Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/807

 

 

 

 

 

  2020         09          07                                   2020/ШЦТ/807  

                      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,

Улсын яллагч Э.Оюунтунгалаг,

Шүүгдэгч Б.Д түүний өмгөөлөгч О.Санчирбал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д холбогдох эрүүгийн 1709 01585 0293 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Япон хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, хүүхэд нарын хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 171б байрны 1 тоотод оршин суух хаягтай, Б овогт Б Д /РД:********/,

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс мөн оны 03 дугаар сарын 30-ны хооронд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн З.Ш “...8 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулж өгнө...” гэж хуурч 8 хувийн зээлд хамруулах боломжгүй байхад “Хамруулж чадна” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 10.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.С 8 хувийн хүүтэй байрны зээлд хамруулж өгнө гэж хуурч зээлд хамруулах боломжгүй байхад боломжтой мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянавал:

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцлоо нотлох баримтыг шинжлэн судалсантай холбоотойгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1т зааснаар шүүгдэгч Д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдгийг үзээд торгох ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна. Мөн Улсын яллагчийн зүгээс 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял санал болгосон дээрх зүйл анги нь сонгох санкцтай үүнтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д хувьд гэмт хэргийн улмаас хохирсон хохирлоо төлөхөө илэрхийлсэн. Мөн хохирлыг тодорхой хэмжээгээр төлж барагдуулж байсан түүний хувын байдал нь  өрх толгойлсон эмэгтэй ажил хөдөлмөр эрхэлдэг тул шүүгдэгчийн ялаас чөлөөлж өгнө үү гэв....” гэжээ.

 

Нэг. Хууль хэрэглээ болон, гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Б.Д нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон, прокуророос шүүгдэгч Б.Д үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.С мэдүүлэхдээ “... Д 88108368 дугаарын утсаар холбогдож уулзахад 8 хувийн зээл гаргана, материалыг нь банкны хүмүүстэй хамтарч гаргадаг гэж надад хэлсэн. Тэгээд өөрийн сайн танил Т нь зээл гаргуулахын тулд миний данс руу 3.500.000 төгрөгийг шилжүүлээд хавтастай материалын хамт надад өгсөн. Би над руу шилжүүлсэн мөнгийг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Модерн номадсын хажуу талын кафе дотроос өөрийн интернэт банкаар Д Капитрон банкны ********* дугаарын данс руу 3.500.000 төгрөгийг шилжүүлсэн ба хэсэг хугацаанд Д банканд бичиг баримтаа өгсөн байх гэж бодоод хүлээгээд байж байхад Д нь 8 хувийн зээл гарахаа больчихлоо гэж хэлсэн. Тэр үед Т мөнгөө буцааж авъя та Д авч өг гэж хэлсэн. Тэгээд би Д рүү залгасан чинь Д нь цагдаагийн байгууллагад өгөхгүй юу гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Г.Т өгсөн “...  бид хоёр уулзаад ярилцах үед би “дүү нь байр авах санаа байна, урьдчилгаа 30 хувь төлөх мөнгө бол алга , 10 орчим сая төгрөг байна гэтэл С эгч тэгвэл эгч нь чамд тусалъя надад таньдаг хүн байгаа холбоод өгье 6 сая төгрөг байхад болно гэж хэлсэн. Би С эгчийн Хаан банкны ********** тоот данс руу өөрийн Хаан банкны ********** тоот данснаас 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 3 хувааж шилжүүлсэн. Тэгсэн чинь  Д надтай ирж уулзаад би танд 2, 3 байр үзүүлье гээд Аварга дээд сургуулийн ард талд нэг байр, 10 дугаар хорооллын цоглог хотхонд 1 байр, 1 дүгээр цахилгаан станцын урд тал дахь байруудыг 1 өдрийн дотор үзүүлсэн. Тэгэхээр нь би байрлал нь жоохон тиймэрхүү байна гэхэд “Та түр хүлээж бай, удахгүй байр гарч ирэхээр үзүүлье” гэж хэлээд салсан ба тэрнээс хойш таг алга болсон...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч З.Ш өгсөн “... 2017 оны 03 дугаар сард Баянмонгол хороололд 60 мкв байр авна гэж бодоод байж байхад  Б.Д гэх эмэгтэй нь 8 хувийн зээл гаргаж өгнө. Яагаад гэвэл одоо 8 хувийн зээл зогссон  байгаа бөгөөд би хүмүүсийн урдуур арын хаалгаар  хурдан зохицуулж 8 хувийн зээл гаргаж өгнө. Энэ зээлийг гаргахын тулд тодорхой хэмжээний мөнгө хэрэг болох ба энэ мөнгө нь банкны эдийн засагч, нийгмийн даатгалын хүмүүст мөнгө өгнө, өөрийн чинь бичиг баримт шаардлага хангахгүй байгаа учир бичиг баримт бүрдүүлнэ. Энэ мөнгө танд буцааж очихгүй, надад 10 500 000 төгрөгийн 6 000 000 төгрөг нь нэмэлт бичиг баримт бүрдүүлэхэд шаардлагатай, харин үлдсэн 4 500 000 төгрөг нь ажлын шагнал гэж авсан. Би эхний урьдчилгаа мөнгө болох 2 000 000 төгрөгийг 2017 оны 03 сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Улаанбаатар Капитрон банкны ********** дугаарын Б.Д данс руу шилжүүлсэн. Үүний дараа 8.500.000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Петровис ХХК-ийн байрнаас интернэт банкаар ********** дугаарын Б.Д данс руу шилжүүлсэн ба үүнээс хойш хүлээлтийн байдалд орсон. Залгахаар утсаа авахгүй байсан бөгөөд зөвхөн Ви чатаар холбогддог байсан. Яасан юу болсон гэхээр Д нь бүтэхгүй байна гэж хэлдэг байсан ба мөнгөө буцааж авъя гэхээр за хүлээж бай гэж хэлээд алга болчихдог байсан...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.С мэдүүлэхдээ “...2017 оны 03 дугаар сарын орчимд Д 8 хувийн зээл авах гэж танилцсан ба тухайн үед манай найзын хүү Ш нь 8 хувийн зээл гаргуулах талаар хөөцөлдөж байсан. Тухайн үед Д нь би чадна гэж хэлэхээр нь өөрийн танил дүү Ш болон Д нарыг холбож өгсөн. Тэгээд манай найзын хүү Ш нь надаар дамжуулж юу болж байгаа талаар асуулгадаг байсан. Би Д залгаж юу болж байгаа талаар асуухад 8 хувийн зээл гаргах гэсэн чинь бүтэхээ байчихлаа гэж хэлдэг байсан бөгөөд бүтэхээ байсан ч гэсэн би хөөцөлдөж байна, яаж ийж байгаад зээл гаргаж өгнө гэдэг байсан...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Н мэдүүлэхдээ “... Манай гэр бүл 8 хувийн орон сууцны зээлд хамрагдахаар ярилцаж байсан. Тэгтэл тэр үед 8 хувийн зээл зогссон байсан бөгөөд би өөрийн найз С ярилцаж байх үед С надад Д гэх эмэгтэйтэй ярилцаад үзэх талаар санал болгосон. Тэгэхээр нь би Д утсыг аваад түүнтэй холбогдсон. Тэгээд тэр эмэгтэй утсаар надад хэлэхдээ танай хүүхэд чинь нийгмийн даатгал төлдөг бол хүүгээ надтай холбоод өгчих гэж хэлсэн. Тэр үед би БНХАУ-руу албан ажлаар явах гэж байсан учраас Д хэлснээр урьдчилгаа 2 сая төгрөгийг өөрийн хүү Шээс Д данс руу шилжүүлсэн. Тэгээд үлдсэн ажлын талаараа Ш холбогд гээд үлдээсэн. Би энэ хүнд яагаад итгэсэн гэхээр манай найз С нь өөрөө надад итгэлтэй найдвартай найз учраас ийм юм болно гэж бодолгүй итгэсэн. Тэгээд гадагшаа яваад буцаад иртэл Д нь манай хүүгийн болон бэр хоёрын бичиг баримтыг эх хувиар нь аваад нэг удаа уулзаад ер нь болно би нийгмийн даатгалын хүн банкны хүмүүс урьдчилгаа мөнгөө авч байж ажил хиймээр байна гэж хэлээд мөнгө авсан. Ингээд Ш тухайн эмэгтэйд итгээд 2, 3 сар хүлээгээд бичиг баримтынхаа эх хувийг караокед хаясан байсныг би хүүгээсээ сонсоод Д итгэх итгэл алдарч утсаар холбогдоход Д утсаа огт авахгүй ви чатаар холбогдох гэхээр хариу өгөхгүй тэгээд алга болсон. Тэгээд найз С ярихаар би ч гэсэн бас хохирогч болчихлоо надаас мөнгө аваад алга болсон...” гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, дээрх нотлох баримтуудад үндэслэн шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

Нөгөөтээгүүр хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад шүүгдэгч Б.Д нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүйн дээр шүүгдэгч Б.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй байх бөгөөд шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсонгүй.                                        

Иймд, шүүгдэгч Б.Д хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Д нь гэмт хэргийн улмаас хохирогч Н.С учирсан 3.500.000 төгрөгийн хохирлоос 1.504.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч З.Ш 10.500.000 мянган төгрөгийн хохирол учирснаас 8.828.800 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогч нарын тайлбараар нотлогдож байх бөгөөд хохирогч нарын зүгээс үлдэх хохиролтой холбоотойгоор шүүгдэгч Б.Д зээлийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна.

Иймд, шүүгдэгч Б.Д 1.996.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.С, 1.671.200 төгрөгийг гаргуулж хохирогч З.Ш олгуулахаар шийдвэрлэв.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч саналдаа “... Шүүгдэгч Б.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналыг...”,

Эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгчийн өмгөөлөгч “... Шүүгдэгч Б.Д нь бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа холбогдсон түүний хувийн байдал зэргийг харгалзан түүний ялаас чөлөөлж өгнө үү...” гэх саналыг,

Эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгч Б.Д нь ямар нэгэн тусгайлсан санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч Б.Д үйлдэл нь 2017 оны 03 дугаар сард үйлдэгдсэн байх бөгөөд цаг хугацааны хувьд түүний үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байх хэдий ч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж заажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрийг тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан, цаашид нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан “... Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, Б.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг...” сануулах нь зүйтэй.

        Гурав. Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Б.Д нь энэ хэргийн учир 32 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б Д хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан “... Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, ялтан нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг...” сануулсугай.

4. Шүүгдэгч Б.Д нь энэ хэргийн учир 32 /гучин хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д 1.996.000 /нэг сая есөн зуун ерэн зургаан мянга/-н төгрөгийг гаргуулж, хохирогч Ш овогт Н С /РД:********/-д,

-1.671.200 /нэг сая зургаан зуун далан нэгэн мянган хоёр зуу/-н төгрөгийг гаргуулж хохирогч Н овогт З Ш /РД:********/-д тус тус олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Х.ИДЭР