Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1336

 

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Н.Батзориг  даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/00970 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Баян тэрэм арвижин дэлгэрэх” ХХК-д холбогдох

 

  Түрээсийн гэрээний үүрэгт 945 000 төгрөг гаргуулж, албадан нүүлгүүлэх тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Дөлгөөн,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Заантогтох,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Цолмонбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай төв нь “Баян тэрэм арвижин дэлгэрэх” ХХК-тай 2017 оны 1 сард түрээсийн гэрээ хийж тус төвийн 101 тоот өрөөнд оруулсан. Түрээсийн гэрээнд хоёр тал гарын үсэг зурж тамга дарж 1-р сарын түрээс болох 315 000 төгрөгийг бэлнээр төлснөөс хойш өнөөдрийг хүртэл манайд түрээсийн мөнгө төлөөгүй тул 2-р сарын түрээс 315 000 төгрөг, 3-р сарын 15 хүртэлх түрээс 157 500 төгрөг, нийт 472 500 төгрөгийг төлүүлж, албадан нүүлгэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа 472 500 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Иймд нийт 945 000 төгрөг гаргуулж, албадан нүүлгэж өгнө үү гэжээ.

 

           Хариуцагчийн төлөөлөгч Э.Долгорсүрэн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвтэй 24 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Гэтэл үйл ажиллагаа эхлээгүй байхад 2 сарын 28-нд мэдэгдэх хуудас өгсөн тул үйл ажиллагаагаа явуулаагүй. Би 2-р сарын төлбөрийг төрийн сангийн данс руу хийх байсан. Гэтэл 2909004285 тоот дансыг өгсөн ба энэ нь төрийн сангийн данс биш байсан. Төрийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын байранд нэг сарын түрээстэй тэнцэх барьцаа мөнгийг нэхэмжилсэн, өрөө тасалгааны ханыг эвдэж гэмтээгээгүй араам зангидаж хийсэн, эвдэлсэн зүйл байхгүй. 2 дугаар сар 28 хоногтой, 3-р сарын 15 өдөр 30 хоног дууссан. Захирал Ц.Цолмонбаатар түрээсийн төлбөр 315 000 төгрөг болон илүү 15 хоногийн 157 500 төгрөгийг нэхэмжилсэн байна. "Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв" төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газрын байрыг хууль бус үйлдэл гаргаж, хувийн ашиг сонирхолдоо ашиглаж байгаа гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

  • Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Баян тэрэм арвижин дэлгэрэх” ХХК-иас 315 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвд олгож, үлдсэн 630 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн 101 тоот өрөөг чөлөөлж, нэхэмжлэгчид буцаан өгөхийг хариуцагч “Баян тэрэм арвижин дэлгэрэх” ХХК-д үүрэг болгож, хариуцагч “Баян тэрэм арвижин дэлгэрэх” ХХК нь шийдвэрийг эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргаж, түүнтэй холбогдох зардлыг нөхөн төлүүлэхийг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Баян тэрэм арвижин дэлгэрэх” ХХК-иас 10 100 төгрөг гаргуулж улсын тэмдэгтийн хураамжид нөхөн төлүүлж,  Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж  шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дөлгөөн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч тал болох Сонгинохайрхан дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих бизнес инкубатор төвийн захирал Ц.Цолмонбаатар нь Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 12 сарын 26-ны өдрийн Б/138 тоот тушаалаар томилогдсон байх бөгөөд, жижиг дунд үйлдвэрийг дэмжих асуудлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам харьяалдаг ба Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас томилсон байгаа нь эрх хэмжээт этгээд Ц.Цолмонбаатарыг томилсон эсэх нь эргэлзээтэй байна. Мөн тус төвийг Үйлдвэр худалдааны яамны сайдын 2008 оны 4 сарын 1-ний өдрийн 10 тоот тушаалаар байгуулан, удирдлагыг томилсон байдаг ба энэ төвийн удирдах албан тушаалтныг хэзээ, ямар шийдвэрээр Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар томилох эрхтэй болсон нь тодорхойгүй. Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэсэн улсын бүртгэлийн статустай тус төвийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол 54 дүгээр байрны ард байрлах төрийн өмчийн байрыг иргэд, аж ауйн нэгжид дамжуулан түрээслүүлэх эрхтэй эсэхийг шалгаж тогтоогоогүй. Мөн Жижиг дунд үйлдвэрийн байрны зориулалтаар өрөө түрээслэх гэрээ нь Иргэний тухай хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус  гэрээ байна. Гэтэл уг гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр гарсан байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэмэлтээр шалган тогтоох асуудлууд байх тул анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаан өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмыг дагуу явуулсан боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

            Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв нь хариуцагч “Баян тэрэм арвижин дэлгэрэх” ХХК-д  холбогдуулан түрээсийн төлбөр 945 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, түрээслэгч Сонгинохайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв нь өөрийн байрны 101 тоот өрөөг, 24 сарын хугацаатай, ажлын байрны зориулалтаар түрээслүүлэх, түрээслэгч “Баян тэрэм арвижин дэлгэрэх” ХХК нь сарын 315 000 төгрөгийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 2-4 дүгээр тал/

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв байна. Түрээсийн гэрээний зүйл болох Сонгинохайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн байрыг бүхэлд нь бус, зөвхөн 101 тоот өрөөг түрээслүүлсэн байх тул уг түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй болно. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

            Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/138 дугаар тушаалаар Ц.Цолмонбаатарыг Сонгинохайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирлын албан тушаалд томилжээ. /хх-ийн 7 дугаар тал/ Хариуцагчаас Ц.Цолмонбаатарыг уг төвийг төлөөлөх эрхтэй этгээд болох нь эргэлзээтэй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт баримтаар нотлоогүй байхаас гадна түрээслүүлэгч байгууллагын удирдлага хуульд заасан журмын дагуу томилогдсон эсэх нь  маргааны зүйл биш тул  энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

            Талууд түрээсийн гэрээний хугацааг 24 сар байхаар тохиролцсон ба түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүйгээс түрээслүүлэгч нь 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 30 хоногийн дотор өрөөг суллаж өгөхийг мэдэгджээ. /хх-ийн 26 дугаар тал/ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгүүлэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж заасан тул нэхэмжлэгч хугацаанаас өмнө гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүй, хэрэглэвэл зохих хуулийн  зохицуулалт хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэх замаар зөвтгөв.

 

            Гэрээний хугацаанд түрээсийн төлбөрт 315 000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй, анхан шатны шүүх түрээслэгчээс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөр 315 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийг 318.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

            Талууд гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тул гэрээний зүйл болох Сонгинохайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн 101 тоот өрөөний өмчлөгч нь бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй. Иймд Сонгинохайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн 101 тоот өрөөг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. Анхан шатны шүүх хариуцагчийн эзэмшлээс гэрээний зүйлийг чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.       

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/00970 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 …” гэснийг “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1” гэж,

2 дахь заалтын “Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 …” гэснийг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.БАТЗОРИГ                                     

                                                          ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН                                                                                                         

                                                                                                          Г.ДАВААДОРЖ