| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00814/и |
| Дугаар | 387 |
| Огноо | 2017-05-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 387
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 5-9 тоотод оршин суух, 1983 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ83012501, Харганыхан овогтой Эрдэнэсүрэнгийн Чулуунцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 11-05 тоотод оршин суух, 1988 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОО88120401, Тайж овогтой Лхамжавын Ариунтунгалагт холбогдох,
5.363.420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Чулуунцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагч Л.Ариунтунгалаг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Чулуунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд Шинэ Улаангом зах дээр 3 лангуу ажиллуулдаг. Хүүхдийн тоглоомын лангуун дээрээ Т.Ариунтунгалагийг 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд худалдагчаар ажиллуулсан. Худалдагч Л.Ариунтунгалаг бараагаа баримт /падаан/-аар хүлээлгэн өгөөд өдөр бүр орлогын мөнгийг мөн баримтаар хүлээлцэж гарын үсэг зуралцаж байсан. Мөн гэмтэлтэй, эсхүл зарагдах улирал өнгөрсөн барааг буцааж авахдаа мөн баримт үйлдэж тус бүр нэг хувийг авдаг байсан. 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр тооллого хийхэд 818.150 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 5.816.700 төгрөгийг тус тус дутагдуулсан. Тухайн үед бүх бараа, орлогыг нарийвчлан тулгахад 5.363.420 төгрөг дутсан. Энэ мөнгийг дутагдуулсан гэдгээ Л.Ариунтунгалаг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан боловч одоог хүртэл төлж барагдуулахгүй байна. Иймд 5.363.420 төгрөгийг Л.Ариунтунгалагаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Л.Ариунтунгалаг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Э.Чулуунцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2015 оны 10 сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэл Э.Чулуунцэцэгийн тоглоомын лангуун дээр ажиллахдаа нийт 32.324.000 төгрөгийн бараа хүлээн авч 26.451.750 төгрөгийн орлого тушаасан, улирлын шинжтэй бараа гэж 2.893.000 төгрөгийн бараа буцаасан. Миний хүлээж авсан бараа болон тушаасан орлого, улирлын шинжтэй гэж буцаасан барааг тус тус тооцож үзэхэд зөрүү нь 2.893.000 төгрөг болж байна. Гэтэл 4.913.600 төгрөгийн бараа үлдсэн байсан. Эндээс харахад миний хувьд харин ч илүү орлого тушаасан байна. Гэтэл Э.Чулуунцэцэг нь миний хулээж авсан гарын үсэггүй 4.670.000 төгрөгийн барааг надад хүлээлгэж өгсөн мэтээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. ... Мөн цалинг анх тохиролцсон хэмжээнээс бууруулж 200.000 төгрөгөөр тооцож зарим тохиолдолд цалиндаа гоо сайхны бараа болон дотуур хувцас, шаахай гэх мэт бараа авдаг байсан. Миний хувьд энэхүү нэхэмжилж буй мөнгийг төлөх хууль зүйн хувьд үндэслэлгүй байх тул Э.Чулуунцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: “Э.Чулуунцэцэгийн нэхэмжлэлтэй 5.363.420 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий хэрэгт бид харилцан тохиролцож, энэхүү гэрээг байгуулав. Үүнд: 1. Нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Л.Ариунтунгалаг нь 3.500.000 төгрөгийг төлөх, нэхэмжлэгч нь үлдэх 1.863.420 төгрөгөөс татгалзсан болно. 2. Хариуцагч Л.Ариунтунгалаг нь 3.500.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сард багтаан төлж дуусгах. Энэхүү гэрээ нь зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл мөн болно” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Чулуунцэцэг нь хариуцагч Л.Ариунтунгалагт холбогдуулан 5.363.420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Э.Чулуунцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага 5.363.420 төгрөгөөс 1.863.420 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, үлдэх 3.500.000 төгрөгийг хариуцагч Л.Ариунтунгалаг 2017 оны 8 дугаар сард багтаан төлж дуусгахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Э.Чулуунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100.765 төгрөгөөс 65.290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн 3.500.000 төгрөгт ногдох 70.950 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагч нарт хуваан хариуцуулах буюу хариуцагч Л.Ариунтунгалагаас 35.475 төгрөгийг, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 35.475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.Чулуунцэцэгт олгох нь зүйтэй.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээчийн зардал 560.000 төгрөгийг зохигчдод хуваан хариуцуулан гаргуулж, “Увс Финанс-Аудит” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Түүнчлэн шүүх хуралдаан дээр хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан “Дахин шинжээч томилуулах тухай” хүсэлтийг “хүсэлт гаргаагүй”-д тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Нэхэмжлэгч Э.Чулуунцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага 5.363.420 /таван сая гурван зуун жаран гурван мянга дөрвөн зуун хорь/ төгрөгөөс 1.863.420 /нэг сая найман зуун жаран гурван мянга дөрвөн зуун хорь/ төгрөг гаргуулахаас татгалзаж, үлдэх 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг хариуцагч Л.Ариунтунгалаг 2017 оны 8 дугаар сард багтаан нэхэмжлэгч Э.Чулуунцэцэгт төлж дуусгахаар тус тус тохиролцож” зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсныг баталгаажуулан, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Э.Чулуунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100.765 /нэг зуун мянга долоон зуун жаран тав/ төгрөгөөс 65.290 /жаран таван мянга хоёр зуун ер/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ариунтунгалагаас 35.475 /гучин таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 35.475 /гучин таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Чулуунцэцэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 53 дугаар зүйлийн 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1, 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар нэхэмжлэгч Э.Чулуунцэцэгээс 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг, хариуцагч Л.Ариунтунгалагаас 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг тус тус гаргуулж “Увс Финанс-Аудит” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар зохигчид нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА