| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00208/и |
| Дугаар | 388 |
| Огноо | 2017-05-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 388
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 10-12 тоотод оршин суух, 1983 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОД83121701, Шангас овогтой Эрдэнэдэлгэрийн Энхцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тоосгоны 24-19 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ЧВ82030113, Боржигон овогтой Хоролсүрэнгийн Сайхантүвшинд холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Энхцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 2006 онд Х.Сайхантүвшинтэй гэр бүл болж, 2006 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн Улаанбаатар хотод Х.Сайхантүвшингийн ээжийнд хамт амьдарч байгаад 2007 оны 12 дугаар сарын 26-нд хүү С.Сайнсанааг төрүүлсэн юм. Бид хоёр 2009 он хүртэл Улаанбаатар хотод хамт амьдарч байх хугаацаанд Х.Сайхантүвшин нь тодорхой ажил эрхэлдэггүй, архи ууж согтууран зодох, сэтгэл санааны дарамтанд байлгах үйлдлийг байнга хийж байсан тул 2008 онд би нутагтаа ирсэн ч Х.Сайхантүвшин нь миний хойноос ирж дахин ямар нэгэн асуудал гаргахгүй гэснээр би буцаж явсан боловч өмнөх үйлдлээ байнга гаргаж байсан тул би аргагүйн эрхэнд 2009 онд аав ээж дээрээ буцаж ирсэн. Энэ үед бид хоёр цаашид хамт амьдрах боломжгүй юм байна гэдгээ хэн хэн нь ойлгож гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Ингээд би Х.Сайхантүвшинээс гэрлэлтээ цуцлуулах тухай нэхэмжлэлээ 2010 онд Увс аймгийн Сум дундын шүүхэд гаргасан боловч хариуцагч дурдсан хаягтаа байхгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан юм. Миний бие 2011 онд Отгонбаярын Батхишигтэй гэр бүл болж, 2012 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүү Б.Мөнхтулгыг, 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүү Б.Мөнхдөлийг төрүүлсэн бөгөөд одоо 3 хүүгийнхээ хамт бид нар аз жаргалтай амьдарч байна. Ингээд гэрлэлтээ цуцлуулахаар 2016 оны 10 дугаар сард Увс аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн жуучлалд өргөдөл гаргасан бөгөөд миний аав Эрдэнэдэлгэр Улаанбаатар хот явж Х.Сайхантүвшинтэй очиж уулзахад гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч шүүхэд өргөдөл гаргаж өгсөн, мөн эвлэрүүлэн зуучлагчтай утсаар ярьж Увс аймагт очих боломжгүй гээд гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байна. Х.Сайхантүвшин нь мөн хуучин хаягандаа эхнэр 2 хүүхдийнхээ хамт амьдарч байгаа. Хүү Х.Сайхантүвшингийн С.Сайнсанаа нь миний асрамжид байдаг, бидний хооронд хүүхэд болон эд хөрөнгийн ямар нэгэн маргаангүй, Х.Сайхантүвшингээс хүүхдийн тэтгэмж авахгүй, Х.Сайхантүвшин бид хоёр аль аль нь тус тусдаа өөр хүнтэй гэр бүл болсон зэргийг харгалзан бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Миний бие бага насны /2-9 насны 3/ хүүхдүүдтэй, хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд хүрэлцэн очих боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргасан болно” гэжээ.
Хариуцагч Х.Сайхантүвшин шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь Э.Энхцэцэгтэй гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Бид хоёрын дунд нэг хүүхэд байгаа. Хүү С.Сайнсанаагаа ээжид нь үлдээхийг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрөхгүй байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э.Энхцэцэг нь хариуцагч Х.Сайхантүвшинд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уг ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нар 2006 онд гэр бүл болж, тэдний дундаас 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүү Боржигон овогтой Сайхантүвшингийн Сайнсанаа төрсөн болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Гэвч тэд 2010 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, одоо тэд тус тусдаа гэр бүлтэй болсон, дахин эвлэрэн хэлэлцэх боломжгүй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Э.Энхцэцэг, Х.Сайхантүвшин нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
Зохигчидод өөр хүүхдийн асрамж, тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Энхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Сайхантүвшингээс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Энхцэцэгт олгох нь зүйтэй байна.
Хариуцагч нь 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “Миний бие Э.Энхцэцэгийн гаргасан нэхэмжлэлийн дагуу Увс аймгийн шүүхэд очих боломжгүй тул шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэж, мөн нэхэмжлэгч нь “Энэхүү асуудлыг хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байх бөгөөд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт тус тус гаргасан, түүнчлэн хариуцагчид зохих журмын дагуу шүүх хуралдааны мэдэгдэл хүргүүлсэн байх тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Шангас овогтой Эрдэнэдэлгэрийн Энхцэцэг, Боржигон овогтой Хоролсүрэнгийн Сайхантүвшин нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Зохигчид эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Энхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Сайхантүвшингээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Энхцэцэгт олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА