Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/531

 

 

 

 

 

 

   2020        06          03                                    2020/ШЦТ/531

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Д.Даваадорж,

Хохирогч Н.Н,

            Шүүгдэгч Г.Л түүний өмгөөлөгч Б.Онолтуяа,

            Шүүгдэгч Ү.Х түүний өмгөөлөгч Х.Отгончимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Г овогт Ү Х, Б овогт Г Л нарт холбогдох эрүүгийн 2009 00707 0517 дугаартай 1 хавтас хэргийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19997 оны 08 дугаар сарын 27-ны өдөр, Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх 3 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн 44 дүгээр гудамж, 04 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Г Л /РД:********/,

Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, авга эгчийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48 дугаар гудамж, 196 тоотод оршин суух, улсаас авсан авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Г овогт Ү Х /РД:********/,  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Л, Ү.Х нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө үүрийн 04.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цолмонгийн 13 дугаар гудамж, 07 тоот хашааны орчим, хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан хохирогч Н.Н 110.000 төгрөгийн үнэ бүхий Note-4 Edge загварын гар утас, хаан банкны виза картнаас бэлэн 700.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр хохирогчид мэдэгдэхгүй нууцаар, эзэмшигчийн зөвөөрөлгүйгээр хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ү.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн картнаас мөнгийг авчих уу гэж Л асуугаад авсан. Ингэхдээ бэлнээр 700.000 төгрөг болон утсыг нь авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэжээ.

Шүүгдэгч Г.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн орой Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар орчмоос 3 эгч гараа өргөөд машинд суусан. Ингээд буулгахдаа таксины мөнгийг авъя гэтэл буухгүй гэрт архи авч орохгүй гээд байсан. Тэгээд буудал хүргээд өг гэхэд хүргэж өгөхөд 2 эгч нь 500.000 төгрөг байсан гээд муудалцаад байсан. Тухайн үед машин бинзенгүй болсон учир Н эгчээр 20.000 төгрөгт бинзен хийж өгөхөд картны кодыг мэдсэн. Түүнээс бэлнээр 700.000 төгрөг авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэжээ.

Шүүгдэгч Ү.Х өмгөөлөгч Б.Онолтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Миний үйлчлүүлэгч нь өөрийн үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлдэг. Тэрээр өөрөө ажил хийж өндөр настай эцэг, эхээ асарч тэтгэдэг. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг харгалзан үзэж тэнсэж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Г.Л өмгөөлөгч Х.Отгончимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол сайн дураар төлсөн. Тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Түүний асрамжид өндөр настай эмээ нь байдаг. Иймд эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлэн нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэжээ.

Хохирогч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт “... 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр найзын хамт Бэлхийн эцэст байрлах караокед ороод гарахдаа такси барьсан. Машинд нэг архи байхаар нь зарчих гэхэд зарахгүй гэж хэлсэн. Ингээд бид нар хамт тухайн архийг уусан. Ингээд дараа нь АТМ-с дансаа шалгахад 700.000 төгрөг дутсан. Шүүгдэгч нар 810.000 төгрөгийн хохирол барагдуулсан. Иймд би ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хаан банкны ********** дансны дугаартай Н.Н харилцагчтай дансны хуулгаар 2020 оны 02 дугаар сарын 11-ний үүрийн 04 цаг 44 минутад 700.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн талаарх баримт буюу дансны хуулга /хх-ийн 13, 20/-р тал, Камерийн бичлэгт үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-27/-р тал, хохирогч Н.Н мэдүүлэг /хх-ийн 33-34, 35-36/-р тал, гэрч Ц.О мэдүүлэг /хх-ийн 41-42/-р тал, Дамно хөрөнгө үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 62/-р тал, зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгч нарыг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөвд тооцсон болно.

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Г.Л, Ү.Х нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө үүрийн 04.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цолмонгийн 13 дугаар гудамж, 07 тоот хашааны орчим, хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан хохирогч Н.Н 110.000 төгрөгийн үнэ бүхий Note-4 Edge загварын гар утас, хаан банкны виза картнаас бэлэн 700.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр хохирогчид мэдэгдэхгүй нууцаар, эзэмшигчийн зөвөөрөлгүйгээр хууль бусаар авсан болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ү.Х, Г.Л нар нь өөрийн гэм буруугийн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд маргаагүй, нөгөөтэйгүүр шүүгдэгч Ү.Х, Г.Л нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар ач холбогдол бүхий бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүгдэгч нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй ч үйлдлээрээ нэгдэн эвсэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд прокуророос тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ү.Х, Г.Л нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Н.Н нийт 810.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Ү.Х зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 350.000 төгрөгийг, шүүгдэгч Г.Л зүгээс шүүхийн шатанд үлдэгдэл хохирол болох 460.000 төгрөгийн хохирлыг тус тус нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэх үндэслэлтэй.

Хэдийгээр хохирогчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэм хорын хохирол нэхэмжилж байна гэх боловч өнөөдрийн шүүх хуралдаанаар энэ талаар хэлэлцэх боломжгүй, өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийн улмаас хохирогч нь ирээдүйд бие болох ямар боломжоо алдсан бэ гэдгийг тогтоох боломжгүй байх тул хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь өөрт учирсан гэм хорын бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нь дурдвал зохино.

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлтэдээ “... Шүүгдэгч Ү.Х, Г.Л нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” саналыг,

Шүүгдэгч Ү.Х болон түүний өмгөөлөгч Х.Отгончимэг нарын зүгээс эрүүгийн хариуцлагын талаар “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү ...” гэх саналыг,

Шүүгдэгч Г.Л болон түүний өмгөөлөгч Б.Онолтуяа нарын зүгээс эрүүгийн хариуцлагын талаар “...Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогчдийн тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ү.Х, Г.Л нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 03 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “... Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олох сургалтанд хамрагдах...”, 7.3 дугаар зүйлийнг 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “... оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавтьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх...” үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ү.Х, Г.Л нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийг анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж, өөрсдийн хийсэн гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байгаа байдал, тэдгээрийн ар гэрийн байдал зэргийг харгалзан үзсэн болно.  

 

Шүүгдэгч Ү.Х, Г.Л нар нь тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг сануулах нь зүйтэй.

Гурав. Бусад асуудлаар.

 

Шүүгдэгч Ү.Х, Г.Л нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Г Л, Г овогт Ү Х нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л, Ү.Х нарт хорих ял оногдуулахгүйгээр 03 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ү.Х, Г.Л нарт “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах”, 2.5 дахь хэсэгт зааснаар “Оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатайгаар дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

            5. Хохирогч Н.Н нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ү.Х, Г.Л нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            6. Ү.Х, Г.Л нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Х, Г.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Х, Г.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР