Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/666

 

 

 

 

 

 

    2020        07         08                                   2020/ШЦТ/666

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж, шүүгч Д.Дарьсүрэн, Б.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Т.Цэнд-Аюуш,

Иргэдийн төлөөлөгч Н.Оюунбаатар,

Гэрч Ц.Б, Т.О,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав, П.Учралгэрэл,

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Н.Баатардорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б холбогдох эрүүгийн 1909 02519 0232 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, 1964 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, “Төгөлдөр Харуул” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр, зээ хүүгийн хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 5 дугаар байрны 1-9 тоотод оршин суух,

-Урьд 1984 онд Ардын армийн тусгай шүүхийн 237 дугаартай шийтгэх тогтоолоор 08 жил 06 сарын хорих ял,

-1990 онд Улаанбаатар хотын Ажилчны районы шүүхийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор 01 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж эдэлсэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:********/ Б овогт Д Б

 

Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:/Яллах дүгнэлтэр бичигдсэнээр/

Яллагдагч Д.Б нь 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустын 1-р хэсэг, Хүслэн хотхоны 221 дүгээр байрны 15 тоотод бага насны буюу 8 настай охин Д.Э өвөр дээрээ суулган хоёр хөлийнхөө завсар хийн хавчин хүзүү, хацар, уруулыг үнсэх, хэлийг нь 3 удаа сорж үнсэх, цамцны дотуур гараа хийн гэдэс, цээжийг нь илэх зэрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ “... Би 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр С гэрт саравч хийх гээд очсон. Тэнд байсан 5, 6 жаахан хүүхдэд зайрмаг авч өгөөд бүгдийг нь нэг удаа үнссэн. Би эхээс наймуулаа, 6 эмэгтэй дүүтэй. Би ийм бузар булай үйлдэл гаргах хүн биш...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Миний үйлчлүүлэгч Б нь охины бэлгийн халдашгүй байдалд халдсан зүйл байхгүй байна. Харин тэрээр хүүхдийн эрхийн эсрэг халдсан. Энэ үйлдэлдээ захиргааны зөрчлөөр шийтгэгдсэн. Б нь согтуурсан үед хүүхдийн эсрэг зүй бус үйлдэл гаргасан. Прокурор завдалтаар зүйлчил гэхэд төгссөнөөр зүйлчилсэн. Б  нь өөрөө сайн дураараа үйлдэл хийхээс татгалзсан байдаг. Хохирогчийн мэдүүлэгт зөрүүтэй зүйлс их байна. Иймд шүүгдэгч Д.Б холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Тухайн үед би бага хүүхдээ сагсны талбайд салхилуулаад байж байхад Э ирээд “тэр өвөө ам руу хэлээ хийсэн” гэж хэлсэн. Би Б гуай дээр очоод уурлаад цагдаа дуудсан. Э өөрөө цагдаагийн газарт мэдүүлэг өгсөн. Надад хэлэхдээ “тэр өвөө өвөр дээрээ суулгасан” гэж хэлээгүй. Харин намайг хөлнийхөө завсараа хийгээд подволк дотор гараа хийгээд элээд байсан гэж хэлсэн. Охиноосоо би бүх хүүхдийг тухайн өвөө нь үнссэн үү гэхэд үнсээгүй гэж хэлсэн. Миний охиныг айлд оруулж муухай зүйл хийсэнд гомдолтой байна. Одоо охины сэтгэл санаанд өөрчлөлт орсон. Тэрээр өмнө нь өвөөтэйгээ дотно байдаг байсан бол одоо өвөөгөөсөө айж, согтуу хүнээс айдастай байдаг болсон. Одоо хохиролд нийтдээ 2.487.585 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс шүүгдэгчийн эхнэр 595.000 төгрөгийг эмээд нь өгсөн байсан...” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Баасанжав шүүхийн хэлэлцүүлэгт “...Улсын яллагчийн яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч нь хууль зүйн туслалцаа авах эрхтэй. Иймд хохирогчид учирсан хор уршгийг шийдвэрлэх нь зүйтэй. Бага насны хүүхдийн сэтгэл зүйд өөрчлөлт орсон. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байх тул цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй үлдээж, эрхийг нь хангаж өгнө үү. Насанд хүрээгүй хохирогч тухайн байдлаас зугтаж гараагүй байсан бол Б үйлдлээ төгс үйлдэх, боломжтой байсан. Харин Э охин гарч зугтаасан байдаг...” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөнч П.У шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч нь бага насны хүүхдийн эсрэг хүчингийн шинжтэй үйлдэл хийсэн байх тул уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна. Түүний үйлдэл хэлбэрийн шинжтэй байсан ч охины сэтгэл зүйд хүчтэй нөлөөлсөн. Тэрээр тухайн үед 8 нас 8 сар 3 хоногтой байсан. Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүүхэд байх эрхийг зөрчсөн. Шүүгдэгчийн зүгээс зүгээр үнссэн байхад гүтгэсэн гэж байна. Түүнийг гүтгэх ямар ч үндэслэл байхгүй. Хохирогч нар баримттай хохирол нэхэмжилсэн. Хэрэв мөнгөний төлөө гүтгэсэн бол хүүхдэд эмчилгээ хийлгэх бол уу гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Иймд гэм буруутайд тооцож хохирлыг барагдуулж өгнө үү...” гэв.

 

Гэрч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Б нь өөрөө олон ач зээтэй. Тэдгээрийн уруул, ам хэсэг газарт хамаагүй үнсдэг. Ач, зээ нар маань ч гэсэн өвөөдөө үнсүүлэх дуртай байдаг. Би гэхдээ түүнд хамаагүй хүүхдүүд үнсэж болохгүй гэж хэлдэг байсан. Охины эмээд 595.000 төгрөг өгсөн...” гэв.

 

Гэрч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Э шүүгдэгч нь дуудаад гэрт оруулж өвөр дээр суучих гэхэд охин өвөр дээр нь суусан. Тэгтэл шүүгдэгч амаа ангаагаад хэлээ хийсэн гэж хэлсэн. Энэ явдлаа хүнд хэлж болохгүй шүү гэж хэлээд 5000 төгрөг авах уу, эсхүл гар утас өгье гэж хэлсэн тухай охин хэлсэн. Тэгээд охин зугтаасан. Түүний эхнэрээс 595.000 төгрөгийг авсан...” гэв.

 

Нэг. Эрүүгийн хуулийн хэрэглээний талаар.

Шүүх хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар зэргээс харахад шүүгдэгч Д.Б нь насанд хүрээгүй хохирогч Д.Э эсрэг бэлгийн шинжтэй үйлдэл хийсэн гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэргийн хамгаалах эрх ашиг нь хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байх бөгөөд аль ч хүйсийн хүн байж болохоор хуульд зохицуулсан.  

 

Мөн тухайн гэмт хэргийн обьектив шинжид хохирогчийн хүсэл зоригоос гадуур бэлгийн харьцаанд орсон үйлдлийг ойлгохоор байна.

 

Прокуророос шүүгдэгч Д.Б бага насны буюу 8 нас 3 сар 8 хоногтой насанд хүрээгүй хохихогч Д.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг төгс үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б үйлдэл насанд хүрээгүй хохирогч Д.Э өвөр дээрээ суулган хоёр хөлийнхөө завсар хийн хавчин хүзүү, хацар, уруулыг нь үнсэх, хэлийг нь сорж үнсэх, цамцны дотуур гараа хийн гэдэс, цээжийг нь илэх зэрэг тодорхой үйлдлүүд хийсэн байх бөгөөд тухайн үйлдлүүдийг хийснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бага насны хүүхдийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэх гэх гэмт хэргийг туйлдаа хүрч төгссөн гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Учир нь шүүгдэгч Д.Б дээрх үйлдлийн улмаас бага насны хохирогч Д.Э биед гэмтлийн зэрэгт хамаарах гэмтэл учраагүй, шүүгдэгч нь хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулаагүй, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулаагүй, түүнчлэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №9281 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Д.Б нь хурьцал үйлдэх чадваргүй болохыг тогтоосон байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан “...баган насны хохирогчийн хүсэл зоригийх нь эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон бус харин хүсэл зоригийх нь эсрэг хүч хэрэглэж, хүчиндэхийг завдсан болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Б бага насны хохирогч Д.Э эсрэг идэвхтэй үйлдэл хийж байх явцад бага насны хохирогч зугтсан, өөрөөр хэлбэл шүүгдэгч нь шууд чиглэсэн санаатай үйлдэл хийсэн боловч тухайн этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэргийг төгсгөж чадаагүй байна.

 

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх гэдгийг “...Хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно...” гэж тайлбарласан байна.

 

Шүүгдэгч Д.Б насан хүрээгүй хохирогч Д.Э өвөр дээрээ суулган хоёр хөлийнхөө завсар хийн хавчин хүзүү, хацар, уруулыг үнсэх, хэлийг нь 3 удаа сорж үнсэх, цамцны дотуур гараа хийн гэдэс, цээжийг нь илэх зэрэг үйлдлүүд нь бэлгийн шинжтэй үйлдэл хийсэн гэх хуулийн дээрх тайлбар нийцэхгүй байгааг дурдаж байна.

 

Иймд, шүүгдэгч Д.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хоёр. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустын 1-р хэсэг, Хүслэн хотхоны 221 дүгээр байрны 15 тоотод бага насны буюу 8 настай охин Д.Э өвөр дээрээ суулган хоёр хөлийнхөө завсар хийн хавчин хүзүү, хацар, уруулыг үнсэх, хэлийг нь 3 удаа сорж үнсэх, цамцны дотуур гараа хийн гэдэс, цээжийг нь илэх зэргээр хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхээр завдсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Д.Э өгсөн “...Би гадаа тоглож байгаад сүүдэртэй газар хайгаад С эгчийн грашийн сүүдэрт тоглох гээд байж байтал тэр өвгөн чи наашаа ир гээд дуудахаар нь “би юу” гэж хэлтэл тиймээ чи наашаа ир гэсэн. Тэгээд яваад очтол С эгчийн гэрт оруулаад намайг дээрээ суулгаад миний хүзүүн дээр, хацар дээр /гараараа зааж/ үнсээд би чамд шар чихэр өгье чи хэнд ч хэлж болохгүй шүү за гэсэн. Би тэгээд байж байтал тэр өвгөн “миний хэлийг амандаа хийгээд гурван удаа сороод байсан. Ингээд дахиад нэг сорий гээд байхаар нь би үгүй гээд босох гэтэл миний хөлийг хөлөөрөө чангалаад өвөр дээрээсээ босгохгүй байсан. Тэгээд тэр өвгөн би чамд гар утсаа өгье гэсэн, би босох гээд чадахгүй байсан чинь тэгвэл би чамд 5000 төгрөг өгье гэхээр би үгүй гэж хэлээд зугтаагаад ээж дээрээ очиж хэлсэн.Тэгээд би унтаж байхдаа зүүдлээд сэрээд байсан. Тэгээд бас миний гэдэс рүү гараа хийгээд байсан. Тэр хүнээс архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 35-36/,

Д Э/РД:********/ нас тоолсон тэмдэглэл /хх-25/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д өгсөн “...Би 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 16 цагийн үед хүүхдийн тоглоомын элстэй талбай дээр 8 сартай хүүхдээ тэргэн дээр салхилуулаад сууж байтал Э ирээд надад “ямар заваан юм бэ” гээд уйлагнаад байхаар нь сонстол тэр өвгөн миний хэлийг амандаа хийчихлээ гээд байхаар нь би юу гэнээ гээд ахиад асуусан чинь миний хэлийг амандаа хийчихлээ гэж уйлагнаад байхаар нь би охиноосоо “чиний уруул дээр чинь үнсээд хэлийг чинь сорчихсон юм уу” гэсэн чинь тийм гээд уйлагнаад байхаар нь тэр өвгөн дээр очсон. Тэгээд би тэр айлд яваад очтол нэг өвгөн үүдэнд нь согтуу мандилан тоглоод сууж байхаар нь би уурлаад “чи яахаараа хүний охины уруул дээр үнсдэг юм хөгшин намбатай хүн байж яахаараа ингэдэг юм цагдаа дуудаж өгнө гэсэн чинь тэр өвгөн “би тэгээгүй бүх хүүхдүүдийг үнсэж зайрмаг авч өгсөн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би охиноосоо сайн лавшруулж асуутал надад тэр өвөө намайг дуудаад байсан би гоө юм өгөх гэж байгаа юм байх гэж бодсон чинь миний хэлийг амандаа хийгээд 3 удаа сорсон, тэгээд ахиад нэг хэл сорчих утас өгье гэж хэлэхээр нь үгүй гэж хэлсэн чинь тэгвэл 5000 төгрөг өгье гэж хэлсэн гэсэн. Охин надад ингэж л ярьсан. Охин надад хэлэхдээ тэр өвгөн хэрэг гарахаас өмнө нь М, Н бас нэг айлын хүүхдэд зайрмаг авчирч өгсөн гэсэн тэгэхээр нь охин маань дараа нь дуудахад нь өөрт нь зайрмаг өгөөгүй болохоор зайрмаг өгч магадгүй гэж бодоод дагаж тэр айл руу орсон гэсэн. Миний охин их хөдөлгөөнтэй, илэн далангүй, цовоо сэргэлэн өөрт нь тохиолдсон үйл явдлыг хэнд ч ойлгуулж ярих чадвартай, сургуулийнхаа бүжиг, дууны тэмцээнд оролцдог нүүрэмгий зан ааштай хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Э өгсөн “...Саравч хийж байсан өвөө Э, Ч бид нарт зайрмаг авчирч өгсөн. Би дэлгүүр дагаж яваагүй. Тэр өвөө Э уруул дээр үнссэн гэж Э хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 120/,

2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн № 929 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн “..Д.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна гэх дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах, шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт “... Би зүгээр л үнссэн, ямар нэгэн байдлаар хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орох ямар нэгэн санаа, зорилго байгаагүй...” гэж мэдүүлжээ.

          Бага насны хохирогч Д.Э нь тухайн гэмт хэрэг гарах үед 8 нас, 3 сар, 8 хоногтой бага насны хүүхэд байх бөгөөд тэрээр өөрт тохиолдсон зүйлээ ямар нэгэн хачиргүйгээр мэдүүлсэн, мөн дээрх насны хүүхэд “... уруул үнсэх, хэл сорж үнсэх, цамцны дотуур гараа хийн гэдэс, цээж илэх...” зэрэг өөрийн насны онцлогоос хэтэрсэн зүйлийг зохиож ярих боломжгүй гэж шүүх дүгнэсэн болно.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Баатардорж шүүхийн хэлэлцүүлэгт “... Б  нь өөрөө сайн дураараа үйлдэл хийхээс татгалзсан байдаг. Иймд шүүгдэгч Д.Б холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэжээ.

          Бага насны хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн асуусан “... Тэр хүн /шүүгдэгч Д.Б/ таныг яв гэж хэлсэн үү ? эсвэл та өөрөө гарч зугтсан уу? гэх асуултанд “... Намайг хоёр хөлийнхөө завсар хийгээд хавчсан байсан, би тэгэхээр нь гараараа түлхээд өвөр дээрээс нь буугаад гарч гүйгээд ээж дээрээ очиж хэлсэн...” гэж мэдүүлжээ.

           Бага насны хохирогчийн тогтовортой мэдүүлсэн дээрх мэдүүлгээр шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баатардоржийн “... Б нь өөрөө үйлдэл хийхээсээ сайн дураараа татгалзсан...” гэх тайлбар нь үгүйсгэгдэж байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... Гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан...” гэх үндэслэлд хамаарахгүй юм.

           Иймд, дээрх үндэслэлээр шүүгдэгч Д.Б бага насны хүүхдийг хүчиндэхээр завдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д. гэм хорын хохиролд шүүгдэгч Д.Б 2.487.585 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч Д.Б төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

         

          Гурав.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтэдээ “... Шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хохирогчид хохирол төлбөр төлөгдсөн байх тул бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй. Шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна...” гэх саналыг,

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баатардорж шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтэдээ “... Шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлсөн. Учралгэрэл өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсийг шүүхээс тогтоогоогүй байх тул 1.000.000 төгрөгийг төлөх боломжгүй. Нэгэнт шүүхээс завдалтаар зүйлчилсэн учир гэмт хэрэг үйлдсэн арга, түүний нас, хувийн байдлыг харгалзан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Хохирол бүрэн төлөгдсөн болохыг дурдаж байна...” гэх саналыг,


          Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Учралгэрэл “... Эрүүгийн хариуцлага дээр тусгайлан гаргах саналгүй. Тэрээр үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээгээгүй. Мөн шүүхээс тогтоосон хохирлыг төлсөн хэдий ч гомдол санал арилаагүй байна...” гэжээ.

          Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Баасанжав “... Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан 8 жилийн ялыг хаалттай дэглэмд эдлүүлэх саналтай байна...” гэжээ.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “... Баасанжав өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна...” гэх саналыг,

          Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт “... Хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.

         

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Б үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, оролцогч нарын тайлбар мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 05 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

         

          Дөрөв. Бусад асуудлаар.

          Шүүгдэгч Д.Б нь энэ гэмт хэргийн учир нийт 19 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

          Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д нь энэ гэмт хэргийн улмаас өөрт болон өөрийн төрсөн охин Д.Э учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Б жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлйн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт Д Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

          2. Б овогт Д Б  “Бага насны хүүхдийг эсрэг” хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2  дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б оногдуулсан 05 /тав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б урьдчилан цагдан хоригдсон 19 /арван ес/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

          6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д нь энэ гэмт хэргийн улмаас өөрт өөрийн төрсөн охин Д.Э учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Б жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Х.ИДЭР

 

                        ШҮҮГЧ                                                           Д.ДАРЬСҮРЭН

 

                                                                                                Б.БАТСАЙХАН