Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 432

 

     Л.Б, Э.М нарт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 хохирогч Э.М, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг,      

шүүгдэгч Э.М, Л.Б нарын өмгөөлөгч Б.Ганбаатар,   

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 213 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.М-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Л.Б, Э.М нарт холбогдох 1708006730077 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. С овгийн Л-н Б, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ............. аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, “Т Ү” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .............. дүүргийн ... дугаар хороо, ....... 83 дугаар гудамжны ....... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ............/;

2. Ш овгийн Э-н М, 19.. оны .. дугаар сарын ...-ний өдөр ............... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............. дүүргийн ... дүгээр хороо, ........ ... дугаар гудамжны ... тоотод оршин суудаг,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар 251 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, /РД: ............../;

Л.Б, Э.М нар нь бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам гэх газарт байрлах “Найрамдал-2” хотхоны гадна иргэн Э.М-г “Ажил хийж байхад автомашинаар хүрз дайрлаа” гэх шалтгаанаар маргалдан зодож, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Л.Б, Э.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Э.М-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, прокуророос Л.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Л.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Б-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол  хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Л.Б-д үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Л.Б-д мэдэгдэж, Л.Б, Э.М нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Б-с 155.400 төгрөг гаргуулж, ........ дүүргийн 15 дугаар хороо, .........-н 217а тоотод оршин суух хохирогч Э.М-д /РД: ........../ олгож, өмгөөллийн хөлс 500.000 төрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, цалингийн зөрүүтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогч Э.М давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хохирогчийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь,

1. Хохирогч миний хувьд ажилгүй байсан хугацааны цалинд 1.217.391 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санхүүгийн хэлтсийн тодорхойлолт, эмнэлгийн хуудас, шүүх хуралдааны өмнө шүүхэд нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөлсөөр ажиллах гэрээг хэрэгт хавсаргуулахаар өгсөн ба хангалттай нотлох баримттай, нэг мөр шийдвэрлүүлэх боломжтой байтал цалингийн зөрүүг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэсэн нь үндэслэлгүй байна. Үүнээс гадна эмнэлгийн хуудас буюу листийг эх хувиар нь Нийгмийн даатгалын хэлтэс хураан авдаг бөгөөд шүүхэд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгөх боломжгүй байсан.

            2. Шүүгдэгч Л.Б-г гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан атлаа өмгөөллийн хөлсөнд төлсөн 500.000 төгрөгийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Л.Б-н буруутай үйл ажиллагааны улмаас би өмгөөлөгч авч, хөлс төлсөн бөгөөд гэрээ болон дансны хуулгыг нотлох баримтаар өгсөн. Шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан заавал өмгөөлөгч авах нөхцөлд хамаарахгүй тул өмгөөллийн зардлыг шүүх хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч... өмгөөлөгчид төлөх зардал...” гэж заасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

            3. Мөн шийтгэх тогтоолын 8 дахь заалтад миний регистрийн дугаар болон гэрийн хаягийг буруу бичсэн байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Л.Б-с 1.872.971 төгрөг гаргуулж, Э.М-л надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.

   Хохирогч Э.М-н өмгөөлөгч Г.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон Хөлсөөр ажиллах гэрээний хамт нотлох баримтын шаардлага хангаж өгсөн. Гэм буруутай этгээдээс өмгөөллийн хөлсийг гаргуулах хүсэлтэй байна. Э.М-н үйлдэл нь хангалттай нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Л.Б-с 1.872.900 төгрөг гаргуулж өгнө үү...” гэв.

            Шүүгдэгч Л.Б, Э.М нарын өмгөөлөгч Б.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь улсын өмгөөлөгчтэй холбоотой зардлыг нөхөн төлүүлэх талаар зохицуулсан гэж үзэж байна. Хавтаст хэргийн 114, 115, 116 дугаар хуудсан дахь баримтыг шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр нотлох баримтаар үнэлэхгүй байх хүсэлт гаргасан. Гэм буруугийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогчийн биеийн байцаалтын талаарх зохих өөрчлөлтийг оруулж, бусад заалт хэсгийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Л.Б, Э.М нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Л.Б нь 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам гэх газарт байрлах “Найрамдал-2” хотхоны гадна иргэн Э.М-г “Ажил хийж байхад автомашинаар хурдтай ирж газарт байсан хүрз дайрлаа” гэх шалтгаанаар маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.М-н “...Би 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн үед гэртээ харихаар хотхоны замаар машинаараа явж байсан. Зам дээр засварын ажил явагдаж байсан... Тэгэхээр нь би аль болох баруун тал руугаа шахаад ажил хийж байсан хүмүүсийн хажуугаар гарсан. Гэтэл араас хүн орилсон ба “хүн дайрчихлаа” гэх шиг болохоор нь толиндоо хартал сандал дээр сууж байсан үл таних залуу босоод газраас чулуу авч байгаад араас шидсэн. Гэтэл машины ард чулуу онож дуу гарахаар нь би машинаас буугаад чулуунд оногдсон хэсгийг харахад будаг нь халцарсан байсан... Ингээд нөгөө залуу руу дөхөж очсон ба “хүрз дайрчихлаа”, “машин луу чулуу шидлээ” гэх асуудлаар маргалдаж эхэлсэн... энэ үед миний машин руу чулуу шидсэн залуу газраас дахин чулуу авч байсан ба би өөрийгөө хамгаалж, баруун талаараа газар атиралдан хэвтэж, нүүрээ дарсан... Машин руу чулуу шидсэн залуу гартаа чулуу барьсан байсан ба миний нүүрэнд учирсан шалбарсан шархнуудыг уг чулуугаараа учруулсан байх гэж бодож байна...” /хх 6-7/,

гэрч Э.З-н “...Л.Б захирал “яаж байна аа, багаж дайраад гарчихлаа” гэхэд нөгөө залуу машинаа зогсоогоод бууж ирээд Б захирал руу дайрсан... Л.Б уурлаад “чи яахаараа хүн цохидог юм, чиний буруу биз дээ” гэж хэлээд уг залууг хариу цохьтол уг залуу унаад өгсөн. Тэгээд унасан байхад нь мөн хэд хэдэн удаа цохисон. Л.Б уг залуугийн хаана, хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Нүүр лүү нь цохисон байх гэж бодож байна...” /хх 11-12/,

гэрч Л.Э-н “...Маргалдаж байгаад манай захирал “чи согтуу байна, би чамтай юм ярихгүй” гээд түлхтэл Л.Б захирлын баруун шанаа руу нэг удаа цохиход захирал өөдөөс нь гараа атгаж байгаад цохин, хоорондоо барьцалдаж авахаар нь би М-н хамт очиж салгасан...” /хх 45-46/,

гэрч М.А-н “...Тэгээд тэр хоёр хоорондоо ноцолдож, зодолдож эхэлсэн ба Э.М очиж салгасан. Тэгэхэд Л.Б тэр хүний нүүр, ам руу нь гараараа цохиж байсан ба би жоохон зайтай зогсож байсан тул тодорхой сайн харж чадаагүй. Э.М нь тэр хоёрыг зодолдож байхад нь Л.Б-г татаж аваад хоёр тийш нь болгож салгахад нөгөө залуу машиндаа суугаад явсан...” /хх 132/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Э.М-н биед тархи доргилт, зүүн чамархай, хөхлөг сэртэн, дух, баруун нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн нүдний доод зовхи, баруун, зүүн хацар, дээд уруулын дотор зүүн хэсэг, цээжний зүүн хажуу доод хэсэг, хэвлийд цус хуралт, хамар, дээд уруул, баруун мөр, дал, бүсэлхий, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүдээс тархи доргилт, зүүн чамархай, хөхлөг сэртэн, дух, хамар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, хөхлөг сэртэн, дух, баруун нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн нүдний доод зовхи, баруун, зүүн хацар, дээд уруулын дотор зүүн хэсгийн цус хуралт гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 9596 дугаартай дүгнэлт /хх 15/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Л.Б, Э.М нарыг бүлэглэн хохирогч Э.М-г зодож, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэн, шүүгдэгч тус бүрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх Э.М-т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн ба үүнтэй холбоотой Л.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, тухайн зүйл, хэсгийн ялын төрөл, хэмжээний дотор торгох ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон байх ба Эрүүгийн хуулийн зөв хэрэглэсэн байна.

     Хохирогч Э.М-н “...ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү, өмгөөллийн хөлсийг нэмж гаргуулах, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хохирогчийн гэрийн хаяг болон регистрийн дугаарыг буруу бичсэнийг зөвтгөж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг бүхэлд нь хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

            Учир нь, хохирогч Э.М нь сар бүр 2.800.000 төгрөгийн цалин авч, нийгмийн даатгалын хураамж төлдөг болох нь хавтаст хэрэгт авагдсан цалингийн карт /хх 115/, цалингийн тодорхойлолт /хх 116/, банкны дансны хуулга /хх 205-208/, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 209/ зэргээр тогтоогдсон, гэмт хэргийн улмаас хохирогч эрх зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч авч, өмгөөллийн төлбөр төлсөн нотлох баримтууд хангалттай авагдсан байхад анхан шатны шүүх зөвхөн эмчилгээний зардал 155.400 төгрөг гаргуулж, цалингийн зөрүүтэй холбоотой нэхэмжлэлийг иргэний журмаар дараа нь жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, өмгөөллийн хөлсийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

             Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хохирогч Э.М-н эмчилгээний төлбөр 155.400 төгрөг, өмгөөллийн хөлсөнд төлсөн 500.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 1.217.391 төгрөг, нийт 1.872.791 төгрөгийг гэм буруутай этгээд шүүгдэгч Э.Б-с гаргуулахаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

            Түүнчлэн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад хохирогчийн гэрийн хаяг болон регистрийн дугаарыг буруу бичсэнийг, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан “бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг арилгах” үүрэг болгосон заалтыг баримтлаагүй шийдвэрлэснийг энэхүү магадлалаар зөвтгөв.