| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00334/и |
| Дугаар | 379 |
| Огноо | 2017-05-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 379
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт оршин суух, 1963 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОБ63111909, Таргуд овогтой Тогтохын Алтанчимэгийн,
Б.Оюунчимэгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Алтанчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Оюунчимэг нь 1969 онд төрсөн, 48 настай. Б.Оюунчимэг 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн Тоосгон заводын Дугуй зууханд үнс нурам цэвэрлэгчээр ажиллаж байсан. Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн даргын ажилд авах тухай, ажлаас чөлөөлөх тухай тушаалууд байгаа хэдий ч хөдөлмөрийн дэвтрээ албан газраасаа аваагүй байтал устаж үгүй болсон. Одоо тухайн байгууллага бүтэц зохион байгуулалтад орж, өөрчлөгдсөн тул түүнийг нөхөн авах боломжгүй, аймгийн Архивын тасагт тухайн үеийн цалингийн мэдээлэл байхгүй учраас зайлшгүй шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай болсон. Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн даргын 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 97 тоот “Ажилд авах тухай” тушаал, 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 123 тоот тушаал, гэрч В.Ичинхорлоо, З.Нансалжав нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргуулан өгч байна. Эдгээр баримтаас өөр шүүхэд гаргаж өгөх ямар нэгэн баримт байхгүй байгаа болно. Иймд Б.Оюунчимэгийн 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн Тоосгон заводын Дугуй зууханд үнс нурам цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Алтанчимэг нь Б.Оюунчимэгийн ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэдийгээр Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 235 тоот лавлагаанд: “Увс аймгийн Барилга угсралтын трестийн Тоосгоны заводын 1985-1992 оны цалинг шүүн үзэхэд Б.Оюунчимэгтэй холбоотой баримт гараагүй нь үнэн” гэсэн байх боловч хэрэгт Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн даргын 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 97 тоот “Ажилд авах тухай тушаал”, мөн даргын 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 123 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал тус тус авагдсан байна.
Дээрх тушаалуудаас үзэхэд Баярлах овогтой Оюунчимэгийг 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн Тоосгоны заводын Дугуй зууханд үнс нурам цэвэрлэгчээр авч, 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон тухайн ажлаас чөлөөлсөн байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн В.Ичинхорлоо, З.Нансалжав нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч В.Ичинхорлоо: “Миний бие нь 1980 оноос эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн бетон, арматурын цехэд ажилд орон ажиллаж байхад Б.Оюунчимэг нь 1985 оноос манай байгууллагад ажилд орж байсан. Б.Оюунчимэг нь улирлын чанартай туслах ажилчнаар ажиллаж байсан. Өвөлд нь манай цехэд туслах ажилчнаар, зунд нь тоосгоны заводад ажилладаг байсан. Тоосгоны завод нь улирлын чанартай ажилладаг байсан учраас өвөлд нь манай цехэд бетон зуурмаг дээр ажилладаг байсан. Надтай хамт төмөр боох, зөөх гэх мэтийн ажлыг хийдэг байсан учраас би сайн таньж мэдэж байна. Б.Оюунчимэг нь ажилдаа идэвхи зүтгэлтэй, сайн ажилчин байсан. Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн даргаар Ч.Нүүнээ, Т.Батзул гэх хүмүүс ажилладаг байсан” гэж, гэрч З.Нансалжав: “Би 1982 онд Увс аймгийн Барилга угсралтын трестэд засалчнаар ажилд орон ажиллаж байхад Б.Оюунчимэг нь 1985 онд тухайн байгууллагад ажилд орж байсан. Б.Оюунчимэг нь Барилга угсралтын трестийн Тоосгон заводын Дугуй зууханд ажиллаж байсан. Б.Оюунчимэг нь 1985 оноос 1992 оныг дуустал ажиллаад Улаанбаатар хот руу шилжин явж байсан. Тэр үед бид нар сонин уншлага, лекц яриа гэх зэрэг олон нийтийн ажилд хамт сууж, танилцаж байсан болохоор нэгнээ мэднэ. Тухайн үед манай байгууллагын даргаар Т.Батзул, Д.Нүүнээ, С.Ургамал гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагджээ.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Оюунчимэгийн 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн Тоосгоны заводын Дугуй зууханд үнс нурам цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Б.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бууч овогтой Баярлахын Оюунчимэг /регистрийн дугаар ЦГ69021206/-ийн 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн Тоосгоны заводын Дугуй зууханд үнс нурам цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар Б.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА