| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00240/и |
| Дугаар | 343 |
| Огноо | 2017-04-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 343
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Зүрх уулын 4-70 тоотод байрлах, улсын бүртгэлийн 9011369105, регистрийн 5636493 дугаартай, “Гүрж-Амт” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймаг, Улаангом сумын 4 дүгээр баг, 6-12 тоотод оршин суух, 1978 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ78101009, Чонынхон овогтой Лхагважамцын Алтанчимэгт холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 5.715.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Гүрж-Амт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дарьсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... “Гүрж-Амт” ХХК нь гадаад худалдаа, ногоон цайны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компани бөгөөд үйл ажиллагааныхаа хүрээнд Гүрж ногоон цай үйлдвэрлэн бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчдэд цайгаа худалдан борлуулдаг юм. Манай компаний харилцагч болох бөөний худалдаа эрхлэгч Л.Алтанчимэг нь 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр жолооч Н.Алтанхүүгээр дамжуулан компаний бараа бүтээгдэхүүний зарлагын баримтаар “Алх хадуурт дугуй булант цай”-г нэг хайрцагийг нь 8.500 төгрөгөөр тооцож, нийт 1341-н ширхэг цай /энэ нь авдраар тооцвол 149-н авдар болно, савлагааны тоо нэг авдартаа 9 ширхэг/ нийт 11.398.500 төгрөгийн үнийн дүнтэй цайг, мөн Шараа жолоочоор дамжуулан “Алх хадуурт дугуй булантай цай”-г нэг ширхэгийг нь 8.800 төгрөгөөр тооцож, нийт 180-н ширхэг /энэ нь авдраар тооцвол 20-н авдар болно/ нийт 1.584.000 төгрөгийн үнийн дүнтэй цайг тус тус зээлээр худалдан авсан юм. 2 удаагийн татан авалтаар нийт зээлээр худалдан авсан цайны үнийн дүн нь 12.982.500 төгрөг болж байгаа бөгөөд энэ үнийн дүнгээс 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр анх зээлээр авсан 1341 ширхэг цайнаасаа 855-н ширхэг цайг /энэ нь авдраар тооцвол 95-н авдар болно/, /855 ширхэг * 8500 төгрөг/ нийт 7.267.500 төгрөгийн цайг бараа буцаалтаар компанид эргүүлэн хүлээлгэн өгсөн байдаг. Одоо дээрх зээлээр худалдан авсан барааны төлөөгүй байгаа үлдэгдэл төлбөр нь /12.982.500-7.267.500/ 5.715.000 төгрөг бөгөөд 2015 оны 5 дугаар сараас хойш зээлээр авсан цайныхаа үнийг төлж барагдуулахыг удаа дараа хэлж сануулсан боловч сүүлдээ утсаа авахгүй, өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөхгүй байгаа нь манай компанид ихээхэн хохирол учруулж байгаа юм. Иймд “Гүрж-Амт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дарьсүрэн миний бие иргэн Л.Алтанчимэгт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Л.Алтанчимэгээс “Алх хадуурт дугуй булант” цай зээлээр худалдан авсан үнийн дүнгийн үлдэгдэл төлбөр болох 5.715.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106.390 төгрөгийн хамтаар гаргуулж “Гүрж-Амт” ХХК-нд олгохоор шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: “... Энэхүү эвлэрлийн гэрээг Монгол Улсын Иргэний хуулийн нийтлэг үндэслэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсгийг удирдлага болгон нэг талаас “Гүрж-Амт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нөгөө талаас Л.Алтанчимэг бид харилцан тохиролцож дор дурдсан нөхцлөөр байгуулж байна. 1.1. Нэхэмжлэгч нь 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан хариуцагчаас зээлээр худалдан авсан барааны үнийн төлөгдөөгүй төлбөрт 5.715.000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106.390 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан болно. 1.2. Талууд энэхүү гэрээний нэхэмжлэлийн шаардлагын хурээнд гэрээний 2 дугаар зүйлд заасан нөхцлөөр харилцан тохиролцон эвлэрч байгаа болно. 2.1. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 300.000 төгрөгийг зар сурталчилгаанд зарцуулсан үндэслэлээр төлөх боломжгүй, үлдэгдэл 5.415.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулна гэж шүүхэд тайлбар ирүүлсэн байна. 2.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргасан 5.715.000 төгрөгөөсөө хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарын дагуу 300.000 төгрөгийг татгалзаж, үлдэгдэл 5.415.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор барагдуулна гэсэн нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна. 2.3. Хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан хувь хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид төлнө. 3.1. Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ заавал биелүүлэх бөгөөд ямар нэгэн байдлаар зөрчихгүй болно. 3.2. Талууд эвлэрлийн гэрээг байгуулснаар эвлэрлийг баталгаажуулж энэ гэрээнд заасан асуудлаар дахин маргаан гаргах эрхгүй бөгөөд аль нэг тал энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал үл маргах журмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх эрхтэй. 4.1. Энэхүү гэрээг гурван хувь үйлдэх бөгөөд эхүүд нэгэн адил хүчинтэй байна. Талууд тус бүр нэг хувийг хадгалан, нэг хувийг шүүхэд хүргэнэ. 4.2. Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Гүрж-Амт” ХХК нь хариуцагч Л.Алтанчимэгт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 5.715.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцон, дараах агуулга бүхий эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Үүнд: “... “Гүрж-Амт” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 5.715.000 төгрөг нэхэмжилснээс нэхэмжлэгч нь 300.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Л.Алтанчимэг нь 5.415.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон болно” гэжээ.
Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “Гүрж-Амт” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106.390 төгрөгөөс 55.595 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн хэмжээ болох 5.415.000 төгрөгт ногдох 101.590 төгрөгийн тал хувь буюу 50.795 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас, мөн хариуцагч Л.Атанчимэгээс 50.795 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Гүрж-Амт” ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Нэхэмжлэгч “Гүрж-Амт” ХХК нь 5.715.000 /таван сая долоон зуун арван таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг хасч, хариуцагч Л.Алтанчимэг нь 5.415.000 /таван сая дөрвөн зуун арван таван мянга/ төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гэхэд нэхэмжлэгч “Гүрж-Амт” ХХК-нд төлөхөөр” зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Гүрж-Амт” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106.390 /нэг зуун зургаан мянга гурван зуун ер/ төгрөгөөс 55.595 /тавин таван мянга таван зуун ерэн тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 50.795 /тавин мянга долоон зуун ерэн таван мянга/ төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас, мөн хариуцагч Л.Алтанчимэгээс 50.795 /тавин мянга долоон зуун ерэн таван мянга/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Гүрж-Амт” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА