Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/657 

 

 

 

 

 

 

  2020         07        07                                     2020/ШЦТ/657   

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч 17.1,

Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар С дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б Э холбогдох эрүүгийн 2009 00901 0379 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт С дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 16-144а тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д овогт Б Э /РД:********/,  

 

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр С дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С Дэвшил” ОНӨААТҮГ-ын манаачийн байранд ногоон алаг цүнхнээс хохирогч Б.Г бичиг баримт, биет 500.000 төгрөгтэй түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 543.700 төгрөгийн буюу бага хэмжээний хохирлоос дээш хэмжээний хохирол учруулсан хулгайлгах гэмт хэрэг,

Мөн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн орчим С дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33 дугаар гудамжинд хог ачих ажил, хөдөлмөр эрхэлж байсан хохирогч М.С гар утсаа өгөөч хүнтэй ярьчхаад буцаагаад өгье гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 130.000 төгрөгийн үнэ бүхий самсунг эс-6 маркийн гар утсыг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг,

2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр С дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 16 гудамжны 144 тоотод оршин суух хохирогч Б.А монгол гэрийн тооноор нэвтэрч, эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авахаар хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянавал:

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.                 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна. Хохирлын тухайд хохирогч Б.Г 143.700 төгрөгийг, хохирогч М.С 130.000 төгрөгийг гаргуулахад татгалзах зүйлгүй...” гэжээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр С дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С Дэвшил” ОНӨААТҮГ-ын манаачийн байранд ногоон алаг цүнхнээс хохирогч Б.Г бичиг баримт, биет 500.000 төгрөгтэй түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 543.700 төгрөгийн буюу бага хэмжээний хохирлоос дээш хэмжээний хохирол учруулсан хулгайлгах гэмт хэрэг,

Мөн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн орчим С дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33 дугаар гудамжинд хог ачих ажил, хөдөлмөр эрхэлж байсан хохирогч М.С гар утсаа өгөөч хүнтэй ярьчхаад буцаагаад өгье гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 130.000 төгрөгийн үнэ бүхий самсунг эс-6 маркийн гар утсыг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг,

2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр С дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 16 гудамжны 144 тоотод оршин суух хохирогч Б.А монгол гэрийн тооноор нэвтэрч, эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авахаар хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 18 цагийн үед өөрийн ажил болох “С Дэвшил” ХХК-ний манаачийн байрандаа байж байхад гаднаас манай байгууллагад ачигчийн ажил хийдэг Э гэх хүүхэд банк руу явж юм хөөцөлдөж байгаад ирээд манай манаачийн байранд хоночхоод өглөө ажилдаа шууд гарна гэхээр нь би тэг тэг гээд хүлээн зөвшөөрсөн. Тэгээд би галлагаа хийх гээд явж байгаад манаачийн байраа түр хугацаанд орхиж явсан. Тэгээд буцаад ирэх үед Э байхгүй байсан ба манаачийн байранд байсан миний ногоон алаг цүнхэн дотор байсан хэтэвч байхгүй алга болчихсон байсан. Хэтэвчинд байсан 500.000 төгрөг бэлнээр болон бусад бичиг баримтууд байсан. Надад тэр Э гэж хүүхэд сэжигтэй санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 119-122/-р тал,

 

Хохирогч М.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би С дүүргийн 20 дугаар хороо Дэвшил ХХК-д ачигч ажил хийдэг тэр өдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн орчим С дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33 гудамжинд хог ачиж байхад надтай хамт ажиллаж байсан зүс таних залуу ахаа утсаа өгөөч хүнтэй ярьчхаад өгье гэж хэлээд гудамжны булан тойроод яваад өгсөн би буцаагаад авчраад өгчих байх гээд 30 минут хүлээсэн ирээгүй цаашаа яваад өгсөн байсан. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 75/-р тал,

 

Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 08 цагийн үед гэрээсээ манай ах Энхсүрэн, эгч Нямжав, бид гурав ажилдаа явсан. би гэр лүүгээ явж байхад ах залгаад гэрт хулгай орсон байна гэрийн унь хугарсан байна гал түлээд гэртээ байж байхад хажуу айлын эгч орж ирээд өдөр танай гэрийн тооноор хулгайч ороод цагдаа дуудаж өгсөн гэж надад хэлсэн. Хүн хараагүй цагдаа нар бариагүй бол гэрээс эд зүйл авах байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 21-24/-р тал,

 

Гэрч С.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Би 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр С дүүргийн 15дугаар хороо, Дамбадаржаагийн 16 дугаар гудамжны 144 а тоотод байрлах гэртээ эхнэр Б 3 хүүхдийн хамт байсан. Тэгтэл хадам ээж Б манай гэрт ганцаараа орж ирээд “манай хажуу талын монгол гэрийн тооноор нэг хүн орчихлоо Э/У/ -тай адилхан байна” гэж хэлэхээр нь би гэрээсээ ганцаараа гараад хажуу айлын хашааг давж ороод гэрийнхэн хаалга үүдийг харсан чинь цоожтой байсан. Тэгтэл гэрийнхэн гадна хар өнгийн куртик, гутлыг тайлаад тавьсан байхаар нь би монгол гэр дээр гараад тооноор нь дотогшоо харахад хүн харагдахгүй байсан. Тэгтэл Э дүү Энхболд гэрийн гадаа байгаа хар өнгийн куртик гутлыг хараад “Э мөн байна” гэж хэлэхээр нь би тооноор нь “хөөе У гараад ир” гэж дуудсан боловч гарч ирэхгүй байсан. Удаагүй цагдаа нар ирлээ гэхэд Э тухайн орны цаанаас гараад ирэхээр нь гараад ир гэж хэлсэн боловч гарч ирэхгүй байсан. Тэгээд ойролцоогоор 5-6 минутын дараа Э нь тухайн гэрийн тооноор гарч ирсэн. Гарч ирэхдээ дээгүүрээ куртикгүй, хөл гуталгүй оймстойгоо гарч ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/-р тал,

Дамно ХХК-ийн хөрөнгийн тайлангийн үнэлгээний дүгнэлтүүд /хх-ийн 82-83, 136-138/-р тал,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-16/-р тал зэрэг болно. 

Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, дээрх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан байна.

 

Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргүүд нь хангалттай нотлогдон тогтоогдсон, нөгөөтээгүүр шүүгдэгч Б.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн талаар маргаагүй, шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Иймд, шүүгдэгч Б.Э 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр С дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С Дэвшил” ОНӨААТҮГ-ын манаачийн байранд ногоон алаг цүнхнээс хохирогч Б.Г бичиг баримт, биет 500.000 төгрөгтэй түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 543.700 төгрөгийн буюу бага хэмжээний хохирлоос дээш хэмжээний хохирол учруулсан хулгайлгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн орчим С дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33 дугаар гудамжинд хог ачих ажил, хөдөлмөр эрхэлж байсан хохирогч М.С гар утсаа өгөөч хүнтэй ярьчхаад буцаагаад өгье гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 130.000 төгрөгийн үнэ бүхий самсунг эс-6 маркийн гар утсыг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Мөн 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр С дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 16 гудамжны 144 тоотод оршин суух хохирогч Б.А монгол гэрийн тооноор нэвтэрч, эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авахаар хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Э нийт 273.700 төгрөгийг гаргуулж, 143.700 төгрөгийг Б.Г, 130.000 төгрөгийг хохирогч М.С тус тус олгож шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтдээ “... Шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 05 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 04 жил 05 сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “... Шүүгдэгч Б.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Тэрээр өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшин уйлж байгааг бид харж байна. Түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанарыг шүүх харгалзаж үзнэ үү гэж хүсэж байна. Тэрээр ухамсар доройгоос гэмт хэрэг үйлдсэн байдаг. Түүний ээжтэй удаа дараа утсаар холбогдоход амьдрал нь хэцүү байгаа талаар хэлсэн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 06 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 02 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү...” гэх саналыг

 

Шүүгдэгч Б.Э хөнгөн ял шийтгэж өгнө үү гэх саналыг тус тус гарагжээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогчдын тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан дээрх ялуудыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 02 жил 06 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

 

        Гурав. Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн учир нийт 121 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сд-1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Б Э хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-мөн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хорих ял,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 06 /зургаа/-н сарын хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 06 /зургаа/-н сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 02 /хоёр/ 06 /зургаа/-н сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э оногдуулсан 02 /хоёр/ жил, 06 /зургаа/-н сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э урьдчилан цагдан хоригдсон нийт 121 /нэг зуун хорин нэг/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон шүүгдэгч Б.Э нийт 273.700 /хоёр зуун далан гурван мянга долоон зуун төгрөг/-г гаргуулж, 143.700 /нэг зуун дөчин гурван мянга долоон зуу/-н төгрөгийг хохирогч Ж овогт Б Г /РД:********/-д, 130.000 төгрөгийг хохирогч Б овогт М С /РД:********/-т тус тус олгосугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сд-1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

09. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.ИДЭР