Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2020/ШЦТ/285

 

 

 

 

2020       03       31                                 2020/ШЦТ/285

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Э.Оюунтунгалаг,

Хохирогч С.О түүний өмгөөлөгч Р.Чимбаа,

Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б холбогдох 1809 05521 0177 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-7, эхнэр 5 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Орхон сум, 1 дүгээр баг, Баян-Өлзийтийн дэлгэр хорооллын 2-7Б тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Л Б /РД:********/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 20-оос 21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Солонго билл” ХХК-ийн подвальд иргэн С.О хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаад орсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б “... Би гэм буруугаа ойлгож хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний хувийн байдлыг харгалзан тэнсэн харгалзаж өгнө үү. Би хохирогчийн эмчилгээний зардлыг цаашид төлнө...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түвшинжаргал “...Миний үйлчлүүлэгч өөрийн үйлдсэн хэрэгтээ чинь санаанаасаа гэмшиж харамсаж байна. Тэрээр шүүхээс гаргуулахаар заасан хохирлыг нөхөн төлсөн хэдий ч цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Түүний хувийн байдлын талаар дурдахад тэрээр бага насны 5 хүүхэдтэй. Өрхийн амьжиргаагаа ганцаараа залгуулдаг. Мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлуудыг харгалзан түүнд  Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.О “...Түүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Ингэснээр би цаашид гарах эмчилгээ болон сэтгэл заслын төлбөрөө төлүүлэх боломжтой болно...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Р.Чимбаа “... Хохирогчоос эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх үүднээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч С.О мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Би “Солонго билл” ХХК-д 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр жижүүрээр ажилд орсон бөгөөд тухайн өдрөө ээлжид гарахдаа Б гэх залууг мэддэг болсон бөгөөд тухайн залуу тус газар ажилладаг гэсэн ба байгууллага дээр хонодог гэж ажилчид нь ярьж байсан. Би 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 17.00 цагаас эхлэн ажлын байран дээрээ жижүүрийн ээлжээ аваад цэвэрлэгээ хийсэн бөгөөд орой ажил тарсны дараа би жижүүрийнхээ байранд сууж байсан. Тухайн үед подвалд хэвлэх үйлдвэрийн хүмүүс ажиллаж байсан бөгөөд Б нь шатны тааз хэсгийг янзалж байсан. 21.00 цагийн үед хэвлэх үйлдвэрийн хүмүүс бүгд гараад явсан бөгөөд тус байранд Б бид 2 л үлдсэн юм. Б подвалд байдаг гал тогооны өрөөнд хонины дотор гэдэс чанасан байсан ба доошоо хамт бууж идье, чи ус буцалгагч 2 аягаа аваад буучих гэж хэлсэн. Би хэлсэн ёсоор нь аяга ус буцалгагчаа аваад жижүүрийнхээ байрыг түгжээд доошоо орсон. Намайг доошоо буутал тогоон дээр тавьсан гэдэс болоогүй байна гээд элэг сүүл 2 гаргаад тавьсан байсан. Тэгтэл Б нь 200 граммын Хараа нэртэй архи гаргаж ирээд 2 аяганд хийгээд уучхаад 2-аа унтаж амаръя гэж хэлсэн. Бид жижиг шилтэй архиа хувааж уусан бөгөөд Б нь хэвлэх үйлдвэрийг эргэж харчхаад ирье гэж хэлж гараад хэсэг хугацааны дараа ирэхдээ 0.5 литрийн Хараа нэртэй архи авчирсан. Би архи уудаггүй тул эхний уусан 100 грамм архиндаа согтсон байсан бөгөөд тухайн үед юу болсон талаар сайн санахгүй байна. Тэгээд нэг мэдэхэд гал тогооны өрөөнд байдаг орон дээр Б  хамт хэвтэж байсан. Гэтэл Б нь миний дээрээс дарж, намайг эсэргүүцэж байхад миний бэлэг эрхтэн рүү өөрийн бэлэг эрхтнээ шургуулсан. Би эсэргүүцэж хашхирсан боловч Б миний амыг гараараа дарсан. Тэр явдлаас хойш хэд хэдэн удаа намайг хүчиндсэн бөгөөд би Б хандан би цагдаа дуудна шүү гэж хэлэхэд Б уурлаж чамайг ер нь алчихсан ч яадаг юм бэ гэж хэлж намайг дарамталж, миний хувцсыг надад өгөлгүй гаргаж шатаана гэж хэлсэн. Миний толгой эргэж ам хатаад байсан тул Б балга ус өгөөч миний зүрх муу шүү эмч дуудаад өгчих гэж хэлэхэд чи баашлаад байна, цагдаад хэлэх юм бол чи ч би ч сайн явахгүй гэж хэлсэн. Би уйлж гуйсаар байгаад арай гэж хувцсаа аваад өмссөн. Б миний гар утсыг авчих байх гэж айгаад өөрийн гар утсыг гутлынхаа түрийнд хийгээд дээшээ гарсан. Тэгээд дээр очоод ажлынхаа хувцас, цүнх куртик зэргийг аваад шууд гарч цагдаа дуудсан. Би цагдаа нартай багшийн дээдийн автобусны буудал дээр уулзаж, буцаад ажлын байран дээрээ очиход Б нь подвалын гал тогооны орон дээр хэвтэж байсан бөгөөд цагдаа нар түүнийг баривчлаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/-р тал,

Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Солонго билл” ХХК-ийн байранд хүчиндүүлчихлээ гэсэн дуудлагын дагуу очиход 50 гаран насны эмэгтэй зогсож байсан бөгөөд юу болсон талаар асуугаад хэрэг болсон гэх газар луу дагуулан очиход доошоо подвалын давхар луу ороход орон дээр 30 гаран насны эрэгтэй унтаж байсан. Дуудаж босгож ирээд танаас асуух зүйл байна, биднийг дагаад явна уу гэхэд нэлээн согтуу босож ирээд наад хүүхэн чинь өөрөө дуртай л байсан ш дээ, би хүчиндээгүй гэж хэлсэн. Дуудлага өгсөн хүн “энэ хүн намайг хүчиндчихлээ” гээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41/-р тал,

Гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Сүхбаатар дүүргийн “Солонго билл” ХХК-ийн байранд хүчиндүүлчихлээ гэх дуудлагын дагуу очиход хижээл насны эмэгтэй зогсож байсан бөгөөд юу болсон талаар асуухад намайг надтай цуг ажилладаг залуу хүчиндсэн, одоо дотор унтаж байгаа гэж хэлсний дагуу тухайн байр луу нэвтрэхэд 30 орчим насны эрэгтэй хүн орон дээр унтаж байсныг дуудаж сэрээгээд цагдаагийн хэлтэс дээр авчирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42/-р тал,

Гэрч “Итгэлт эстимэйт” ХХК-ийн санхүүгийн шинжээчийн тайлбар, мэдүүлэг /хх-ийн 43/-р тал,

Шүүгдэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Тухайн өдөр би ажил дээрээ байж байхад манай ажилд шинээр орсон 40 эргэм насны эмэгтэй байж байсан бөгөөд би хоолоо идэхдээ эгчийг хоолоо идээгүй бол хоол идээрэй гэж хэлсэн. Тухайн өдөр би хонины гэдэс чанаж байсан учраас доошоо буугаад түрүүлж болдог зүйлсийг нь гаргаж идэцгээсэн. Миний хөлөн дээр хатги гарсан байсан учраас орой унтахаасаа өмнө шахна гэж бодоод 200 грамм архи авчихсан байсан ба би О энэ архинаас татах уу гэж хэлэхэд тэгье гэж хэлээд бид адилхан хэмжээгээр хувааж ууцгаасан. Тэгээд бид өөрсдийнхөө болон ажлын талаар ярилцаад яриа нийлж байсан. Би түүнээс дэлгүүр хаах болоогүй байна, нэмж уух уу гэхэд О тэгье гэж хэлэхээр нь 22.00 цагийн үед би дэлгүүр гараад 0.5 литрийн хараа нэртэй архи, ундаа зэргийг авч орж ирсэн. Бид архиа уугаад гэдсээ идээд хэсэг суусны дараа хуучны танил хүмүүс шиг дотно санагдсан. Бид ууж байхад О нь өнөөдөр сайхан секс хийе гэж хэлсэн. Тэр би инээгээд уруул дээр нь үнссэн бөгөөд тухайн үед цаг шөнийн 00.00 цаг өнгөрч байсан. О тухайн үед дургүйцэж байсан шинжгүй, өөрөө хувцсаа тайлаад бид 1 оронд орж бэлгийн харьцаанд сайн дураараа орцгоосон. Бэлгийн харьцаанд орж байх үедээ О нь идэвхтэй хөдөлгөөн хийж бид харилцан хөдөлж байсан. Би дур тавьчхаад унтаж амрахаар хэвтсэн бөгөөд энэ үед О нь эсэргүүцэж, дургүйцсэн зүйл байгаагүй бөгөөд бид бэлгийн ажлаа дуусгачхаад хувцсаа өмсөцгөөсөн. Хувцсаа өмссөний дараа дахин би О араас бэлгийн харьцаанд орсон ба энэ үед ч О дургүйцсэн зүйл байхгүй байсан. Дургүй байсан бол араас нь хийж байхад больж болох л байсан. Би дур тавьсан бөгөөд намайг дур тавьж байх үед О дургүй өөрт тааламжгүй байсан бол болих ёстой байсан боловч тэгээгүй. Шөнийн турш 3 удаагийн бэлгийн харилцаанд орж байхад үнэхээр дургүй байсан бол болиод явсан ч болох л байсан. Би түүнийг хүчиндээгүй, тэр намайг мөнгөтэй гэж бодоод надаас мөнгө нэхэж байгаа байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/-р тал,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 04 дүгээр 24-ний өдрийн 2371 дугаартай дүгнэлтэд “... С.О бэлэг эрхтнээс илэрсэн эр бэлгийн эс нь Л.Б тохирч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 52-56/-р тал,   

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №12618 дугаартай дүгнэлтэд “... С.О биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, С.О нь бэлгийн харилцаанд орох чадвартай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 59/-р тал зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 20-оос 21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Солонго билл” ХХК-ийн подвальд иргэн С.О хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүхээс үзлээ.

 

Шүүгдэгч Л.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Бид харилцан тохиролцсоны үндсэн дээр бэлгийн харилцаанд орсон, би хүчиндээгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна...”

 

Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Л.Б “... Хохирогч О тантай бэлгийн харилцаанд орохдоо эсэргүүцэж байсан гэдгийг та хүлээн зөвшөөрч байна уу...” гэх асуултанд тэрээр “... хүлээн зөвшөөрч байна, өөрийн гэм буруугаа хүлээ зөвшөөрч байгаа...” талаар мэдүүлсэн зэргээс харахад тэрээр хохирогчийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон болох нь тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Л.Б болон хохирогч С.О нарын мэдүүлэг нь цаг хугацааны хувьд өөр хоорондоо харилцан зөрүүгүй, тухайн өдөр болсон гэх үйл баримтыг тэдгээрийн мэдүүлэгт үндэслэн тогтоох боломжтойн дээр хэн аль нь насанд хүрсэн хүмүүс байх тул шүүх гагцхүү хүчиндэх гэмт хэргийн үндсэн шинж шүүгдэгчийн үйлдэлд байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгсөн болно. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, зөвхөн өөрийн дур хүслийг гүйцэлдүүлэхийн тулд хохирогчийн бэлгийн эрх чөлөөнд хүч хэрэглэж эсхүл өөрийгөө хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулж халддагаараа онцлогтой.

 

Шүүгдэгч Л.Б үйлдэл нь “...хохирогч С.О согтуурсан, мансуурсан өөрийгөө хамгаалж чадахгүй байгааг нь далимдуулж, дээр дурдсан өөрийн хүслийг гүйцэлдүүлэх зорилгоор бэлгийн эрх чөлөөнд нь халдаж, түүнтэй хүчээр бэлгийн харьцаанд орсноороо тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна...”.

 

Шүүгдэгч Л.Б үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд, шүүхээс шүүгдэгч Л.Б “... хохирогчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэж, өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байхад нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно...” гэж заажээ.

 

Шүүгдэгч Л.Б үйлдсэн гэмт хэргийн тухайд хохирогч С.О материаллаг хохирол учраагүй, хүний биед үзлэг хийсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №13897 дугаартай “... С.О биед учирсан гэх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дугаар зүйлд зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...”  зэрэг дүгнэлт хэрэгт авагджээ.

 

Түүнчлэн хохирогч С.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Л.Б  энэ гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохиролд нийт 17.897.537 төгрөгийг нэхэмжилснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд тооцож, шүүгдэгчээс гаргуулах боломжгүй.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч талаас нийт 2.404.208 төгрөгийн хохирлын баримтыг шинээр гаргаж ирсэн бөгөөд тухайн баримтуудад үндэслэн шүүх Л.Б хохирол төлбөр гаргуулах боломжгүй.

 

Тухайн баримтуудаас харахад хэдийгээр хохирогч нь эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж, холбогдох эмийн бүтээгдэхүүн худалдан авсан болох нь тогтоогдож байх боловч энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн бие махбодид ямар гэмтэл учирсан, цаашид ямар эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар нотолсон баримт хавтас хэрэгт авагдаагүй, цаашлаад тухайн баримтуудыг туйлын үнэн гэж үнэлэх боломжгүй байна.

 

Өөрөөр хэлбэл шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хохирол учраагүй, хавтас хэргийн 65-78-р талд авагдсан эмчлүүлэгчийн карт авагдсан байх бөгөөд тухайн картанд хохирогчийн эрүүл мэндийг хэвийн гэж дүгнэн харин мэргэжлийн сэтгэл зүйчийн зөвлөгөө авах шаардлагатай талаар дурджээ.

Мөн хохирогч С.О нь өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтэдээ “...шүүгдэгч Л.Б хохирол болох 10.000 төгрөгөө бүрэн гаргуулж авсан, түүнд тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү...” гэх хүсэлтийг гаргасан байна.  

 

         Иймд, дээрх үндэслэлээр шүүхээс шүүгдэгч Л.Б бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтдээ “... шүүгдэгч Л.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан дээрх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” саналыг,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтдээ “... Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгнө үү...” гэх саналыг,

          Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “... Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Ингэснээр цаашид гарах эмчилгээ болон сэтгэлийн заслын төлбөрөө төлүүлэх боломжтой болно...” гэх саналыг,

          Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт “... Би гэм буруугаа ойлгож, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би хохирогчийн эмчилгээний зардлыг цаашид төлнө. Иймд, миний хувийн байдлыг харгалзан тэнсэж хянан харгалзаж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Л.Б үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, хохирогч, шүүгдэгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Л.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

          Гурав. Бусад асуудлаар.

          Шүүгдэгч Л.Б нь энэ гэмт хэргийн учир нийт 28 хоног цагдан хоригдсоныг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.           

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б овогт Л Б “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

          2. Шүүгдэгч Л.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.

          3. Шүүгдэгч Л.Б засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг харьяа дүүрэг, нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь шүүхээс тэнсэж, хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг зөрчилд холбогдсон тохиолдолд шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

          5. Шүүгдэгч Л.Б нь энэ хэргийн учир 28 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч С.О нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Х.ИДЭР