Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 450

 

      З.П-т холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор М.Эрдэнэзаяа,

            нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 285 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Баянзүрх дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Батболдын бичсэн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 48 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн З.П-т холбогдох 1706025610178 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн З-н П, 19.. оны ... дугаар сарын ...-ний өдөр .......... аймгийн ........... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ....... дүүргийн ... дугаар хороо, .......88 дугаар байрны ......... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ............../;

З.П нь 2017 оны 7 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Ю-с ШУТИС-ийн диплом гаргаж өгнө гэж хууран 1.750.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: З.П-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: З.П-ыг  залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.П нь 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар З.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон зүйлгүй, З.П нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх  төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

        Дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Батболд бичсэн эсэргүүцэлдээ: “…Анхан шатны шүүх З.П-т 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон шийдвэрлэжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ. Гэтэл шүүх дээрх зүйл, хэсгийг баримтлан шүүгдэгчид 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

           Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч З.П-т холбогдох гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хорих ял оногдуулахгүйгээр 5 жил хүртэлх хугацаагаар тэнсэхээр заасан. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч З.П-т 450.000 мянган төгрөгийн торгох ял оногдуулсан ба үүнийг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ. Дүүргийн Ерөнхий прокурор Ц.Батболдын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Иймд З.П-т ял оногдуулахгүйгээр тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна...” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх З.П-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

З.П нь 2017 оны 7 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Ю-д “Шинжлэн ухаан технологийн их сургуулийн диплом гаргаж өгнө” гэж хууран 1.750.000 төгрөгийг нь авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч П.Ю-н “...2017 оны 7 дугаар сарын эхээр найз Э.Номин надад хандан “Манай найзтай уулзаад диплом гаргуулчих” гэхээр нь түүний найз З.П-тайуулзсан. Тэгэхэд З.П “ШУТИС-ийн диплом 3.500.000 төгрөгөөр гаргаж өгнө, эхлээд 1.750.000 төгрөг өгөөд үлдэгдлийг диплом гарсны дараа өгч болох уу” гэхээр нь би “болно” гэсэн. Тэгээд 1.750.000 төгрөгийг өгсөн... Гэтэл диплом гараагүй ба би З.П-тайуулзаад “диплом авахаа болилоо” гэж хэлээд түүнээс 700.000 төгрөгийг буцааж авсан. Үлдэгдэл 1.050.000 төгрөгийг буцааж өгөөгүй...” /хх-12-13/,

гэрч Э.Номингийн “...П.Ю надад хандан “их, дээд сургуулийн дипломтой болмоор байна” гэхээр нь З.П-тайярьсан ба тэрээр “эхний ээлжинд 1.750.000 төгрөг аваад ир” гэж хэлсэн... П.Ю манай гэрийн гадаа ирээд 1.750.000 төгрөг өгсөн. Би З.П-т 1.750.000 төгрөг өгөхдөө өөрийн зээлдүүлсэн 500.000 төгрөгийг аваад үлдэгдэл 1.250.000 төгрөгийг түүнд өгсөн...” /хх-18-19/ гэх мэдүүлгүүд болон мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч З.П-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Прокуророос З.П-ын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүх уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууг харгалзан торгох ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй болжээ.  

Баянзүрх дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Батболд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.П-т ял оногдуулахгүйгээр тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэнийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, тухайн эсэргүүцэлд дурдсан үндэслэл нь ойлгомжгүй, тодорхойгүй байгаагийн дээр давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд прокурор М.Эрдэнэзаяагаас “шүүгдэгч З.П-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү” гэсэн тайлбар гаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрхэн, яаж хэрэглэх талаарх хууль зүйн гаргалгааг үндэслэл бүхий тайлбарлаж чадаагүй тул дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна.

Харин анхан шатны шүүх “шүүгдэгч З.П-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв” гэж тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэсэн атлаа тогтоох хэсэгтээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримталсан, мөн З.П-ыг  чухам ямар аргаар залилах гэмт хэрэг үйлдсэнийг тодорхойлж гэм бурууг нь тогтоогоогүй зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх энэхүү магадлалаараа зөвтгөх боломжтой гэж үзлээ.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 285 дугаар шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулж, дүүргийн Ерөнхий прокурор Ц.Батболдын бичсэн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 48 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.