Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/189

 

 

 

        02        15                                                                              2019/ШЦТ/39

   2021          07             01                                            2021/ШЦТ/189

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагч Н.Энхтулга,

Шүүгдэгч Б.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.М-эд холбогдох эрүүгийн 2138000000200 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.М.

Шүүгдэгч Б.М- нь 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 18 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д.С-тэй маргалдаж улмаар түүнийг хутгалж, хэвлийд шарх бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн ... тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д.С-тэй маргалдаж улмаар түүнийг хутгалж, эрүүл мэндэд нь “хэвлийд шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5 дугаар хуудас/,
  • Эд мөрийн баримтаар нийт 26 сантиметрийн урттай, ажлын хэсгийн урт 14 сантиметр, бариул хэсэг 11.7 сантиметрийн урттай шаргал өнгийн бариултай хутга 1 ширхэг, “XL” размерын хар саарал өнгийн цамц 1 ширхэгийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10, 14-15 дугаар хуудас/,
  • Хохирогч Д.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..Би Мөрөн сумын 11 дүгээр баг ... тоотод амьдардаг. 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр би Төв аймгийн Мөнгөн морьт суманд самарт явж байхдаа танилцсан дүү болох М-тай хамт “Нэмэн” үйлчилгээний төвийн урд тааралдсан юм. Тэгээд М- болон миний хамтран амьдрагч О- нарын хамт Дэлгэрмөрөн голын эрэг дээр хүүхдийн паркийн ойролцоо очсон. Тэнд очоод хоёр шил “Тайга” нэртэй 0.75, 0.5 литрийн архийг М-, О- бид гурав хамт уусан. О- архинаас их уугаагүй. Тэнд архи уугаад сууж байхдаа мөн Төв аймагт хамт самарт явж байсан Б.М-ийнд очьё гэж М- хэлэхээр нь тэндээсээ Б.М-ийн 11 дүгээр багийн ... тоотод байх гэрт нь 18 цагийн үед очиход Б.М- гэрийнхээ хойморт хөнжил нөмөрсөн унтаж байсан. Б.М-ийг сэрээсэн чинь нэлээн согтуу сэрсэн. Би хамтран амьдрагч О-аас 10.000 /арван мянган/ төгрөг аваад М-т өгөөд нэг шил архи аваад ир гэхэд М- нэг шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи авч ирсэн. Тар архийг бид дөрөв уусан. Архи ууж байхад Б.М-ийн гэрт нь хүүхдүүд нь бололтой нэг хүү, нэг охин орж ирэхээр нь би халаасанд байсан чихрээ авч өгсөн. Би тухайн үед архи ууж дуусаад идээн дээр байсан талхнаас зүсэж идье гээд хутга байна уу гэж Б.М-ээс асуухад гэрийнхээ хоймрын хивсэн доороос хутга гаргаж ирээд миний зүүн талын далны доод хэсэгт нэг удаа хутгалсан. Тухайн хутгыг М- нуусан. Б.М- намайг хутгалахынхаа өмнө “би хутгаар шаадаг юм шүү” гээд согтуу хэлээд байсан. Тэгээд намайг хутгалчихаад гэрээсээ гараад зугтаасан. Би тэднийхээс гараад шууд Цагдаагийн байгууллагад мэдэгдээд эмнэлэгт очиж эрүүл мэндийн үйлчилгээ авч боолт хийлгэж дусал болон тариа хийлгээд гэртээ хоносон. ...Бид нарыг Б.М-ийн гэрт нь байхад ямар нэгэн хэрүүл маргааны зүйл болоогүй байж байтал хутга асуухад миний биед хутгаар халдсан. Б.М-тэй өс хонзон, өр авлагын зүйл байхгүй. ...гэмтлээс үүссэн зардлаа бүгдийг нь Б.М-ээс гаргуулан авах хүсэлтэй байна. ...миний эмчилгээний зардалд 200.000 мянган төгрөг төлсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 24 дүгээр хуудас/,
  • Гэрч С.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 16-17 цагийн орчим намайг хамтран амьдрагч Д.С-гийн хамт усанд ороод явж байтал М- гэх залуу Д.С- рүү залгаад Би “Модерн” үсчний газрын хажууд найзтайгаа байна, хүрээд ир гэхээр нь ...очсон. М- “би өчигдөр архи уусан шартаад байна” гээд “Маамуу нааш ир” нэртэй дэлгүүр орж 0.5 литрийн “Соёрхол” нэртэй архи авсан. Тэндээсээ такси аваад баярын талбай ороод, авсан архиа ууж дуусгаад нэгдүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Хархираа” нэртэй дэлгүүр орж 0.75 литрийн “Тайга” нэртэй архи аваад голын эрэг дээр очиж уусан. Тэгээд М- гэх залуу хамт самарт явсан М- гэх хүнийд очно, хамт явья гээд бид гурав Мөрөн сумын 11 дүгээр багийн ... тоотод оршин суух үл таних айлд очсон. Тэр айлд очиход М- гэх хүн гэрийнхээ хойморт хөнжил нөмөрчихсөн унтаж байсан. М- ороод тэр хүнийг нэрээр нь дуудаж хөнжлөөс нь татаж босгоход тэр хүн нэлээн согтуу босч ирсэн. Тэгээд ганц юм аваад өг гэхээр нь ийм согтуу хүнд архи авч өгөх шаардлага байна уу? гэж хэлээд түрийвчнээсээ 10.000 төгрөг гаргаж ирээд М-т өгсөн. М- дэлгүүр яваад 0.5 литрийн “Хараа” нэртэй архи авч ирээд Д.С-, М-, М- гурав уусан. С-н хувьд тэр архинаас нь бага уусан. Архи ууж байхад идээ ид гээд голоор нь хуваасан талх тавьж өгөхөд Д.С- ийм том талхыг яаж иддэг юм, хутга аваад өг гэж М-д хэлэхэд М- гэх хүн “хутга, шөвөг ярихаар хүн хутгалчихаад байдаг хүн шүү дээ” гээд байсан. Тухайн үед би шалан дээр байсан улаан өнгийн иштэй хутгыг авч хураасан. Удалгүй М- гэх залуу хоймрынхоо ширдэг доороос бор өнгийн иштэй хутга гаргаж ирээд Д.С-гийн ар нурууны далны доохон талд хутгалсан. Тэгэхэд М- хутгыг нь аваад гаргаад хаячихсан. Хаана хаясныг нь мэдээгүй. Тэр гурав бас самарт явсан талаараа яриад маргалдаад байсан. ...Д.С- нь М- гэх хүнийг зодож цохисон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 235 дугаартай: “1. Д.С-гийн биед хэвлийд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Д.С-гийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр би найз Б-тэй таарч Мөрөн сумын 6 дугаар хороонд айлд очиж архи ууж байгаад Бат- Эрдэнээр хүргүүлээд гэртээ харьсан. Гэртээ хариад унтаж байтал хөнжил хуу татаад “босоод ир пизда минь” гэхээр нь цочоод босоод иртэл Д.С-, М-, үл таних нэг хүүхэн гурав манай гэрт ороод ирчихсэн зогсож байсан. Тэгээд Д.С- надаас архи байна уу? гэж асуухаар нь байхгүй гэхэд хэн нь архинд явсан юм мэдэхгүй 0.5 литрийн “Хараа” нэртэй архи аваад ирсэн. Тэгээд М- архи тойруулаад бүргдээрээ ууж байтал Д.С- над руу том дуугараад, янз бүрийн юм яриад байсан. Тэгээд нэг хартал архины тал үлдсэн харагдсан. Үүнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байгаа. Тэгээд нэг ухаан ороход М- надад хандан “чи хүн хутгалчихлаа шүү дээ” гэсэн. Тэгж би өөрийгөө Д.С-г хутгалсан гэдгийг мэдсэн. Үүнээс өөр санах зүйл байхгүй. ...Би өмнө нь архи уучихсан байсан болохоор өөрийн мэдрэлгүй болтлоо согтсон байна лээ. ...айлд орж ирсэн хүн чинь арай л намбалаг байдаг, тэгэхэд хувцсаа тайлаад манай хойморт гарч суугаад “хөөе пизда минь архи байхгүй юм уу, энэ талхыг чинь бүхлээр нь идэх юм уу гэх зэргээр хэрүүл өдөх, үг сөрөх маягтай байсан. ...би учруулсан хохирлоо төлж барагдуулна. Хүний эрүүл мэндэд хохирол учруулсан юм чинь төлж барагдуулахгүй яахав” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 53 дугаар хуудас/,
  • Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 54 дүгээр хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 22 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-62 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

    Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нар нь тухайн үед ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нийгэмд тогтсон ёс суртахууныг үл хүндэтгэсэн байдал зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.М- нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.М-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд

учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Д.С- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: “Миний эмчилгээний зардалд 200.000 төгрөг өгсөн” /хх-ийн 24/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.М-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Б.М- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй,

харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгч Б.М-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа яллагдагч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 67/, прокуророос сонсгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг яллагдагч хүлээн зөвшөөрч, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-эд оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна. 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 26 сантиметрийн урттай, шаргал өнгийн бариултай хутга 1 ширхэг, “XL” размерын хар саарал өнгийн цамц 1 ширхэгийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-эд оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.М-эд оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 26 сантиметрийн урттай, шаргал өнгийн бариултай хутга 1 ширхэг, “XL” размерын хар саарал өнгийн цамц 1 ширхэгийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                М.ЭРДЭНЭ-ОЧИР