Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00203

 

 “Т Б”ны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 181 дүгээр шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 49 дүгээр магадлалтай,

“Т Б”ны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй

Б.Лд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 8 703 483 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 110 289 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Лгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Э.Жаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч “Т Б”-ны Зүүнхараа салбар анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ш.Мөнхжаргал, хамтран зээлдэгч Б.Л нар нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Т Б”ны Мандал тооцооны төвөөс нэмэлтээр тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж 8 567 544 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 1.5%-ийн, жилийн 18%-ийн хүүтэй зээлсэн. ...Б.Лгээс зээлийн үндсэн төлбөрийн өр 7 961 434,57 төгрөг, зээлийн хүүгийн өр 742 049,33 төгрөг нийт 8 703 483,90 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Л анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний ээж Ш.Мнь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээгээр “Т Б”наас 01 сарын тэтгэвэр болох 301.700 төгрөгийг зээлж авсан ба миний бие энэ гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан. Тухайн үед ээж маань элэгний хорт хавдартай байсан болохоор эмчилгээндээ мөнгөө зарцуулсан. Нэмж гаргасан зээлийн гэрээн дээр би гарын үсэг зурж хамтран үүрэг гүйцэтгэгчээр орсон. Би эндээс мөнгө хүлээж авсан гэсэн ямар ч баримт байхгүй. Ээж маань өөрөө эм тариагаа зохицуулдаг байсан. Одоо би тодорхой эрхэлсэн ажилгүй 2 хүүхэдтэйгээ өрх толгойлон амьдарч байгаа болохоор надад тогтмол орлого байхгүй. Мөн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай ээж өвчний учраас нас барсан. Нас барсан сар ба түүний дараа сар буюу 11 дүгээр сарынх нь тэтгэвэр нийгмийн даатгалаас шилжиж орж ирсэн дансны хуулганаас нь харагддаг юм байна лээ. Энэ мөнгийг тэтгэврийн зээлд нь банк суутгасан ба зээлийн гэрээгээр нэмж авсан үүргийг гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Тийм учраас би нэхэмжилсэн мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

Хариуцагч Б.Л анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие нь 2 нас, 10 насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон ганц бие эмэгтэй юм. Засгийн газраас баталсан хүүхдэд мөнгө олгох журмын дагуу 2 хүүхдийн тус бүр 20000 төгрөг, цалинтай ээж хөтөлбөрийн дагуу 0-3 насны хүртэлх хүүхэдтэй эхчүүдэд олгож буй 50000 төгрөгийн халамжийн мөнгийг сар бүр өөрийн дансаар дамжуулан авдаг. Энэ мөнгийг авч буй данс 00000000000 дугаартай энгийн хугацаагүй хадгаламжийн дансыг “Т Б” 2017 оны 11 дүгээр сараас хойш зарлагын гүйлгээг нь зогсоон миний данснаас мөнгө гаргахгүй байсан. Гэтэл энэ дансанд орсон миний 2 хүүхдийн мөнгө болох 60149 төгрөг, цалинтай ээжийн 50140 төгрөг нийт 110289 төгрөгөөр намайг шүүхэд хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргахдаа банкнаас төлөх ёстой Улсын тэмдэгтийн хураамжийн мөнгийг төлүүлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгохоор заасан байтал хариуцагч миний дансан дахь мөнгөн хөрөнгөөс төлүүлсэн байна. Тиймээс иргэн миний хуулийн дагуу авбал зохих 110289 төгрөгийг “Т Б”наас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн тухайд Б.Лгийн нас барсан ээжийн тэтгэврийн зээлийг нэхэмжлэхдээ 154.205 төгрөгний тэмдэгтийн хураамжийг хамтран зээлдэгч болох Б.Лгийн нэр дээр банк өөрөө авлага үүсгэж тэмдэгтийн хураамжийг төлсөн.Бид Б.Лгийн төрсөн эгч Б.Эрдэнэтуяагаас ярилцаад төлөөд өгөөч гэж гуйсан. Гэтэл Б.Эрдэнэтуяа дүү Б.Лгийн нэр дээр хүүхдийн мөнгөний хугацаагүй хадгаламж байгаа түүнээс нь аваад төлүүлчих би Б.Лд хэлсэн байгаа өөрөө мэдэж байгаа гэсний үндсэн дээр бид тэр мөнгийг авч тэмдэгтийн хураамжаа төлсөн. Тэрнээс бид нар дураараа шууд Б.Лгийн данснаас аваагүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүх хэргийг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 181 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Лгээс үндсэн зээл 7.961.434 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 742.049,33 төгрөг, бүгд 8.703.483,90 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т Б”ны Зүүнхараа салбарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар “Т Б”ны Зүүнхараа салбараас 110.289 төгрөгийг гаргуулж Б.Лд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154.205 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Лгээс 154.205 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т Б”ны Зүүнхараа салбарт олгож, Б.Лгийн сөрөг нэхэмжлэлдээ Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, “Т Б”ны Зүүнхараа салбараас 4550 төгрөг гаргуулан Б.Лд олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 49 дүгээр магадлалаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 181 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 154.205 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Л хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Магадлалын үндэслэх хэсэгт /Магадлалын 4-р тал/: “Үүнд: нэхэмжлэгч “Т Б” нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамжийг хариуцагч Б.Лгийн зөвшөөрөлгүйгээр түүний банкны хадгаламж дахь данснаас өөрийн байгууллагын шүүхэд гаргах тэмдэгтийн хураамжийг төлүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг зөрчсөн, Нэхэмжлэгч “Т Б” нь тухайн байгууллагыг төлөөлөх эрхийг “Т Б”ны Зүүн хараа салбарын харьяа Мандал тооцооны төвийн захирал Д.Энхтуяад олгосон атал “Зүүн хараа” салбарын захирал Т.Мөнхөө шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулалгүй шийдвэрлэсэн, Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагч Б.Лг 2017 оны 09-р сарын 06-ны өдрийн гэрээгээр хамтран зээлдэгчээр оролцсон гэж тайлбарласан атлаа зээлдэгч Ш.Мөнхжаргалын урьд авсан зээлийг батлан даасан хэмээн тайлбарлаж байгаа бөгөөд түүний нэхэмжлэлийн агуулга болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар хэрэгт авагдсан нотлох баримт хоорондоо зөрүүтэй байхад шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн, Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан хүсэлтийг шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн тухай хурлын тэмдэглэлд тусгасан атлаа хэрэгг хүсэлт шийдвэрлэсэн тухай эрх зүйн акт хэрэгт хавсаргаагүй зэрэг зөрчил гаргажээ.” хэмээн дүгнэсэн атлаа хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэж үзэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэнд гомдолтой байна. Учир нь: 1-р үндэслэлийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 65.1.1 1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрэн бүрдсэн байтал “Улсын тэмдэгтийг өөрөө төлөөгүй буюу мөн хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй, мөн хуулийн 65.1.5-д заасан төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасаар байтал энэ асуудлыг тодруул” хэмээн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх хэргийг тал бүрээс нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэдэг. 2-р үндэслэлийн хүвьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т зааснаар “нэхэмжлэгч нь өөрөө нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх” үүрэгтэй байтал шүүхээс энэ үүргийг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй байна хэмээн дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Энэхүү үндэслэлд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний маргаан үүсгэсэн хэдий ч өмнөх зээлийн гэрээнд хамтрангаар оролцсон гэж тайлбарлаж байгаа хэдий ч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад Хариуцагч нь анх зээл авахад Батлан даагчаар оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн өргөдөл гаргасан байдаг /2017.08.04-ний өргөдөл Б.Лгийн/. Мөн Зээлийн гэрээгээр авсан мөнгө нь төлөгдөөд дууссан болох нь 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Т Б”ны "Депозит дансны харилцагчийн монгол хуулга"-аар нотлогддог. Уг хуулгаар зээл болох 301 700 төгрөгийг олгосон байдаг ба үүний дараа уг зээл төлөгдсөн /Хуулганы доороосоо 3 дахь мөр (-471,142.43 төгрөг) хасагдсан/ байдаг. Үүнээс үзэхэд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” хэмээн заасны дагуу уг зээлийн төлбөр болон хүү нь төлөгдсөн болох нь харагдаж байна. Дээрх нотлох баримтуудаар хариуцагч Б.Л миний бие “Т Б”наас ээжийнхээ тэтгэврийн зээлийн хамтран зээлдэгчээр оролцсон зээлийн төлбөр төлөгдсөн. Мөн “Т Б” нь хууль зүйн үндэслэлгүйгээр миний хүүхдийн мөнгө орж буй данснаас өөрсдийн нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлсэн, бага насны 2 хүүхэдтэй ганц бие, өрх толгойлсон ажилгүй ээж миний хүүхдийн мөнгө ордог данс, 0-3 насны хүүхдээ асарч буй эхэд төрөөс олгож буй тэтгэмжийн дансыг 2017 оны 11 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл битүүмжилсэн, эдгээр тэтгэмжийг өөр аль ч банкнаас сонгож авах боломжгүй болгож байгаа зэрэг хууль бус үйлдлүүдийг нэхэмжлэгч хийсээр байна. Иймд “Т Б”ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж үзэв. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхдээ зарим хууль зүйн дүгнэлтийг залруулах боломжтой гэж үзэв.

“Т Б”ны Зүүн хараа салбар Б.Лд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулах шаардлагатай гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 25 дугаар зүйлийг 25.1-д заасан зохицуулалтад нийцээгүй байна. “Т Б”ны Зүүн хараа салбар нь “Т Б”ны салбар нэгж мөн боловч өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах шинжийг агуулсан тул бие даан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй байна.

Харин хэрэгт байгаа баримтаас үзвэл зээлдэгч Ш.Мнь 2017 оны 10 сарын 05-ны өдөр нас барсан, зээлийн эргэн төлөлтийг зөрчсөн тул “Т Б”ны Зүүн хараа салбар нь гэрээг цуцалж, Б.Лгээс зээлийн үүргийг шаардсан боловч хариуцагч Б.Лг хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагчийн аль нь гэж үзэх, энэ талаар  нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах шаардлагатай талаар давж заалдах шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлтийг хийж, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болгосон нь хууль ёсны болжээ.

Түүнээс гадна 2017 оны 09 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний төрлийг “Т Б”ны Зүүн хараа салбар нь тэтгэврийн зээлийн гэрээ гэж тодорхойлсон ба уг гэрээний онцлог, шинж, гэрээгээр хүлээх зээлдэгчийн үүрэг, уг гэрээнд хамтран зээлдэгч байх эсэх зэрэг эрх зүйн асуудлын талаар шүүх хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх бүрэн эрхийн хүрээнд, хийвэл зохих эрх зүйн ажиллагааг явуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 49 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Х.СОНИНБАЯР

       ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА