Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1337

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Цолмонгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/00827 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж.Цолмонгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З.Мөнхцэцэгт холбогдох

 

  Зээлийн гэрээний үүрэгт 17 853 708 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

  Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Энхтуяа,

Хариуцагчийн өмгөөлөгч: А.Зоригтбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Мөнхцэцэг нь “улсаас тоног төхөөрөмжийн 2.0 тэрбумын зээлийг хүүгүй, барьцаагүй олгож байна, таныг үйлдвэр барьж өөрийнхөө патент, төслөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тендерт оролцоход чинь туслая, надад Засгийн газарт таньдаг хамаатны хүн байдаг, таныг танилцуулна, надад нэг хувийг өгөөрэй” гэж намайг итгүүлсэн. Миний бие Хаан банкны Сэлбэ салбараас хоёр өрөө байраа барьцаанд тавьж, хоёр жилийн хугацаатай 30 000 000 төгрөгийг авч, 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр З.Мөнхцэцэгт 29 500 000 төгрөгийг нано технологийн төслийнхөө хамт өгсөн. Гэтэл зээл аваад дөнгөж хоёр cap болж байхад буюу 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкны Сэлбэ салбарын захирал нь Д.Цэцэгмаатай /тендерт оролцоход туслах хүн/ манайд ирж, байрыг чинь хямд зарлаа, байрыг чинь битүүмжилнэ гэж хаалга үүд балбаж, амгалан тайван байдал алдагдуулсан. Надад энэ үйлдэл нь сэжигтэй санагдаж, яамнаас шалгуулахад миний төслииг өгөөгүй байсан. Сүүлдээ намайг хуураад байна гэж бодоод утасдахад анх холбоо барьж байсан утсаа сольж холбогдох боломжгүй болсон. Банкны захиралд З.Мөнхцэцэг, Д.Цэцэгмаа нарт зальдуулсан учраа хэлэхэд Д.Цэцэгмаагаас 12 000 000 төгрөг авч өгсөн. Орон сууцны зээлээ хурдан хаахын тулд зээлдүүлсэн 29 500 000 төгрөгийн үлдэгдэл болох 17 500 000 төгрөг болон банкны зээлийн хүүнд төлсөн 3 046 187 төгрөг бүгд 20 546 187 төгрөг гаргуулахаар 2015 оны 11 дүгээр  сарын  18-нд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан. З.Мөнхцэцэг нь мөрдөн болон намайг давхар мэхэлж, 5 000 000  төгрөгийг нь одоо өгөөд, үлдэгдэл 15 546 187 төгрөгийг 3 сарын дотор 2.5 хувийн хүүтэй төлж дуусгана, хугацаандаа төлөхгүй бол 0,5 хувийн алданги тооцон төлөхөөр гэрээ байгуулж эрүүгийн хэргээ хаалгасан. Гэвч түүнээс хойш нэг ч төгрөг өгөөгүй ба утсаа өөрчилж, гэрийн хаягаа тодорхойгүй болгон, паспорт дээр бичигдсэн хаягтаа очихгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй сураггүй алга болсон. Иймд миний бие 2016 оны 4 дүгээр сард Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, түүнийг эрэн сурвалжлах шийдвэр гарч улмаар З.Мөнхцэцэгийг эрэн сурвалжилж, хаягийг нь тогтоож өгсөн. Ингээд түүнээс 25 510 758 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн зээлийн гэрээний тохиролцоо нь хууль зөрчсөн үйлдэл биш. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т заасан заалтад хамааралтай гэж үзэж байна. З.Мөнхцэцэг зээлийн төлбөрөөс 2016 оны 2 дугаар сарын 25-нд 1 700 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 27-нд 3 000 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 28-нд 360 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 20-нд 1 300 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 23-нд 400 000 төгрөг төлсөн. Иймд З.Мөнхцэцэгээс үндсэн зээл 12 362 500 төгрөг, хүү 309 062 төгрөг, нийт 12 671 562 төгрөгөөс Иргэний хуулийн 232.6-д зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 6 335 781 төгрөг, нийт 19 007 343 төгрөг болсноос хамгийн сүүлд төлсөн 1 223 835 төгрөгийг хасаж, 17 783 508 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Мөн З.Мөнхцэцэг өөрийн оршин суух хаягтаа байхгүй түүнийг эрэн сурвалжилж, шүүхэд хандахад улсын тэмдгийн хураамжид 70 200 төгрөг төлсөн  тул  тэр  зардлын  хамт  нийт 17 853 708 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

           Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Цолмонгоос 29 500 000 төгрөгийг хоёр сарын хугацаатай, хүүгүйгээр зээлж авсан. Би зээлийн төлбөрийг хугацаандаа төлж чадаагүй хэдий ч зээлийн гэрээнд заасанчлан нийт 25 459 750 төгрөгийг төлсөн бөгөөд зээлийн үлдэгдлийн хэмжээ 4 040 250 төгрөг үлдсэн байна. Гэтэл Ж.Цолмон зээлийн гэрээтэй холбоотой маргааны асуудлаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандаж гомдол гаргасан бөгөөд гомдлыг нь цагдаагийн байгууллага шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Ж.Цолмон цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан даруй намайг дарамталж, мөнгө өгөхгүй боп эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ хэмээн удаа дараа дарамталсаны эцэст 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээг нэмэгдүүлж, зээлийн гэрээнд хүү, алданги зааж, гарын үсэг зуруулсан. Миний бие Ж.Цолмонгоос тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдаад  буй зээлийн төлбөрийг авч ашиглаагүй бөгөөд өмнө нь авсан зээлийн төлбөрөөс төлсөөр ирсэн юм. Одоо зээлийн үлдэгдэл төлбөр 4 040 250 төгрөг байгаа болно. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан шиг төсөл авч, мөнгө олж өгнө хэмээн зээл аваагүй ба Ж.Цолмонг Хаан банкнаас зээл авсан эсэхийг мэдэхгүй юм. Иймд Ж.Цолмонгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 4 040 250 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

            Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ж.Цолмонгоос 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 29 500 000 төгрөгийг зээлж, 4 дүгээр сарын 27-нд нотариатаар гэрчлүүлсэн. Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн мөрдөн байцаах газраас дээрх мөнгөн дүнтэй холбоотойгоор гэмт хэргийн гомдол ирсэн талаар дуудаж байцаасан. Ингэхдээ анх удаа цагдаад тайлбар гаргаж байгаа учраас айж балмагдаж, сандарсан байсан. Мөрдөн байцаагч нь зээлийн гэрээ байгуулах юм бол эрүүгийн хэрэг үүсгэхгүйгээр хэрэгсэхгүй болгох боломжтой гэж хэлсэн учраас тэр өдрөө Сүхбаатар дүүргийн нотариат дээр очиж зээлийн гэрээ байгуулж, 15 546 187 төгрөгийг бэлнээр зээлдүүлсэн гэсэн утга бүхий гэрээнд гарын үсгээ зурсан. Уг гэрээг байгуулж гарын үсгээ зурах болсон шалтгаан нь цагдаа айлган сүрдүүлсэн, мөн яг ийм мөнгийг аваагүй байж төлнө гэж эрүүгийн хэрэг үүсгэхээс зайлсхийх зорилгоор гэрээнд гарын үсэг зурсан. Хэлцлийн агуулгыг эндүүрсэн, гуравдагч этгээдийн зүгээс хууран мэхэлсэн зүйл байгаад байгаа учраас энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлага гарч байна. Иргэний хуулийн 282.4 дэх хэсэгт мөнгийг хүлээлгэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Мөн гэрээний 3 дугаар зүйлд энэхүү гэрээгээр зээлдэгчээс мөнгийг бодитойгоор гаргуулсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэж заасан байдаг. Тэр өдөр мөнгө аваагүй учраас хүчин төгөлдөр бус хэлцэл  байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэл байх тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулж гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэг болохоор Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 2-т зааснаар уг зээлийн гэрээг хүссэн хэлцлийн агуулгыг эндүүрсэн, ноцтой төөрөлдсөн гэж, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар айлган сүрдүүлсэн гэж, эсхүл Иргэний хуулийн 282.4-т заасныг зөрчсөн тул хууль зөрчсөн хэлцэл хийсэн гэж өөр өөрөөр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. З.Мөнхцэцэг 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Ж.Цолмонгоос 29 500 000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлнө гэж авчихаад яасан нь мэдэгдэхгүй алга болж, худлаа хэлж, залилангийн шинжтэй байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан. З.Мөнхцэцэг дахин гэрээ байгуулж, хугацаа тохиръё гэдэг саналыг өөрөө  гаргасан байдаг.  Түүнийг дарамталсан, шахсан зүйл байхгүй. Байцаагчийг хүртэл дарамталсан гэж хүн гүтгэж худал ярьж байгааг ойлгохгүй байна. 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тэд бие биедээ мөнгө өгөөгүй боловч хоёр тал тооцоогоо хийгээд зээлийн үлдэгдэл төлбөрөө дахин ямар хугацаанд төлөх вэ, төлөхгүй бол яах вэ гэдгийг л тохирч мөн өдөр гэрээ байгуулсан. Тэгэхээр 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр юм. Банктай холбогдсон зүйлийг гаргаж өгч байгаа шалтгаан нь банкинд төлөх мөнгийг нэхээгүй. Хамгийн гол нь З.Мөнхцэцэгт өгсөн мөнгөний эх сурвалжийг харуулж өгч байгаа юм. Иймд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан З.Мөнхцэцэгээс 12 607 050 төгрөгийг гаргуулж, Ж.Цолмонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 246 658 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Цолмонд холбогдуулан зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай З.Мөнхцэцэгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Цолмонгоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299 009 төгрөгөөс 284 008 төгрөг, З.Мөнхцэцэгээс сөрөг нэхэмжлэлд төлсөн 235 680 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, З.Мөнхцэцэгээс 216 662 төгрөг, улсын төсвийн данснаас илүү төлсөн 15 000 төгрөгийг тус тус гаргуулж, Ж.Цолмонд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн зүгээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан зээлийн гэрээ хуульд заасны дагуу байгуулагдаагүй хэмээн маргааны үйл баримт, зээлийн гэрээ болон зохигчдын тайлбар, татгалзалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа үндэслэл бүхий дүгнэлтийг үгүйсгэж, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг зөрчсөн шийдвэрийг гаргасан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т  заасан зохицуулалтаас үзэхэд шүүхийн дүгнэсэнчлэн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй ба зээлийн гэрээ хуульд заасны дагуу байгуулагдаагүй тул зээл, хүү, алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй юм. Талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан гэх гэрээнд хүү болон алданги төлөх тухай нөхцөлийг тусгасан хэдий ч уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т тус тус заасны дагуу байгуулагддаг. Учир нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д "эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцох"-оор хуульчилсан ба зээлдүүлэгчээс зээлдэгчид зээлийн гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу зээлийн хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой юм. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсгийг үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хуулийн уг зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан гэрээ нь өмнөх үүргийг буюу гэрчлэх гэрээ биш бөгөөд уг гэрээгээр өмнөх үүссэн үүргийн харилцаа буюу 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан гэрээнээс өөр нөхцөл, журмыг /зээлийн хэмжээг нэмэгдүүлсэн ба зээлд хүү, алданги тооцохоор заасан шинэ гэрээ/ өөртөө тусгасан гэрээ байсан. Гэтэл шүүхийн зүгээс дээрх нөхцөлд дүгнэлт хийгээгүй. Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д заасанчлан хариуцагч З.Мөнхцэцэг нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээгээр өмнөх үүссэн үүргийн харилцаа буюу 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг гэрчилсэн гэж үзсэн тохиолдолд өмнөх үүссэн үүргийн харилцааны дагуу зээлдүүлэгчийн өмнө хариуцлага хүлээх учиртай байтал шүүх хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний дагуу төлбөрийг гаргуулж шийдвэрлээгүй байна.

2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаан завсарлаж, шүүгч шийдвэрээ уншиж сонсгохдоо хариуцагчаас 11 321 389 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай хэмээн шийдвэрийн тогтоох хэсгийг танилцуулсан. Гэтэл шийдвэрт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12 536 850 төгрөгийг гаргуулж, Ж.Цолмонд олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв" хэмээн дурдсан байна. Шүүх уг хэргийг 2 шийдвэрлэсэн болох нь шүүхийн шийдвэр болон шүүх хуралдааны тэмдэглэл, мөн шүүх хуралдааны видео бичлэг зэргээр бүрэн тогтоогдож байна. Мөн тус өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар оролцсон ба 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шүүхийн гаргасан шийдвэрийг зохигчид бүгд сонссон болно. Шүүхийн зүгээс дээрх байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

  Нэхэмжлэгч Ж.Цолмон нь хариуцагч З.Мөнхцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17 853 708 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

  Анхан шатны шүүх шийдвэртээ хариуцагч З.Мөнхцэцэгээс 12 607 050 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Цолмонд олгохоор шийдвэрлэсэн боловч шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа хариуцагчаас 11 321 383 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээр тэмдэглэгдсэн байна. /хх-ийн 121 дүгээр тал

 

  Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт “Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно” гэж заасантай нийцээгүй, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий  байх шаардлагыг хангаагүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтад заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/00827 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216 670 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.БАТЗОРИГ                                     

                                                          ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН                                                                                                         

                                                                                                          Г.ДАВААДОРЖ