичин олгосон улсын бүртгэгчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн V-150002667 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

        Ё.М-ийн нэхэмжлэлтэй, Ц.Б-д холбогдох “Үл хөдлөх хөрөнгө худалдан авсны үнэ болох 20.000.000 төгрөг гаргуулах” тухай маргаан  иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа тул шүүх тэдгээрийн хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний асуудлаар дүгнэлт боломжгүй юм.

   Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулаад нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.  

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн ажлын хөлсөнд шүүхийн төсвөөс 133000 /нэг зуун гучин гурван мянган/ төгрөг олгохоор болсон байна.

      Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 45 дугаар зүйлийн 45.1.2, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн 133000 /нэг зуун гучин гурван мянган/ төгрөгийг нэхэмжлэгч Ц.Б-ээр нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.2, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ний “Улсын бүртгэлийн V-150002667 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хууль бусаар хөндий бичин олгосон улсын бүртгэгчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн V-150002667 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 45 дугаар зүйлийн 45.1.2, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн 133000 /нэг зуун гучин гурван мянган/ төгрөгийг нэхэмжлэгч Ц.Бат-Эрдэнээс гаргуулан улсын орлогод оруулсугай.

      3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн  47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ОЮУНГЭРЭЛ