| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2021/0163/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/186 |
| Огноо | 2021-06-29 |
| Зүйл хэсэг | 11.2.1., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/186
2019 02 15 2019/ШЦТ/39
2021 06 29 2021/ШЦТ/186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагч Б.Наранмөнх,
Арван дөрвөн насанд хүрээгүй хохирогч О.Ш-, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,
Шүүгдэгч Ч.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.П-д холбогдох эрүүгийн 2138000000179 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ч.П.
Шүүгдэгч Ч.П- нь 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Чулуут” 03 дугаар багийн нутаг дэвсгэрт түүний хүү Б.Э-ыг 13 настай хохирогч О.Ш- нь “борлон Б-, хүүхэн Б- хүний хоол, хүрэн морь нь чонын хоол” гэж ойр дотны хүнийх нь нэр төр, алдар хүндийг удаа дараа гутаан доромжилсон хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас худгийн мөс цоолдог модоор насанд хүрээгүй хохирогч О.Ш-ыг 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь “дэлүүний урагдал, дотуур цус алдалт” бүхий хүнд хохирол учруулан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.П- нь 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг “Чулуут” гэх газар түүний хүү Б.Э-ыг 13 настай хохирогч О.Ш- нь “борлон Б-, хүүхэн Б- хүний хоол, хүрэн морь нь чонын хоол” гэж ойр дотны хүнийх нь нэр төр, алдар хүндийг удаа дараа гутаан доромжилсон хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас худгийн мөс цоолдог модоор насанд хүрээгүй хохирогч О.Ш-ын зүүн талын ташаа хэсэгт 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь “дэлүүний урагдал, дотуур цус алдалт” бүхий хүнд гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,
- Арван дөрвөн насанд хүрээгүй хохирогч О.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би мотоцикл дээрээ суугаад асаачихаад хөдлөх гэж байхдаа Б-д хандаж “Хүүхэн Б-” гэж хэлсэн. Тэгээд би мотоциклтэй явж байхад Р- ах ардаас хөөе Б- гэж дуудсан юм. Намайг нутгийн хүмүүс Б- гэж дууддаг юм. Намайг дуудахаар нь би буцаад худаг дээр очсон юм. ...Тэгээд над руу ирж байх замдаа газарт байсан худгийн мөс цоолдог байсан модыг аваад миний зүүн талын ташааны дээхэн талд нэг удаа цохисон. Би цохиулсны дараа мотоцикл дээрээ нилээн удаан сууж байгаад амьсгалж чадахаа байгаад ирэхээр нь мотоциклио данхраадаад газарт хэвтээд өгсөн юм. Би тухайн үед газарт нилээн удаан хэвтсэн. ... Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-25 дугаар хуудас/,
- Гэрч, иргэний нэхэмжлэгч Э.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би хонио туугаад худгийн хажууд очиход Р- ах яваад өгсөн. Харин манай хүүхэд О.Ш- газар хэвтэж байсан. Орой 16 цаг өнгөрч байхад гэр рүүгээ ишигнүүдээ аваачаад тавьчих гэж хэлэхэд ишигнүүдээ аваад мотоцикль дээрээ суугаад хөөсөөр бөөлжөөд байсан. Бөөлжихөөр нь би яагаад бөөлжөөд байгаа юм гэж асуухад өглөө унд уугаагүй тэгээд бөөлжөөд байна гэж хариулсан. Тухайн үед би тэрийг нь тоогоогүй манай нөхөр О- О.Ш- яагаад гэмтчихэв гэж асуухад О.Ш- нь агааг Р- ах модоор цохисон гэж хэлсэн. Тэгэхэд нь Х- худлаа яриад бай гэж хэлсэн. Тэгэхэд манай нөхөр О- жаахан ууртай чанга дуугараад та гурав худлаа яриад байх юм бол таван салаа өгнө гэж хэлэхэд О.Ш-, Х- хоёр агаа уурлана, агаа битгий хэлээч гэж хэлсэн гэсэн. Тэгээд тэр өдрөө 18 цаг болж байхад ишиг хургаа тавьж байгаад шөнийн 23 цаг болж байхад гэртээ орж ирсэн. Гэртээ ороод ирэхэд улаан түмпэнд нэлээн их бөөлжис байсан. Бас аяганд байсан шээсийг харахад улаан судалтай шээс байсан. Тэр шээс дотор нь улаан өнгийн бэржгэр бэржгэр юмны үйрмэг орсон юм шиг харагдаж байсан. Тухайн үед О.Ш- нь бөөр өвдөөд байна гэхээр нь аяга руу шээгээд тавьчих гэж хэлж байсан юм. Тэгээд би Р- ахынх руу залгаад та яагаад манай хүүхдийг зодсон юм бэ гэж асуухад ахынх нь буруу гэж хэлсэн. Тэгэхэд нь би та манай хүүхдийг эмнэлэгт аваачиж өг гэж хэлсэн. Тэгээд удалгүй 10-20 минутын дараа Р- ах ирээд Мөрөн сум руу өөрсдийн машинаа унаад Р- ах, О.Ш- бид гурав орж ирсэн. Р- гэх хүн нь дөнгөж амьдралаа босгоод явж байгаа хүн болохоор нь цагдаагийн байгууллагад хандаагүй. ...Гуурсны мөнгө гэж 120.000 төгрөг гарсан байгаа. Энэ гуурсны мөнгө болон эм тариа, цус тогтоох тариа, өвчин намдаах тарианы мөнгө, мэс засалд орох памперсны мөнгө зэрэг бүгдийг нь Р- ах гаргаж байгаа. Одоо миний нүдэнд явж байгаа болохоор гайгүй харагдаж байна. Би цаашид эмчилгээний зардалтай холбоотой мөнгийг нэхэмжилж л таарах байх. Р- ах надад хэлэхдээ О.Ш-ын эмчилгээний зардалтай холбоотой мөнгө төгрөгийг би гаргана гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27, 29-30 дугаар хуудас/,
- Гэрч Ц.Ягийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...О.Ш-ын хэвлийг эхогоор үзэхэд хэвлий их хэмжээний сул шингэнтэй байсан. Мөн дэлүүний урагдал байж болзошгүй урагдал харагдсан. Мөн цусны ерөнхий шинжилгээнд бага зэргийн цус багадалттай байсан. Хэвлийд сул шингэнтэй байвал яаралтай хагалгааны заалттай байдаг. Ийм учраас О.Ш- гэх хүүхдэд хэвлийг нээж шалгах мэс засал хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,
- Арван дөрвөн насанд хүрээгүй гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 16-нд байх би худаг дээр Б- ах, Р- ахтай хамт хонь усалж байхад О.Ш- ах хүрч ирээд Б- ахыг “хонь усалчихаарай борлон Б-, хүүхэн Б-, хүрэн морь нь чонын хоол, ямаа ишиглэж байхад Б-гийн хүүхэд гарч байна” гэж хэлж байсан. Р- ах О.Ш-од хандаж чи юу гээд байгаа юм гэж хэлээд худгийн мод аваад О.Ш- ахын хавирганы ойролцоо газар нэг удаа цохисон. Цохиулсныхаа дараа О.Ш- ах уйлаад газар хэвтээд өгсөн. О.Ш- ах тухайн үед дүүгээ уучлаарай дүүгийнх нь буруу гээд уйлаад байсан. Үүний дараа О.Ш- ах хэвтэж байсан газраасаа босоод хонь руугаа явж байгаад хониныхоо наад талд мотоциклиосоо буугаад газар хэвтээд өгсөн. О.Ш- ах газар хэвтээд өгөхөд нь Р- ах О.Ш-ын хажууд очоод чи яасан гэж асуухад О.Ш- ах дүүгийнх буруу дүү нь мотоциклиосоо унасан гээд ээждээ хэлсэн гэж хэлж байсан. Тэгээд Р- ах бид хоёр гэрлүүгээ яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
- Арван найман насанд хүрээгүй гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 04 дүгээр сард хэдэн гэдгийг нь би сайн мэдэхгүй байна өдрийн 12 цагийн үед худаг дээр аав болох Ч.П-, найз Б.А- нарын хамт хонь усалж байсан. Тэгээд байж байхад О.Ш- худаг дээр хоёр дүү болох Х-, С- хоёртой хүрч ирсэн. О.Ш- нь аав бид хоёрын хажууд хүрч ирээд хонь усалчихаарай гэж хэлээд явах гэж байхдаа намайг “Хүүхэн Б- хүний хоол, хүрэн морь нь чонын хоол” гэж хэлсэн. Ингэж хэлэхэд аав дандаа яахаараа хүүхэд доромжилдог юм гэж уурлаад мөс цоолдог модоор О.Ш-ыг нэг удаа цохисон. Хаашаа нь цохисон гэдгийг би сайн хараагүй. О.Ш- цохиулсныхаа дараа шууд газар хэвтээд өгсөн. Нээх ч удаагүй босоод хонь руугаа мотоциклио унаад яваад өгсөн. ...намайг дандаа тэгж хэлдэг юм. Борлон Б-ч гэнэ хүүхэн Б- ч гэнэ. Ноднин жил буюу 2020 онд манайх хэдэн борлон тэжээдэг байсан юм. Намайг О.Ш- дооглоод байсан болохоор нь аав уурлаад модоор цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,
- Арван дөрвөн насанд хүрээгүй гэрч О.Ш-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Р- ах О.Ш- ахыг нааш ир гэж дуудаж ирүүлээд худгийн мөс хагалдаг модоор О.Ш- ахын хавирга хэсэг рүү нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,
- Арван дөрвөн насанд хүрээгүй гэрч Х.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...О.Ш- бид хоёр худгаас гараад жалгын наана гараад суусан юм. Бид хоёр хэсэг сууж байгаад худаг руу явах гээд худаг руу харахад Р- ах О.Ш-ыг модоор цохиж байх шиг харагдсан. Цохиулсныхаа дараа О.Ш- нь шууд газар унаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,
- Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 185 дугаартай: “1. О.Ш-ын биед дэлүүний урагдал, дотуур цус алдалт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. О.Ш-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 50 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ч.П-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Өмнө нь гэрчээр мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн учраас одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Өөрийн гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...Эхлээд 100.000 төгрөг өгсөн. Дараа нь 240.000 төгрөг өгсөн. ...Жаргалан эмнэлэгт хэвтэхэд нь 365.000 төгрөг өгсөн. Бас эмчилгээтэй холбоотой эм тариаг нь авч өгч байсан. ...би санамсаргүй цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 63 дугаар хуудас/,
- Ц.Б-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 64 дүгээр хуудас/,
- П.П-, Б.Э-, Б.Э- нарын төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 65-66 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймгийн Түнэл сумын Баян-Эрхэт багийн Засаг даргын- тодорхойлолт /хх-ийн 67 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймгийн Түнэл сумын Баян-Эрхэт багийн Засаг даргын- тодорхойлолт /хх-ийн 68 дугаар хуудас/,
- Урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Иймд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй бөгөөд, шүүгдэгч Ч.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “..ойр дотны хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад арван дөрвөн насанд хүрээгүй хохирогч О.Ш-, шүүгдэгч Ч.П-гийн хүү Б.Э- нарын харилцан бие биенээ доромжилсон зүй бус үйлдэл, үүний хариуд шүүгдэгчийн сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж худгийн мөс цоолдог модыг авч хохирогч О.Ш-ыг цохиж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.П- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад баримтаар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч Ч.П-гийн хууль бус үйлдлээс болж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан шалтгаант холбоотой байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нь хохирогчийн зүгээс өөрийн ойр дотны хүнийг доромжилсон хууль бус үйлдлийн улмаас сэтгэл зүйн эмгэг байдалд орж, өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч Ч.П-гийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол хор уршиг учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа бөгөөд
Шүүгдэгч Ч.П- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д-той 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “...Э.Д- би хүүгийнхээ эмчилгээний зардалд 798.000 төгрөг авсан. ..Цаашид гарах эмчилгээний зардлыг төлүүлнэ. ...Цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөөр тохиролцсон тул өөр нэхэмжлэх зүйлгүй. Гомдолгүй” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 69-70/ байгуулсан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д-: “...цаашид хүүгийнхээ эрүүл мэндийг эмчлүүлэх эмчилгээний зардлыг гаргуулна” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт зааснаар хохирогч О.Ш-ын хууль ёсны төлөөлөгч Э.Д- нь хохирогчийн цаашид эмчилгээтэй холбогдон гарах зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.П-гээс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан "... оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Ч.П- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх шүүгдэгч Ч.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа яллагдагч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 85/, прокуророос сонсгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах..”, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан "...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх тухай саналыг яллагдагч хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.П- нь тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж, тэнссэн шүүгдэгч Ч.П-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...ойр дотны хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ч.П-г 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.П-д тэнссэн хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах”, “зан үйлээ засах...”, “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.П- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ч.П-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт зааснаар хохирогч О.Ш-ын хууль ёсны төлөөлөгч Э.Д- нь хохирогчийн цаашид эмчилгээтэй холбогдон гарах зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.П-гээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР