| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00335/и |
| Дугаар | 377 |
| Огноо | 2017-05-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 377
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 17-15 тоотод оршин суух, 1967 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ67062500, Зуутраг овогтой Загираагийн Оюунгэрэлийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Оюунгэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1983 оны хавар 8 дугаар ангиа төгсөөд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт илгээлтээр гарч Ө.Цэвээний бригадад ногоочноор ажилд орсон. Тэр цагаас хойш 1992 он хүртэл тасралтгүй 9 жил ажилласан. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэвэрийн бичиг баримт бүрдүүлэхэд ажиллаж байсныг нотлох орсон, гарсан тушаал байгаа боловч хөдөлмөрийн дэвтрээ анхнаас нь авч чадаагүй байтал Нэгдэл дундын үйлдвэрийн архив шатсан тул шүүхэд хандах шаардлагатай болсон. Иймд миний Нэгдэл дундын үйлдвэрт 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд ногоочноор ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Оюунгэрэл нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэдийгээр Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 165 тоот лавлагаанд: “Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй нь үнэн” гэсэн байх боловч хэрэгт Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 58 тоот тушаал, мөн даргын 1992 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 10 тоот тушаал тус тус авагдсан байна.
Уг тушаалуудаас үзэхэд З.Оюунгэрэлийг 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Нэгдэл дундын үйлдвэрийн ногооны салбарт ногоочноор томилж, 1992 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Н.Цэвээн, М.Оюунчимэг нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Н.Цэвээн: “Би 1961 оноос эхлэн Увс аймгийн Ахуй үйлчилгээний газарт 1981 он хүртэл оёдолчноор ажилласан. 1981 оноосоо Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт ногоочноор 1991 он хүртэл ажилласан. З.Оюунгэрэл нь 1983 оноос 1992 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт ногоочноор ажилласан. З.Оюунгэрэл нь тухайн үед 8-р ангиа төгсөөд, илгээлтээр манай байгууллагад ногоочин болж байсан. З.Оюунгэрэл бид хоёр Төмсний бригадад хамт ажиллаж байсан. Манай бригадын даргаар Ө.Цэвээн гэх хүн байсан ба тухайн үед бригадын дарга бид нарт шинээр илгээлтээр ирж байгаа хүүхдүүдийг нэг нэгээр нь даалгаж өгдөг байсан. Тэр үед З.Оюунгэрэлийг надад даалган өгч байсан учраас би сайн мэдэж байна. З.Оюунгэрэл нь заасан ажил болон өгсөн үүрэг даалгаварыг сайн биелүүлдэг, ажилдаа идэвхи зүтгэлтэй охин байсан. Тухайн үед манай байгуулагын даргаар П.Дашхүү, Ч.Мухаршар, Н.Зандан гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж, гэрч М.Оюунчимэг: “Намайг 1986 онд Хөдөө аж ахуйн их сургууль төгсөж ирээд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт ерөнхий агрономчоор ажилд ороход З.Оюунгэрэл нь Төмсний бригадад ажиллаж байсан. З.Оюунгэрэл нь 1983 онд 8-р ангиа төгсөөд илгээлтээр ажилд орсон гээд ажиллаж байсан. Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэр нь нарийн ногооны бригад, төмсний 2 бригадтай үйл ажиллагаа явуулдаг байсан. З.Оюунгэрэл нь удирдлагын өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүдэг, сайн ажилчин байсан. Тер үеэс хойш 1991 он хүртэл хамт ажиласан учраас нэгнээ сайн мэднэ. Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргаар П.Дашхүү, Үйлдвэрчний хорооны дарга Ц.Мухаршар, Намын дарга Т.Зандан, Эвлэлийн үүрийн дарга Ж.Энхтуяа гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагджээ.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч З.Оюунгэрэлийн 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.Оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Зуутраг овогтой Загираагийн Оюунгэрэлийн 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч З.Оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА