Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 451

 

   Н.Ц-д холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Амгаланбаатар,

хохирогч Ж.С, Я.Ж,

 нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 169 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ж.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Ц-д холбогдох 201725021039 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Н-н Ц, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр ........... аймгийн .............. суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 3, эхнэр, ач хүүгийн хамт ........ дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, 6/2 дугаар байрны ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ................/;

Н.Ц нь 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 85б байрны 7, 9, 14, 28, 33, 34 тоот орон сууцанд хийсэн хэмжилтийн зурагт засвар оруулж өрөөний талбайн хэмжээг өөрчилсөн, 19, 37 тоот орон сууцны хэмжилтийн зургийг хийсэн материалыг хуурамчаар үйлдэж, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гарган өгч нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.Ц-н  үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Ц-г  хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд өөрчилсөн, хуурамчаар үйлдэж, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-г  6 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар түүнд оногдуулсан 6 сар 10 хоногийн хорих ялаас чөлөөлж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Н.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогч Ж.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 85б байрны 8 айл нь 2012-2013 онд “З О” ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан гэрээнд заагдсан талбайн хэмжээгээр зохих үнийг төлсөн. Гэрээнд заасан орон сууцны талбайн хэмжээ нь худлаа болохыг мэдэж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар тусгай зөвшөөрөлтэй орон сууцны хэмжилт хийлгэсэн. “З О” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй зарсан орон сууцны хэмжээг буруу, илүү төлбөр хийлгэснийг мэдэж шүүхэд хандаад 5 жил болж байна. Энэ хугацаанд шүүхэд хуурамч нотлох баримт өгөх, хамар хана өрсөн гэж худал гүжирдэх, сууцны талбай тооцох стандартыг хүлээн зөвшөөрөхгүй гэх мэтээр мэтгэлцэж, цаг хугацаа удаашруулсан. Бидний 8 айлд одоогийн байдлаар зөвхөн орон сууцны талбайн зөрүү, банкны илүү зээлийн хүү зэргээс 86.722.677 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс, Орон сууцны талбайн зөрүүгээс 69.000.180 төгрөг, банкны илүү авсан зээлийн хүү 17.722.497 төгрөг байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд өөрчилж, хуурамчаар үйлдсэн Н.Ц-д зохих ял шийтгэлийг оногдуулсан боловч энэ хуурамч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн “З О” ХХК-д хариуцлага тооцоогүйд гомдолтой байна. Иймд асуудлыг удаашруулж, Монгол улсын стандарт зөрчсөн, худал гүжирдсэн, шүүхийг хууран мэхэлсэн “З О” ХХК-д хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна...” гэв.

            Хохирогч Я.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“З О” ХХК нь “А” ХХК-иар хэмжилт хийлгэхээр захиалга өгсөн. “А” ХХК нь талбайн хэмжилтийг стандартын дагуу үнэн зөв гаргасан байхад “З О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц санаатайгаар компанийн тамга тэмдэг, бланкыг ашиглан нотлох баримт хуурамчаар үйлдэж, шүүхэд өгсөн. “З О” ХХК-тай холбогдуулан энэ хэргийг шийдэж өгнө үү. Бидэнд шүүхийн шийдвэр хэрэгтэй байна. “З О” ХХК нь иргэдийг хуурч мэхлэн, бизнесийн бохир үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь компанийн буруутай үйл ажиллагаа мөн гэсэн дүгнэлт, шийдвэр хэрэгтэй байна . Хохирлын талаарх асуудлыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ...” гэв.

            Прокурор Ц.Амгаланбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 зүйлийн 1 дэх хэсэгт нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт хэргийн субъект нь зөвхөн иргэн байхаар хуульчилсан. Хуулийн этгээдэд ямар нэгэн хариуцлага хүлээлгэхээр зааж өгөөгүй тул хохирогч Ж.С-ийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн хэрэг хянан хэлэлцэгдэх явцад шүүгдэгч Н.Ц нас барсан болох нь тогтоогдсон тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ талаарх өөрчлөлтийг оруулах саналтай байна...” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Н.Ц-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Н.Ц нь 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 85б байрны 7, 9, 14, 28, 33, 34 тоот орон сууцанд хийсэн хэмжилтийн зурагт засвар оруулж өрөөний талбайн хэмжээг өөрчилсөн, 19, 37 тоот орон сууцны хэмжилтийн зургийг хийсэн материалыг хуурамчаар үйлдэж, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гарган өгч нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ж.С-ийн “...Орон сууцыг худалдаж авсны дараа өрөөний м.кв-ыг хэмжилт хийж үзэхэд гэрээнд заасан хэмжээнээс 4-6 м.кв дутуу байгааг мэдсэн... “З О” ХХК нь өөрийн хүсэлтээр “А” ХХК-д хүсэлт тавьж, хэмжилт хийлгэж, хэмжилт хийсэн тооцоо, дүгнэлт зэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтаар өгсөн. Үүнийг бид хавтаст хэрэгтэй танилцаж байгаад стандартын бус баримт бичиг байгааг мэдсэн. Тухайн үед “А” ХХК-ийн хэмжилт хийсэн хувийг бид нарт өгөөгүй учир “А” ХХК-д очиж хувийг үзэхэд “З О” ХХК нь “А” ХХК-ийн хийсэн хэмжилт, тоо, тамга, тэмдэг, гарын үсэг зэргийг хуулбарлаж, шүүхэд хуурамч нотлох баримт өгсөн байсан...” /хх-26/,

Хохирогч Л.О-н “...52.4 м.кв орон сууцыг “З О” ХХК-иас худалдаж авсан боловч 52.4 м.кв биш байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж, дахин хэмжилт хийлгэсэн. “А” ХХК нь 46.56 м.кв талбайтай гэсэн хэмжилт хийсэн байсан бөгөөд тус хэмжилтийн нүүр болон тамга, тэмдэг, гарын үсэг зэргийг хуурамчаар үйлдэж, иргэний хэргийн шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн байсан...” /хх-27/,

Хохирогч Я.Ж-н “... уг байрны м.кв дутаж байгаа асуудал үүсэх үед дахин хэмжилт хийлгэхэд 6 орчим м.кв дутуу байсан... Тэгээд уг асуудлыг шүүхэд хандсан ба хэргийн материалтай танилцахад “А” ХХК-ийн хэмжилт болон зураг, гарын үсэг, тамга, тэмдэг зэргийг ашиглаад өөр зураг хавсаргасан байсныг мэдсэн...” /хх-28-29/,

Хохирогч Н.Х-н “...“А” ХХК-иар дахин м.кв-ийн хэмжилт хийлгүүлсэн бөгөөд тус компанийн хэмжилт, нүүр, тамга, гарын үсэг зэргийг “З О” ХХК нь хуурамчаар үйлдэж, шүүхэд өгсөн байсан...” /хх-31-32/,

Гэрч К.К-ны “...”З О” ХХК нь хэд хэдэн байрны талбайн хэмжилт хийлгэх талаар хүсэлтийг 2013 онд манай байгууллагад тавьсан. Тэгээд 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар  хороо, 85б байрны 7, 9, 14, 28, 33 тоотуудад хэмжилт хийж, сууцны талбайг тодорхойлж, тус бүрт нь 3 хуудас 6 ширхэг хэмжилтийн зураг, орон сууцны талбайн хэмжилт хийсэн материалыг бэлдэж, хуудас бүрийг тамгалаад “З О” ХХК-ийн инженер Н.Ц гэх хүнд өгсөн. Тэгээд 2015 оны 5 дугаар сарын 3-ны өдөр иргэн Ж.С гэдэг хүн ирж уулзаад “танай хийсэн хэмжилтээр манай сууцны талбай буруу бодогдсон байна” гэсэн бөгөөд миний хийсэн гэсэн материалыг үзэхэд нүүр хуудас, тухайн хэмжилтийн байгуулалт, нүүр хуудас болон өрөөний тодорхойлолт, талбайн тооцоо хийсэн 2 хуудасны тамга тэмдэг, штамп, хэмжилтийн байгуулалтын зургийг ашиглаж, өрөөний тодорхойлолтын тооцоог инженер Лхагвадорж тооцоолж, Монгол Улсын зөвлөх инженер Н.Ц гэх хүн хянаж гарын үсэг зуран, тамга, тэмдэг дарж бид нарын тооцоог хуурамчаар үйлдсэн байсан... Стандартын дагуу хувь хүн, инженер, зөвлөх инженер нь орон сууцны талбайн хэмжилт хийж баталгаажуулах эрх байхгүй...” /хх-43-44/,

Гэрч Т.Л-н “... Би “А” ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 5-р хороо, 85б байрны 7, 9, 14, 28, 33, 34 тоот байруудад хийсэн хэмжилт хийсэн зургийг зураагүй, засвар оруулж, өрөөний талбайн хэмжээг өөрчлөөгүй. Н.Ц зөвлөх инженер талбайн хэмжээ бодсон тоог өгөөд “уг талбайн хэмжээг бодоод гарын үсэг зураад өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өгсөн тоог нь харахад бодчихсон байсан учраас харчихаад гарын үсгээ зурчихсан юм...” /хх 143/ гэх мэдүүлгүүд, 

шүүгдэгч Н.Ц-н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-50-52/, орон сууцны барилгын хэмжилтийн зураг /хх 57-104, 108-128/ зэрэг нотлох баримтуудаар болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөн хэргийн бүх ажиллагааг хянахад Н.Ц-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг үйлдэгдэх үед 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан боловч хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж эхэлсэн ба Н.Ц-д холбогдох хэргийг прокуророос Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, анхан шатны шүүх тухайн зүйл, хэсгийн ялын төрөл, хэмжээний дотор буюу 6 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “шүүгдэгч нас барсан” бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор, мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад шүүгдэгч нас барсан бол “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” байхаар тус тус хуульчилжээ.

            Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад шүүгдэгч Н.Ц нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өвчний улмаас нас барсан болох нь тогтоогдож байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19  дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар “шүүгдэгч нас барсан” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлтийг оруулав.

     Харин хохирогч Ж.С-ийн “... “З О” ХХК-д хариуцлага тооцож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

          Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх”-ээр заажээ. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан “нотлох баримтыг хуурамчаар үйлдэх” гэмт хэргийн субьект нь зөвхөн хувь хүн байхаар хуульчилсан тул хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулах нь хууль зүйн хувьд боломжгүй юм.   

Иймд хохирогч Ж.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ хэргийн хохирогч нар өөрсдөд учирсан хохирлыг энэ шийдвэрийг үндэслэн холбогдох Иргэний хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.