Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 380

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 4-7 тоотод оршин суух, 1967 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ67070410, Бороош овогтой Гаавангийн Ганхуягийн,

          Д.Эрдэнэжаргалын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ганхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь: 

            Нэхэмжлэгч Г.Ганхуяг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Эрдэнэжаргал нь 1963 онд төрсөн, 54 настай. Тэрээр 1980 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Барилга угсралтын трестэд шаварчин, будагчнаар анх ажилд орж, 1991 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Барилга угсралтын трестийн салбар дундын компаниуд болоход ажлаасаа гарч хувиараа хөдөлмөр эрхлэх болсон юм. Тухайн үед ажлаасаа гарсан хүмүүсийг аймгийн Хөдөлмөрийн биржид шилжүүлдэг байсан учир бичиг баримт хөдөлмөрийн дэвтэр нь хоёр байгууллага дунд алга болсон байна. Увс аймгийн Архиваас лавлагаа авч шүүхэд хандаж байна. Иймд Д.Эрдэнэжаргалын Барилга угсралтын трестэд 1980 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд шаварчин, будагчин, засалчнаар ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү”  гэжээ.     

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Г.Ганхуяг нь Д.Эрдэнэжаргалын ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

             - ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1980 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 84 дүгээр “Ажилд томилох тухай” тушаалд: “... 1. Нэгдсэн 8 дугаар бригадад Дашлхам овогтой Эрдэнэжаргалыг 1980 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн засалчин, будагчнаар авч ажиллуулсугай. ... Барилга угсралтын трестийн дарга Т.Батзул” гэжээ,

            - ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1986 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 445 тоот “Зарим тэргүүний ажилчдыг шагнах тухай” тушаалд: “.... 1. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтыг жигд ханган биелүүлэхэд идэвхи зүтгэл гарган, үр бүтээлтэй ажилласан зарим тэргүүний ажилчид 188 хүнийг 1 дүгээр хавсралт ёсоор бүгд 16.346 төгрөгөөр шагнасугай. ... Дарга Т.Батзул” гээд хавсралтын 178 дугаарт “Дашлхамын Эрдэнэжаргал – засалчин – 50 төгрөг” гэжээ,

            - Улсын барилга хорооны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1991 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 175 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “... 1. 1, 8 дугаар бригадын засалчин ажилтай Дашлхам овогтой Эрдэнэжаргалыг 1991 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсүгэй. .... Трестийн дарга С.Ургамал” гэжээ,

           - Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн цалингийн тодорхойлолтод: Увс аймгийн Барилга угсралтын трестэд засалчин, будагчин, шаварчнаар ажиллаж байсан Дашлхамын Эрдэнэжаргалын 1986 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн,

            - Гэрч З.Нансалжавын: “Би 1982 онд Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажилд ороход Д.Эрдэнэжаргал нь тухайн байгуулагад шаварчин, засалчин, будагчнаар ажиллаж байсан. Д.Эрдэнэжаргал эгчтэй би хамт нэг бригад болон хөдөө сумдаар барилгын ажлаар явдаг байсан учраас сайн мэднэ. Д.Эрдэнэжаргал бид хоёр 12 жил хамт ажилласан. Д.Эрдэнэжаргал нь 1980 онд ажилд орсон гэж байсан. Барилга угсралтын трест нь заслын есөн бригадтай үйл ажмиллагаа явуулдаг байсан. Нийтдээ 2000 гаруй ажилтантай том байгуулага байсан. Тухайн үед манай байгууллагын даргаар Т.Батзул, Д.Нүүнээ, С.Ургамал гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

            - Гэрч З.Нансалжавын иргэний үнэмлэхний болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд зэрэг баримтууд болно.

           Иймд дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Эрдэнжаргалын 1980 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестэд шаварчин, будагчин, засалчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Д.Эрдэнэжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хурниад овогтой Дашлхамын Эрдэнэжаргалын 1980 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестэд шаварчин, будагчин, засалчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар Д.Эрдэнэжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

                                              ДАРГАЛАГЧ,

                                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА