Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 369

 

      Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сум, 3 дугаар баг, 55 айлын орон сууцны  27 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ80061600, Боржигон овогтой Батмөнхийн Гүнжинлхамын нэхэмжлэлтэй, 

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, “Централ оффис”-ын 3 дугаар давхарт байрлах, улсын бүртгэлийн 9072002120, регистрийн 8029148 дугаартай, Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо ТББ-д холбогдох,

         Ажлаас халагдсаны тэтгэмж 3.000.000 төгрөг, 3 жилийн ээлжийн амралтын мөнгө 1.363.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сард ажилласан хугацааны цалин 232.000 төгрөг, нийт 4.595.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганхөлөг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Б.Гүнжинлхам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны нягтлан бодогчоор 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажиллаж байсан бөгөөд Увс аймагт хэрэгжиж байсан “Ногоон алт” төслийн санхүүжилт зогсож, төсөл хаагдсан гэх үндэслэлээр ажлаас халагдсан ба ажиллаж байсан хугацаандаа 3-н жил ээлжийн амралт авч байгаагүй, ажлаас халагдах тушаал гарах хүртлэх хугацааны цалинг аваагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээнд зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тохиолдолд ажилтанд 6-н сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгоно гэж заасны дагуу ажлаас халагдсаны тэтгэмж 3.000.000 төгрөг, 3 жилийн ээлжийн амралтын мөнгө 1.363.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сард ажилласан хугацааны цалин 232.000 төгрөг, нийт 4.595.000 төгрөгийг Увс аймгийн бэлчээр ашиглагчдын холбооноос гаргуулж өгнө үү” гэжээ.  

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Б.Гүнжинлхам нь хариуцагч Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо ТББ-д холбогдуулан ажлаас халагдсаны тэтгэмж 3.000.000 төгрөг, 3 жилийн ээлжийн амралтын мөнгө 1.363.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сард ажилласан хугацааны цалин 232.000 төгрөг, нийт 4.595.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.    

         Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны даргын 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 02 тоот тушаалаар тус холбооны нягтлан бодогч Б.Гүнжинлхамтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгон цуцалсан байна.

       Ингээд нэхэмжлэгч нь ажлаас гэнэт халагдсаны 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 3.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “Ажил олгогч энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж, мөн талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан 18 тоот  “Хөдөлмөрийн гэрээ”-ний 5.4-т “Байгууллага татан буугдсан болон ажлын байрны бүтцийн өөрчлөлтийг ажил олгогчийн шийдвэрээр хийсэн тохиолдолд ажилтанд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгоно” гэж тус тус заажээ.

        Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Гүнжинлхамын ажлын байр бүтцийн өөрчлөлтөд орж, ажил олгогчийн шийдвэрээр Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо ТББ-ын нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөгдсөн байх тул тухайн хууль болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж гаргуулахаар шаардах эрхтэй байна.

        Түүнчлэн хэдийгээр хөдөлмөрийн гэрээнд талууд нягтлан бодогч нь сард 550.000 төгрөгийн цалин авна гэж тохиролцсон авч Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Цалингийн жагсаалт”-аас үзэхэд 2016 оны 9 дүгээр сараас 2017 оны 1 дүгээр сарыг дуустал хугацаанд 500.000 төгрөгөөр цалинжиж байсан нь тогтоогдож байх тул Б.Гүнжинлхамд нэг сарын 500.000 төгрөгөөр тооцож, 6 сарын цалинтэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 3.000.000 төгрөгийг хариуцагч Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо ТББ-аас гаргуулж олгох үндэслэлтэй байна.

         Мөн Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Цалингийн жагсаалт”-д 2017 оны 2 дугаар сард 277.778 төгрөгийн цалин олгогдож, түүнээс нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн хэмээн тэмдэглэгдсэн байх боловч нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар Б.Гүнжинлхам нь 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 14-ний өдрийг дуустал ажлын 10 хоногийн цалинг аваагүй болох нь тогтоогдож байх тул нэг сарын 500.000 төгрөгийн цалингаас 1 өдрийн цалин буюу 23.255 төгрөг, 10 хоногийн 232.550 төгрөгийн цалинг хариуцагч байгууллагаас гаргуулах нь зүйтэй байна.

          Гэвч нэхэмжлэгч нь “2017 оны 2 дугаар сарын цалин 232.000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэв.

           Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т “Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож, биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна” гэж заасан ба мөн талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 6.2.3, 7.1.5-т тус тус зааснаар ажилтан болон ажил олгогч нь ажилтныг жилд нэг удаа ээлжийн амралт эдлэх, эдлүүлэх үүрэгтэй байхаар зохицуулсан боловч энэхүү эрх, үүргээ талууд тухайн цаг үедээ хэрэгжүүлээгүй байна.

          Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Гүнжинлхам нь ээлжийн амралтаа биеэр эдлээгүйтэй холбоотой мөнгөн урамшууллаа ажил олгогчоос нэхэмжлэх эрх нь тухайн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад буюу шүүхэд гомдлоо гарган шийдвэрлүүлэх эрхтэй байсан ба энэхүү хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул “3 жилийн ээлжийн амралтын мөнгө 1.363.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

         Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо ТББ-аас 3.232.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гүнжинлхамд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “3-н жилийн ээлжийн амралтын мөнгө 1.363.000 төгрөг гаргуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Гүнжинлхамын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо ТББ-аас 66.662 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гүнжинлхамд олгох нь зүйтэй.

      Хариуцагч Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо ТББ-ийн дарга Ж.Оюундэлгэр нь нэхэмжлэлийн хувьтай 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр танилцсан боловч хуульд заасан 14 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй болохыг дурдав.   

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо ТББ-аас 3.232.000 /гурван сая хоёр зуун гучин хоёр мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гүнжинлхамд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “3-н жилийн ээлжийн амралтын мөнгө 1.363.000 /нэг сая гурван зуун жаран гурван мянга/ төгрөг гаргуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Гүнжинлхамын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88.500 /наян найман мянга таван зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо ТББ-аас 66.662 /жаран зургаан мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гүнжинлхамд олгосугай.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ГЭРЭЛТУЯА