Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1338

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/01120 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Сарангуад холбогдох

 

   Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8 640 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Л.Даваасүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч О.Сарангуа нь 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр утсаар холбогдон уулзаж нэг бүр нь 400 000 төгрөгийн үнэтэй нийт 15 ширхэг “Ви стар ай пи камер” /V star IP Саmer/-ыг нийт 6 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Тэрээр миний зарж буй камеруудыг шалгаж, ажиллуулж үзсэний эцэст хүлээн авч энэ тухайгаа албан бичгээр баталгаажуулан, тамга дарж худалдаж авсан. Ингэхдээ камернуудын төлбөрийг 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцсон. Ингээд төлбөрийн хугацаа өнгөрөхөд О.Сарангуа нь “дахиад нэг сар сунгачих” гэсэн. Энэ хугацаа өнгөрсний дараа ярихад тэрээр “би ном хэвлүүлж байгаа, санаа зоволтгүй, хүү алданги тооцоод төлчихнө, хүлээж бай” гэсэн. Ингээд сүүлдээ утсаа авахгүй болж хааяа өөр утсаар залган холбогдоход “...одоо өглөө, удахгүй өгнө, хүү алданги тооцож байгаа юм чинь хүлээж бай” гэсээр хэдэн сар болсон. Улмаар амьдарч байсан газраасаа нүүж, утсаа салган сураг тасарсан. Дараа нь би хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Пүрэврэнцэн гэдэг хүнтэй холбоо барьсан. Бид харилцан тохирч дахин хугацаа сунган “худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Гэрээний хуацаа дуусаж төлбөрөө төлөхийг сануулахад хариуцагч “шүүхдээ өг” гэсэн. Иймд худалдах, худалдан авах гэрээний үүргийн дагуу хугацаа хэтэрсэн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 88 хоногийн алданги 2 640 000 төгрөг, үндсэн төлбөр болох 6 000 000 төгрөг нийт 8 640 000 төгрөгийг хариуцагч О.Сарангуагаас гаргуулж өгнө үү. Худалдсан камеруудыг буцаан авахгүй гэжээ.

 

  Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэврэнцэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Даваасүрэнгийн нэхэмжлээд буй 8 640 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ тухайн өрөөний дотоод хяналтын камер буюу “Ви стар ай пи камер” /V star IP Саmer/-уудыг буцааж өгнө. Учир нь тухайн үед О.Сарангуатай Л.Даваасүрэн камерийг өгөхдөө ямар нэгэн худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй байдаг. О.Сарангуа камерийг нь борлуулж мөнгийг нь тодорхой хугацаагаар ашиглаад буцааж өгөхөөр тохирсон боловч Л.Даваасүрэн нэгд, маш үнэтэй үнээр өгсөн, хоёрт залилан хийсэн, цагдаад өгнө гэж айлгасаар надтай гэрээ байгуулахад хүргэсэн. Тэгэхдээ камераа буцааж ав гэж хэлэхэд хэзээ ч буцааж авахгүй, заавал гэрээ хийнэ гэж хүчээр шахуу худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Мөн түүнчлэн 88 хоногийн алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймээс тухайн камерийг буцааж өгч Л.Даваасүрэнг хохиролгүй болгох саналтай байна. Мөн О.Сарантуяаг төлөөлж би гэрээ хийхдээ ноцтой төөрөгдсөн. Биднийг нотариат дээр очиход нотариатч нь “... энэ худалдах, худалдан авах гэрээнд заасан бараа, материалын чинь баримт, бичиг нь хаана байна” гэж асууж байсан. Би тухайн үедээ асуудлыг сайн судлалгүй гэрээ хийсэн. Тэгээд ч уг камернууд зах зээлийн үнээс хэт үнэтэй байсан. Иймд нэхэмжилж буй мөнгийг О.Сарангуа хариуцахгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

   Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Сарангуагаас 8 640 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Даваасүрэнд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 10 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 153 190 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож  шийдвэрлэжээ.

 

   Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн A/star IP Сатег/-ийг би өөрийнхөө "Өнө судар" ТББ-д ажилчдын хэрэглээнд худалдаж авсан. Гэтэл Л.Даваасүрэн тухайн эд зүйлийг надад зах зээлийн үнээс маш үнэтэй өгсөн байсан тул би уг камернуудыг буцааж өгье гэхэд Л.Даваасүрэн буцааж авахгүй, заавал худалдана гэж шахсаар байсан. Манай итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэврэнцэн "уг камер зах зээлийн үнээс 2-3 дахин өндөр үнэтэй байгаа тул худалдаж авахгүй" гэсэн хүсэлтийг удаа дараа тавиад, аргагүйн эрхэнд худалдах, худалдан авах гэрээ байгуулахад хүрсэн. Миний бие О.Сарангуа нь Л.Даваасүрэнтэй  "Өнө судар" ТББ-ыг төлөөлөн "Өнө судар" ТББ хэмээх хуулийн этгээдэд уг камерийг худалдаж авсан байтал шүүх О.Сарангуа надаас 8 640 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн уг камерыг 6 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, албан тоотод тусгасан. Хугацаа хэтэрсэн тохиолдолд ямар ч алданги, хүү тооцох тухай заагаагүй. Гэтэл анхан шатны шүүхээс манайхыг алданги 2 640 000 төгрөгийг нэмж төлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд, Шүүхийн шийдвэр гарсан 8 640 000 төгрөгөөс алдангийн 2 640 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, үндсэн төлбөр болох 6 000 000 төгрөгөөс манай төлсөн 200 000 төгрөгийг хасч, 5 800 000 төгрөгийг төлөхөөр шийдвэрлүүлэх, уг шийдвэрийг О.Сарангуа миний нэр дээр биш, албан тоотын дагуу "Өнө судар" ТББ-ын нэр дээр гаргуулах зэрэг хүсэлтэй байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

  Нэхэмжлэгч Л.Даваасүрэн нь хариуцагч О.Сарангуад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8 640 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

  Нэхэмжлэгч Л.Даваасүрэн нь 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Өнө судар” ТББ-д нэг бүрийн үнэ нь 400 000 төгрөгийн үнэтэй 15 ширхэг “Ви стар ай пи” камер худалдах, худалдан авагч “Өнө судар” ТББ нь 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор үнийг бүрэн  төлөх үүргийг тус тус хүлээсэн баримт хэргийн 25 дугаар талд авагджээ.

 

Гэтэл анхан шатны шүүх иргэн О.Сарангуагаас иргэн Б.Пүрэврэнцэнд олгосон итгэмжлэлийн дагуу байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний үүргийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд  хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэж заасан. 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний үүрэг иргэн О.Сарангуад хэрхэн хамааралтай  болох нь хэргийн баримтаар тодорхойгүй байна.

 

  Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодруулаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий  байх шаардлагыг хангаагүй болно.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтад заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/01120 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 390 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.БАТЗОРИГ                                     

                                                          ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН                                                                                                         

                                                                                                          Г.ДАВААДОРЖ