Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/554

 

 

 

 

 

 

   2020         06          11                                  2020/ШЦТ/554  

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Хохирогч О.Г,

Шүүгдэгч Л.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Н холбогдох эрүүгийн 2009 00070 0503 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Асгат суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, Нет капитал ХХК-д эдийн засагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэ толгойн 5-330 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт Л Н /РД:********/,

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л.Н нь “Төрийн банканд зээлийн эдийн засагч ажилтай орон сууцны 8 хувийн зээлд хамруулж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн О.Г төөрөгдөлд оруулж, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 13 удаагийн шилжүүлэг, 1 удаагийн бэлэн хэлбэрээр 6.569.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянав.

Хохирогч О.Г шүүхийн хэлэлцүүлэгт “... Анх регистрийн дугаар явуул гэхээр нь явуулсан чинь танай нэр дээр зээл гарна гэсэн. Н нь эдийн засагч нараа хоолонд оруулна гээд 200.000 төгрөг нэхсэн. Бид хоёр хаширлаад  100.000 төгрөг өгсөн. Маргааш бичиг баримтаа авчирч өг гэсэн. Төрсний гэрчилгээ, ажлын тодорхойлолт гээд бүх бичиг баримтаа аваад очсон. Шаардлагатай тохиолдолд утсаар яриад нэмж баримт авна  гэсэн. Би 8 хувийн зээлд оруулж өгнө гээд бүх зээл бүрдсэний дараа ажлын хөлсөнд 2.000.000 төгрөг авна гэсэн. Манай нөхөр таксинд явж байгаад Л.Н танилцсан. Л.Н нь регистрийн дугаараар шалгаад та хоёрт зээл гарна гэсэн. Төрийн банк дээр очиход Л.Н нь Төрийн банкны хувцастай гарч ирээд бид хоёрын баримтыг авсан. Баримт хувилах шаардлагатай гээд бэлнээр 50.000 төгрөг аваад Төрийн банк руу орсон. Төрийн банканд итгээд бид хоёр мөнгө өгсөн. 8 хувийн зээлд хамрагдахад яах ёстой  байна. Төрийн банканд ажилладаг эсэх талаар мэдэхгүй. Миний дансны хуулгаар 8.111.000 төгрөг байна. Яллах дүгнэлтэд 6.569.000 төгрөг гэсэн байна...” гэжээ.

Шүүгдэгч Л.Н шүүхийн хэлэлцүүлэгт “... 2019 оны 11 сарын эхээр Н ахтай таксинд явж байхдаа танилцсан. Дараа нь байрны лизингийн зээл авч өгнө гэж мөнгө авсан нь үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.  Хаан банк, Төрийн банкны дансаар мөнгө авсан нь үнэн болно. Би хохирол төлбөрөөс 1.750.000 төгрөгийг өгсөн. Бусад төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Би залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би маш их өрөнд орсон байсан тул өрөө дарах зорилгоор мөнгө авсан. Би хохирогчид 1.750.000 төгрөгийг 3 удаагийн үйлдлээр Ө гэх хүний данснаас Г гэх хүний данс руу шилжүүлсэн. 1.000.000 төгрөгөөр, 300.000 төгрөгөөр, 350.000 төгрөгөөр, 100.000 төгрөгөөр хувааж төлөн нийт 1.750.000 төгрөг өгсөн....” гэжээ.

 

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Л.Н нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Г мэдүүлэг /хх-ийн 16-17, 18, 19, 20-21, 22-23/-р тал, гэрч Э.Н мэдүүлэг /хх-ийн 24/-р тал, гэрч Д.Д мэдүүлэг /хх-ийн 35/-р тал, шүүгдэгч Л.Н мэдүүлэг /хх-ийн 31-32, 33-34, 45-46/-р тал, Төрийн банкны 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №05/461 тоот дүгнэлт /хх-ийн 48/-р тал, Төрийн банкны захирлын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/1597 тоот тушаал /хх-ийн 58/-р тал, Хаан банкны 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 29/1111 тоот албан бичиг /хх-ийн 57/-р тал зэрэг болон хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, дээрх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан байна.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад шүүгдэгч Л.Н нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нотлох баримт авагдаагүй, өөрөөр хэлбэл шүүхээс шүүгдэгч Л.Н бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнчлэн шүүгдэгч Л.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

Мөн хохирогч О.Г зүгээс тухайн гэмт хэргийн улмаас нийт 8.111.000 төгрөгийн хохирол учирсан талаар тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудаас харахад хохирогчид бодитоор 6.569.000 төгрөгийн хохирол учирч, мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.750.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн болох нь тогтоогдож байна.

Иймд шүүх шүүгдэгч Л.Н хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнээс нийт 4.819.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Г олгож, хохирогч нь өөрт учирсан гэм хорын бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.         

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “... Шүүгдэгч Л.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тухайн зүйл хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Л.Н нийт 4.819.000  төгрөгийг гаргуулж, хохирогч О.Г олгуулах...” саналыг,

Шүүгдэгч Л.Н шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, хүсэлт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Л.Н нь хохирогчид учирсан бодит хохирлыг нөхөн төлөөгүй, нөхөн төлөх талаар ямар арга хэмжээ авсан бэ гэдэг нь тодорхойгүй, шүүхээс торгуулийн ял оногдуулахад хэрхэн төлөх, тогтсон ажил, орлоготой болох нь тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан ялын төрлөөс сонгон авч хорих ял оногдуулсан болно.

Түүнчлэн шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан энэ хуулийн зорилтод нийцэхгүй юм.

        Гурав. Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Л.Н нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Л Н хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н 01 /нэг/ жил, 06 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н нийт 4.819.000 /дөрвөн сая найман зуун арван есөн мянга/-н төгрөгийг гаргуулж, хохирогч У овогт О Г /РД:********/-д олгосугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Н нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хохирогч О.Г нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Л.Н жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Н авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Х.ИДЭР