Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2023/0109

 

 

 

 

 

 

 

 

            Т.Эгийн нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Э

Хариуцагч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/130, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/165 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга /шинэчилсэн нэрээр/-ын албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин буюу 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны сарын дандаж цалин хөлс 3.274.296 төгрөгийг нийт 11 сарын хугацаагаар тэнцэх хэмжээний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 681 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Э, өмгөөлөгч Ө.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2021/0292/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т.Э-гаас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/130, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/165 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга /шинэчилсэн нэрээр/-ын албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин буюу 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны сарын дундаж цалин хөлс 3.274.296 төгрөгийг нийт 11 сарын хугацаагаар тэнцэх хэмжээний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 681 дүгээр шийдвэрээр: 

2.1.“Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/165 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Э-г Эрүүл мэндийн яаманд төрийн албаны ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж буй албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж,

2.2.Төрийн албан тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 62 дугаар зүйлийн 62.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/130 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийтийн эрүүл мэндийн газрын даргаар эгүүлэн томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, түүнтэй адилтгах нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/130 дугаар тушаалын Т.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгохоор шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухайд:

Нэхэмжлэгч Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 сарын 22-ны өдрийн А/130 тоот тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.3-т заасныг зөрчсөн гэж үзээд өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Шүүхээс тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ "Маргаан бүхий дээрх тушаал нь зөвхөн нэхэмжлэгч руу чиглээгүй, тус яамны бүх албан хаагчдад чиглэсэн, Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 155 дугаар тогтоолыг хэрэгжүүлж гаргасан, байгууллагын дотоод асуудалтай холбоотой дотогш чиглэсэн захиргааны акт байх бөгөөд актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдсөн гэж үзэхээргүй байна” гэжээ.

Тус захиргааны акт ганц нэхэмжлэгчид чиглэгдэж байна уу, эсхүл тус яамны бүх албан хаагчдад чиглэгдэж байна уу гэдгээс үл хамаарч үр дагавар нь нэхэмжлэгчид үүссэн эсэхээс шалтгаалан гадагш чиглэгдсэн захиргааны акт эсэхийг тогтоох учиртай.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/130 дугаар тушаалаар Т.Эг “ЭМЯ-ны Албаны даргын ажил албан тушаалаас чөлөөлсөн бөгөөд нэхэмжлэгч өөрт холбогдох хэсэгтэйгээ маргадаг.

Дээрх тушаал нь төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасан түр чөлөөлөх, 46.2-т заасан чөлөөлөх үндэслэлүүд байхгүй байхад чөлөөлсөн хуульд нийцэхгүй, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглосон” үйлдлийг гаргасан, 62 дугаар зүйлийн 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчсөн байна.

Эрүүл мэндийн яамны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн нь төрийн албан хаагчдыг чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй бөгөөд зүй нь тус тушаалаар албан тушаал нь хасагдсан албан хаагчдыг чөлөөлөх тушаал гарах боломжтой, харин алба нь хадгалагдаж үлдсэн албан тушаалтны тухайд бүтцийн нэрийг өөрчилсөн тухай тушаал гарч мөн хуулийн 62.1.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах” гэж заасныг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Энэ тохиолдолд маргаан бүхий тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын “гадагш чиглэсэн” шинжийг бүрэн агуулж төрийн албан хаагч Т.Эгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх бөгөөд ийнхүү хөндөхдөө Төрийн албаны тухай хуулийн 45.1, 45.2, 49.1, 62.1.1, 62.1.3 зэрэг хэд хэдэн заалтыг зөрчсөн байна.

Гэвч шүүх хууль хэрэглэлгүйгээр ийнхүү дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэж заасныг зөрчиж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.2.Урьд эрхэлж байсан албан тушаалд буцаан томилуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд:

Шүүхийн шийдвэрийн 5.1-д “Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 80 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар Нийтийн эрүүл мэндийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг баталжээ. Уг тодорхойлолтод “албан тушаалын ангиллын зэрэглэл: Эрхэлсэн түшмэл, Т3-13, Боловсрол: Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх, Мэргэжил: Эрүүл мэнд, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, Нийтийн ариун цэвэр, Шим тэжээл судлал, Хүрээлэн буй орчин судлал, Мэргэшил: Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх, Туршлага: Төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх” гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд “Төрийн албан тушаалд тавих тусгай шаардлага”, 23.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг шаардлагаас гадна дараах тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилно”, 23.2.2-т “эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэж заажээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь 2008 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүртэл мэргэжилтэн, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн “Албан тушаалд томилох тухай” А/95 дугаар тушаалаар ахлах мэргэжилтний албан тушаалд тус тус томилогдон ажилласан байна.

Улмаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/468 дугаар тушаалаар Нийгмийн эрүүл мэндийн газрын даргаар томилогдон ажиллаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/130 дугаар тушаалаар мөн сарын 25-ны өдрөөр уг албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.

Дээрх нөхцөл байдлаас үзвэл, нэхэмжлэгчийн хувьд 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүртэл 4 сарын хугацаанд ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд ажилласан, түүнчлэн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан боловч төгсөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь Нийтийн эрүүл мэндийн газрын даргын албан тушаалын Төрийн албаны тухай хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх гэх шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэгчийн Нийтийн эрүүл мэндийн газрын даргаар эгүүлэн томилохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Харин энэхүү шүүхийн шийдвэрээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/165 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг хэрэглэн нэхэмжлэгчийг Эрүүл мэндийн яаманд нэхэмжлэгчийн ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж буй албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв” гэжээ.

Тус дүгнэлт бүхэлдээ үндэслэлгүй байна. Учир нь шүүхийн дурдаж буй Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь заалт нь төрийн албан тушаалд шинээр томилох захиргааны үйл ажиллагааг зохицуулсан заалт бөгөөд өмнө томилогдон ажиллаж байсан төрийн албан хаагчийн хууль бусаар чөлөөлсөн, шилжүүлснийг шүүх тогтоосон болж урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтооход тус заалтыг шүүх хэрэглэхгүй.

Мөн Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 80 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар Нийтийн эрүүл мэндийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг баталсан тул Т.Эгийн хувьд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/468 дугаар тушаалаар тус албан тушаалд томилогдон ажиллаж байсан бөгөөд тус албан тушаалаас маргаан бүхий Б/165 дугаар тушаалаар хууль бусаар шилжүүлсэн. Иймд Төрийн албаны зөвлөлийн дээрх 80 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар Нийтийн эрүүл мэндийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг баталсан ажлын байрны тодорхойлолт Т.Эд хамааралгүй юм. Нэхэмжлэгчийг тухайн ажил албан тушаалаас хууль бусаар чөлөөлсөн, шилжүүлснээс хойших аливаа хууль, дүрэм журам, ажлын байрны тодорхойлолт зэргийг буцаан хэрэглэж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж болохгүй.

Шүүх нэхэмжлэгч Т.Эгийн нэхэмжлэлийн шаардлагаас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны “Албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах, зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” Б/165 дугаар тушаалаар Т.Эг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 44.2 болон Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн даргын хамтран баталсан 2019 оны 4 дүгээр сарын 1-ний “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай” 34/31 дүгээр журмын 3.5, 3.6-д тус тус заасныг зөрчсөн хууль бус байна гэж дүгнэж хүчингүй болгосон.

Шүүхээс нэхэмжлэгчийн эрхэд халдсан захиргааны актыг хүчингүй болгосон бол уг актаар зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” гэж заасан үндсэн эрхийг хангах хүрээнд, мөн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах” үүрэгтэй юм.

Гэтэл шүүхээс Т.Эг эрхэлж байсан ажил, албан тушаалаас нь хууль бусаар өөр ажил албан тушаалд шилжүүлснийг тогтоосон атлаа тус шийдвэрээр хөндөгдсөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4-т “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах” эрхийг сэргээн эдлүүлэхгүй гэж шийдвэрлэж буй нь шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” чиг үүрэг, үндсэн зорилго зориулалтаа зөрчсөн байна.

Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/165 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Эрүүл мэндийн яаманд төрийн албаны ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж буй албан тушаалд томилохыг хариуцагчид даалгасугай” гэж дурджээ.

Шүүхийн шийдвэр нэхэмжлэлийн хүрээнд гарах ёстой. Т.Э хууль бусаар чөлөөлөх, шилжүүлэхээс өмнөх буюу урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилуулах нэхэмжлэл гаргасан болохоос ямар нэгэн ажилд томилуулж өгөхийг шүүхээс хүсээгүй. Мөн шүүхийн шийдвэр заавал биелэгдэх үндсэн зарчимтай нийцүүлэн шүүхийн шийдвэр тодорхой, биелэгдэх боломжтой, үр дүн хэмжигдэхүйц байдлаар гарах ёстой.

3.3.Урьд эрхэлж байсан албан тушаалын цалинг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд:

Бодит байдал дээр нэхэмжлэгч Эрүүл мэндийн яаманд аливаа ажил, албан тушаал эрхлэхээ больсон цагаас хойш буюу 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны сарын дундаж цалин хөлс 3.274.296 төгрөгийг нийт 16 сарын хугацаатай тэнцэх хэмжээний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахаар нэхэмжилсэн.

Шүүхээс тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 6.1-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заажээ. 6.2-т “Тус шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн Нийтийн эрүүл мэндийн газрын даргаар эгүүлэн томилохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, түүнтэй адилтгах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв” гэжээ.

Уг дүгнэлт үндэслэлгүй байна. Төрийн жинхэнэ албан тушаалтны албан тушаалын цалин, түүнийг нөхөн олговортой холбоотой асуудалд Хөдөлмөрийн тухай хуулийг авч хэрэглэж болохгүй. Төрийн албаны тухай хуулийн 4.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан. Мөн хуулийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж заасан. Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөн олговрыг зохицуулсан тул уг хуулийг хэрэглэнэ.

Нэхэмжлэгч албан тушаалаас хууль бусаар чөлөөлөгдсөнөөс хойших тус албан тушаалын цалинг нэхэмжилсэн. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн албан хаагч дараах нийтлэг баталгаагаар хангагдана”, 61.1.1-д “албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах” гэж заасан нийтлэг баталгааг шаардсан.

Төрийн албан тушаалаас хууль бусаар шилжүүлсний улмаас авч чадаагүй цалин хөлс бол нэхэмжлэгчийн хувьд хохирол юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т “хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх” гэж заасан нэхэмжлэлийн төрөл бөгөөд нэхэмжлэгчийн эрхэд халдсан хууль бус үйлдлийг шүүх тогтоож шийдвэрлэсэн тул түүний улмаас нэхэмжлэгчид хууль бусаар үүссэн хохирлыг гаргуулж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх ёстой.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох” 106.6-д “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасан. Тус тохиолдолд гаргуулах хохирлын хэмжээ тодорхой бөгөөд хохирол буюу тухайн хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийн тоо хувь хэмжээ дээр хариуцагч маргаагүй.

Гэтэл шүүх “хууль бус шийдвэр, үйл ажиллагаагаар төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна” гэж актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн атлаа түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн эдлүүлэхээс үндэслэлгүй татгалзаж хуулийг ноцтой зөрчжээ.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 681 дүгээр шийдвэрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

            Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

            1.Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахаас гадна бодитоор хэрэгжих, биелэгдэх боломжтой байх ёстой.

            Гэтэл Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах, зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” Б/65 дугаар тушаалаар нэхэмжлэгч Т.Эг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт томилсныг хууль бус гэж дүгнэн хүчингүй болгосон атлаа нэхэмжлэлийн шаардлагаас хальж урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь бус харин Эрүүл мэндийн яаманд төрийн албаны ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж буй албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй байдалд хүргэжээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ийнхүү шийдвэрлэхдээ Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 80 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Нийтийн эрүүл мэндийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг Т.Эг хангахгүй, өөрөөр хэлбэл “…2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүртэл 4 сарын хугацаанд ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд ажилласан байх бөгөөд мөн мэргэшүүлэх багц цагийн сургалтад хамрагдаж, төгсөөгүй байна…” гэж дүгнэсэн, гэтэл давж заалдах гомдолд “…нэхэмжлэгчийг тухайн албан тушаалаас хууль бусаар чөлөөлсөн, шилжүүлснээс хойших аливаа дүрэм, журам, ажлын байрны тодорхойлолт зэргийг буцаан хэрэглэж эрх зүйн байдлыг дордуулж болохгүй…” гэсэн үндэслэлээр маргаж буй энэ тохиолдолд нэхэмжлэгчийг Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/468 дугаар тушаалаар анх Нийгмийн эрүүл мэндийн газрын даргаар томилогдох үеийн тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолт нотлох баримтаар хэрэгт авагдаагүйгээс давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна.

            2. 2 дугаар хавтаст хэргийн 231-239 дэх талд буй Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 55 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан Нийгмийн эрүүл мэндийн газрын даргын албан тушаалын болон дээрх 2022 оны 80 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Нийтийн эрүүл мэндийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтын аль алинд нь “төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх” шаардлага тавигдсан, түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “эрхэлсэн түшмэлийн албан тушаалд яамны газрын дарга, хэлтсийн дарга тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна”, 23 дугаар зүйлийн 23.2.2-т “эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх…” гэсэн шаардлага мөн адил тавигджээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо хуулийн дээрх шаардлагыг ч шинээр томилох захиргааны үйл ажиллагааг зохицуулснаас бус өмнө томилогдон ажиллаж байсан төрийн албан хаагч болох Т.Эгийн хувьд энэхүү шаардлагыг хангасан эсэхээс илүүтэй хуулийг буцаан хэрэглэж болохгүй гэж маргах тул дээрх нотлох баримтыг зайлшгүй цуглуулсны үндсэн хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн …асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан.

            Нэхэмжлэлийн шаардлага урьд эрхэлж байсан буюу одоогийн нэршил нь өөрчлөгдсөн ч чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүссэн, гэвч шүүх хуулийн дээрх зохицуулалтыг зөрчиж, нэхэмжлэгчийн гаргаагүй шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэснээр дээрх хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т заасан “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал” гэх үндэслэлийг бүрдүүлжээ. 

   Нэгэнт хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэсэн тул шийдвэрийн “…Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/130 дугаар тушаалын Т.Эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, түүнтэй адилтгах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг тус тус даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй эсэхэд давж заалдах гомдлын хүрээнд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 681 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.    

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

ШҮҮГЧ                                                         Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                        Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН