Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 378

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 12-21 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ66050102, Булгадар овогтой Даалхайгийн Туяагийн,

          Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь: 

           Нэхэмжлэгч Д.Туяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1966 онд төрсөн, 51 настай. Би 1984 оны 6 дугаар сард Увс аймгийн Тэс сумын 10 жилийн сургууль төгсөөд 1984 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Дархан хот дахь Зөвлөлтийн барилгын нэгдсэн трестийн дэргэдэх Монгол ажилчдын нэгдсэн захиргааны СОТ-1 ПСМК-ийн нүүдлийн 3 дугаар конторт шаварчин будагчнаар орж, улмаар тэндээ 1986 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал ажилласан. Манай байгууллагын захиргаа болох Дархан Монгол ажилчдын нэгдсэн захиргаа нь Дархан хотод үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд харин бид Увс аймгийн Хархираа суманд Хартолгойн тэжээлийн аж ахуйн барилгын ажил дээр ажиллаж байсан юм. Тухайн үед 10 жилийн сургуулиа дөнгөж төгссөн 30 гаруй хүүхдийг Увс аймгийн Хөдөлмөрийн товчоо бүртгэн авч, илгээлтээр Зөвлөлтийн барилгын СОТ-1 ПСМК-З-д ажилчнаар томилон, орос мэргэжилтнийг дагалдуулан мэргэжилтэй болгож байсан юм. Ингээд бид Увс аймгийн Хархираа сумын Хартолгойн тэжээлийн аж ахуйн барилга дээр 1986 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл ажиллаад барилгын ажил дууссан, СОТ-1 ПСМК-ийн барилгын мэргэжилтнүүд эндээс нүүж Дархан хот явсан бөгөөд энд үлдэж байгаа 30 гаруй ажилчдыг Увс аймгийн Барилга угсралтын трестэд шилжүүлэн ажиллуулсан. Энэ үеэс буюу 1986 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд би Увс аймгийн Барилга угсралтын трестэд тасралтгүй шаварчнаар ажилласан. Миний тэтгэврийн нас болж байгаа тул бичиг баримтаа цэгцэлж, ажиллаж байсантайгаа холбоотой тушаал, шийдвэрүүдийг холбогдох архиваас шүүлгэхэд СОТ-1 ПСМК-3 Дархан Монгол ажилчдын нэгдсэн захиргааны шаварчин, будагчны ажлаас чөлөөлөгдсөн тушаал, 1989 оны 12 дугаар сарын 31-нд Увс аймгийн Барилга угсралтын трестээс чөлөөлөгдсөн тушаалууд тус тус олдохгүй байна. Миний ажиллаж байсан дээрх байгууллагууд тарсан, одоо үйл ажиллагаа явуулдаггүй тул шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай боллоо. Иймд миний 1984 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал Дархан хот дахь Зөвлөлтийн барилгын нэгдсэн трестийн дэргэдэх Монгол ажилчдын нэгдсэн захиргааны СОТ-1 ПСМК-ийн нүүдлийн 3 дугаар конторт шаварчин будагчнаар, 1986 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестэд шаварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү”  гэжээ.     

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

              Нэхэмжлэгч Д.Туяа ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

       Хэдийгээр Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 168 тоот лавлагаанд: “Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын тушаалыг шүүн үзэхэд Даалхай овогтой Туяагийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал гараагүй нь үнэн” гэсэн байх боловч хэрэгт Д.Туяагийн 1984 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн СОТ-1 нүүдлийн 3 дугаар конторт будагчнаар ажилласныг бичсэн 127152 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1986 оны 9 дүгээр сараас 1988 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестийн Засалын бригадад ажиллаж, авч байсан цалингийн тодорхойлолт, БНМАУ-ын Дархан хот дахь Зөвлөлтийн барилгын 1 дүгээр трестийн дэргэдэх Монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1985 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 14 тоот “Зарим ажилчдад үдийн хоолны үнийн зөрүүг олгох тухай” тушаал, хавсралтын хамт, ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 319 тоот “Ажилд томилох тухай” тушаал зэрэг баримтууд авагдсан байна.

            БНМАУ-ын Дархан хот дахь Зөвлөлтийн барилгын 1 дүгээр трестийн дэргэдэх Монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1985 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 14 тоот “Зарим ажилчдад үдийн хоолны үнийн зөрүүг олгох тухай” тушаалд: “1. МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1980 оны 49 дүгээр тогтоолд заасны дагуу Барилга угсралтын үндсэн байгууллагад ажиллаж байгаа хавсралт 1-д дурдсан хүмүүст 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хоолны үнийг зөрүүг сар тутам бодож олгож байхыг ахлах нягтлан бодогч н.Сүхбатад даалгасугай. ....  Монгол ажилчдын нэгдсэн захиргааны дарга Ч.Зунгарай” гээд хавсралтын 16 дугаарт “Даалхай Туяа – будагчин” гэжээ.

          Мөн ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 319 тоот “Ажилд томилох тухай” тушаалд: “Аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Хөдөлмөр, нийгмийн халамжийн хэлтсийн 91/932, 933, 934 тоот бичиг томилолтыг үндэслэж Тушаах нь: 1. Засалын бригадад ... Даалхай овогтой Туяа нарыг 1986 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн засалчнаар томилон ажиллуулсугай. ... Барилга угсралтын трестийн дарга Т.Батзул” гэжээ.

        Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Д.Дариймаа, С.Гээпэл нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Д.Дариймаа: “Д.Туяа нь 1984 оноос эхлэн 1986 оны 9 дүгээр сарыг хүртэл хугацаанд Дархан хот дахь Зөвлөлтийн барилгын нэгдсэн трестийн дэргэдэх Монгол ажилчдын нэгдсэн захиргааны СОТ-1 ПСМК-ийн нүүдлийн 3 дугаар конторт шаварчин, будагчнаар ажиллаж байгаад 1986 оны 9 дүгээр сараас Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1990 он хүртэл хугацаанд мөн шаварчин, будагчнаар ажилласан. Бид хамтдаа ажиллаж байсан учраас нэгнээ сайн мэдэж байна. Би тухайн байгууллагад 1984 оноос 1990 он хүртэл засалчнаар ажиллаж байсан. Тухайн үед байгууллагын даргаар Ч.Зунгарай, Т.Батзул, С.Ургамал гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч С.Гээпэл: “Д.Туяа бид хоёр үе тэнгийн бөгөөд 10 дугаар ангиа Тэс суманд нэг ангид төгсөж, бид хоёр хамтдаа илгээлтээр 1984 оны 8 дугаар сараас эхлэн Дархан хот дахь Зөвлөлтийн барилгын нэгдсэн трестийн дэргэдэх Монгол ажилчдын нэгдсэн захиргааны СОТ-1 ПСМК-ийн нүүдлийн 3 дугаар конторт шаварчин, будагчнаар ажиллаж байгаад 1986 оны 9 дүгээр сараас Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1994 он хүртэл мөн шаварчин, будагчнаар ажилласан. Д.Туяа нь 1990 он хүртэл ажиллаад ээжийнх нь бие өвдөөд ажлаас гарч байсан. Бид хоёр найз нөхөд хүмүүс учраас нэгнээ сайн мэднэ. Одоо ч харилцаа холбоотой байдаг. 1990 оноос манай байгууллага нь хувьчлагдаж компани болсон. Би тухайн үед Өрнөл компанид ажиллаж эхэлсэн. Тухайн үед байгууллагын даргаар Ч.Зунгарай, Т.Батзул, С.Ургамал гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагджээ.

          Иймд дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Туяагийн 1984 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал хугацаанд БНМАУ-ын Дархан хот дахь Зөвлөлтийн барилгын 1 дүгээр трестийн дэргэдэх Монгол ажилчдын нэгдсэн захиргааны СОТ-1 ПСМК-ийн нүүдлийн 3 дугаар конторт, 1986 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестэд тус тус шаварчин, будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Туяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Булгадар овогтой Даалхайгийн Туяагийн 1984 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал хугацаанд БНМАУ-ын Дархан хот дахь Зөвлөлтийн барилгын 1 дүгээр трестийн дэргэдэх Монгол ажилчдын нэгдсэн захиргааны СОТ-1 ПСМК-ийн нүүдлийн 3 дугаар конторт, 1986 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестэд тус тус шаварчин, будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Туяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.   

 

                                                ДАРГАЛАГЧ,

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА