Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 341

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Н.Гэрэлтуяа  би,

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Өндөрхангай сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн зөвлөлийн дарга, Өндөрхангай сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багт оршин суух, 1970 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОК70091509, Шовхынхон овогтой Халзангийн Баасанжаргалд холбогдох,

       Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6.153.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Увс аймгийн Өндөрхангай сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн зөвлөлийн дарга, Өндөрхангай сумын Засаг дарга Ц.Сундуй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х.Баасанжаргал нь 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Өндөрхангай сумын “Сум хөгжүүлэх сан”-аас чацаргана тариалах зориулалтаар 6.000.000 төгрөгийг сарын 0,25 хувийн хүүтэйгээр 3 жилийн хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлөөр гэрээ байгуулан зээл авсан. Гэрээнд заасан эргэн төлөлтийн графикийн дагуу төлөлтөө хийхээр гэрээнд тусгасан болно. Зээлийн гэрээний дагуу 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлж барагдуулах ёстой. Уг зээлийн гэрээ бичгээр хийгдэж нотариатаар баталгаажсан ба үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэлд хугацаа хэтэрсэн сараар тооцон торгууль ногдуулахаар заасан болно. Х.Баасанжаргалд зээлийн гэрээний хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтөө хийхийг удаа дараа шаардаж мэдэгдэл хүргүүлсэн. Аудитын газрын 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн актын зөрчлийг арилгуулахаар хугацаатай мэдэгдэл өгч гарын үсэг зуруулсан боловч өнөөг хүртэл зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй. Зээлийн хугацаа 11-н сараар хэтэрсэн. Х.Баасанжаргал нь гэрээний дагуу төлөлтөө хийхгүй, гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацааг зөрчиж 5.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул гэрээнд заасны дагуу, зээлийн үлдэгдэл 5.500.000 төгрөг, зээлийн хүү 291.250 төгрөг, алданги 302.500 төгрөг, аудитын торгууль 60.000 төгрөг, нийт 6.153.750 төгрөг гаргуулж “Сум хөгжүүлэх сан”-г хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Х.Баасанжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ”...Миний бие “Сум хөгжүүлэх сан”-аас чацаргана тариалах зориулалтаар зээл авсан нь үнэн болно. 6.153.750 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Чацаргана тариад ургаагүй учир зээлээ төлж чадаагүйд хүрсэн. Би өөрөө эрхэлсэн ажилгүй. Зээлийн хүү төлж байсан. 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 3.300.000 төгрөгийг төлсөн. Одоо үлдсэн мөнгөө нэхэмжлэгч сумын Засаг дарга Ц.Сундуйтай ярилцаж тохирч төлөх болно” гэжээ.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунболд шүүхэд гаргасан тайлбартаа: “Х.Баасанжаргалын тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Увс аймгийн Өндөрхангай сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн зөвлөлийн дарга, Өндөрхангай сумын Засаг дарга нь хариуцагч Х.Баасанжаргалаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6.153.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Баасанжаргал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 6.153.750 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Хариуцагч нь дээрх үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Х.Баасанжаргалаас 6.153.750 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 113.410 төгрөгийн 50 хувь буюу 56.705 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Баасанжаргал нь 6.153.750 /зургаан сая нэг зуун тавин гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг Увс аймгийн Өндөрхангай сумын Сум хөгжүүлэх сангийн 151155401 тоот дансанд төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Х.Баасанжаргалаас 56.705 /тавин зургаан мянга долоон зуун тав/ төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 1500000941 тоот дансанд оруулсугай.

            4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Н.ГЭРЭЛТУЯА