Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 376

 

             Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багт оршин суух, 1961 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЕ61100702, Содов овогтой Жамъянсүрэнгийн Жавзанпагмын,

          Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь: 

             Нэхэмжлэгч Ж.Жавзанпагма шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Миний бие 1961 онд төрсөн, 55 настай. Би Увс аймгийн Зүүнхангай сумын Давшил нэгдэлд 1980 оноос 1992 оныг хүртэл бичээчээр ажиллаж байсан. Одоо нас өндөр болж байгаа тул тэтгэврийн бичиг баримтаа цэгцлэх шаардлагатай болсон юм. Миний хөдөлмөрийн дэвтрийн тамга тэмдэг бүдгэрсэн, тушаал дутуу учраас Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд бичээчээр ажиллаж байсан жилээ тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний Давшилт нэгдэлд 1980 оны 10 дугаар сараас 1992 оны 9 дүгээр сарыг дуустал, мөн Тэгш буянт ББХК-нд 1992 оны 10 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд бичээчээр ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. ... Би 83 настай өвчтэй ээжийгээ асардаг бөгөөд шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй тул миний хүсэлтийг харгалзан намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү”  гэжээ.     

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Ж.Жавзанпагма нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

     Хэдийгээр Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 165 дугаар лавлагаанд: “Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн 1980 оны тушаалыг шүүн үзэхэд Жамъянсүрэн овогтой Жавзанпагмын ажилд томилогдсон тушаал гараагүй бөгөөд бусад холбогдох баримт байсныг хуулбарлан хүргүүлэв. Харин тус нэгдлийн 1992 оны тушаал, Тэгш буянт ББХК-ны баримт манай архивт шилжиж ирээгүй тул Ж.Жавзанпагмын лавлагааг гаргах боломжгүй байна” гэсэн байх боловч хэрэгт Ж.Жавзанпагмын 1980 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр, 1992 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Тэгш буянт ББХК-д бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр тус тус ажилласныг дурдсан бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн даргын 1980 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 69 тоот “Ажилд томилох тухай” тушаал, мөн даргын 1980 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Комисс томилох тухай” тушаал, Увс аймгийн Зүүнхангай сумын Тэгш буянт ББХК-ийн захирлын 1992 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 104 тоот “Ажилд авах тухай” тушаал, нэхэмжлэгчийн бичээчийн 1 дүгээр зэргийн мэргэжлийн үнэмлэхний хуулбар, Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 24 тоот лавлагаа зэрэг баримтууд авагдсан байна.

         Өөрөөр хэлбэл, Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн даргын 1980 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 69 тоот “Ажилд томилох тухай” тушаалд: “1. ... нэгдлийн бичээч-бичиг хэргийн эрхлэгчээр Ж.Жавзанпагмыг 1980 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн томилон ажилуулсугай. ... Нэгдлийн зөвлөлийн дарга М.Памаж” гэж, мөн даргын 1980 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Комисс томилох тухай” тушаалд: “1. Эхчүүдийн байрны үйлчлэгч Т.Бадамын ажлыг П.Түвшинжаргалд хүлээлгэн өгөх комиссыг доорхи бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Комиссын дарга Т.Цэндмаа – Тооцооны нягтлан бодогч, Гишүүдэд Ж.Жавзанпагма – бичээч, Ж.Жангай – нярав. ... Сум нэгдлийн дарга С.Намсрайжав” гэж, Увс аймгийн Зүүнхангай сумын Тэгш буянт ББХК-ийн захирлын 1992 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 104 тоот “Ажилд авах тухай” тушаалд: “Давшилт нэгдэл татан буугдаж, компани болон өөрчлөн зохион байгуулагдаж байгааг үндэслэн Тушаах нь: 1. Компанийн бичиг хэргийн эрхлэгчээр Ж.Жавзанпагмыг 1992 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн авч ажиллуулсугай. ... Захирал Д.Баттэгш” гэж, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 24 тоот лавлагаанд: “Тэгш буянт ББХК нь 1992 оны 10 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэж тус тус дурдсан байна.

     Мөн Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн цалингийн тодорхойлолтод: Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан Ж.Жавзанпагмын 1980 оны 10 дугаар сараас 1992 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.

         Түүнчлэн нэхэмжлэгч Ж.Жавзанпагмад 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус тус Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн зөвлөл, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс тус тус олгосон 3 ширхэг “Баярын бичиг” хэрэгт авагджээ. 

        Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Г.Сарантуяа, Ш.Цэрэнбалжир, О.Оюунцэцэг нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Г.Сарантуяа: “Би 1986 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгсөж ирээд Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд цалин хөлсний нягтлангаар ажилд орж байсан. Тухайн үед Ж.Жавзанпагма нь нэгдэлд бичээчээр ажиллаж байсан. Тэр цагаас хойш бид хоёр 1990 он хүртэл нэгдэлд хамт ажилласан. 1990 оноос нэгдэл нь компани болсон. Тухайн компанид Ж.Жавзанпагма нь мөн л бичээчээр, би нягтлангаар хамтдаа 1994 он хүртэл ажиллаж байсан. Бид хоёр хамтдаа бичээч, нягтлангаар ажиллаж байсан учраас нэгнээ сайн мэднэ. Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн даргаар н.Сүхбаатар, н.Памаж гэх хүмүүс, компанийн захирлаар Б.Буянцог, Ц.Цэнд-Аюуш, Д.Баттэгш гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Ш.Цэрэнбалжир: “Би увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн Үйлдвэр бригадад 1984 оноос 1990 оныг дуустал мужаанаар ажиллаж байсан. Ж.Жавзанпагма нь тус нэгдэлд бичээчээр 1980 оноос 1992 оныг дуустал буюу нэгдэл тарах хүртэл ажилласан. Миний ажиллаж байсан Үйлдвэр бригад нь 1990 онд тарсан учир би ажилгүй болж байсан. Ж.Жавзанпагма бид хоёр үе тэнгийн найз нөхөд хүмүүс учир нэгнийхээ ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ. Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн даргаар н.Сүхбаатар, н.Памаж гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч О.Оюунцэцэг: “Би 1973 оноос эхлэн Увс  аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд мал маллаж, одоог хүртэл малаа маллан амьдарч байна. Ж.Жавзанпагма нь 1980 оноос эхлэн Давшилт нэгдэлд бичээчээр ажиллаж байсан. Ж.Жавзанпагмын аавыг би мэднэ, Жамъянсүрэн гэх хүн байсан. Аавынхтай нь цуг айл хошоо байдаг байсан учраас би Ж.Жавзанпагмын 1980 оноос 1992 он хүртэл буюу нэгдэл тарах хүртэл бичээчээр ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна. Увс аймгийн Зүүнхагай сумын Давшилт нэгдлийн даргаар н.Памаж, н.Сүхбаатар гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагджээ.

          Иймд дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ж.Жавзанпагмын 1980 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд, 1992 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Зүүнхангай сумын Тэгш буянт ББХК-д тус тус бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Жавзанпагмын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

        Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамтаар ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Содов овогтой Жамъянсүрэнгийн Жавзанпагмын 1980 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд, 1992 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Зүүнхангай сумын Тэгш буянт ББХК-д тус тус бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Жавзанпагмын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА