Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 340

 

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг, 4-4 тоотод оршин суух, 1985 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ85120305, Засгууд овогтой Николайгийн Отгон-Өлзийгийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 4-7 тоотод оршин суух, 1978 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ПЮ78122334, Олхонууд овогтой Норовсамбуугийн Очирбатад холбогдох,

        Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Отгон-Өлзий, хариуцагч Н.Очирбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч Н.Отгон-Өлзий шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь нөхөр Н.Очирбаттай 2008 онд танилцаж, мөн ондоо гэр бүл болсон. Н.Очирбат нь төд удалгүй айлган дарамталж, зодож цохидог болсон. Надаас байнга өө сэв хайж, хэрүүл маргаан гаргадэг байсан. Анхнаасаа Ховд сумын Халиун булаг гэх газар уулын бэлд ойр хавьд айлгүй, хүн амьтангүй газар мал маллаж амьдардаг байсан. Утсыг маань засуулах нэрээр дүүдээ өгөөд явуулчихсан. Улмаар 2009 онд охин О.Анхзаяа /9 дүгээр сарын 20-ны өдөр/ төрсөн 1 сар ч хүрээгүй байхад нь уйлж байна гээд цохиж зоддог, айлгадаг байсан. Хаашаа эргэж зугатахаа ч мэдэхгүй эзгүй газар их хэцүү байсан. Н.Очирбат нь намайг “Чи хаашаа явж чадах юм, аав, ээж, ах, дүүдээ хэл чадах уу чи” гэх мэтээр дарамталдаг байсан. Хүүхдээ сайн хөхүүлээд сууж болохгүй, гэрийн гадна түлээ мод байхгүй, Н.Очирбатыг өвлийн хүйтэнд малд явсан араар нь цасан доороос аргал түүж ирээд хүүхдээ дулаацуулдаг байсан. Мөн 2010 онд 2 дахь охиноо тээсэн. Нэг сартай жирэмсэн байхад зодоод зүүн гуяны яс цуурч явж чадахгүй байхад отроор нүүж явсан нэг айл манайхаар дайрч ирээд “Би малыг чинь харж байя, эхнэрээ бариачид бариул, ингэж байж болохгүй” гээд явуулсан нь намайг тэнгэр бурхан харж үзэв үү гэлтэй аз тохиосон явдал болсон. Ингээд бариачынх хол тул би бариачийнд үлдээд бариулахаар болсон ба эдгэхгүй нэг сар орчим хугацаа болсон. Бариачид хаднаас унаж бэртсэн гэж хэлсэн. Энэ хугацаанд аймгийн төвд аавындаа 1 удаа ирсэн боловч ингэж дарамтанд амьдарч байгаагаа аав, эгч дүүдээ хэлээгүй юм. Ингээд хөлөө эдгэрсний дараа гэртээ очоод удаа дараа зодуулж тэвчих аргагүйдээ 3 сартай жирэмсэн байхдаа том охиноо тэврээд гэрээс зугатаж хэдэн уул дамжин явж нэг танихгүй айлд ирж гуйгаад сумын төвд хүргүүлж ирсэн. Тэндээс аймгийн төврүү аавындаа ирсэн. Үүнээс хойш 2 дахь охин төрөхөд ч, том охин тураалтай, хөлд орохгүй 2 нас хүрсэн тул Улаанбаатар хот руу эмчилгээнд явахад ч утсаар ч болов нэг удаа яриагүй, бас том охин эмчилгээнд явахаар боллоо гээд утсаар хэлэхэд “Чи өөрөө тийм хүүхэд төрүүлсэн юм байлгүй, хөлгүй хүүхдээ өөрөө хөлтэй болго, би өөрөө ч мөнгөгүй байна, би яах юм” гэсэн. Аав маань зардал мөнгийг төлж хүүхдээ эмчлүүлсэн, одоо хоёр охин эрүүл өсөж байгаа ба том охин О.Анхзаяа нь Цогцолбор 1 дүгээр сургуулийн 2 дугаар ангид, бага охин О.Золзаяа нь 5 дугаар цэцэрлэгт суралцаж байна. Н.Очирбат болон бидний гэр бүлийн амьдрал 2010 онд салж өнөөдрийг хүртэл 7-н жилийн хугацаанд ямар ч харилцаа байхгүй юм. Хүүхдүүдээ өдий хүртэл хугацаанд би ганцаараа өсгөөд авсан тул Н.Очирбатад хүүхдээ хэзээ ч өгөхгүй. Хүүхдүүд хүртэл эцгээ танихгүй, мэдэхгүй. Иймд одоо бидний гэрлэлтийг цуцалж, хоёр хүүхдийг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү” гэжээ.     

          Хариуцагч Н.Очирбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Н.Отгон-Өлзийгийн гаргасан өргөдлийн дагуу гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү. Н.Отгон-Өлзий шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бодит байдлыг мушгин гуйвуулж, намайг байнга зодож, дарамталж байсан гэж байна. Гэтэл тийм зүйл байхгүй, гэр бүлийн хүмүүст хоорондоо хэрэлдэж, муудалцах үе байна. Нэг сартай хүүхдээ ч гэсэн би уурлаж авч шидэж байгаагүй. Би амьдралын төлөө зүтгэж, ганцаараа мал маллаж байсан. Н.Отгон-Өлзийд анхнаасаа надтай гэр бүл болоод амьдрая гэсэн бодол байгаагүй учир байнга гэр рүүгээ явмаар байна гэж хэлдэг байсан. Ер нь энэ хүнтэй цаашид хамтран амьдрах боломжгүй. Би 7 жил хүлээсэн ба одоо өөрөө гэр бүлтэй болж байна. Хэрэв хүүхдүүдийг Н.Отгон-Өлзий тэжээн тэтгэх боломжгүй байгаа бол би нэг хүүхдээ өөр дээрээ авч өсгөж чадна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа ба хүүхдүүддээ боломжийн хэмжээгээр тэжээн тэтгэх болно. Бидний дунд өөр маргаан байхгүй. Харин хүүхдүүдтэйгээ хүссэн үедээ уулзаж баймаар байна” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

         Нэхэмжлэгч Н.Отгон-Өлзий нь хариуцагч Н.Очирбатад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.   

        Гэрлэгчид 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уг ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

        Нэхэмжлэгч, хариуцагч нар 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болж, тэдний дундаас 2009 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр охин Олхонууд овогтой Очирбатын Анхзаяа, 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдөр охин Олхонууд овогтой Очирбатын Золзаяа нар төрсөн болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.   

          Гэвч тэд 2010 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, одоо хариуцагч тусдаа гэр бүлтэй болсон, дахин эвлэрэн хэлэлцэх боломжгүй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Н.Отгон-Өлзий, Н.Очирбат нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.

         Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар охин О.Анхзаяагийн санал, зохигчдын тайлбарыг үндэслэн охин О.Анхзаяа, О.Золзаяа нарыг эх Н.Отгон-Өлзийгийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

        Мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин О.Анхзаяа, О.Золзаяа нарыг тус бүр 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.Очирбатаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Отгон-Өлзийгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 116.792 /70.200 төгрөг болон хүүхдүүдийн тэтгэлэгт ногдох 46.592 төгрөг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Очирбатаас 116.792 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Отгон-Өлзийд олгох нь зүйтэй.

           Хариуцагч нь тайлбартаа “Хүүхдүүдтэйгээ уулзах баймаар байна” гэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэж тус тус заасан байдаг тул шүүхийн шийдвэрт энэхүү асуудлыг тусгайлан зааж үүрэг болгох шаардлагагүй гэж үзлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Засгууд овогтой Николайгийн Отгон-Өлзий, Олхонууд овогтой Норовсамбуугийн Очирбат нарын гэрлэлтийг цуцалсугай.

         2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Олхонууд овогтой Очирбатын Анхзаяа, 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Олхонууд овогтой Очирбатын Золзаяа нарыг эх Н.Отгон-Өлзийгийн асрамжид үлдээсүгэй.

         3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин О.Анхзаяа, О.Золзаяа нарыг тус бүр 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.Очирбатаар тэжээн тэтгүүлсүгэй.

           4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурдсугай.

         5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Отгон-Өлзийгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 116.792 /нэг зуун арван зургаан мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Очирбатаас 116.792 /нэг зуун арван зургаан мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Отгон-Өлзийд олгосугай.   

        6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Увс аймгийн Ховд сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.  

             7. Зохигчид эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

                             ДАРГАЛАГЧ,

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ГЭРЭЛТУЯА