Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 375

 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлгийн 23-683 тоотод оршин суух, 1967 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЙ67032600, Хандгай овогтой Баярын Заяахүүгийн,

        Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жиндэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь: 

          Нэхэмжлэгч Б.Заяахүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1967 онд төрсөн, 50 настай. Би Увс аймгийн Өмнөговь сумын Орлого бригадад 4 дүгээр ангийн боловсролтой буюу бага наснаасаа эхлэн аав, ээж дээрээ мал маллаж эхэлсэн билээ. 1979 оноос 1991 он хүртэл аав, ээжийнхээ хамтаар малчин байсан. Яг хөдөлмөрийн дэвтэр авч, өөрөө бие даан 1982 оноос эхлэн малчнаар ажилласан юм. 1992 онд амьдралын шаардлагаар Улаанбаатар хот руу шилжин ирсэн. Энэ хугацаандаа дөрвөн хүүхэд төрүүлж өсгөн, хувиараа хөдөлмөр эрхэлсэн. Иймд тэтгэвэрт гарах шаарлагатай болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд миний хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн учраас Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн Орлого бригадад 1982 оноос 1989 оныг дуустал хугацаанд малчин байсныг тогтоолгох шаардалагтай байна. Иймд аймгийн Архивын тасгийн цалингийн лавлагаа болон хоёр гэрчийн мэдүүлгийг үндэслэн миний малчин байсан 8-н жилийг сэргээн тогтоож өгнө үү”  гэжээ.    

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Заяахүү нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

         Увс аймгийн Архивын тасгийн 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн цалингийн тодорхойлолтод Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн Орлого бригадад ажиллаж байсан Баяр овогтой Заяахүүгийн 1982 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.

        Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Р.Пүрвээ, Р.Оюунчимэг нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Р.Пүрвээ: “Би 1970 оноос 1974 оны хооронд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд, 1974 оноос 1977 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд, 1977 оноос 1992 оны хавар 6 дугаар сар хүртэл Өмнөговь сумын Цог нэгдэлд тус тус тракторчноор ажиллаж байсан. Б.Заяахүү нь бага наснаасаа аав, ээжийн хамт бог мал маллаж байсан. Би тухайн үед Заяахүүгийн аав Баярын өвс тэжээл, нүүдэл суудалд нь явдаг байсан учраас мэднэ. Б.Заяахүү нь 1981 оноос 1990 он хүртэл Цог нэгдэлд мал маллаж байсан. Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн даргаар Н.Юнгэр, Л.Дүүдэй, Ч.Гомбосүрэн нар ажиллаж байсан” гэж, гэрч Р.Оюунчимэг: “Би 1980 оноос хойш Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд мал маллаж байсан. Б.Заяахүү нь мөн л бага наснаасаа аав, ээжийн хамт бог мал маллаж байсан. Б.Заяхүүгийн аав Баярынх манайхтай нэг баг бригадад хамт, бог мал маллаж байсан учраас Заяахүү бид хоёр нэгнээ мэднэ. Б.Заяахүү бид хоёр 1990 он хүртэл буюу нэгдэл тарах хүртэл мал маллаж байсан. Манай хоёр гэр нь Өмнөговь сумын Хөх орой гэх газар өвөлждөг, хаварт нь Увс нуурын хөвөөгөөр хаварждаг, бид хамтдаа малаа хариулаад бэлчээрээр тоглож нааддаг байсан учраас сайн мэдэж байна. Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн даргаар Н.Юнгэр, Л.Дүүдэй, Ч.Гомбосүрэн нар ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагджээ.

          Иймд дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Заяахүүгийн 1982 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Заяахүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хандгай овогтой Баярын Заяахүүгийн 1982 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Заяахүүгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА